ЗАХИДАЛ: Тавдугаар сарын захидлын хариу №8


ССҮТөв | YOLO.MN
2020-05-29

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би хүмүүст тусалдаг ч өөрийнхөө хувийн амьдралыг яаж ч чадахгүй юм

Сайн байна уу? Бид 13 настай. Намайг найз нөхдийн асуудал их зовоож байна. Урьд нь энэ талаар нэг их санаа зовдоггүй байсан юм. Одоогоор найзалдаг байсан хүмүүстэйгээ муудалцаад огт харьцахгүй байгаа. Шалтгааныг нь сайн мэдэхгүй ч миний муухай аашнаас болсон байх. Одоо тэд нар надтай найзлахгүй байгаа ч надгүйгээр сайхан байгаа юм шиг байна лээ. Яагаад гэдгийг мэдэхгүй ч уучлалт гуйхад хэтэрхий оройтсон юм шиг санагдаж байна. Хамгийн сайн найздаа буцаад эвлэрье гэж хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Манай анги охид цөөнтэй. Уг нь тэр дундаас өөртөө тохирох найзаа оллоо гэж бодсон ч... Нэг хүн надад тэд нарыг хаяад өөрийнхөө замыг хөө гэж хэлсэн боловч би чадахгүй юм. Магадгүй буцаад эвлэрсэн ч өмнөх шигээ сайхан нөхөрлөж чадахгүй байх.

Бас аав ээж хоёр минь намайг хоёр настай байхад салсан. Би одоо хойд аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Төрсөн аав дээрээ хааяа л очдог. Хойд аав маань архи ууж, ээжийг маань зодож байсан болохоор надад таалагддаггүй. Ээжийг яагаад тэр хүнтэй хамт байгаад байдгийг ойлгодоггүй. Сүүлийн үед эд нартай хамт баймааргүй санагддаг болсон. Харин аав дээрээ очиход энэ дэлхийд хоёр өөр ертөнц байгаа юм шиг санагддаг. Төрсөн аав маань бас өөр хүнтэй суугаад хоёр хүүхэдтэй болсон. Эхнэр нь аашилдаггүй болохоор надад сайн ханддаг. Бас хоёр дүү маань ч бие биенээ их хүндэлж, найрсаг ханддаг. Гэтэл миний амьдардаг гэрт үргэлж хэрүүл маргаан гарна. Би ээждээ цаашид ингэж амьдарч чадахгүй гэж хэлсэн. Дүү бид хоёрыг ганцаараа өсгөх ээжид хэцүү л байгаа байх. Би уг нь сургууль дээрээ аливаа юманд ийм амархан бууж өгдөггүй. Ер нь сургууль ч гэлтгүй хаана ч хэлэх гэснээ хэлчихдэг. Би нийгмийн сайн үйлсэд ойр ойрхон явж хүмүүст тусалдаг ч өөрийнхөө хувийн амьдралыг яаж ч чадахгүй юм. Гадаад төрхөндөө ч сэтгэл хангалуун биш. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Тэвчихээ болиход хэт их сэтгэл хөдлөл гаргадаг

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа.

Найзуудтайгаа эргэн нийлэхийг хүсэж байгаа бололтой. Ямар ч харилцаанд маргаан гардаг. Маргаан болсны дараа хоёр талд хэсэг хугацааны завсарлага хэрэгтэй болдог. Магадгүй найзад чинь хугацаа хэрэгтэй байгаа болохоор татгалзсан ч байж болно. Уучлалт хүсэхэд хэзээ ч оройтдоггүй. Мөн чи тэдэнтэй буцаад нийлэхийг хүсэж байгаагаа хэлэхгүй бол тэд мэдэхгүй шүү дээ. Яагаад чамаас холдох болсон талаар асууж чадах уу? Бусдаас ирэх шүүмж магадгүй чамд хүндээр тусаж болох юм. Гэхдээ энэ нь өөрийгөө хянах, харилцаан дээр ямар алдаа гаргаад байгаагаа ойлгох, засах боломж олгодог юм. Өөрөөсөө хамаарах бүхий л зүйлийг хийсэн байхад харамсах зүйл үгүй болов уу.

Хүн дотроо удаан бодож хадгалсан зүйлээ тэвчихээ байхаараа хэтэрхий их сэтгэл хөдлөл гаргаж хэлдэг. Уцаарлаж хэлсэн үгийг хүмүүс хүлээж авахыг хүсдэггүй. Өөрийгөө тайвшруулж байгаад ээжтэйгээ ярилцаж үзээрэй. Мөн аавдаа ч ялгаагүй өөрийн мэдрэмжийг хэлээрэй. Эцэг эх чинь чамайг сонсоно гэдэгт итгэж байна.Та гурав хамт ярилцвал ямар нэг шийдэл олох байх.

Гадаад төрх бол тийм ч чухал биш. Харин орчин үед бие эрүүл байх нь "хөөрхөн"-д тооцогдож байна. Бас чи өөрт хэцүү үедээ ч бусдад тусалж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Нулимсаа барьж чадахгүй юм

Сайн байна уу? Би 17 настай. Би аав, ээж, ах, эгч нартайгаа сайн харилцаатай хэдий ч яагаад ч юм кино үзээд аав ээж ах эгч нь өвдөх, нас барах, нэгнээсээ хол байх гэх мэт хэсгүүд дээр хичээсэн ч нулимсаа барьж чадахгүй байх юм. Би өмнө нь ойр дотны хэн нэгнийгээ алдаж үзээгүй хэрнээ үнэхээр надад ийм зүйл тохиолдсон юм шиг нэг л сэтгэлд хүнд хүрээд байх юм. Би яг яагаад ийм мэдрэмж аваад байгаагаа сайн ойлгохгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ нь муу зүйл гэсэн үг биш

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Магадгүй чи эмпати өндөртэй хүн байж болох юм. Эмпати гэж юу вэ? Эмпати гэдэг нь бусдын оронд өөрийгөө тавих, бусдын мэдрэмжийг мэдрэх чадвар юм. Эмпати өндөр хүмүүс бусдыг ойлгож мэдрэх, бусдын сэтгэл хөдлөлийг таних, тэднийг анзаарахдаа сайн байдаг. Мөн эмзэг, мэдрэмтгий байдаг. Ойр дотны хүмүүс, танихгүй хүмүүс, телевиз, интернетээр үзсэн зүйлсийнхээ мэдрэмжийг өөрийн юм шиг хүлээн авч, мэдрэх нь их байдаг. Бусдын жаргал, зовлонг өөрийн мэтээр мэдрэх гэсэн үг. Энэ нь муу зүйл гэсэн үг огтхон ч биш. Эмпати бол EQ буюу орчин үед чухал болоод байгаа сэтгэл зүйн чадварын нэг чухал хэсэг юм. Гэхдээ энэ чадвар чинь чиний амьдралын хэмнэлд саад болоод байвал эхний ээлжинд гүнзгий амьсгаа аваад өөрийгөө тайвшруулж сураарай. Дараа нь “энэ бол кино, зохиол, бодит амьдрал биш” гэж өөртөө сануулж болох юм. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Гэрт маань асуудал тарьдаг ганц хүн бол эгч

Сайн байна уу? Би 14 настай. Би өөрийгөө сайхан гэр бүлд төрсөн, их азтай хүн гэж боддог. Гэхдээ жил ирэх тусам гэр бүлийн асуудал нэмэгдэж надад их хэцүү байдаг болсон. Манай ам бүл тавуулаа ч дөрвүүлээ хамт амьдардаг. Аав, ээж, миний ихэр, би. Манай гэрт ганц асуудал тарьдаг хүн бол манай гэр бүлд багтаагүй эгч мань. Эгч маань аль хэдийнэ нас биед хүрсэн ч ажил хийдэггүй, ээжээс мөнгө гуйдаг. Бас хүүхэдтэй ч нөхөргүй. Бас эгч аавын маань төрсөн хүүхэд биш учраас аав дургүй байдаг. Гэхдээ ээж аавд хэлэлгүйгээр аавын өгсөн мөнгөнөөс эгчид өгдөг.

