ЗАХИДАЛ: Тавдугаар сарын захидлын хариу №7


ССҮТөв | YOLO.MN
2020-05-30

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Тэр их зорилгын ард хоосон мөрөөдөл л байна. 

Сайн байна уу? Би 8-р ангид сурдаг, 14 настай. Би их зорилготой хүүхэд учир маш их зүйл төлөвлөчихсөн байгаа. Ирээдүйдээ зориулж мөнгө цуглуулдаг. Бас өөрийгөө зөв хүмүүжилтэй гэж боддог. Хамгийн гол нь тэр их зорилго, төлөвлөгөөний ард хий хоосон мөрөөдөл л байна. 

Миний гол асуудал гэвэл мэргэжил сонголт. Би өөрийгөө юунд дуртай юунд авьяастай гэдгээ үнэхээр мэдэхгүй болохоор мэргэжлээ сонгож чадахгүй байгаа юм. Магадгүй танд миний мэргэжлээ сонгох үе арай болоогүй гэж бодогдож болох ч миний хувьд болсон гэж үзэж байна. Магадгүй энд миний үзэл бодолтой хамаатай байх. Би өөрөөсөө олон асуулт асуусан ч хариулж чадахгүй байгаа юм.

Манай гэр бүл 7 гишүүнтэй. Би 4 дүүтэй. Гэхдээ аав ээж минь ойрд их хэрэлдэх болсон. Энэ нь надад үнэхээр дарамт болж аав ээж минь салбал санхүүгийн хувьд яах бол? Аавгүй амьдарч чадах уу гэх асуултууд төрөх болсон. Үнэхээр дуу шуугиантай хэрэлдэнэ. Гэхдээ надаас дор амьдралтай, гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг хүмүүс байгаа. Хүн бүр өөрийн гэсэн асуудалтай гэх бодлууд л түр ч гэсэн тайвшруулж байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд сонирхож буй мэргэжлүүдийнхээ жагсаалтыг гаргаарай.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэргэжлээ эртнээс тодорхойлох гэж хичээж байгаа чинь, мөн дуртай зүйлээ олох гэж хичээж байгааг чинь сонсоод баярлаж байна. Яг ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байгаа бололтой. Бидэнд хангалттай мэдээлэл байхгүй үед сонголт хийхэд хүндрэлтэй байдаг. Эхний ээлжинд мэргэжлүүдийн талаарх судалгаа хийгээрэй. Дэлхий дээр 7000 гаруй мэргэжил байдаг гэдэг. Ажил мэргэжлийн жагсаалтуудтай танилцаад эхний ээлжинд чиний анхаарлыг татаж буй мэргэжлүүдийг жагсааж болно шүү дээ. Мэргэжлийн талаарх мэдээллийг “Мэргэжлийн цагаан толгой” Фэйсбүүк хуудсаас авч болно. Хэрэв англи хэлтэй бол маш олон цахим хуудаснаас авч болно. Цахим эрин зуунд эрэл хайгуул хийх их амар болсон. Чамд амжилт хүсье. Сонирхож буй мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасны дараа “Би энэ мэргэжлээр сураад төгсөөд юу хийх билээ? Энэ үнэхээр бусдад, улс эх оронд хэрэгтэй мэргэжил үү эсвэл илүүдэлтэй байгаа мэргэжил үү? Би энэ ажлыг хийхдээ дуртай байж чадах болов уу?” гэж асуугаарай. Хэрвээ хариултыг нь өөрөө мэдэхгүй байвал ах эгч, багш, ээж аавтайгаа ярилцаж болно шүү дээ.

Гэр бүлийнхээ асуудалд ихээхэн санаа зовж байна гэж ойлголоо. Эцэг эхийн хоорондын маргаантай байдал хүүхдүүдэд ихээхэн хүнд тусдаг. Эцэг эхийн таарамжгүй байдлаас болж хүүхдүүд буруутай мэдрэмжийг өөр дээрээ авах гээд байдаг. Энд чиний буруу байхгүй юм шүү. Эцэг эх чинь хоорондоо маргаантай байгаа хэдий ч өөрөө тэдэнтэй харилцахгүй байна гэсэн үг биш шүү дээ. Өөрийн мэдрэмжийг тэдэнд хэл. Ирээдүйдээ, гэр бүлдээ, санхүүгийн байдалдаа санаа зовж байгаагаа нуух хэрэггүй болов уу? Мэдрэмжээ нуух тусам бид өөрсдийгөө л зовоож байдаг. Магадгүй тэд хоорондоо асуудалтай, стресстэй байгаа учраас чиний яриаг анхаарахгүй байж болох юм. Тэгсэн ч чи ядаж санаа зовж буй зүйлсээ илэрхийлчихвэл арай тайвшрах болов уу. Хүчтэй байгаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би өөрийнх нь талаар ярьвал ярина л даа

