Спортын ертөнцөд: “Perfect World Asia League Summer 2020” тэмцээн эхэллээ


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-06-25

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

“PERFECT WORLD ASIA LEAGUE SUMMER 2020” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Counter-Strike: Global Offensive (CS:GO) тоглоомын энэ онд зохиогдох “ESL One: Rio 2020” мажорт Ази бүсийг төлөөлөн оролцох цорын ганц багийг тодруулах “Perfect World Asia League Summer 2020” тэмцээн өчигдөр буюу зургадугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн “ESL One: Road to Rio – Asia” тэмцээний аварга TIGER болон Mazaalai, D13 багууд өрсөлдөх юм.

“Perfect World Asia League Summer 2020” нь RMR онооны системээр зохион байгуулагдаж буй хоёр дахь тэмцээн бөгөөд 10 багийн дунд лигийн зарчмаар явагдах юм. Баг болгон бусад 9 багтайгаа тойргийн журмаар тоглолт хийсний эцэст хамгийн олон хожил байгуулж чадсан 8 баг нь плэйоффийн шатанд шалгарна. Плэйоффт шалгарсан багууд шууд хасагдах зарчмаар тоглон аваргаа тодруулах ажээ. Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 25,000 ам.доллар болон 2,000 RMR оноог өөрсдийн болгох бол дэд байрт шалгарсан баг тамирчдад 20,000 ам.доллар болон 1,875 RMR оноог олгох юм.

Энэ оны анхны RMR тэмцээнд манай улсын TIGER баг түрүүлж 1,600 RMR оноотой болсноор Ази бүсийг тэргүүлж яваа юм. Мөн Mazaalai, D13 багууд маань 1,350 болон 920 RMR оноотойгоор Азид эхний байруудад бичигдэж байна. Хэрвээ манай улсын багууд “Perfect World Asia League Summer 2020” болон намрын RMR тэмцээнд амжилттай оролцож чадвал Бразил улсыг зорьж өөрсдийн нэрийн стикертэй болох юм.

БУНДЕСЛИГИЙН 2019-2020 ОНЫ УЛИРЛЫН АВАРГА - БАЙЕРН МЮНХЕН

Германы Бундеслигийн 2019-2020 оны аваргаар Ханс Дитер Флик дасгалжуулагчтай Байерн Мюнхен клуб тодорлоо. Байерн Мюнхен клубийн хувьд улирлын дундуур дасгалжуулагчаа сольсон, олон гол тамирчид нь гэмтэлтэй байсан гэх зэрэг олон асуудлуудтай нүүр тулгарсан боловч эцэст нь Бундеслигт түрүүлж чадлаа. Ингэснээр тэд сүүлийн найман жилийн туршид Бундеслигт тасралтгүй түрүүлж үнэмлэхүй амжилтыг үзүүлээд байна.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Бундеслигийн 32-р тойрогт Байерн Мюнхен клуб Вердер Бремен клубтэй учраа таарсан билээ. Хэрэв Мюнхен хотын баг энэхүү тоглолтод хожвол нийт 76 оноотой болж Бундеслиг дуусахаас 2 тойргийн өмнө аваргын болзлоо хангах байсан юм. Тоглолт манай цагаар зургадугаар сарын 17-ны шөнийн 02:30 минутад эхэлсэн бөгөөд аваргууд өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатайгаар буулган авсан билээ. Тоглолтын цорын ганц гоолыг Польш довтлогч Роберт Левандовский тоглолтын 43 дахь минутад оруулсан юм.

Ингэснээр Байерн Мюнхен клуб Бундеслигт 30 дахь удаагаа түрүүлж рекорд амжилтаа бататгасаар байна. Үүнээс гадна Байерн Мюнхен клуб “DFB-Pokal” тэмцээний финалд Байер Левекузентэй үлдээд байгаа бол аваргуудын лигийн шөвгийн 16-д английн Челси клубтэй дахин нэг тоглолт хийх хуваарьтай байгаа. Эхний тоглолтод аваргууд маань Челсиг 3:0-ийн харьцаатайгаар хожсон билээ. Олон мэргэжилтнүүд Германы "акул"-ыг энэ жил трипл буюу гурван цом өргөх хамгийн өндөр боломжтой баг гэж үзээд байгаа юм.

НАПОЛИ КЛУБ КОППА ИТАЛИА ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

Италийн лигийн цом буюу Коппа Италиа тэмцээний 2019-2020 оны улирлын шигшээ тоглолт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Шувтаргын тоглолтод Кристиано Роналдогоор ахлуулсан цомыг хамгаалагч Ювентус клуб болон Женнаро Гаттузо дасгалжуулагчтай Италийн шилдэг клубүүдийн нэг Наполи нар учраа тааран тоглосон юм.

Энэхүү тэмцээний 13 удаагийн аварга Ювентус клубийн хувьд өмнөх шатандаа мөнхийн өрсөлдөгч А.С Милантай тааран тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр цааш шалгарсан. Харин Наполи клуб Милан хотын нөгөө баг болох Интер Милан багтай хоёр тоглолтыг хийж, 2:1-ийн харьцаатайгаар буулган авснаар финалд шалгарсан билээ.

Ийнхүү зургадугаар сарын 17-ны өдөр болсон шигшээ тоглолтод Наполи клуб Ювентус клубийг буулган авснаар түүхэндээ зургаа дахь удаагаа Коппа Италиа тэмцээний аварга боллоо. Тоглолтын үндсэн цагт аль аль баг гоол оруулж чадаагүй бөгөөд нэмэлт цаг сунгалгүйгээр 11 метрийн торгуулийн цохилтоор аваргыг тодруулахаар болжээ. Наполи клубээс цохилтыг гүйцэтгэсэн тамирчид бүгд цохилтоо амжилттай оруулж чадсан бол Ювентус клубээс Аргентин довтлогч Паоло Дибала болон Бразил хамгаалагч Данило нар алдсанаар Наполи клуб 4:2-оор ялалт байгуулж 73 дахь удаагийн Коппа Италиа тэмцээнд түрүүлсэн байна.

ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДРИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ЦАХИМААР ТЭМДЭГЛЭЛЭЭ

1894 оны зургадугаар сарын 23-нд буюу одоогоос 126 жилийн өмнө Олон улсын олимпийн хороо (ОУОХ) байгуулагдаж байсан билээ. Жил бүрийн энэхүү өдөр ОУОХ-оос хүүхэд залуучууд, олон нийтэд спортоор хичээллэсний ашиг тусыг танин мэдүүлэх зорилгоор “Олимпийн өдөр” арга хэмжээ зохион байгуулдаг ажээ. Гэвч энэ жил "COVID-19" цар тахлын улмаас тамирчид олон нийттэй уулзах боломжгүй болоод байсан юм. Тиймээс “Олимпийн өдөр 2020” арга хэмжээг Олон улсын олимпийн хороо цахимаар зохион байгууллаа.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээ ОУОХ-ны цахим хуудсаар явагдсан бөгөөд олимп, дэлхийн медальтай тамирчид үзэгчидтэй холбогдон хамт дасгал хийж, сонирхолтой ярилцлагуудыг өгсөн байна. “Идэвхтэй, Хүчтэй, Эрүүл байя!” уриан дор явагдсан арга хэмжээний үеэр Пита Тауфатофуа, Мелисса Ву, Хонг Жианг, Маркус Ферналди Гидеон, Лаури Хернандез, Мартин Фуркад зэрэг тамирчид оролцсон байна. Та бүхэн ОУОХ-ны Инстаграм хуудсаар зочлон арга хэмжээг үзэх боломжтой.

Эх сурвалж: BBC, NBA, Skysports, ESPN, HLTV

#Спортын ертөнцөд