Үүнийг мэдэх үү?: Алдартай брэндүүдийн талаарх СОНИРХОЛТОЙ баримтууд


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2020-06-11

Бид хаа ч явсан эргэн тойронд маань ямар нэгэн брэндийн бүтээгдэхүүнүүд байж л байдаг шүү дээ. Тиймээс энэ удаагийн "Та үүнийг мэдэх үү" цувралаар брэндүүдийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

1. Бидний идэх дуртай "m&m's" үрлэн шоколадны нэр Mars болон Murrie гэдэг нэрнээс үүсэлтэй. Алдарт "Mars" шоколадны брэндийн үүсгэн байгуулагч Frank Mars-ийн хүү Forrest Mars болон "Hershey Chocolate's" брэндийн үүсгэн байгуулагч William Murrie-ийн хүү Bruce Murrie нарын овгийн эхний үсэг нь хоёул "M" байсан тул ийн нэрлэсэн аж. 

Алдарт брэнд анх "M&M Limited" хэмээх нэртэй байсан бөгөөд тухайн үед "Hershey Chocolate's" брэндийн үүсгэн байгуулагч William Murrie компанийн хувьцааны 20 хувийг эзэмшдэг байсан тул доторх шоколадыг нь "Hershey's"-ийн шоколадаар хийдэг байжээ. 

2. Volkswagen гэдэг нь герман хэлэнд “хүмүүсийн машин” гэсэн утгатай үг юм.

3. "Nike" брэндийн нэрийг эртний Грекийн ялалтын охин тэнгэр Nike-гийн нэрнээс сэдэвлэн өгсөн гэдэг. Харин лого нь хурд, хөдөлгөөнийг илэрхийлэх аж. 

4. "Facebook" компанийн үүсгэн байгуулагч Mark Zuckerberg "Deuteranopia" буюу улаан-ногоон өнгө ялгадаггүй эмгэгтэй. Энэ нь харьцангуй түгээмэл эмгэг бөгөөд нийт эрчүүдийн 6 орчим хувьд нь тохиолддог байна. Иймээс тэрээр Facebook-ийг үүсгэн байгуулахдаа логог нь цэнхэр өнгөтэй байхаар сонгосон гэдэг. 

5. Дүрс бичлэгийн хамгийн том платформ Youtube-д нэг минут тутамд 300 орчим цагтай тэнцэх хэмжээний урттай бичлэгүүд байршдаг. 

6. "LEGO" брэндийн нэр Дани хэлний "Leg Godt" хэмээх үгнээс үүдэлтэй. Энэ нь "Сайн тоглоорой" гэх утгатай аж. Мөн Lego гэдэг үг нь Латинаар "Нэгтгэх" гэсэн утгатай гэнэ. 

7. Дэлхийн хамгийн анхны бар кодтой үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бол "Wrigley's"-ийн бохь. 

8. Jeff Bezos хэрэглэгчдэд "Amazon" онлайн дэлгүүрээ ид шидийн дэлгүүр мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд "Abracadabra" гэдэг шидэт хэллэгийн “Cadabra” үгийг аван компаниа нэрлэж байжээ. Гэвч өмгөөлөгч нь уг нэрийг “Cadaver” болгон буруу сонссоны улмаас нэрийг дахин өөрчлөн "Amazon" болгосон түүхтэй.

Мөн тус компанийн логоноос улбар шар өнгийн сум "A"-аас "Z" үсэг рүү заасан байгааг харж болно. Энэ нь Англи цагаан толгойн хамгийн эхний болон сүүлийн үсэг бөгөөд компаниа бараа бүтээгдэхүүний өргөн сонголттой гэдгийг илтгэдэг байна. 

9. Бидний багадаа тоглож өссөн Барби хүүхэлдэйн бүтэн нэрийг Barbara Millicent Roberts гэдэг.

10. Pepsi ундаа анх 1898 онд ходоодны өвчнийг анагаана хэмээн танилцуулагдаж байжээ. Pepsi гэх нэрээ ходоодны хүчилд агуулагдах пепсин хэмээн ферментийн нэрээс санаа авсантай ч холбоотой байж болох юм. 

11. iPhone загварын гар утасны зар сурталчилгаан дээр ямагт өглөөний 09:41 минут болж байгааг харуулдаг. Учир нь Steve Jobs хамгийн анхны iPhone загварын гар утсыг 2007 оны зургаадугаар сарын 29-ны өглөөний 09:41 минутад танилцуулж байсан аж. 

12. Нэгэн цагт "Marlboro" тамхийг зөвхөн эмэгтэйчүүд татдаг гэсэн андуу ташаа ойлголт түгсэн байж. Харин тамхи үйлдвэрлэгч "Philip Morris" компанийн зүгээс "Marlboro Man" хэмээх зар сурталчилгааны төсөл хэрэгжүүлснээр эрчүүд "Marlboro" тамхийг ихээхэн татах болжээ. Гэвч тус төсөл хэтэрхий амжилттай явагдсанаар эмэгтэйчүүд энэхүү тамхийг худалдан авах нь эрс багассан тул эмэгтэй хэрэглэгчдээ буцаан татахын тулд "Virginia Slims" тамхийг худалдаанд гаргасан гэдэг. 

13. Их Британи-Нидерландын гоо сайхны бүтээгдэхүүний "Unilever" компанийн U хэлбэрийг логог санаж байна уу? Сайтар ажиглавал U үсгэн дотор тухайн компанийн бүтээгдэхүүнүүдтэй холбоотой 24 жижиг дүрсүүд багтдаг. 

Эх сурвалж: Market Inspector

#Та үүнийг мэдэх үү #Брэнд