Сайн байна уу? Юун түрүүнд захидал унших энэхүү сайхан цаг агаартай өдрийн мэнд хүргэе! Өсвөр насныхан гэлтгүй ямар ч хүнд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг танай хамт олонд маш их баярладаг шүү гэж өөрийнхөө үеийн хүүхдүүдийн өмнөөс хэлье!

Би одоо 10-р ангид орно, эмэгтэй. Би гадаадад 2 жил амьдарсан. Одоо бол Монголд найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ сайхан амьдарч байгаа. Гэхдээ би хүнтэй нэг удаа уулзчихаад л “энэ миний найз” гээд яваад байдаг хүүхэд биш болохоор нэг хүнтэй дор хаяж 1, 2 жил харилцаж байж дотносдог. Гэхдээ энэ миний сул тал байх. Заримдаа давуу тал болдог л доо.

Хүн болгон гэлтгүй миний үеийн бүх хүүхдүүдэд л харж явдаг краш байдаг байх гэж бодож байна. Надад ч бий. Би тэр хүүхэдтэй анх 2017 оны зун гадуур явж байгаад танилцаад тэр ондоо 1 сар шахуу өдөр болгон уулздаг байсан. Тэр үед би хайр дурлал гэж мэддэггүй жоохон бацаан байсан л даа. Гэхдээ тэр ахыг шохоорхдог байсан. Бид хоёр тэр үеэс хойш уулзаагүй л дээ. Тэр ах надаас 6 насаар ах. Гэхдээ яг л найзууд шиг байдаг. 2017 оноос хойш надад баяр болгоноор мэнд хүргэдэг. Ер нь их сэтгэлтэй хүн л дээ.

Түрүү жилээс хойш бид хоёр өдөр болгон чаталж ярьдаг болсон. Тэр хүнийг чат бичихээр би яг л өөрийнхөөрөө байдаг болсон. Одоо тэр хүн төгсөх анги болохоор үнэхээр ачаалалтай байгаа. Гэхдээ надтай чатлах зав гаргадаг л даа. Бид хоёр дуу хөгжмийн сонирхол нэг болохоор тэрний талаар ер нь бүхий л зүйлийн талаар ярьдаг. Над руу дандаа сайхан амарсан уу, даарч байна уу, битгий ядраарай гэх мэт зүйлс бичдэг. 

Манай аав ээж хоёр тэр ахад жоохон дургүй. Намайг уруу татаад байна гэсэн. Гэхдээ би аав ээждээ сайнаар тайлбарлаад зүгээр л найзууд гээд ойлгуулчихсан. Саяхан би түүнд өөрийнх нь тухай ярьж эхэлсэн (краш гэж ойлгуулан өөрийгөө гэж мэдэхгүй). Тэгсэн чинь мм, мхм л гэсэн. Гэхдээ бид хоёрын харилцаа дордоогүй ээ. Надад улам их сэтгэл гаргасан. Би сэтгэлээ уудлан илчлэх ёстой юм болов уу эсвэл мартах хэрэгтэй юу? Хайр дурлалд нас хамаагүй ч манай аав ээж хоёр угаасаа зөвшөөрөхгүйгээс хойш эртхэн сэтгэлээ татах хэрэгтэй юм болов уу? Надад туслаач. Гацан шалаанд орчихлоо.

Дараагийн асуудал: Нэг өдөр миний хамгийн сайн найз (би эмэгтэй хүүхэдтэй найзалж чаддаггүй болохоор аймар олон эрэгтэй найзтай) надад сайн гэсэн. Гэхдээ би ч гэсэн сайн юм болов уу гээд худлаагаасаа “би ч гэсэн” гээд бид хоёр намайг гадаадад ирээд 1 жил болох хүртэл 2 жил үерхсэн. Гэтэл надаас салсныхаа дараа намайг “үхлийн талаар хэтэрхий их ярих дуртай, хэтэрхий олон эрэгтэй найзтай” гээд өөрийнхөө таних танихгүй хүндээ хэлээд яваад байсан. Манай сургууль даяар бид хоёрын ноотой гэдгийг мэдээд бүгдээрээ л дэмждэг байсан. Манай доод ангийн охид тэр бандид унаж тусдаг. Би тийм хүний харц булаам сайхан охин биш ээ, гайгүй сурдаг, жоохон махлаг гэхдээ 172см өндөр. Тэгээд надад тэр хүүхдүүд атаархдаг байсан ч гоё харьцаатай хэвээрээ л байдаг байсан. Харин одоо тэр банди миний талаар ярих ярихгүй юм яриад байна. Бас бид хоёр үерхэж байснаа нууцалж байсан (ангийнхан л мэддэг байсан) гэтэл бүүр нөгөө ангийн өөрийнх нь найз гэсэн нэртэй охиддоо яриад байсан. Тэр найзууд нь надад тэр хүүхдийг муулдаг болохоор нэлээн өрөвддөг. Бас тэр хүүхдийг над шиг дэмжиж өөд нь татах хүүхэд байхгүй гэж боддог. Би тэр бандийг тамхи татдаг байхад нь гаргаж, буруу хүүхдүүдтэй нийлдэг байхаар нь болиулсан. Тэгээд намайг өөрийнх нь амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж ярьдаг ч сүүлийн үед миний талаар эвгүйгээр ярьдаг болсон. Би яах хэрэгтэй бол? Адилхан сул талыг нь хүнд муулаад явмаар байгаа ч хүнд чинь хүний мөс гэж байдаг биз дээ. Тэр минь татаад чаддаггүй л болохоос биш би яривал ярина л даа. Би яах ёстой бэ? Анхаарал тавьж хариу өгсөнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

ЗӨВЛӨГӨӨ: Уучилна гэдэг нь өөртөө олгож буй сэтгэлийн амар тайван байдал

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа.

1. Хайр дурлалд нас хамаагүй гэдэг, эсрэгээрээ бүр хамаатай гэж үздэг хүмүүс ч байна. Мэргэжилтнүүд хосыг аль аль нь насанд хүрсэн байхыг зөвлөдөг. Нэг нь насанд хүрээгүй тохиолдолд нөгөө хосоо насанд хүрэхийг хүлээхийг зөвлөдөг гэсэн үг. Хэрэв хоёулаа насанд хүрсэн бол сэтгэлээ илчлэх эсэх нь өөрийн чинь сонголт. Мөн яг 18 насны төрсөн өдөр болонгуут насанд хүрлээ гэж ойлгох уу? 20 гарсан ч хүүхэд хэвээрээ байгаа юм шиг мэдрэмжтэй хүмүүс байдаг шүү дээ? Тэгвэл орчин үед мэргэжилтнүүд 24 нас бол бие физиологи, сэтгэл зүйгээрээ бүрэн утгаараа насанд хүрдэг үе гэдгийг тогтоосон. 24 наснаас хойш эхлүүлсэн харилцаа эрүүл, бат бөх байх нь олон. Хайр дурлалд эцсийн хариу байхгүй. Сэтгэлээ илчлэх шийдвэр гаргалаа гэж бодъё. Чи ямар ч хариуг хүлээж авч чадах уу? Сэтгэлээ илчлэхгүй тохиолдолд дараа нь харамсахгүй байж чадах уу? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай.