Сүүлийн үед ээж их ууж бас их таргалах болсон. Ээж уухаараа дандаа уйлдаг. Эгчид өшөө илүү тусалж нэг өрөө байр авч өгөхийг хүсдэг. Энэ үед хэрвээ би төрөөгүй байсан бол аав ээж хоёр гэрлэхгүй, ээж эгчтэй хамт жаргалтай амьдрах байсан байх гэж боддог. Уул нь ээж бид хоёр их дотно бөгөөд бүхий л зүйлээсээ ярилцдаг. Ээж маань ааваас салахыг хүсдэг. Хэрвээ тэгэх юм бол эгчид тусалж чадна гэж боддог гэсэн. Гэхдээ би аав ээжийгээ хамт л байлгамаар байна. Ээж ихэр дүү хоёрын маань хооронд маргаан болж ээж маань уурлаад үхмээр байна гэж хэлсэн. Эгчээс болж гэр бүл маань сүйрч байна. Би гэр бүлдээ яаж туслах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдүүд гэр бүлийн маргааны өөрсдөөс нь боллоо гэж боддог

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүүхдүүд гэр бүлийн маргаан, таагүй байдлыг өөрсдөөс нь боллоо гэж бодох гээд байдаг. Энэ бол тийм биш, энд чиний буруу байхгүй. Эцэг эхийн маргаан бол зөвхөн тэдний хоорондын асуудал байдаг. Эцэг эхүүд хүүхдийнхээ дэргэд маргалдах нь мэдээж буруу. Маргалдах үедээ хүмүүс ямар ч шүүлтүүргүйгээр аманд орсон үг бүрээ хэлэх гээд байдаг. Асуудлаа шийдэж чадахгүй байгаа болохоороо ээж чинь бухимдсан болов уу. Ээж, аав чинь асуудлын гаргалгааг удахгүй олно гэдэгт итгэлтэй байна.

Чиний хувьд мэдрэмжээ илэрхийлэхээс санаа зовох хэрэггүй. "Бүх юм зүгээр" гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Гэхдээ аль болох өөртөө болон бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр, тайвнаар гаргах аргуудад суралцаарай. Чамайг юу бодож, мэдэрч байгааг аав ээж нь мэдэхгүй байгаа байх.

Магадгүй чи амьдралынхаа хэцүү үеийг туулж байгаа байх. Хүчтэй, зоригтой байгаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Мэс засалд орвол

Сайн байна уу? Би дараа жил 18 нас хүрээд нүүрний мэс засалд орно гэж боддог. Мэс заслыг сайн зүйл гэж хэлэхгүй ч үнэхээр хүсэж байгаа бол хүнд өөртөө итгэх итгэл өгдөг гэж боддог. Хэрвээ хүн гадаад төрхөндөө сэтгэл ханавал хийж байгаа зүйлээ итгэлтэйгээр хийж, улмаар хийж буй ажил нь үр дүнтэй байдаг. Би дунд зэргийн л гадаад төрхтэй. Өөрийгөө толинд хараад би ёстой хөөрхөн харагдаж байна гэж бодсон үе цөөхөн. Зүгээр л үсээ гоё янзлаад, загварлаг хувцаслаад, хичээлдээ явах өдрөө хүртэл нэг л сэтгэл санаа өөдрөг мөн дээр дурдсанчлан сурлагадаа амжилт гаргадаг. Хэрвээ би одоо байгаагаасаа илүү хөөрхөн болчихвол өдөр бүр өөдрөг ямар сайхан байх бол оо?

Мэдээж хэд хэдэн асуудал тулгарна.

  • Эрсдэл. Ямар их өвдөх бол оо? Бодохоос ч маш их айж байна. Дууссан ч олон сар хөндүүртэй яаж зовох бол оо? Гэхдээ тэвччихвэл би үзэсгэлэнтэй болно.
  • Орсны дараа хүссэн үр дүндээ хүрэхгүй, таалагдахгүй байвал яана. Цаашлаад гоо сайхны мэс заслаас үүдэн сөрөг нөлөө үзүүлбэл яах вэ?
  • Нас ахиад ирэх тусам дордоод байж ч магадгүй.
  • Үнэ. Нэгэнт зориглосон бол үнэтэй сайн газар хийлгэх нь зүйтэй. Гэвч сургуульд сурдаг би яаж гоо сайхны мэс засалд орно гэж хэлээд гэрийнхнээсээ мөнгө авч зүрхлэх вэ?
  • Өөрөө ажилд орж орлоготой болсон үедээ орно гэхээр оюутан болохын өмнө л орохыг хүсэж байна.
  • Хандлага. Найзууд, хамаатнууд гэх мэт таньдаг хүмүүс маань яаж хүлээж авах бол?

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч шийдвэр үр дагавар дагуулдаг

Сайн уу? Өдрийн мэнд хүргэе. Өөртөө итгэх итгэл зөвхөн гадаад төрхөн дээр тулгуурладаг гэж үү? Магадгүй чи одоо тийм гэж хариулах ч жил ирэх тусам гадаад төрх тийм ч чухал биш болж эхэлдэг. Бие, мэдлэг, зан ааш, харилцаа гээд л бусад зүйлсдээ ч ижил анхаарвал ямар вэ? Мөн юу гэж бодож байгаа талаараа гэр бүлийнхэн болоод найз нөхөдтэйгөө ярилцаж, бодлоо хуваалцаж үзсэн үү? Хэрвээ чи гэрийнхнээсээ мөнгө авахаар болбол тэд эхлээд зөвшөөрөх хэрэгтэй болно шүү дээ.

Эдгээрийг эргэцүүлж, мөн гэрийнхэнтэйгээ ярилцсан ч бодлоо өөрчлөхгүй буюу үнэхээр хагалгаа хийлгэхийг хүссээр байвал эхлээд маш сайн судалгаа хийгээрэй. Өртөг, чанартай хийдэг газар, ямар гам барих гэх мэтчилэн шаардлагатай зүйлсийг судалж нягталж бэлтгэлтэй байх нь зөв. Дараа нь төлөвлөгөө гаргаарай. Хэзээ хийлгэх, эдгэрэх хугацаанд юу хийж өнгөрөөх гэх мэт.

Ямар ч шийдвэр үр дагавар дагуулдаг. Гоо сайхны хагалгаа шиг том шийдвэр бол том үр дагавар дагуулах байх. Тэр үр дагаврыг нь сайн ч бай, муу ч бай чи өөрөө л “эдлэх” учраас шийдвэрээ өөрөө л гаргана. Үр дагавраас айгаад байвал хүн шийдвэр гаргахгүй, бусдын хэлснээр л шийдэх гээд байдаг. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


АСУУДАЛ: Хайран залуу насаа гэрийн авгай болж үрэн таран хийх вий гэж айдаг

Сайн байна уу? Би одоо 8-р ангид сурдаг. Намайг хүн болгон жоохон гээд миний хэлж байгаа үгийг ч тоодоггүй. Тийм болохоор л би та нарт хэлэхээр шийдлээ. Намайг хүн болгон жоохон хүүхэд гэж хардагч ч би юмсыг ойлгож ухаарч чадна гэдгээ мэддэг. Миний хэлэхийг хүссэн зүйл бол би үнэхээр их айж байна. Би дурлах хайрлах гэдэг зүйлээс үхтлээ айж байна. Жоохон хүүхэд ийм юм ярьж байгаа нь сонин санагдах ч миний амьдарч байгаа энэ нийгэмд бүгд л тийм зүйлээс шалтгаалдаг мэт кино, хүүхэлдэй, ном, сошиал орчинд найз нөхөд эцэг эх ах эгч нар минь хүртэл хайр дурлал гэх зүйлээс шалтгаалан амьдардаг. Би дурлаад шархлах шаналах биш алдахаас айдаг. Ирээдүйд гарч ирэх тэр хүнээс болж өөрт нандин хүмүүсээ алдахаас.

