Кпопын эргэн тойронд: 2NE1 Park Bom гоо сайхны МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЭГҮЙ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-06-08

Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

PARK BOM ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЭГҮЙ

D-Nation агентлагийн зүгээс дуучин Park Bom-ийн талаар онцгой мэдэгдэл хийлээ.

2NE1 хамтлагийн гишүүн асан, дуучин Park Bom зургадугаар сарын 3-ны өдөр 56 дахь удаагийн "Grand Bell” наадамд оролцсон нь олны анхаарлыг ихэд татсан юм. Хүмүүс түүнийг гоо сайхны мэс засалд дахин орж, таргалсан мэтээр бичиж байсан бол D-Nation агентлагаас эдгээр цуурхлуудад хариулт өгчээ:

- “Дуучин Park Bom стресснээс болоод маш хүнд хэцүү үеийг туулсан. Тиймээс түүний хувьд дараагийн цомгоо гаргах хүртлээ сайтар амрах нь чухал байгаа юм. Хүмүүс түүнийг гоо сайхныг мэс засал хийлгэсэн хэмээн цуу тарааж байгаа ч үнэндээ алдагдсан эрч хүчээ нөхөхийн тулд амарч байгаа учраас л ийн жин нэмсэн юм шүү. 

Бидний зүгээс энэ жил Bom-ийн шинэхэн цомгийг гаргахаар ажиллаж байна. Bom маань өөртөө анхаарал тавьж, цаашдаа та бүхэнд өөрийнхөө шинэлэг талыг харуулахаар зорьж байгаа. Тиймээс та бүхэн түүний шинэхэн уран бүтээлийг тэвчээртэй хүлээж байгаарай"

AMBER: БИ ЖИРЭМСЭН БИШ

f(x) хамтлагийн гишүүн Amber өөрийнх нь тухай гарсан цуурхалд хариу өглөө. 

Зургадугаар сарын 5-ны өдөр дуучин Amber-ийг жирэмсэн, есдүгээр сард төрөх гэж байгаа гэсэн цуурхал гарсан юм. Энэ цуу яриа цахим ертөнцөд асар хурдтай тархаж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч нийтлэгдээд амжжээ. Ийнхүү Amber Твиттер хуудсаараа дамжуулан:

“Энэ дэлхий дээр үүнээс өөр санаа зовох чухал асуудал зөндөө олон байна. Би жирэмсэн биш!” хэмээн жиргэжээ.

AB6IX ХАМТЛАГИЙН YOUNG MIN ХАМТЛАГААСАА ЗАВСАРЛАГА АВНА

AB6IX хамтлагийн гишүүн Young Min согтуугаар жолоо барьсан нь тогтоогдсон бөгөөд хамтлагийнхаа үйл ажиллагаанаас завсарлага авахаар болжээ.

Зургадугаар сарын 4-ний өдөр Brand New Music энтертайнментаас AB6IX хамтлагийн цаашдын уран бүтээлийн тухай мэдэгдэл хийжээ:

- “Тавдугаар сарын 31-ний өглөө Lim Young Min согтуугаар жолоо барьсан. Түүнийг гэр лүүгээ явж байхад нь цагдаа нар саатуулж, жолооны үнэмлэхийг нь хүчингүй болгосон. Тэрээр өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, цаашид цагдаа нарын шалгалтад хамтран ажиллахад бэлэн байгаа.

Мөн өнөөдрөөс эхлэн тэрээр хамтлагаасаа завсарлага авч байгаа тул AB6IX хамтлаг цаашид дөрвөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Мөн AB6IX хамтлагийн шинэхэн цомог зургадугаар сарын 8-ны өдөр гарах ёстой байсан ч хугацааг нь энэ сарын 29 хүртэл хойшлуулахаар боллоо”

Brand New Music энтертайнментийн зүгээс AB6IX хамтлагийн шүтэн бишрэгчдээс уучлалт гуйсан бөгөөд дахин ийм явдал гарахгүй хэмээн амлажээ.

TAEMIN ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

SHINee хамтлагийн гишүүн Taemin долдугаар сард шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

SM энтертайнментийн зүгээс “Taemin долдугаар сард шинэ уран бүтээл гаргахаар бэлдэж байгаа. Тэр ирэх сараас эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах тул түүнийг дэмжээрэй” гэжээ.

Taemin нь 1993 онд төрсөн бөгөөд ердөө 14 настай байхдаа SHINee хамтлагийн гишүүн болж урлагийн ертөнцөд танигдсан байна. Тэрээр мөн SM энтертайнментийн SuperM хамтлагийн гишүүн юм.

BTS ХАМТЛАГ 2020 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭГ БОЛЖЭЭ

Forbes сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг “Дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 уран бүтээлч”-ийн жагсаалтад BTS хамтлаг 47 дугаар байранд жагсжээ.

BTS хамтлаг 2019 онд хийсэн аялан тоглолтоороо 190 сая ам.долларын орлого олсон байна. Ийнхүү Forbes сэтгүүлийн 2020 оны жагсаалтын 47 дугаарт бичигдсэн бол Kim Kardashian 48 дугаар байранд жагсжээ.

Баяр хүргэе BTS!

MUSIC BANK: ЯЛАГЧ BYUN BAEKHYUN

"Music Bank" хөгжмийн нэвтрүүлгийн зургадугаар сарын 5-ны дугаарт EXO хамтлагийн гишүүн Baekhyun “Candy” дуугаараа ялалт байгуулжээ.

Тус өдрийн дугаарт Na Yoon Kwon "River Of Tears", VICTON "Mayday", TWICE "More and More", TXT "Puma" хэмээх уран бүтээлээрээ хөгжмийн тайзнаа эргэн ирсэн байна. Харин дуучин IU "Eight" дуугаараа Baekhyun-ий "Candy" хэмээх шинэ уран бүтээлтэй өрсөлджээ.

Мөн DKB, Lee Ye Jun, RedSquare, ONEWE, Secretnumber, BVNDIT, Seo Jei, OnlyOneOf, Ryu Soo Jung, Monsta X, NCT 127, Kim Woo Seok нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцсон байна.

HEIZE ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

Дуучин Heize "Things Are Going Well" хэмээх шинэ уран бүтээлийнхээ тизер бичлэгийг цацсан байна. Тэрээр энэ сарын 10-ны өдөр өөрийн мини-цомгийг олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Heize өнгөрсөн оны есдүгээр сард Монгол улсад ирж “Falling Leaves Are Beautiful” хэмээх уран бүтээлийнхээ зураг авалтыг хийж байсан юм.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд