Спортын ертөнцөд: NBA-ийн 2019-2020 оны улирал эргэн ирэх боломжтой


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-30

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

NBA-ИЙН 2019-2020 ОНЫ УЛИРАЛ ЭРГЭН ИРЭХ БОЛОМЖТОЙ

Дэлхийн хамгийн шилдэг сагсанбөмбөгийн холбоо болох NBA нь 2019-2020 оны улирлын тоглолтуудаа "COVID-19" цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан бол үргэлжлүүлэн явуулахаар зөвлөлдөж эхэллээ.

Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Юта Жазз багийн франц тоглогч Руди Гобероос коронавирусийн халдвар илэрч, цаашлаад 10 гаруй тоглогчдоос ч мөн вирус илэрснээр тоглолтуудыг зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Гэсэн хэдий ч NBA-ийн зүгээс багуудад энэ сарын 8-наас эхлэн бэлтгэлийн баазаа нээх зөвшөөрөл олгосон билээ. Мэргэжилтнүүд NBA-ийн энэхүү шийдвэрийг 2019-2020 оны улирлын тоглолтуудаа үргэлжлүүлэн явуулахаар бэлдэж байна гэж үзээд байсан юм. 

Тэгвэл "NBA"-ийн комиссар Адам Силвер үлдсэн бүх тоглолтуудыг долдугаар сарын сүүлээр АНУ-ын Флорида мужид байрлах "Walt Disney" компанийн эзэмшлийн спорт цогцолборт явуулж улирлыг дуусгах нь хамгийн боломжит хувилбар болохыг мэдэгджээ. Энэхүү спорт цогцолбор нь 1971 онд баригдсан “Walt Disney World” цогцолборт харьяалагддаг бөгөөд нийт 100 орчим га талбайтай.

Тус цогцолбор нь тоглолтуудыг нэгэн зэрэг явуулах боломжийг олгоод ч зогсохгүй зочид буудалдаа 24'000 гаруй өрөөтэй тул тамирчид болон ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг сахих тохиромжтой орчин бүрдэж байгаа юм. Улирал эхлэх талаарх шийдвэр батлагдвал долдугаар сарын эхэн гэхэд NBA-ийн багууд "Walt Disney World" цогцолборт цуглах аж. 

NOAMI OSAKA БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ ЭМЭГТЭЙ ТАМИРЧНААР ТОДОРЛОО

"Forbes" сэтгүүлээс гаргасан судалгаагаар газрын теннисний залуу тамирчин Naomi Osaka сүүлийн 12 сарын хугацаанд спортын болон спортоос гадуурх үйл ажиллагаанаас нийтдээ 37,4 сая ам.долларын орлогыг олсноор бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчнаар тодорлоо. Тэрээр нэг жилийн хугацаанд хамгийн өндөр орлогыг олсон эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлэхээс өмнө домогт тамирчин Serena Williams 36 сая ам.доллартайгаар уг жагсаалтыг тэргүүлж байсан юм. 

Naomi Osaka-г дөнгөж нэг ойтой байхад буюу 1999 онд Serena Williams Гранд Слам тэмцээнд анх удаа түрүүлж байсан билээ. Тэгвэл энэ үйл явдлаас 19 жилийн дараа "US Open" тэмцээнд Naomi Osaka домогт тамирчин Serena Williams-ийг ялснаар анхны Гранд Сламийн цомоо авсан юм. 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын тавдугаар сарын 22-ны хуралдаанаар тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Хэдийгээр "COVID-19" цар тахлын улмаас олон хүн цугласан арга хэмжээ зохион байгуулах боломж хомс байгаа ч үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэхүү баярыг энэ хүнд цаг үед тэмдэглэн өнгөрүүлэх нь олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч байгаа ард иргэдээ хүндэтгэж буй үйл явдал болно хэмээн үзэж байгаа юм.

"COVID-19" цар тахлыг харгалзан үзэж энэ жил баяр наадмыг зохион байгуулах “Түр журам”-ыг батлан, дагаж мөрдөхөөр болсон бөгөөд бүхий л арга хэмжээнүүдийг үзэгчгүйгээр зохион байгуулах ажээ. Мөн түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй байх зохицуулалтыг хийхээр болжээ. Харин тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид, зохион байгуулалтын ажилчдад заавал коронавирусын шинжилгээ хийх ёстой юм.

“ДЭЭД ЛИГ 2020” ЦУЦЛАГДЛАА

Монголын хөлбөмбөгийн 2020 оны дээд лиг зургадугаар сард эхлэхээр болсныг Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ноос мэдэгдээд байсан билээ. Гэвч мөн л "COVID-19" цар тахлын улмаас 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр УОК-ын 939 тоот тушаалаар 2020 оны хөлбөмбөгийн дээд лиг болон бусад лигүүдийг зохион байгуулахгүй байх зааврыг өглөө.

Энэхүү шийдвэрийн улмаас дээд лигийн багууд хагас тэрбум төгрөгийн алдагдлыг аль хэдийнэ хүлээгээд байна. Багууд бэлтгэлээ хангахын зэрэгцээ хөлбөмбөгийн холбоо маань ч тамирчдын эрүүл мэндийг сахих хэрэгслүүдийн бэлтгэл ажлыг гүйцэтгээд байсан юм. МХБХ-ны Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхбатын мэдээлснээр холбоо сагсанбөмбөг болон волейболын холбоотой хамтран лигийг зохион байгуулах хүсэлтийг УОК-т дахин нэг удаа хүргүүлэх ажээ.

Эх сурвалж: BBC , NBA, Hypebeast

#Спортын ертөнцөд #NBA #Наадам #Дээд лиг