“When the Camellia Blooms” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-06-09

Бид өмнөх дугаараараа "The End of the F***ing World" цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад БНСУ-ын тайз дэлгэцийн шилдгүүдийг шалгаруулдаг "Baeksang" шагнал гардуулах ёслолоос хоёр ч шагналыг хүртээд амжсан "When the Camellia Blooms" цувралыг онцолж байна. 

Киноны үнэлгээ /IMDb: 8/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.7/10
Эхний анги цацагдсан огноо: 2019 оны есдүгээр сарын 18
Нийт ангийн тоо: 20
Үйл явдал: Dong Baek бол хүн бүхний хайрыг татсан, үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, ганц бие ээж. Гэнэтийн байдлаар түүний амьдралд Yong Sik гэх цагдаа залуу гарч ирж, тэдний дунд хайрын цэцэг дэлбээлнэ. Гэвч яг энэ үеэр Dong Baek-ийн хуучин найз залуу буюу хүүгийнх нь аав гарч ирснээр гол үйл явдал өрнөнө.

ЭНГИЙН ЦУВРАЛ БИШ

Хүмүүс солонгос цувралуудыг энгийн л хайрын түүхүүдийг өгүүлдэг гэлцдэг. Тэгвэл энэхүү цувралын дүр болгон нь нийгмийн ямар нэгэн асуудлыг хөндсөн гэдгээрээ онцлог. Гол дүрийн Dong Baek бүсгүйгээр ганц бие ээжүүдийг төлөөлүүлсэн учир үзэгчид ч ам сайтай байсан юм. 

KANG HA-NEUL-ИЙН ЦЭРГЭЭС ХАЛАГДСАНЫ ДАРААХ АНХНЫ ЦУВРАЛ

БНСУ-д цэргийн алба хаах нь иргэний үүргээ онц сайн биелүүлж буйн тод жишээ болдог тул цэргийн албаа амжилттай хааж ирсэн эрчүүд их нэр хүндтэй байдаг. Тиймдээ ч эрэгтэй жүжигчдийн цэргээс халагдаж ирээд тоглосон анхны цувралууд үзэгчдийн дунд хүлээлт өндөртэй байдаг билээ. Жүжигчин Kang Ha-Neul-ийн хувьд цэргээс халагдан ирээд чанартай зохиолтой цувралын гол дүрийг шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг алдалгүйгээр чадварлагаар бүтээж чадсан. 

ШИЛДГИЙН ШИЛДЭГ КИНО

Энэхүү цуврал БНСУ-ын Оскар гэгддэг "Baeksang" кино наадмаас “Шилдгийн шилдэг Гранпри”, “Шилдэг эх зохиол” хэмээх хоёр шагналыг хүртсэн. Жүжигчин Kang Ha-Neul энэ дүрээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн бол жүжигчин Oh Jung-Se “Шилдэг эрэгтэй туслах жүжигчин” хэмээх хүндэт шагналыг өөрийн болгосон билээ. Киноны бусад дүрүүд ч уг наадамд нэр дэвшээд амжсаныг дурдах нь зүйтэй биз ээ. 

"Baeksang" наадмын энэ жилийн буюу 56 дахь удаагийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

АЛДАРТАЙ ЗОХИОЛЧ

"When the Camellia Blooms" цувралын зохиолч Im Sang-Choon нь бидний сайн мэдэх “Becky’s Back” (2016), “Fight For My Way” (2017) зэрэг цувралуудын зохиолыг бичсэн туршлагатай. Бүтээлүүдээрээ үзэгчдийн итгэлийг аль хэдийнэ олсон зохиолч маань дараагийн ажилдаа ханцуй шамлан орсон гэсэн шүү. 

НАСНЫ ЗӨРҮҮ

Жүжигчин Gong Hyo Jin 40, жүжигчин Kang Ha-Neul 30 настай. Үзэгчид жүжигчин Gong Hyo Jin 40 нас хүрсэн хэр нь яаж ийм залуухан харагдаж байгааг, мөн тэднийг ийм олон насны зөрүүтэй ч хоорондоо яаж ийм сайхан тохирч байгааг гайхан биширч байгаа гэнэ. 

KANG HANEUL GONG HYOJIN-ИЙ ШҮТЭН БИШРЭГЧ

Жүжигчин Kang Ha-Neul цувралынхаа нээлтийн үеэр: 

- "Би Gong Hyo Jin-ий маш том шүтэн бишрэгч. Энэхүү цувралд тоглох үед тэр үргэлж л надтай их эелдэг харьцдаг байсан. Одоо ингээд бодоход яг л зүүд шиг байж ээ" хэмээжээ. 

ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ХАЙР ДУРЛАЛ

20 ангийн турш үргэлжлэх энэхүү цуврал хайр дурлалаас гадна нууцлаг гэмт хэргүүдийн түүхийг өгүүлэх аж. Тиймээс гэмт хэрэгт төрлийн кинонд дурлагсдад маань таалагдах нь дамжиггүй. Кино шүүмжлэгчид энэхүү уран бүтээлийг хоёр өөр жанрыг нэгэн кинонд маш гайхалтайгаар хослуулж чадсан хэмээн сайшаадаг. 

Эх сурвалж: Naver, Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #When the Camellia Blooms