Би дурлаад хаягдахаас биш хаяхаас маш их айж байна. Өөрийн үнэтэй бүхнээ тэр хүний төлөө бүх амжилт бүх зүйлээ алдахаас айдаг. Хайран залуу насаа гэрийн авгай болж үрэн таран хийх вий гэж айдаг. Хүн дурлахаараа сохор болдог, хайрын төлөө юу ч хийхээр болдог гэсэн. Томчууд яагаад ойлгодоггүй юм бэ? Тэд нэг шөнийн алдаанаас болж өөрийнхөө, өрөөл бусдын амьдралыг сүйрүүлдэг. Би жирэмсэн гэх үгийг сонсоод жентелмен болж гэр бүл зохиочихдог. Гэхдээ хариуцлагаа жинхэнээсээ үрээд амьдардаг нь ердөө 40 хувь нь байдаг. Харин үлдсэн нь салж голдоо хүүхэд гэх ариун нандин зүйлийг үлдээдэг. Тэд салаад өөр хүмүүстэй нийлж тэр жаахан хүүхдээ хойд эх, хойд эцэг гэх хүмүүсийн гарт оруулдаг. Төрсөн хүүхдээ хүртэл гэмтээж, өвтгөж аминд нь хүрдэг энэ нийгэмд өөрийн бус өрөөлийн хүүхдийг хайрлах хэр их хүн байх бол? Цөөхөн л байх. Жинхэнээсээ л хариуцлага хүлээж чадахгүй бол энэ хахир хорвоод зовлон үзэж хөөрхий нүд нь үзэн ядалтаар дүүрэхээс өмнө авахуулчихсан нь дээр. Бүлээн нулимс нь хараал, үзэн ядалт болгохоос өмнө харамсалтай ч устгачихсан нь дээр. Энэ хорвоод ирээд "Манай ээж аав салчихсан" гэж хэлэхдээ жаргалтай лав байхгүй л болов уу? Тийм болохоор л ах эгч нар минь ирээдүйгээ бодоод ухаантай байгаач гэж гуйх гэсэн юм. Анхаарал хандуулсанд баярлаа би энэ бүхнийг үнэхээр хүмүүст хэлмээр байгаа болохоор л та нарт хандаж байгаа юм шүү.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ бол анхаарал хандуулах ёстой, чухал асуудлуудын нэг мөн

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Гэр бүл төлөвлөлтийн талаар санааширч, үүнийгээ бусадтай хуваалцаж, олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэхийг хүссэн юм байна гэж ойлголоо. Чиний хуваалцсан асуудал бол мэдээж манай улсад тохиолдоод байгаа, анхаарал хандуулах ёстой чухал асуудлуудын нэг мөн. Гэр бүл төлөвлөлт болон бэлгийн боловсрол сул байснаас чиний өмнөх үеийн ах, эгч нар олон төлөвлөгөөгүй гэр бүл зохиосон. Төлөвлөгөөгүй гэр бүлд олон стресс, асуудлууд үүсэх магадлалтай. Үүнд хүүхдүүд хамгийн их өртөх, хохирох хандлагатай. Харин чи болоод танай үеийнхэнд гэр бүл төлөвлөлт, бэлгийн боловсролын талаар хангалттай мэдээлэл нээлттэй байгаа учир үүнд суралцаж, ирээдүйн амьдралаа төлөвлөх бүрэн боломжтой. Гэр бүл төлөвлөлт нь бэлгийн боловсролоос эхэлнэ. Жирэмснээс хамгаалах болоод аюулгүй бэлгийн харилцаа гэх мэт. Ахлах ангид орсон цагаасаа бэлгийн боловсролд суралцах нь зөв байх. Бэлгийн боловсрол сайтай, түүнийгээ дагаж мөрддөг хүн амьдралаа хүссэнээрээ төлөвлөх боломж нь хамаагүй өндөр байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter