Ойрын ирээдүйд эрэлттэй байх АРВАН мэргэжил


Э. Анар | YOLO.MN
2020-06-09

Бид өмнөх нийтлэлээрээ та бүхэнд ойрын 10 жилд устах эрсдэлтэй ажлын байруудын талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад ойрын ирээдүйд эрэлт хэрэгцээгээ алдахгүй байх 10 мэргэжлийг хүргэж байна.

БАГШ

Хүн бүхэн багш болж, бусдад мэдлэг боловсрол олгож чадахгүй гэдгийг бид дүүгийнхээ хичээлийг нь хийлгэхдээ, ангийнхаа найздаа ойлгоогүй байгаа хичээлийг нь заахдаа мэдэрдэг шүү дээ. Багш нар хүний толгойд аливаа ойлголт, мэдлэгийг суулгах нарийн арга барил, мэдрэмжтэй байдаг. Роботууд хүмүүст хичээл заахад харилцааны хувьд асуудал үүсэх эрсдэлтэй тул багш нарын ажлын байрыг хиймэл оюун ухаанаар орлуулах боломжгүй гэж үздэг.

СПОРТЫН ЭМЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧ

Спорт зааланд цагаа идэвхтэй өнгөрөөж эрүүл мэнддээ анхаардаг залуусын тоо шоу цэнгээний газар цагаа өнгөрөөдөг залуусынхаас ихэссэн. Хэдийгээр өөрийн эрүүл мэнд, бие галбиртаа анхаарч байгаа нь сайшаалтай хэрэг боловч мэргэжлийн хүнээс ямар хүнс биед хэрхэн нөлөөлдөг, ямар дасгал булчингуудад яаж нөлөөлдөг талаар зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс аливаа хүний биеийн онцлогт тохируулан зөвлөгөө өгөх спортын эмч, сэтгэл зүйч нарын эрэлт хэрэгцээ ойрын хэдэн жилдээ лав их байх гэнэ. 

ГАР УРЧУУД

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт хэчнээн автоматжиж байгаа ч нарийн хийцтэй, дэлхий дээр цор ганц хувь оршин байх үнэт эдлэл, сийлбэр, ваар зэрэг бүтээлүүдийн хэрэгцээ байсаар л байх юм. 

ЧАДВАРЛАГ БАРИЛГАЧИД

Техник технологи хөгжихийн хэрээр байшин барилга барихад ашигладаг төхөөрөмжүүд илүү ухаалаг болж байгаа ч маш нарийн загвартай, өвөрмөц содон барилга барихад чадварлаг барилгачдын хэрэгцээ их. Тиймээс барилгачин гэх мэргэжилдээ туршлагатай, мэдрэмжтэй, авьяастай хүмүүс ойрын 10 жилдээ эрэлттэй байна гэсэн дүгнэлт гарчээ. 

ХООЛ БЭЛТГЭХ МЭРГЭЖИЛТЭН

Харахад л арааны шүлс гоожим амттай хоолонд дургүй хэн байх билээ. Тэгвэл энэ төрлийн "урлагийн бүтээл" туурвидаг тогооч, бариста, бартендер нарын ажлын байр ойрын жилүүдэд эрэлттэй байх аж. Та бүхэн ногоо хэрчиж хоол бэлтгэж байгаа роботуудын бичлэгийг бишгүй л үзсэн байх. Тэднээс гарсан эцсийн бүтээгдэхүүн яг мэргэжлийн тогооч, бариста нарынх шиг үзэмжтэй байгаагүйг мөн анзаарсан болов уу.

ИНЖЕНЕР

Хотжилт дийлэнх улсуудад эрчимтэй явж байгаа учир орон сууц, байшинг цахилгаанжуулах инженерүүдээс эхлээд авто замын инженер гээд аливаа асуудлыг шийдвэрлэх инженерүүдийн эрэлт хэрэгцээ мөн л их.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД

Хүн амьдарч байгаа цагт өвчин байсаар л байна. Аливаа өвчин эмгэгийг анагаах эмч, сувилагч нарын ажлыг хиймэл оюун ухаанаар гүйцэтгэх нь маш өндөр эрсдэлтэй тул одоогийн байдлаар юугаар ч орлуулах боломжгүй байна. Хүний өвчний түүх, биеийн байдал зэрэг дээр нарийн дүгнэлт хийн оношлосны дараа эмчилгээ хийдэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн ажлын байр ойрын 10 байтугай жилд эрэлттэй байх аж. 

МАЛ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД

Өнөө цагт залуу хосууд хүүхэдтэй болохоос илүү гэрийн тэжээвэр амьтад тэжээж байна гэсэн шүүмжлэл их гардаг шүү дээ. Их Британи улсын хувьд л гэхэд 2019 оны байдлаар нийт айл өрхийн 44 хувь нь гэртээ тэжээвэр амьтан тэжээдэг ба энэ тоо жил ирэх тусам өсөж байгаа гэнэ. Мэдээж амьтад яг л бидний адилаар өвчин тусах, зулзагалах, нас барах зэрэг асуудалтай учир тэжээвэр амьтны эмнэлгийн тусламж үйлчилгээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэсэн үг. 

УРАН БҮТЭЭЛЧ

Зохиолч, дизайнер зэрэг өөрийн нарийн мэдрэмжээр дахин давтагдашгүй бүтээлүүд туурвидаг мэргэжил бүхнийг хиймэл оюун ухаанаар орлуулах боломжгүй юм. 

Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй ахлах ангийн сурагчдад зөвлөхөд зөвхөн ойрын 10 жилд эрэлттэй байх бус 30, 40 жилийн хугацаанд эрэлттэй байх мэргэжлийг сонгох нь чухал юм шүү. 

Эх сурвалж: Monster

#Ирээдүй