Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-06-05

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. 

Дэлхий нийтээрээ "COVID-19" цар тахлыг даван туулж буй энэ хүнд хэцүү цаг үед олныг цочроосон бас нэгэн үйл явдал болсон нь АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн ажилтнууд George Floyd гэх өнгөт арьст залуугийн амь насыг хороосон явдал байлаа. Олон олон тамирчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хүчтэй мэдэгдлүүдийг хийгээд байгаа билээ. 

JADEN SANCHO ЗАМНАЛЫНХАА АНХНЫ ХЭТ-ТРИКИЙГ ХИЙЛЭЭ

Боруссиа Дортмунд клубийн тоглогч Jaden Sancho энэ амралтын өдрүүдээр болсон Германы Бундеслигийн 29-р тойргийн хүрээнд Падерборн клубийн эсрэг тоглолтод өөрийнхөө замналын анхны хэт-трикийг хийлээ. Боруссиа Дортмунд клуб энэхүү тоглолтод 6:1-ийн харьцаатайгаар хожиж 60 оноотой болсноор хүснэгтийн хоёрдугаар байранд Байерн Мюнхен клубын ард бичигдэж байна.

20 настай тоглогч маань энэ улиралд одоогийн байдлаар 17 гоол, 16 гоолын дамжуулалт өгч гайхамшигтай тоглолтыг үзүүлж байгаа юм. Тэрээр европын топ 5 лигийн нэг улиралд 15 гоол оруулж, 15 гоолын дамжуулалт өгсөн хоёр дахь Англи тоглогч болсон бөгөөд анх энэ амжилтыг 1994/95 оны улиралд Мэтт Ле Тиссьер тогтоож байжээ.

Jaden Sancho тоглолтын 57 дахь минутад эхний гоолоо хийсэн бөгөөд үүний дараагаар Миннеаполис хотод цагдаа нарын гарт харамсалтайгаар амь насаа алдсан George Floyd-д хүндэтгэл үзүүлэн “Justice for George Floyd” гэсэн бичиг бүхий бэлтгэлийн цамцаа харуулсан юм.

George Floyd нь Африк гаралтай Америк хүн байсан бөгөөд тавдугаар сарын 25-ны өдөр орон нутгийн цагдаа нарын гарт амь насаа алдсан юм. Зөвхөн Jaden Sancho гэлтгүй дэлхийн маш олон урлаг, спортын одууд түүнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд олон мянган иргэд жагсаал хийж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж байгаа юм.

Америкийн Бостон, Портлэнд, Нью-Йорк гэх зэрэг 40 гаруй хотод жагсаал болж байгаа бөгөөд уурлаж бухимдсан ард иргэд Миннеаполис хотын цагдаагийн газрыг шатаажээ. Үндэсний сагсанбөмбөгийн холбооны Бостон Селтикс багийн тоглогчид болох Enes Kanter, Jaylen Brown нар уг жагсаалд оролцож хүний эрхийн төлөө тэмцэж байгаа бол Lebron James, Stephen Curry тэргүүтэй одууд George Floyd-д хүндэтгэл үзүүлсэн байна.

ROGER FEDERER ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГО ОЛСОН ЭРЭГТЭЙ ТАМИРЧНААР ТОДОРЛОО

"Forbes" сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг Япон теннисчин Naomi Osaka тэргүүлсэн талаар бид өмнөх долоо хоногт мэдээлэлж байсан билээ. Тэгвэл хамгийн өндөр орлоготой эрэгтэй тамирчдын жагсаалтыг Швейцар теннисчин Roger Federer тэргүүлжээ. Тэрбээр сүүлийн 12 сарын хугацаанд спортын болон спортоос гадуурх үйл ажиллагаанаас нийтдээ 106.3 сая ам.долларын орлогыг олсон юм. Roger Federer-ийн хувьд жагсаалтыг анх удаа тэргүүлж буй нь энэ билээ.

38 настай теннисчин маань хамгийн олон удаа Гранд Слам тэмцээнүүдэд түрүүлсэн эрэгтэй тамирчин буюу уг тэмцээнд нийт 20 удаа түрүүлж байсан билээ. Одоогийн байдлаар тэрбээр дэлхийн чансааны дөрөвдүгээрт 6630 оноотой эрэмбэлэгдэж байна.

Энэ жилийн хамгийн өндөр ашиг орлогыг олсон 100 тамирчдын нийт орлого нь 3.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц байсан ч энэ нь өмнөх оныхоос 9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мэдээж "COVID-19" цар тахлын улмаас олон уралдаан тэмцээнүүд цуцлагдсантай холбоотойгоор тамирчдын орлого багассан. 

Энэхүү жагсаалтыг сүүлийн дөрвөн жилийн гуравт нь тэргүүлээд байсан дэлхийн хөлбөмбөгийн супер одууд болох Cristiano Ronaldo болон Lionel Messi нар энэ жил хоёр болон гуравдугаар байруудад шалгаржээ. Европын хөлбөмбөгийн лигүүд цуцлагдсаны улмаас цалингийн хэмжээгээ сайн дураараа багасгасан нь энэхүү хоёр алдарт тамирчдын орлого буурахад нөлөөлсөн байна.

ПРЕМЬЕР ЛИГ ЗУРГААДУГААР САРЫН 17-НД ЭХЛЭХЭЭР БОЛЛОО

Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн лиг болох Английн Премьер лиг зургадугаар сарын 17-ноос эхлэн явагдах болсныг Премьер лигийн гүйцэтгэх захирал Ричард Мастерс зарлалаа. Коронавирусийн улмаас хоёр сар гаруй хугацаанд тоглолтуудаа цуцлаад байсан европын хөлбөмбөгийн хамгийн том төлөөлөл эргэн ирснээр олон мянган хүмүүст итгэл найдварыг авчирч байгаа юм.

Премьер лигийн тамирчид болон арын албаны ажилчдаас авсан хамгийн сүүлийн үеийн шинжилгээгээр коронавирус илрээгүй бөгөөд энэ нь лигийг эхлэхэд маш том нөлөөг үзүүлж байгаа ажээ. Зургаадугаар сарын 17-нд лиг 28-р тойргийн дутуу тоглолтууд болох Астон Вилла - Шеффилд Юнайтед, Манчестер Сити - Арсенал гэсэн тоглолтуудаар эхлэх юм. Улирлын үлдсэн бүх 82 тоглолтыг хаалттай буюу үзэгчгүйгээр зохион байгуулахаар болжээ.

Германы хөлбөмбөгийн дээд ангилал Бундеслигийн 2019-2020 оны улирлын тоглолтууд үзэгчгүйгээр энэ сарын 16-аас явагдаж эхэлсэн билээ. Мөн түүнчлэн Ла лигийг үзэгчгүйгээр дахин эхлүүлэх зөвшөөрлийг Испани улсын ерөнхий сайд Педро Санчез өгсөн билээ. Ийнхүү Испаний лиг энэ сарын 8-аас эхлэн явагдах болсон юм. Хэдийгээр "COVID-19" цар тахлын үед спортын арга хэмжээнүүдийг явуулах нь эрсдэлтэй алхам боловч явуулахгүй байх нь түүнээс өндөр ч эрсдэлийг үүсгэх боломжтой. Олон мянган ажилчид, тамирчдын амьдрал энэхүү спортоос хамаардаг тул европын бүхий л томоохон лигүүдийг эхлүүлэх тал дээр засгийн газрууд ажиллаж байгаа юм.

ЭНЭ ЖИЛИЙН БОСТОНЫ МАРАФОН ЦУЦЛАГДЛАА

Дэлхийн хамгийн эртний, хамгийн алдартай марафон болох Бостоны марафон 124 жилийн түүхэндээ анх удаа цуцлагдлаа. Жил болгоны дөрөвдүгээр сард зохиогддог марафон "COVID-19" цар тахлын улмаас есдүгээр сарын 14-нд эхлэх товтой байсан юм. Гэвч Бостон хотын захирагч Marty Walsh хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс 124 дэх удаагийн тэмцээнийг 2021 он хүртэл хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм.

1897 оноос хойш тасралтгүй явсан энэхүү тэмцээн цуцлагдаж буй нь "COVID-19" цар тахал нь ямар аймшигтай зүйл болохыг харуулж байна. Өнгөрсөн жил зохиогдсон буюу 123 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Этиоп улсын тамирчин Worknesh Degefa түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд 31 настай Кени улсын холын зайн гүйгч Lawrence Cherono түрүүлсэн билээ. Энэ жилийн хувьд Бостоны марафон зохиогдохгүй боловч гүйгчдийн дунд цахим тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: BBC, NBA, Skysports, ESPN

#Спортын ертөнцөд