"Би түүнтэй зүгээр л найзууд баймаар байна"


ССҮТөв | YOLO.MN
2016-08-23

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнтэй зүгээр л найзууд байж ах дүү шиг л харилцаатай баймаар байна

Яаж эвтэйхэн ойлгуулах вэ? Эсвэл би тэр хүнийг сайн мэдэхгүй болохоор дөлөөд байгаа юм болов уу, өөрийгөө ойлгохгүй нь ээ.

Сайн байна уу?

Шинэ оюутны хувьд олон мэдэхгүй зүйлс гарч ирэхээр яалт ч үгүй туршлагатай хүнээс зөвлөгөө авах хэрэг гарах юм аа. Тэгээд дээд дамжааны нэг ахаас мэдэхгүй зүйлсээ асууж найрсаг харилцаатай болсон юм л даа. Гэхдээ сүүлийн үед тэр ах найзуудын гэхээс арай илүү дотно үг хэллэг ашиглаж надаас ч бас тийм хандлага хүлээгээд байх шиг байна. Цаашдаа ч бас олон туслалцаа авах болохоор тоохгүй царайлж болдоггүй, зүгээр л найзууд байж ах дүү шиг л харилцаатай баймаар байна. Яаж эвтэйхэн ойлгуулах вэ? Эсвэл би тэр хүнийг сайн мэдэхгүй болохоор дөлөөд байгаа юм болов уу, өөрийгөө ойлгохгүй нь ээ. Надад туслаач frown

ЗӨВЛӨГӨӨ: Буруугаар ойлгогдохуйц ямар нэгэн үг үйлдэл гаргасан байх вий гэдэгтээ нэг дүгнэлт хийгээд үзээрэй

Товчхондоо чиний дүү зайрмаг идэхгүй гэж хэлсэн мөртлөө зайрмаг идээд сууж байвал эгчийн хувьд чи дүүгээ мэдээж хэрэг идэх дуртай байж ээ л гэж бодно шүү дээ, үүнтэй л адил.

Сайн байна уу. Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүмүүс чамд яаж хандаж байгаа нь чи тэдэнд тийм үйлдэл гаргаж болно гэсэн дохио өгснөөс л эхлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл чи дээд дамжааны ахтайгаа ярилцахдаа хэтэрхий их инээмсэглэсэн, байнга түүн рүү ширтсэн, магадгүй хосын гэж хэлж болохуйц яриа өрнүүлж, бас хамтдаа гадуур алхсан ч байж болно. Энэ мэт түүнд буруу ойлгогдохуйц ямар нэгэн үг үйлдэл гаргасан байх вий гэдэгтээ нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Товчхондоо чиний дүү зайрмаг идэхгүй гэж хэлсэн мөртлөө зайрмаг идээд сууж байвал эгчийн хувьд чи дүүгээ мэдээж хэрэг идэх дуртай байж ээ л гэж бодно шүү дээ, үүнтэй л адил.

Хэрэв магадгүй өөрийг чинь буруу ойлгохоор үйлдлүүд гаргасан байвал цаашид тэдгээртээ анхаарах, харин буруу ойлгохоор үйлдлүүд огт гаргаагүй байхад дотно байх хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа бол өөрийнхөө яриагаар дамжуулж тийм зүйл хүсэхгүй байна гэдгээ заавал илэрхийлж хэлээрэй. Эс бөгөөс чамайг таагүй хандаж байгааг ч мэдэхгүй сэтгэлээ илчлэхээр бодсон байх вий... Хэн ч хэн нэгний бодлыг уншиж чадахгүй учраас илэрхийлж хэлэхээс өөр сайн арга байхгүй шүү  laugh

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers #Найз