Энэ долоо хоногийн онцлох жүжигчин: Cole Sprouse


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-28

Долоо хоног бүрийн пүрэв гарагт уламжлал болгон хүргэдэг “Artist of the Week” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт залуу жүжигчин Cole Sprouse-ийг онцолж байна. Бид түүнийг "Riverdale" цувралын Jughead Jones-ийн дүрээр нь сайн таних билээ. 

Жүжигчин Cole Sprouse 1992 оны наймдугаар сарын 4-нд өөрийн ихэр ах Dylan Sprouse-ийн хамтаар Итали улсад мэндэлсэн. Тэд 15 минутын зайтай төрсөн бөгөөд дөрвөн сар хүртлээ тус улсад амьдарсан гэдэг. Хэдий тийм ч эцэг эх нь Америк хүмүүс бөгөөд тухайн үед Итали улсад англи хэл заадаг байсан аж. 

Ихрүүдийн жүжигчний карьер ердөө наймхан сартай байхад нь эхэлсэн бөгөөд тэднийг урлагийн салбарт хөл тавиулах нь эмээгийнх нь санаа байсан гэнэ. Тэд “The Suite Life of Zack&Cody” (2005) цувралын гол дүрд тоглон олны танил болох хүртлээ богино хэмжээний зар сурталчилгаа, киноны туслах дүрүүдэд тоглодог байжээ. Энэ талаар Cole өөрийн Tumblr хуудаснаа дурсахдаа: 

- "Манай гэр бүлийнхэнд мөнгө хэрэгтэй байсан учраас ээж маань биднийг кинонд тоглуулах санааг гаргасан юм. Жүжигчин болох нь үнэндээ миний өөрийн хүсэл байгаагүй. Ээж маань биднийг жүжиглэхэд хүргээгүйсэн бол би хэзээ ч өөрийн хүслээр жүжигчний карьерыг сонгохгүй байх байсан байх"

Тэд "Disney" сувагтай хүүхэд насныхаа томоохон хэсгийг өнгөрүүлсэн. “The Suite Life of Zack&Cody” цуврал дууссаны дараа үргэлжлэл болох "The Suite Life on Deck" цувралд ч мөн дүр бүтээсэн билээ. Cole-ийн хамгийн анхны ганцаарчилсан жүжиглэлт нь бидний дуртай "Friends" цуврал байв. Тэрээр энэхүү алдарт цувралын долоон ч ангид Ross-ийн хүү Ben-ий дүрийг бүтээсэн. Тухайн үед Cole жүжигчин Jennifer Aniston-д маш их дуртай байсан учраас зураг авалтын үеэр хэтэрхий их сандарсандаа хэлэх ёстой бүх үгээ мартчихсан тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр хуучилж байсан удаатай. 

Ихрүүд "Disney" сувагтай хийсэн гэрээгээ дуусгасныхаа дараа мэдлэг боловсролдоо анхаарч энгийн амьдралаар амьдрахаар шийджээ. Тэд хамтдаа Нью-Йоркийн их сургуульд суралцсан бөгөөд Dylan видео тоглоомын дизайн чиглэлээр, Cole археологийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Cole сургуулиа төгсөөд хэд хэдэн улсад археологийн судалгаа хийсэн бөгөөд цаашид судалгаа хийхээр төлөвлөж байсан улсуудынх нь нэгд Монгол улс багтаж байсан талаар “The Late Show with Stephen Colbert” нэвтрүүлгийн үеэр дурдаж байсан. Мөн Болгар улсад судалгаа хийж байх явцдаа эртний грекийн бурхан Дионисийн маскийг гарган авч байжээ. 

Улмаар сургуулиа төгссөнөөс 5 жилийн дараа урлагт дахин хөл тавьсан нь "The CW" телевизийн "Riverdale" цуврал байсан юм. "Archie Comics" хэмээх комик номын дүрүүдээс сэдэвлэгдэн бүтээгдсэн энэхүү цувралд Jughead Jones-ийн дүрийг бүтээсэн нь түүний нэр хүнд ахин өсөхөд асар ихээр нөлөөлсөн юм. Сонирхолтой нь Cole төрөлхийн шаргал үстэй ч уг дүрд тоглохын тулд үсээ хараар будуулсан ба нэлээн этгээд, өвөрмөц дүрслэлтэй Jughead-ийн дүрийг чадварлаг гэгч нь бүтээж чадсан. 

"Riverdale" цуврал түүнийг кино урлагтай нь дахин холбосон төдийгүй найз бүсгүй Lili Reinhart-тай нь учруулсан билээ. Тэд цуврал дээрээ ч хосуудын дүрийг бүтээдэг бөгөөд үзэгчид тэднийг "Bughead" гэж нэрлэнэ.

Хосууд бодит амьдрал дээр 2017 оноос үерхэж эхэлсэн бөгөөд хувийн амьдрал болон хоорондын харилцаагаа олон нийтэд дэлгэх дургүй төрлийн хүмүүс гэж хэлж болно. Энэ сарын эхээр тэднийг салсан гэх цуурхлууд гарч эхэлсэн боловч аль нэг талаас энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

Cole Sprouse маш удаан хугацааны дараа бүрэн хэмжээний кинонд тоглосон нь "Five Feet Apart" (2019) байв. Уянгын, хайр дурлал төрлийн энэхүү бүтээл гайхалтай хайрын түүхийг өгүүлсэн гэдэг утгаараа нэлээд эерэг үнэлэмжийг хүртсэн ч "өвчин зовлонг романтик харагдуулах гэсэн оролдлого" гэх шалтгаанаар сөрөг үнэлэмж ч аваад амжсан. 

Cole кинонд тоглохоос гадна гэрэл зураг авах хоббитой. Тэр зураг авах тал дээр мэргэжлийн зурагчдаас дутахгүй авьяаслаг гэж хэлж болно. Түүний зарим бүтээлүүд "Teen Vogue", "W Magazine" зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж байв. Үүнээс жишээ дурдвал дуучин Sam Smith-ийн Италийн "Vogue" сэтгүүлийн нүүрний зураг, загвар өмсөгч Kendall Jenner-ийн "The Sunday Times" сэтгүүлийн нүүрний зураг гэх мэт.

Кино урлагт тийм ч их ач холбогдол өгдөггүй хэсэг бүлэг хүмүүсийн хувьд Cole "Camera Duel" гэх хаягаараа алдартай. Тэрээр өөрийн албан ёсны Инстаграм хаягаасаа /@colesprouse/ гадна өөрийнх нь зургийг нууцаар авах гэж буй хүмүүсийн зургийг урт, хөгжилтэй тайлбарын хамт нийтэлдэг өөр нэгэн хаягтай /@camera_duels/. Энэ нь эхэндээ түүний хувийн орон зайгаа хамгаалах оролдлого байсан ч эцэстээ хүмүүс харин ч энэхүү хаягт нь өөрийнхөө зургийг багтаахын тулд илт мэдэгдэхүйц байдлаар зургийг нь авах гэж оролддог болжээ. Тийм ч учраас тэр энэ хаягаа тийм ч идэвхтэй ашиглахаа больсон биз ээ.

Мөн тэрээр саяхан комедиан Jimmy Fallon-ий ярилцлагад оролцохдоо өөрийн цоо шинэ төрхийг харуулсан. Хүмүүс Cole-ийн энэхүү өөрчлөлтийг гурван жилийн турш үргэлжилсэн үерхэл нь төгссөнтэй холбож байсан бол тэрээр тун удахгүй тоглох гэж буй нэгэн дүрдээ зориулан өөрийгөө ийн өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа юм.

Одоогоор тийм ч олон дүрд хувирч, олон төрөл жанрын кинонд хүч сориогүй байгаа тул түүний жүжигчний ур чадварыг бүрэн төгс дүгнэх боломжгүй гэдэг. Харин цэгцтэй яриа, мэдлэг боловсролыг чухалчилж үздэг үзэл, миллениал үеийн иргэн гэдгийг нь илтгэх хошин шогийн мэдрэмж нь олон хүний хайрыг татдаг гэдэгтэй маргахын аргагүй билээ. 

Одоогоор "Riverdale" цувралын Jughead-ээс өөр цоо шинэ дүр бүтээх тухай тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа ч түүнийг олон олон кинонд шинэ өнгө төрхөөр харна хэмээн найдаж байна!

Эх сурвалж: IMDb, Wikipedia

#Artist of the Week #Cole Sprouse