"Найз маань нэг хөвгүүнээс болоод сэтгэлээр унаад байна"


Сондор | YOLO.MN
2016-08-22

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Найз маань нэг хөвгүүнээс болоод сэтгэлээр унаад байна

Миний хамгийн сайн найз болохоор би дагаад хямарчихаад байна

Сайн байна уу өдрийн мэндийг хүргэе.

Энэ миний найзтай холбоотой. Манай найз нэг хөвгүүнд дурлачихсан юм л даа. Тэр хөвгүүн нь өөр охины эгчид сайн. Найз маань үнэхээр сэтгэлээр унаад байх юм. Миний хамгийн сайн найз болохоор би дагаад хямарчихаад байна. Би тийм ч сайн зөвлөгч биш болохоор яахаа мэдэхгүй байна туслаач.

Зөвлөгөө: Хүний амьдралд зөндөө сайн муу харилцаа бий болж байдаг

Хайр дурлалын асуудлаас болж хүмүүс ингэж шаналах нь байж болох зүйл шүү гэдгийг сайтар хэлж ойлгуулаарай

Сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө найздаа хүн бүр ийм хайр сэтгэлийн асуудлыг давж туулдаг юм шүү гэдгийг дамжуулж хэлээрэй. Бас найзынх нь хувьд чамд хүнд байх нь аргагүй. Учир нь хайр сэтгэлийн асуудлыг хэн нэг нь хажуунаас нь зааж зөвлөөд зүгээр болчихдоггүй учраас өөрийгөө ч мөн битгий их зэмлээрэй.

Найзын чинь тухайд, хүн бүр л өөрийнх нь сайн хүн өөрийг нь тоохгүй байх, өөр хэн нэгэнтэй хамт байхад нь сэтгэл шархалж, дэрээ нортол уйлж, магадгүй болчимгүй үйлдэл хийх бодол толгойд нь орж ирдэг. Гэхдээ хэн нь ч энэ бүхний цаана өөр ахиад сайхан бүхэн хүлээж байгааг мэдэхгүй, өдөр бүрийг шаналж өнгөрүүлдэг нь их харамсмаар шүү.

Хүний амьдралд зөндөө сайн муу харилцаа бий болж байдаг. Харин энэ бүхнийг давж гарах, тэр бүртээ өөрөө хүчтэй болж, өөрийнхөө юу руу тэмүүлдгийг олж мэдэж, сайн саарыг ялгаж сурах нь л чухал. Бидэнд тохиолдож буй үйл явдал бүхэн бидэнд сургамж өгөхөөр л ирдэг шүү дээ. Тиймээс чи найзынхаа дэргэд байж бодлыг нь хуваалцсан хэвээрээ байж, бас хайр дурлалын асуудлаас болж хүмүүс ингэж шаналах нь байж болох зүйл шүү гэдгийг сайтар хэлж ойлгуулаарай. Мэдээж найз нь хүсвэл сэтгэл судлаачид ч хандах боломжтойг дамжуулаарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers