Алдартай хөвгүүдийн хамтлагуудын анхны дүр төрх хэрхэн ӨӨРЧЛӨГДСӨН бэ?


Гарч ирсэн цаг үедээ олон нийтийг дуу хөгжмөөрөө байлдан дагуулж, тухайн үеийн залуусын хувцаслалт, дүр төрх, имижийг тодорхойлж байсан олон хөвгүүдийн хамтлаг түүхэнд мөнхөрч үлдсэн байдаг. Ингээд та бүхэнд түүхэндээ хамгийн алдартай байсан хөвгүүдийн хамтлагуудын анх гарч ирж байсан үе болоод сүүлийн үеийн зургуудыг харьцуулан хүргэж байна. Тэд хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай.

LINKIN PARK

Линкин Парк бол Калифорниа мужаас гаралтай Америкийн рок хамтлаг юм. Тэд 1996 онд өөрсдийн анхны цомог болох "Hybrid Theory" (2000)-г гаргаж, 2010 он гэхэд 2000-аад оны хамгийн амжилттай рок хамтлагуудын нэг болсон байлаа. Тэд 21-р зууны хамгийн өндөр борлуулалттай хамтлагуудын тоонд багтдаг бөгөөд дэлхий даяар 100 сая гаруй бичлэг борлуулсан уран бүтээлчид юм. Линкин Паркын гоцлол дуучин Беннингтон 2017 оны долдугаар сард амиа хорлож хамтлагаа харамсалтайгаар үүрд орхисон. Харин энэ оны дөрөвдүгээр сард хамтлагийн басс гитарчин Dave Farrell шинэхэн уран бүтээл дээр ажиллаж байгаагаа олон нийтэд зарласан билээ. 

THE BEATLES

1960 онд Английн Ливерпүүлээс төрөн гарч ирсэн 4 хөвгүүнийг бүх цагийн үеийн хамгийн нөлөө бүхий хөвгүүдийн хамтлаг болно гэж тухайн үед хэн ч бодоогүй байв. Тэд гарч ирсэн даруйдаа 1950-д оны рок'н ролл-д үндэслэн уламжлалт поп, сонгодог хөгжмийн элементүүдийг нэгтгэсэн цоо шинэ урсгалаар дуулж эхэлсэн нь олны анхаарлыг ихэд татаж, хөгжмийн салбарт хувьсгал хийсэн юм. Түүнээс хойш арван жилийн дараа буюу 1970 онд хамтлаг тарж, тус тусдаа бие даасан бүтээл туурвих болсон билээ. 

BEE GEES

Bee Gees бол 1958 онд байгуулагдсан Английн поп хөгжмийн хамтлаг юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд ах дүү Barry, Robin, болон Maurice Gibb нар багтаж байв. Ах дүү гурав 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үеийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болж, 1970-аад оны дунд үеэс "диско хөгжмийн хаад" гэж нэрлэгдэх болсон билээ. 2003 онд дүү Maurice нь таалал төгссөний дараа Barry, Robin нар 45 жилийн дараа хамтлагийн үйл ажиллагаа зогссон гэдгийг албан ёсоор зарласан юм. 

METALLICA

Metallica нь 1981 онд байгуулагдсан, Калифорнийн Лос-Анжелесээс гаралтай хамтлаг бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Металликагийн эхэн үеийн уран бүтээлүүд хурдан хэмнэлтэй, аялгуу зонхилсон, эрч хүчтэй байсан нь тэднийг  трэш металын "их дөрөв" гэгдэхэд хүргэжээ. Тэдний 1991 онд гаргасан "Metallica" цомог нь борлуулалтаараа ихээхэн амжилт олж, худалдаанд гарсан даруйдаа Биллборд-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж байв. Уг цомог нь тус хамтлагийг рок сонирхогчид төдийгүй нийт хөгжим сонирхогчдод үнэлүүлэхэд хүргэжээ.

GREEN DAY

1986 онд "Sweet Children" нэртэй хамтлагийг өсвөр насны найзууд болох Billie Joe, Mike Dirnt нар үүсгэн байгуулсан байдаг. Удалгүй тэд 1989 онд "1000hours" нэртэй анхны тоглолтоо хийснийхээ дараа "Sweet Children" нэрээ солихоор болсон байна. Учир нь тухайн үед "Sweet Baby" нэртэй өөр нэгэн хамтлаг байсан нь хоорондоо андуурагдах шалтгаан болсон тул тэд хамтлагтаа "Green Day" нэрийг өгчээ. "Green Day" хамтлаг дэлхий даяар 85 сая гаруй хувь цомог борлуулж хэд хэдэн томоохон шагналуудыг хүртсэн панк рок хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг юм. Тэд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд саяхан арван гурав дахь цомог болох “Father of All Motherfuckers” хэмээх цомгоо 2020 оны хоёрдугаар сарын 7-нд гаргасан байна.

ROLLING STONES

The Rolling Stones бол 1962 онд байгуулагдсан Их Британийн ритм ба блюз, рок'н ролл урсгалаар уран бүтээл туурвидаг домогт хамтлаг юм. Тус хамтлаг Их Британид 22 цомог (АНУ-д 24), 8 тоглолтын цомог (АНУ-д 9) болон олон тооны түүвэр цомгууд гаргасан. 1964-2008 онуудын хооронд Их Британи болон АНУ-д хит болсон 32 дуу, 43 шилдэг цомогтой ба цомгууд нь дэлхий даяар 200 сая хувь борлогдсон байна. 2004 онд тэд Роллинг Стоун сэтгүүлээс явуулсан "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Уран Бүтээлч" жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн ба одоо ч амжилтаа үргэлжлүүлсээр байна. 

AC/DC

Австралийн рок хамтлаг AC/DC-г 1973 онд Шотландын ах дүү Малколм болон Ангус Янгууд нар үндэслэн байгуулжээ. Тэд өөрсдийгөө рок-н-ролл тоглодог гэж хэлдэг хэдий ч үнэндээ хүнд рок тоглодог юм. Тэд байгуулагдсанаасаа хойш хэд хэдэн удаа хамтлагийн гишүүдээ сольж байсан ч VH1-ийн "Хард рокын 100 агуу уран бүтээлч" жагсаалтын дөрөвдүгээр байранд жагсаж, MTV-ийн "Бүх цаг үеийн хамгийн агуу хүнд металл хамтлаг" нэртэй болжээ. 

BEASTIE BOYS

Beastie Boys хамтлаг 1978 онд Нью Йорк хотод үүсгэн байгуулагдсан Америкийн хип хоп хамтлаг юм. Тэд дэлхийн хамгийн удаан хугацааны туршид үйл ажиллагаагаа явуулсан хип хоп хамтлагуудын нэг билээ. Beastie Boys АНУ-д 20 сая бичлэг борлуулж, 1991 онд Биллборд борлуулалтаа эхлүүлснээс хойш хамгийн их борлуулалттай рэп хамтлаг болжээ. 2012 онд хамтлагийн гишүүн Yauch хорт хавдраар нас барж, хамтлаг тарсан юм.

AEROSMITH 

Xамгийн алдартай рок хамтлагуудын тоонд яалт ч үгүй Aerosmith багтах билээ. 1970 онд гоцлол дуучин болох Steven Tyler, гитарчин Joe Perry-тэй танилцсанаар энэ хамтлагийн түүх эхэлсэн хэмээн яригддаг.

ONE DIRECTION

Алдарт "The X Factor" шоунаас хамтлаг болон гарч ирсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй One Direction хөвгүүдийн хамтлаг нь "Syco Records" дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулан ажиллаж 2011, 2012 онуудад өөрсдийн бие даасан "Up All Night", "Take Me Home" цомогуудаа гарган, хэд хэдэн амжилт эвдэж байсан. Тэд таван жилийн туршид тасралтгүй хөдөлмөрлөснийхөө дараа тав дахь цомог болох "Made in the AM" болон "On The Road Again" аялан тоглолтыг хийгээд завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.

