Энэ долоо хоногийн онцлох жүжигчин: Noah Centineo


"Netflix"-ийн романтик, инээдмийн төрлийн "To All the Boys I've Loved Before" кино 2018 онд нээлтээ хийснээсээ хойш багагүй олон залуусын мэлмийд хүрээд амжсан. Тэгвэл долоо хоногийн пүрэв гараг бүр бэлтгэн хүргэдэг "Artist of the Week" булангийн энэ удаагийн дугаарт Peter Kavinsky-гийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Noah Centineo-г онцолж байна. 

Noah Gregory Centineo 1996 оны тавдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Флорида мужид мэндэлжээ. Хэдийгээр түүний эцэг эх нь Итали, Нидерланд гаралтай хүмүүс боловч залуу жүжигчин маань Америкийн иргэншилтэй нэгэн билээ. Эцэг Greg Centineo нь кино продюсерээр ажилладаг нь Noah-г жүжигчин болоход нөлөөлсөн ч байж болох юм. 

Noah жүжигчний карьерынхаа эхлэлийг "The Gold Retrievers" (2009) киноны Josh Peters-ийн дүрээр тавьж байв. Тухайн үед тэрээр 13 настай байсан ч үүнээс ч жаахан байхдаа кино урлагт хөл тавих сонирхолтой байсан гэдэг. Улмаар "Disney" компанийн "How to Build a Better Boy" (2014) киноны гол дүрд тоглохоосоо өмнө тус компанийн хэд хэдэн бүтээлүүдэд туслах дүрийг бүтээж байжээ. 

Түүнийг олонд танигдахад тусалсан бүтээл бол "The Fosters" (2013) юм. Цувралын гуравдугаар улирлаас эхлэн Jesus Adams-ийн дүрд тоглож эхэлсэн бөгөөд уг дүрээрээ 2017 оны "Teen Choice Awards" шагнал гардуулах ёслолд "Зуны Телевизийн Эрэгтэй Дүр" төрөлд нэр дэвшиж байв.

Noah 2017 онд бас нэгэн хит уран бүтээлд оролцсон нь дуучин Camila Cabello-гийн "Havana" дууны клип байлаа. 

Одоогийн байдлаар түүний карьерийн оргил үе бол "To All the Boys I’ve Loved Before" (2018) киноны Peter Kavinsky-гийн дүр гэж тооцогддог. Тухайн жилдээ "Netflix"-ийн бас нэгэн кинонд дүр бүтээсэн нь "Sierra Burgess Is a Loser" байлаа. 

Харин хувийн амьдралын тухайд 2018 онд "To All The Boys I’ve Loved Before" кинонд тоглосноос нь хойш маш олон шүтэн бишрэгчид нь түүнийг жүжигчин Lana Condor-той холбох болсон. Тэд хоёул уг цуурхлыг няцаасан бөгөөд жүжигчин Lana Condor ч удалгүй өөрийн жинхэнэ найз залуугаа нийтэд зарласан юм. 

Үүний дараа буюу 2019 онд Noah Оросын DJ ARTY-гийн "Save me tonight" дууны клипэнд жүжигчин Lily Collins-той хамтран тоглосон юм.

Клипний зураг авалтын дараа ч залуу жүжигчид маань Инстаграм хаягаараа харилцдаг байсан ба 91 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд цуг явж харагдсанаас хойш мөн л үерхлийн цуурхалд өртөж эхэлсэн. Одоог хүртэл тэдний хэн нь ч эдгээр цуурхлуудад албан ёсоор хариу өгөөгүй байгаа юм.

Noah 2019 онд "Netflix"-ийн "Perfect Date" хэмээх бүтээлд алдарт "Riverdale" цувралын гол дүрийн жүжигчин Camila Mendes-тэй хамтран тоглосон. Уг дүрээрээ Noah "People’s Choice Awards" шагнал гардуулах ёслолоос "Шилдэг Комеди Киноны Дүр" шагналыг хүртсэн билээ. Харин шагналаа гардан авахдаа хэлсэн үг нь цахим орчинд нэг хэсэгтээ л "Эсээ бичиж байгаад үг олдохоо болих үед" гэх тайлбартай meme болоод амжсан юм. 

Энэ жилийн хувьд "To All the Boys I’ve Loved Before" киноны үргэлжлэл "To All the Boys: P.S. I Still Love You" кино Гэгээн Валентиний өдөр үзэгчдийн хүртээл болсон билээ. 

Өнгөрсөн сарын эхэнд Noah Инстаграм хуудсаараа шууд дамжуулалт (Live) хийсэн бөгөөд түүний хөл хорионы үеэрх төрх хэсэгтээ л интернэтийг шуугиулсан. “Интернэтийн найз залуу” хэмээн алдаршсан Noah сахлаа ургуулж, багахан жин нэмсэн харагдсан бөгөөд “Түүнд юу тохиолдоо вэ?” гэх жиргээнүүд Твиттерт эрчийг авсан юм.

Цаашид тэрээр "Master of Universe" кинонд He-Man-ий дүрийг бүтээнэ хэмээн яригдаад байгаа билээ. Юутай ч залуу жүжигчинтэйгээ тун удахгүй ахин нэг дүрээр нь уулзана гэж найдаж байна. 

Эх сурвалж: IMDb, Wikipedia

#Artist of the Week #Noah Centineo