"Moon Lovers: Scarlet Heart Ryeo" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-05-26

Бид өмнөх удаагийн дугаараараа тэр бүр дурдагдаад байдаггүй сэдэв болох өсвөр үеийнхний бэлгийн боловсролыг хөгжилтэй байдлаар харуулсан "Sex Education" цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаад БНСУ-ын хамгийн олон царайлаг жүжигчидтэй түүхэн цуврал гэгддэг "Moon Lovers: Scarlet Heart Ryeo" цувралыг онцолж байна. 

Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.7/10
Эхний анги цацагдсан огноо: 2016 оны наймдугаар сарын 29
Нийт ангийн тоо: 20
Үйл явдал: Одоо цагт амьдарч буй Hae Soo хэмээх бүсгүй санамсаргүй байдлаар цаг хугацаагаар аялан өнгөрсөн рүү буюу Солонгос улсын эртний Гүрёогийн үед ирдэг. Ийнхүү тэрээр тухайн үед амьдарч байсан ханхүү нартай танилцсанаар хайр дурлал, өс хонзон, хаан ширээний төлөөх тэмцэл зэрэг сонихролтой үйл явдлууд өрнөдөг.

ХЯТАД ЦУВРАЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН ХУВИЛБАР

"Moon Lovers: Scarlet Heart Ryeo" (2016) нь БНХАУ-ын “Scarlet Heart” (2011) цувралын шинэчлэгдсэн хувилбар билээ. “Scarlet Heart” цуврал нь тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж, кино жагсаалтуудыг тэргүүлж байсан тул солонгосын SBS суваг уг цувралын эрхийг албан ёсоор худалдан авч дахин бүтээсэн байна. Ингээд шинэчилсэн хувилбар болох "Moon Lovers: Scarlet Heart Ryeo" цуврал ч эх хувилбараасаа дутахааргүй амжилтыг үзүүлсэн юм. 

LEE JOON KI 15 КГ ХАССАН

Жүжигчин Lee Joon Ki энэхүү цувралын гол дүрийн ханхүү Wang So-гийн дүрийг бүтээхийн тулд тухайн үеийнхээ жингээс 15 килограмм жинг хассан гэдэг. Тэрээр нэгэн ярилцлагад энэ талаараа ярихдаа:

- "Wang So ханхүүгийн дүр их хурц, ширүүн төрхтэй учир найруулагч маань намайг энэ кинонд тоглохын тулд одоо байгаа төрхөө бага зэрэг өөрчлөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тиймдээ ч би энэ дүрд тоглохын тулд зургаан сарын дотор 15 килограмм жинг хаяж чадсан. Гэхдээ маш эрүүл аргаар жингээ хассан нь миний эрүүл мэндэд сайнаар нөлөөлсөн" хэмээжээ.

"UNIVERSAL" СТУДИ

Энэхүү цуврал нь “Universal” студиэс санхүүжүүлсэн анхны солонгос цуврал бөгөөд нийтдээ 10 сая ам.долларын /Монгол мөнгөөр 28 тэрбум төгрөг/ хөрөнгө оруулалт хийсэн байна.

ЖҮЖИГЧДИЙН БҮРДЭЛ

Үзэгчид энэхүү цуврал хийгдэх талаар сонссон даруйдаа л маш өндөр хүлээлт үүсгэж эхэлсэн. Зөвхөн гол дүрүүдэд нь бус туслах дүрүүдэд нь ч мөн "A" зэрэглэлийн жүжигчдийг тоглуулсан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм. 

Мөн энэхүү цуврал дээр ажилласан Kim Kyu-tae найруулагчийн бүтээлүүд үргэлж амжилт дагуулдаг гэдгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл тэрээр “Iris” (2009), “That Winter, the Wind Blows” (2013), “It’s Okay, That’s Love” (2014) зэрэг кинонуудыг найруулж байсан туршлагатай нэгэн. 

Hae Soo-гийн дүрийг бүтээсэн дуучин IU нэгэн ярилцлагадаа:

- "Кинонд хамт тоглосон жүжигчид маань яг л цэцэг шиг үзэсгэлэнтэй байсан. Хэдийгээр зураг авалтын үеэр хэцүү санагдах, шантрах тохиолдол олон гарч байсан ч царайлаг жүжигчдээ хараад л тайтгардаг байсан" хэмээн хэлж байсан удаатай. 

ҮЕРХЛИЙН ЦУУРХАЛ

Энэхүү цуврал гарснаас нэг жилийн дараа дуучин IU болон жүжигчин Kang Haneul нарыг үерхдэг гэх цуурхал тархсан. Жүжигчин залуу маань цэрэгт явахынхаа өмнөх өдөр дуучин IU-тай нэгэн кафед уулзсан бөгөөд хос хувцас өмссөн байсан гэсэн яриа гарч байсан юм. Гэвч жүжигчин Kang Haneul-ийн харьяалагддаг агентлагаас энэхүү цуурхлыг үгүйсгэн:

- "Тэд уулзсан нь үнэн. Гэвч залуус хамтдаа кинонд тоглосноосоо хойш их сайн найзууд болсон учраас л уулзсан юм" хэмээх мэдэгдлийг хийж байсан юм. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цуврал маш ээдрээтэй байдлаар төгссөн тул үзэгчид энэхүү цувралын хоёрдугаар бүлэг гарна гэж одоог хүртэл тэвчээр заан хүлээж байгаа билээ. Цувралын эх хувилбар нь ч мөн хоёр бүлэгтэй бөгөөд Hae Soo одоо цагтаа буцан ирж, "ханхүү" нартайгаа дахин уулзаж байгаа тухай үйл явдал гардаг гэнэ. 

Эх сурвалж: All Kpop, Naver

#Бидний мэдэхгүй баримтууд #Moon Lovers