2. Өөрийн чинь талаар бусдад буруугаар ойлгогдохоор зүйл ярьж яваад байгаа нь өөрт чинь таалагдахгүй, бухимдлыг чинь хүргээд байна гэж ойлголоо. Хэн нэгнээр өөрийгөө таагүйгээр хэлүүлэх үед бид уурладаг, гомддог, гайхдаг. Өөрт мэдрэгдээд байгаа сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй. Хэн нэгэнд хэлж чадахгүй байгаа бол эхний ээлжинд цаасан дээр бичсэн ч болно. Захиа бичиж байгаа нь нэг төрлийн өөрийн мэдрэмжийг гаргаж байна гэсэн үг. Энэ яагаад? гэсэн тодорхойгүй байдлыг тодорхой болгохыг хүсэж байна уу? Тодорхой болгохын тулд энэ яриаг эхлүүлсэн хүнтэй холбогдож асуух нь шууд арга зам. Чи түүнтэй ярилцаж чадах уу? Чи үүнийг хүсэж байна уу? Хэрэв хүсэхгүй байгаа бол холбогдохгүй байх нь чиний сонголт. Хэн нэгэн өөрийг чинь таагүй хэллээ гээд чи тэр хүнтэй таагүй харилцана эсвэл адилхан үйлдэл хийнэ гэсэн үг биш. Чи үүнийг сайн мэдэж байна. Энэ бол харилцааны чадварын нэг мөн. Тэр хүн ямар харилцааны чадвартай гэдгээ л бусдад харууллаа. Хэрэв түүнтэй ярилцахгүй гэж шийдвэл зүгээр л уучил. Уучилна гэдэг нь тэр хүнтэй сайхан харилцана гэсэн үг биш өөртөө олгож байгаа сэтгэлийн тайван байдал юм. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Утас оролдсоноос болоод толгой өвдөж байгаа байх

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Надад та бүхэнтэй ярилцах хоёр асуудал байна. Энэ талаар зөвлөгөө өгч туслаач.

Нэгдүгээрт, би утасны хамааралтай. 2019 оны есдүгээр сард би ухаалаг утастай болсон юм. Шинэ утас маань надад их таалагдсан. Даанч би утсаа буруу ашигладаг болсон. Өдөржин утсаараа оролдож өнгөрүүлнэ. Хичээл дээрээ, хоолны үеэр, ариун цэврийн өрөөнд, бүр орондоо хүртэл. Шөнө хөнжлөөрөө толгойгоо далдалж байгаад л утсаа "маажиж" эхэлнэ. Гэрийнхэндээ унтлаа гэж хэлчихээд тээр эрт орондоо ороод утсаараа оролдож эхэлнэ. Бүр шөнийн 3 цаг хүртэл шүү! Энэ байдал 4 сар үргэлжилсэн. Тухайн үедээ нэг их гэмшдэггүй байлаа.

Харин сүүлдээ гэмшиж, "Би утасны хамаарлаас бүр мөсөн гарч чаддаггүй юм аа гэхэд ядаж шөнө оролдохоо болих хэрэгтэй" гэж эрс шийдсэн. Тэгээд хэдэн сарын өмнө шөнө утсаараа оролдохоо больсон юм. Гэхдээ өдрийн цагаар оролдох нь ихэссэн. "Шөнө оролдохоо больчихсон юм чинь" гээд хэтэрхий олон цагаар оролддог болсон. Утсан дээрээ сануулга (reminder) тавьж үзсэн. Нэмэргүй юм билээ. Тэрийгээ унтраачихаад хэдэн цагаар ч хамаагүй оролддог болсон. Дараа нь өөрийгөө завгүй байлгахын тулд нэхмэл урлал хийж сурах, ном унших гэх мэт аргуудыг туршиж үзсэн боловч утас маань бодогдоод...тэгээд л хийж байсан юмаа орхиод утсаа шүүрээд авдаг. Яаж утасны хамааралгүй болох вэ?

Хоёрдугаарт, миний толгой аймшигтай ихээр өвддөг. Утас их оролдсоноос болоод өвддөг болсон байх. Цаг минут тутамд тархиар хатгуулдаг. Одоо ч өвдөж байна. Бас энэ талаар гэрийнхэндээ хэлэхээр "өдөржин утсаар оролдохоор ингэж байгаа юм, тэрийгээ л боль" гэдэг. Гэхдээ болъё гэсэн ч больж чадахгүй байгаа юм чинь би яах билээ дээ! Нэг удаа би тархины хавдар тусчихсан байна гээд муу ёрын зүүд зүүдэлж байсан. Тэрнээс хойш тэр өвчнөөс ихэд айдаг болсон. Мөн миний толгой өвдөхөөс гадна зовхи таталддаг. Заримдаа эмчид үзүүлмээр санагдах юм. Хэдэн сарын турш өдөр шөнөгүй утас оролдсон болохоор ямар нэг тархины өвчтэй болчихсон юм болов уу гэж санаа зовж шаналах юм. Энэ бүгдийг бодохоор заримдаа уйлмаар санагддаг. Архинаас гаргадаг ховсын эмчилгээ гэж байдаг шиг утасны хамааралгүй болгодог эмчилгээ байдаг юм болов уу? Бас миний толгой яагаад өвдөөд байгаа юм бол? Энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгөөч. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хорт зуршлаа ялан дийлэх хүсэл байвал ЧИ ЯЛЖ ЧАДНА

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Утас хэт их “оролдох” нь чамд бие, сэтгэл зүйн асуудал үүсгээд байгааг чи өөрөө анзаарч, болихыг оролдсон ч чадахгүй болохоороо биднээс тусламж хүсэж байна гэж ойлголоо. Хэрвээ чамд үнэхээр хортой зуршлаа ялан дийлэх хүсэл байвал чи ялж чадна гэж бодож байна. Тэр хүсэл чинь утас “оролдох” хүслээс чинь хүчтэй байгаа үед гэсэн үг.

Мэдээж хүн өөрийгөө ямар ч зүйлээс нэг өдрийн дотор татаж авч чадахгүй. Үүнд дор хаяж нэг сарын хугацаа зарцуулагдах байх. Гэхдээ нэг сар утсаа оролдохгүй байсан ч дараа нь дахиад л эхэлж болно. Өөрөөр хэлбэл утаснаас насан туршдаа хол амьдрах боломжгүй учир одооноос зохистой хэрэглээг бий болгох нь зөв болов уу. Утас оролдох нь тийм ч муу зүйл биш. Утас буюу интернетээс бид олон хэрэгтэй мэдээллийг авдаг. Бас цагийг хөгжилтэй өнгөрөөдөг. Утас байгаагүй бол бид их ганцаардаж, уйдах байсан байх. Утсаараа гадаад хэл сурсан, юм оёж сурсан гээд л бидэнд хоббигоо хөгжүүлэх боломж олгодог. Чи утсаараа юу хийдэг вэ? Гол нь хэт их цагаар оролдоод байгаад л учир байна. Чи ч үүнийг мэдэж байгаа. Ямар ч зүйл ихдээд эхлэхээр хор болж эхэлдэг. Гэрийнхнээсээ тусламж хүсээрэй. Жишээлбэл миний утсыг хурааж аваад надад яасан ч битгий өг, зөвхөн өдрийн 2-6 цагийн хооронд л авъя гэх мэт. Тэгээд тэр тохиролцоогоо дор хаяж 1 сар давтаж байж үр дүн нь мэдэгдэнэ. Эс бөгөөс чиний хэлсэнчлэн толгой өвдөх, нүдний даралт ихсэх, хүзүү мөр чилэх гээд л олон биеийн өвчлөл үүснэ, цаашлаад тархийг ч гэмтээхийг үгүйсгэхгүй. Тиймээс өөртөө итгээд тууштай хичээгээрэй. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Би өөрөөсөө 5 насаар эгч хүнд дурласан.

Сайн байна уу? YOLO.mn. Би одоо 15 настай, эрэгтэй. Би өөрт тулгараад байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй их хэцүү байна л даа. Би өөрөөсөө 5 насаар эгч хүнд дурласан. Одоо 2 жил хагас болж байна. Түүнийг харахаар маш их баярлаж догдлох хэдий ч хамт байж чадахгүй байгаадаа сэтгэл их гонсойж өөрөө өөртөө гологдох мэдрэмж төрөх нь ойрын үед их ажиглагдах боллоо. Сүүлийн 3 сар маш хэцүү байна. Үргэлж бодолд автах гуниглах зэргээр маш их хямарч байна.

Хамгийн гол асуудал нь би дурласнаасаа хойш өөрийн ирээдүйн амьдралд тун их анхаарч подкаст сонсож, ном уншиж, ганцхан түүнтэй л гэрлэнэ гэсэн бодол тээж өдий хүрлээ. Гэрлэлт бол 15 настай хүүхдийн санаа тавих асуудал биш байх гэхдээ үргэлж түүнтэй гэрлэх, хамт амьдрах бодол тээж явна. Би саяхан түүнд сайн гэдгээ ойлгуулсан. Одоо зөвхөн түүнийхээ төлөө амьдарна гэж бодож байна. Бас их бодогдож байгаа зүйл нь энэ зүгээр л шохоорхол байвал яах вэ? Би өдий хүртэл сэтгэлээ хий дэмий чилээсэн бол яана аа гэсэн бараан бодлууд огт бодлоос салахгүй байна. Түүнээс авдаг гайхалтай мэдрэмж, түүний инээд, тааралдахад хамт байх тэр өчүүхэн хугацаа, явуулсан чат, орчлон хорвоо дээр түүнээс өөр хүн байхгүй юм шиг санагдаж байна. Гэр бүлийнхэн хүртэл одоо миний байгаа байдалд санаа зовних боллоо. Надад туслаач YOLO.mn.

ЗӨВЛӨГӨӨ: 15 нас бол өөрийгөө таньж мэдэх нас

Сайн уу? Өдрийн мэнд хүргэе. Чиний гол асуулт нь энэ хайр дурлал уу эсвэл шохоорхол уу гэдгийг яаж мэдэх вэ гэж ойлголоо. Мөн шохоорхол бол дэмий цаг, сэтгэлээ үрж байна уу гэж санаа зовниж байна байх шиг байна. Хариултыг нь чи ч мэдэхгүй, би ч мэдэхгүй цаг хугацаа л харуулах болов уу. Ихэнхдээ хүний өөрийн төлөвшил бүрэн тогтсон, өөрийгөө ойлгодог, удирдаж чаддаг болсны дараа буюу 24 наснаас хойш үүссэн татагдах, дурлах мэдрэмж илүү бодитой, үнэн сэтгэлийнх байх нь их гэж үздэг. Гэхдээ заавал биш. Чи түүнийг ямар ч төлөвлөгөө, хүлээлт, хариу нэхэлгүйгээр хайрлаж, хүндэлж, сайхан харилцаж болно шүү дээ. Бас тэр чамд эерэгээр нөлөөлж ном, подкаст гээд эерэг хэвшил суулгахад хүргэж байгаа нь сайн ч хэт их хэн нэгнийг бодоод өөрийгөө мартчих вий дээ? 15 нас бол өөрийгөө таньж мэдэх, өөртөө зориулах нас болов уу.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Хоёулаа ичимхий учраас энэ талаар ярьж чаддаггүй.

Сайн байна уу? Оройн мэнд хүргэе. Би одоо 15 настай, эмэгтэй. Жил гаруйн өмнө нэг хүүхдийг шохоорхож эхэлсэн. Тэгээд танилцаад дотно найзууд болсон. Бид хоёр удаан хугацаанд нөхөрлөсний эцэст бие биенийгээ таньж мэддэг болсон байсан. Уг нь бид хоорондоо сэтгэлтэй. Надад амаараа биш ч гэсэн захидлаар илчилж байсан. Даанч бид хоёр хоёулаа ичимхий болохоор энэ талаар ярьж чаддаггүй. Би зориг гаргаж ярилцах талаар бодсон ч хөл хорионд уулзах боломжгүй. Одоо чатаар холбоотой байгаа. Миний сэтгэлийг ингэж их татсан хөвгүүнтэй учирч байгаагүй болохоор одоо алдахыг хүсэхгүй байна. Одоо би яах вэ? Анхаарал тавьсанд баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэгдэл, өөрт төрдөг мэдрэмжүүдийнхээ талаар ярилцаарай.

Сайн уу? Өдрийн мэнд хүргэе. Уулзах боломжгүй байвал интернет ашиглан ярих эсвэл чат, захиа бичих хэлбэрээр санаа бодлоо солилцон, ярилцаж болно шүү дээ. Сэтгэгдэл, өөрт төрдөг мэдрэмж гэхчилэн ярилцаж болно, заавал уулзаж ярилцах шаардлага байна уу? Гэхдээ энэ харилцаа заавал чиний хүссэн хэмжээнд очих албагүй ба ямар ч нөхцөлд хүлээцтэй, тайван, аль болох эерэг байхыг хичээгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter