С.Жамбалцэрэн: Сүүлийн үед хүн өөрийгөө амьтан гэдгийг мартаад хэтэрхий биеэ тоогоод байгаа юм шиг...


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-06-02

Цахим орчинд биднийг хөгжөөхийн зэрэгцээ боловсрол олгож буй нэгэн комик бол “Хандгай” билээ. Үргэлж бүтэлгүйтэж явдаг ч түүнээсээ шинэ зүйлсийг суралцаж, ойлгож, ухаарч байдаг Хандгайн дүр бидэнд хэдийнэ танил дотно болжээ. Ингээд та бүхэндээ Хандгай цувралыг санаачлагч, зураач С.Жамбалцэрэнтэй ярилцсан сонирхолтой бөгөөд нэгийг ухаарч олныг анзаарахуйц ярилцлагыг хүргэж байна.

YOLO“Битгий сонс” поккастад оролцохдоо “Хандгай” комикынхоо тухай болон дүрийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан байсан. Гэсэн ч сонсоогүй хүмүүстээ зориулаад уламжлал ёсоор хэрхэн үүссэн тухай яриагаар ярилцлагаа эхэлье.

- Анх контент маркетинг хийхийн тулд комик стрипийг ашиглан Хандгай хэмээх дүрийг сэдэвлэн гаргаж байсан. Комик стрип гэдэг нь энгийнээр бол богино хэмжээний комик гэсэн үг. Ийнхүү Фэйсбүүк дээр хуудас нээж цувралаа эхлүүлсэн.

YOLOБагадаа Хандгай шиг доожоогүй хэрнээ атамануудтай нийлчихдэг хүүхэд байсан гэж ярьж байсан. Хүүхэд насаа дурсаад Хандгай маань "янзага" байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач.

- Гэр бүлийнхэн маань намайг маш сайн хүмүүжүүлсэн. Ахлах сургуулиа төгсөөд компанидаа дадлагажигчаар орох үед зургийн чадвар байхгүй, Фотошоп, компьютер сайн ашиглаж чадахгүй зэргээс эхлээд мэдэхгүй чадахгүй зүйлс зөндөө байсан. Гэсэн хэдий ч эцэг эхийн минь надад суулгасан суурь хүмүүжлийн ачаар тэвчээртэй байж, бусдыг хүндэлж сонсдог маань их ч хэрэг болсон доо. Багадаа нэлээн сахилгагүй хүүхэд байсан. Юу ч чаддаггүй мөртлөө далжганаад л байдаг хүүхэд байдаг шүү дээ /инээв/. Хичээлдээ муу байсан болохоор есдүгээр ангидаа улаан шугамын доор жагсаж, сургуулиасаа хасагдаад өөр сургууль руу шилжиж байсан. Бас гэр хороололд амьдардгаасаа, өөрийнхөө сул талаас ичдэг байсан. 

YOLOҮндсэн мэргэжил нь юу билээ?

- "Зохиомж" дээд сургууль нэг жилийн турш найруулагчаар сурчихаад хоёрдугаар курсдээ сургуулиасаа гарсан. Одоо ингээд ажиллаад л явж байна даа. Сургуулиас авсан дипломгүй ч бүтэн дөрвөн жилийн хугацаанд комик чиглэлээр ажиллахдаа тодорхой хэмжээнд комик стрип найруулагч, зохиолч болсон байх гэж бодож байна.

YOLOИх сургуульдаа буцаж ороод үргэлжлүүлж суръя гэж боддог уу?

- Надад ажлынхаа хажуугаар интернэтээс пратикаар суралцахыг хүсдэг олон зүйл бий. Гэхдээ их сургуульд сурах нь буруу гэж байгаа юм биш л дээ. Их сургуульд сурах хэрэгтэй. Гол нь би сургуульд сурвал өдрийн талыг сургууль дээрээ өнгөрүүлж, цаашлаад "Хандгай" цуврал маань  удаашрахад хүрнэ. 

YOLOДипломгүй ч гэсэн өөрөө хичээж суралцаад, ажиллаж хөдөлмөрлөөд, амжилт гаргаад явах боломж байдаг юм байна. Гэхдээ их сургуулиас өгөх боловсролыг гүйцэх болов уу? Хүмүүс энэ тал дээр хоёр талын байр суурьтай байдаг.

- Мэдээж гүйцэхгүй байх тал бий. Бид юуны төлөө их сургуульд тийм их хэмжээний мөнгө төлдөг билээ дээ. Хэрвээ сургуулиас авах мэдлэг боловсролыг өөрөө бие даан суралцаад эзэмшиж чадна гэвэл өөрөө сурч болно. Харин чадахгүй гэх юм бол их сургуульд сураад цогц мэдлэгээ авах боломжтой. Энэ бол сонголтын л асуудал. 


YOLOИх сургуульд сурч, боловсрол эзэмших чухал гээд мөнгө төлөөд сурч байгаа хэрнээ хичээлээ хийдэггүй, таслаад явчихдаг, очоод унтчихдаг тохиолдол их байдаг шүү?

- Тийм. Би их сургуульд сурч байхдаа Философийн хичээлийн улирлын шалгалтдаа муу авсан ч тухайн хичээл дээр 90А гарч байсан юм. Тийм өндөр онооны шалгалтдаа муу авсан хэрнээ яагаад А гарсан юм бол гэж гайхаж магадгүй. Би семестрийн туршид маш сайн хичээсэн ч шалгалтынхаа өмнөх өдөр нь үзсэн хичээлүүдээ эргүүлж тойруулж хараагүй учраас муу авсан. Зүгээр л бусад шиг шалгалтын өмнөх өдөр нь л ухаан орсон юм шиг бэлдэж байгаад шалгалтаа өгөхийг биш, тэр семестрийн туршид багштайгаа хамт суралцахдаа юу олж мэдсэн бэ гэдгээ л шалгуулахын хүссэн юм. Миний сурсан зүйл тийм л хэмжээнд байсан. Багш намайг сэдвүүдээ а, б-гүй цээжлээгүй ч хичээлээ ерөнхийд нь ойлгосон гэдгийг мэдэж байсан учраас л онц тавьсан. Ихэнх хүүхдүүд шалгалтын өмнөх орой нь учиргүй бэлдээд, цээжилчихээд дараа нь мартчихдаг. Ингэх юм бол сурах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Бүтэн семестрийг юу ч хийхгүй өнгөрүүлчихээд, шалгалтын өмнөх өдөр нь хүчээр цээжлээд, дөнгөн данган дүнгээ авч байгаа хүн ажил дээр түүнийгээ хэрэгжүүлж чадах уу гэдэг нь их асуудалтай. Би их сургуульд сурч байгаа бүх оюутнуудыг тийм гэж хэлээгүй юм шүү. Гэхдээ ийм хүмүүс байдаг гэдгийг бүгд мэднэ. 

Манай сургуулийн Бага ангийн багш мэргэжил сонгосон оюутнууд хичээлдээ хамгийн муу, оноо нь дутаад л энэ мэргэжлийг сонгосон гэдэг нь илт хүмүүс байдаг байсан. Тэр хүмүүс ирээдүйд миний хүүхдэд хичээл заана гэхэд надад эвгүй санагддаг. Тиймээс эхнээсээ л онооны системд өөрчлөлт оруулж, хамгийн өндөр боловсролтой, мундаг хүмүүс багш хийдэг болчихвол энэ систем тэр чигээрээ өөрчлөгдөнө гэж боддог..


YOLOСургуулиасаа гараад ажил хийнэ гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ? Одоо үед хүүхдүүд gap year буюу жил өнжих нь их болсон. Үүнийг дэмждэггүй эцэг эхчүүд их байдаг.

- Манай гэр бүлийнхэн ээж ааваар зогсохгүй эмээ өвөө, нагац авга ах эгч гээд их өнөр олуулаа байдаг. Аав минь олон жилийн өмнө өөд болсон. Харин ээж минь намайг дэмждэг, сонголтыг маань дагадаг учраас эерэгээр хүлээж авсан. Эмээ өвөө хоёр маань "Чи өөрөө л мэд. Харин дараа нь гарч болзошгүй эрсдэлийг өөрөө л хариуцаарай" гэсэн. Одоо үеийн залуус их мундаг болсон ч үүнийгээ дагаад өнгөрсөн үеэ үгүйсгэх нь ихэссэн. Би ч мөн адил эхэндээ намайг ойлгохгүй байна гэж боддог байсан ч одоо бодох нээ буруу зүйл яриагүй юм шиг санагддаг. 

Яг үнэндээ би аз таараад л "Хандгай" цувралаа хийчихсэн болохоос биш одоог хүртэл хоосон мөрөөдлөө өвөртөлсөн, ямар ч орлогогүй залуу л байж болох байсан. Ахмад үеийнхэн маань ийм эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан учраас надад тийм зөвлөгөө өгсөн байх. Бид хуучинсаг үзлээс одоо л гарч байна шүү дээ. Гэхдээ хуучинсаг үзлээсээ гараад шууд хэт шинэлэг үзэл рүү орж болохгүй. Яг л тэнцвэрийг нь олох хэрэгтэй. Ахмад үеийнхээ үгийг сонсоод авахыг нь аваад хаяхыг нь хаяж болно. Залуу хүнд зориг байдаг бол хөгшин хүнд ухаан байдаг. Хүн нас ахих тусмаа ухаан сууж ухаажих тусмаа зориг нь мохдог. Энэ хоёрыг хослуулж чадвал өнгөрсөн болон ирээдүй гэсэн хоёр ертөнцийн эзэн болно.


YOLOСүүлийн үед хүмүүс Gen Z гэж их ярих болжээ. Энэ талаар юу гэж бодож байна?

- Ямар ч сайн хүний дотор түүнтэй нь тэнцэх муу зүйл байдаг гэдэг. Бид өөрсдийгөө Gen Z гэж ярихдаа ихэвчлэн давуу талыг нь л ярьдаг. Гэхдээ битгий хэт хөөрөөрэй. Бид үнэхээр л тийм мундаг юм бол бас мундагтайгаа тэнцэх хэмжээний тэнэг гарууд гэсэн үг. Харин бид юун дээр тэнэгтэж магадгүйг дээд үеийнхэн маань мэднэ. Иймээс тэдний үгийг сонсох хэрэгтэй. Бид өөрсдийгөө шинэ үе гэж бодож байгаа шиг тэд ч өмнө нь өөрсдийгөө шинэ үе, нийгмийг аврагчид гэж бодож байсан байх. Манай ажлын Тамир ах бид хоёр 15 насны зөрүүтэй. Насны зөрүү ихтэй ч тэр хүн миний хамгийн сайн найз. Бид хоёр нэгнийхээ ертөнцийг ойлгох гэж их хичээнэ. Үүний үр дүнд бид зөв шийдвэр гаргаж чаддаг.

YOLO“Нээлттэй нийгэм форум”-ынхантай хамтарч Хандгай цувралынхаа 4-р улирлыг хийсэн. Хандгай маань сүнсээ худалдаж хүчтэй болсныхоо дараа өөрөө бусдыг дээрэлхэж байгаагаар гардаг. Дээрэлхэлтийг яагаад ингэж илэрхийлье гэж бодсон бэ?

- Дээрэлхэлтийн тухай судалж үзэхэд энэ зүйл хувь хүнд өөртэй нь шууд хамааралтай байдгийг ойлгосон. Хандгай маань эхлээд өөрөө дээрэлхүүлсэн ч тэднээс хариугаа авч чадаагүйдээ өөрийгөө "сайн хүн" гэж боддог. Гэвч өөрт нь хүч чадал ирэх үед өөрийгөө бусдаас ялгаагүй, хүчтэй болчихвол бусдыг дээрэлхэх юм байна гэдгийг ойлгодог. Үүгээр дээрэлхэлтийг зогсоож чадах хүн бол чи өөрөө гэдгийг харуулахыг зорьсон юм. Буддын шашинд “Амьдрал өөрөө зовлон. Зовлонгоос нөгөө зовлонд шилжих агшинг бид жаргал гэдэг” хэмээсэн байдаг. Түүний адилаар амьдралын зовлонг өөрийн хүчээр даван туулах ёстой гэсэн үг л дээ.


YOLOШинэ улирал нь “Монголын татварын нууц товчоо” гэсэн нэртэйгээр гарах юм билээ. “Монголын нууц товчоо”-той холбож нэрээ өгсөн байна. Шинэ улирлынхаа талаар товч мэдээлэл өгөөч?

- Анх "Хандгай" цуврал дээр зүгээр л элийрдэг байсан бол одоо залуучуудад нийгмийн болоод улс төрийн ойлголтуудыг хөнгөн байдлаар хүргэе гэж бодох болсон. Залуучууд улс төрийн идэвхтэй байна гэдгийг сонгууль өгөхөөр л хязгаарладаг. Үнэндээ улс төрийн мэдлэгтэй байхаас бүх юм эхэлдэг. Тиймээс өнгөрсөн улирал дээр дээрэлхэлтийн тухай өгүүлсэн бол одоо татварын тухай өгүүлнэ гэх мэтчилэн нийгэм, улс төрийн тухай мэдлэгийг залуучуудад өгөх гэж хичээж байна.

YOLOЯагаад “Монголын нууц товчоо”-той холбосон юм бол?

- Татвар бол их төвөгтэй, тоо баримт ихтэй сэдэв. Тиймээс татварыг залуучуудад түүхээр үзүүлж тайлбарлая гэж шийдсэн. Татвар анх яаж үүссэн, бүх цаг үед яаж явагддаг байсан зэргийг харуулна. Монголчууд татварын он удаан түүхтэй ард түмэн. Их засаг хуулийн дагуу эзэлсэн улс гүрнээсээ татвар авдаг байсан бол Манжийн үед бид татвар төлж тэдний нийт татварын 80 хувийг бүрдүүлдэг байсан. Энэ маягаар татварын тухай ойлголтыг үндэс сууриас нь өгөхөөр оролдсон.


YOLOЦуврал дээр нь үе үе Адууны дүр орж ирдэг ч гэлээ ихэнхдээ Хандгай ганцаараа амьтан байгаад бусад дүр нь хүн байдаг. Яагаад Хандгай ганцаараа амьтан юм бэ?

- Хүмүүс нийгмийг бий болгоод өөрсдийгөө байгалиас тусгаарлачихсан. Сүүлийн үед хүн өөрийгөө амьтан гэдгийг мартаад хэтэрхий биеэ тоогоод байгаа юм шиг анзаарагддаг. Хандгай өөрөө хүн амьтан хоёрын холимог. Энэ нь хүн өөрийгөө амьтан гэдгээ битгий мартаарай гэсэн санаатай юм.

YOLOСогоо Хандгайгийн найз охин уу? Цаашаа энэ дүр үргэлжлэх үү?

- Үгүй. Улирал болгон дээр Хандгай шинэ охинд сайн болсон ч үерхэж чаддаггүй шүү дээ. Орчин үед эрчүүд эмэгтэйчүүдэд гологдох нь их болсон байна. Нэгт эмэгтэйчүүд үүнийг бодолцож үзээрэй, хоёрт эрчүүд маань өөрөө өөртөө арчаатай байгаарай гэсэн санааг хүргэх үүднээс улирал болгон дээр өөр охин гаргаж ирдэг.


YOLOСэхүүний дүрийг харьцаж байсан охиноосоо сэдэвлэж бүтээсэн гэсэн. Одоо тэр охин нь хаана юу хийж яваа бол? Холбоотой байдаг уу?

- Мэдэхгүй. Юу ч хийж явдаг юм /инээв/. Одоо холбоогүй. Би тухайн үед "Хандгай" цувралаа бодоод зохиолыг нь бичиж байсан юм. Нэг орой би  тэр охин руу “Юу хийж байна?” гэж биччихээд бүр орой болсон байхад “Юм идэж байна” гэсэн хариу авсан. Би дүрийг нь юм идэж байгаагаар зураад өөр рүү нь явуулж байсан. Тиймээс тэр охин өөрийгөө Сэхүүн гэдгийг сайн мэддэг. Бас тэр охиндоо баярлалаа. Хандгайн хамгийн анхны сайн охин нь Сэхүүн. Даанч Сэхүүнтэйгээ найзууд болчихсон. 

YOLOДүр нь хамгийн удаан хугацаанд оршсоор л байгаа эмэгтэй дүр гэвэл ганцхан Сэхүүн шүү дээ.

- Тийм. Одоо Хандгайн анимэйшинг хийж эхэлж байна. Хандгайн комик цуврал дээр Сэхүүн байнга гараад байдаггүй. Харин анимэйшин дээр нь Сэхүүн Хандгайтай тэнцэх хэмжээний гол дүр болж орж ирнэ.