BACKSTREET BOYS

Backstreet Boys нь 1993 онд Америкийн Флорида мужийн Орландо хотоос төрөн гарсан поп хөгжмийн хамтлаг юм. Хамтлаг AJ McLean, Kevin Richardson, Nick Carter, Howie Dorough, болон Brian Littrell нарын 13-20 орчим насны залуучуудын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвин Backstreet Boys (1996), Backstreet's Back (1997) цомгуудаараа хөгжмийн ертөнцнөө танигдаж эхэлсэн түүхтэй.

MAROON 5

Maroon 5 хамтлаг нь  анх 1994 онд Калифорниа мужийн Лос- Анжелес хотод “Kara’s Flowers” нэртэй дунд сургуулийн хөвгүүдийн хамтлаг болон байгуулагдаж байжээ. Тэд анхныхаа цомгоо гаргаснаас хойш хэсэг хугацаанд завсарлан эргээд 2002 онд шинээр гарч ирсэн даруйдаа зөвхөн Америкт л гэхэд 10 сая цомог болон 15 сая сингл борлуулсан байдаг. 

ONE OK ROCK

One ok Rock нь 2005 онд байгуулагдсан Японы рок хамтлаг юм. Тэдний тоглодог урсгал нь альтернатив рок, поп рок, пост-хардкор. Ямашита Тоорү ахлах сургуульд байхдаа амьд хөгжмийн хамтлаг байгуулахаар шийдэн Така, Тоорү, Рёота, Томо, Алекс гэсэн таван гишүүнтэйгээр анх хамтлагийг үүсгэн байгуулж байжээ.

BTS

БНСУ-ын "Bangtan Boys" буюу "BTS" хамтлаг нь 2013 онд Big Hit Entertainment-ийн дор байгуулагдсан, долоон хүний бүрэлдэхүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм. Тус хамтлаг нь 2013 онд “2cool 4skool” цомгоороо уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд тухайн онд уг цомгоороо Melody, Golden Disk, болон Сөүлийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг авсан. 2014 онд “Dark and Wild” цомгоо гаргасан нь 109,908 хувь борлогджээ. Тэд одоог хүртэл уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй дэлхийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болсон билээ. 

BIGBANG

Binbang хамтлаг нь G-Dragon, Taeyang, TOP, Daesung, Seungri гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр алдарт YG энтертайнментийн хөвгүүдийн хамтлаг юм. Тэдний 2007 онд “Always” хэмээх анхны цомгоо гаргасан. Удалгүй Mnet хөгжмийн наадмаас "Оны шилдэг уран бүтээлч" шагналыг хүртсэнээс хойш олон олон уран бүтээлүүд гаргасан түүхэн хамтлаг юм.

Үргэлжлүүлэн Монголын алдартай хөвгүүдийн хамтлагуудын зургуудыг хүлээн авна уу.

КАМЕРТОН

Тус хамтлаг 1995 оны зургадугаар сарын 24-нд Хөгжим бүжгийн Коллежоос байгуулагдсан түүхтэй. Камертон нь Монголын эстрад хөгжмийн шинэ үеийн төлөөлөл бөгөөд бүх цаг үеийн шилдэг хамтлагуудын нэг гэгддэг. Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа, Эба, Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ нар багтана. Хамтлаг анхлан АНУ-ын Boyz II Men хамтлагтай төстэй Soul, R&B болон Поп хөгжмийн урсгалаар гарч ирсэн бөгөөд одоо хамтлагийн үйл ажиллагаа түр зогсонги байдалтай байна.

НОМИН ТАЛСТ

Номин талст хамтлаг нь Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэг юм. "Номин талст" нэр нь "номин" гэх хөх цэнхэр өнгөтэй чулууны нэр ба эртнээс монголчуудын бэлгэдэлт өнгө байсаар ирсэн билээ. 1997 онд тус хамтлаг нь Батсүх, Хаянхярваа, Дэлгэрмөрөн, Хангэрэл гэх 17-19 насны залуусын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан. 

Эх сурвалж: Bored Panda

#Өмнө ба одоо #Хөвгүүдийн хамтлаг