YOLOХандгай маань улирал болгон дээр өөр охинтой холбоо тогтоох гэсэн ч бүтэлгүйтээд байдаг. Амьдрал дээрх Хандгай юу болж байна?

- Friendzone-дуулах үе мэдээж нэлээн бий. Үерхээд сална, хаягдана гээд янз янз. Friendzone-дуулж байсан мөчүүдээ Хандгай цуврал дээрээ гаргадаг. Одоо найз охингүй. Хүссэндээ ганцаараа байгаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Гэхдээ бас хурдхан шиг найз охинтой болох юмсан гэж хүссэн зүйл ч байхгүй. Зөв цагийг л хүлээж байна даа.


YOLOКомик гэхээр хэвлэмэл ном төсөөлөгддөг. "Хандгай" цувралаа ном болгож хэвлүүлье гэж бодож байсан уу?

- Анхнаасаа онлайнаар гаргана гэж төлөвлөсөн. Манай компанид “Бумбардай”, “Сүхбаатар” түүхэн комик, “Майдар” гэх мэтчилэн хэвлэмэл номууд гаргаж байсан, гаргаж байгаа туршлага бий. Би анх кино хийх мөрөөдөлтэй байсан учраас Кино найруулагч мэргэжлээр нэг жил сурсан. Гэхдээ кино гэдэг их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг зүйл учраас илүү хялбар зүйл олж хийхээр шийдсэн. Ингээд комикоо яг хийж эхлэх гэтэл нэг бүтэн комик хийхэд цаг хугацаа бас их шаардахын зэрэгцээ үүнийгээ хэвлэхэд мөнгө их ордог гэдгийг ухаарсан. Дараа нь зарж чадахгүй бол нэлээн шатах юм байна гэж бодоод бүр жижиг зүйлийг хайсны дүнд комик стрипийг олж нэг нүүр зураад онлайнаар үнэгүй тавих болсон доо. Кино хийхийн тулд нэг жилийг, комик хийхийн тулд нэг сарыг, комик стрип хийхийн тулд нэг өдрийг зарцуулдаг. Гэхдээ энэ гурвын алийг нь ч хийсэн агуулга, зохиол зэрэг зүйл дээр ялгаагүй л ажиллана. Иймээс би үүнийг сонгоод Фэйсбүүк хуудсаа Хашбат гэх найзтайгаа хамт коридорт сууж байгаад нээснээр Хандгай маань эхэлсэн. 

YOLOХандгайн анимэйшнийг хийхээс гадна өөр юун дээр ажиллаж байна вэ?

- Хандгайн дагалдах бүтээгдэхүүнүүд болох art toy гаргаж байгаа. Цаашдаа таван төрлийн art toy гарна. Мөн футболкаа эхний байдлаар гаргаж үзээд албан ёсоор ч зарлаагүй байхад олон хүмүүс авъя гэж холбогдсон. Одоо ганцхан ширхэг л үлдсэн байна. Цаашдаа мөн Хандгайн коллекшн гаргах талаар яригдаж байна.


YOLOОдоо гудамжаар явж байхад нь хүмүүс Хандгай байна гэж таниж байна уу?

- Нэг тийм тохиолдол гарч байсан. Хоёр, гурван долоон хоногийн өмнө гэр рүүгээ алхаад явж байтал нэг залуу ирээд гар барьснаа “Хандгай юу? Хүндэлж явдаг шүү” гэж хэлсэн. Үүнд би үнэхээр их баярласан. Түүнээс биш ер нь тэгдэггүй.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигч залуучуудад маань хандаж үг хэлэхгүй юу?

- Хариуцлагатай байгаарай. Миний эрх юм чинь би хүссэнээ хийж болно гэж битгий бодоорой. Эрүүл мэнддээ бас сайн анхаараарай. Би нэг хэсэг их цагаар ажилладаг гэдгээрээ бахархдаг байсан. Гэвч бахархах зүйл биш юм билээ. Эрүүл мэнддээ анхаарч байгаарай. Амжилт хүсье!

YOLOЯрилцсанд баярлалаа.


#Хандгай #Залуус #Комик #Амжилт