Кпопын эргэн тойронд: T.O.P болон GABIN нар үерхдэггүй


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-05-25

Кпоп хөгжим сонсогчдодоо зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон шинэ, сонирхолтой мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BIGBANG T.O.P БОЛОН ЖҮЖИГЧИН KIM GA BIN НАР 10 НАСНЫ ЗӨРҮҮТЭЙ

Тавдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Sina мэдээллийн агентлагаас T.O.P болон “Love Catcher 2” нэвтрүүлгийн оролцогч Kim Ga Bin нарыг өнгөрсөн оноос эхлэн болзож байгаа хэмээн мэдээлжээ.

Kim Ga Bin нь 1997 онд төрсөн бөгөөд энэ оны хоёрдугаар сард SM энтертайнментэд харьяалагддаг C&C агентлагтай гэрээ байгуулсан билээ. Тэрээр Инстаграм хуудсандаа T.O.P-той хамт авахуулсан зургаа нийтэлснээр уг цуурхлын эхлэл тавигджээ. Тэд ижилхэн унтлагын хувцастай байснаас гадна хэд хэдэн төстэй газарт зургаа авахуулсан байсан нь цуурхлыг улам даамжруулсан байна. 

T.O.P болон Kim Ga Bin нар хоорондоо 10 насны зөрүүтэй юм.

Ийнхүү T.O.P-ийн харьяалагддаг YG энтертайнментаас "Бид уран бүтээлчийнхээ хувийн амьдралын тухай мэдээлэх боломжгүй байна. Та бүхнийг ойлгоосой хэмээн хүсье” гэж мэдэгджээ.

Харин SM C&C агентлагаас “BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P болон Kim Ga Bin нарыг үерхдэг гэсэн цуурхлыг батлахад хэцүү байна. Та бүхнийг ойлгоосой хэмээн хүсье” гэжээ. 

Энэ үйл явдлын дараа Kim Ga Bin-ий эгч Инстаграм хаягаараа дамжуулан дээрх цуурхалд хариу өгсөн байна. Тэрээр:

- “Би гэр бүлийн амралтаар явж байхдаа дүүгийнхээ зургийг дарж бас тэр хос гээд байгаа унтлагын хувцсыг нь авч өгсөн юм. Би тэр хувцаснаас өөртөө ч худалдаж авсан. Энэ бол алдартай унтлагын хувцас. T.O.P-ийн шүтэн бишрэгчид ч бас дэлгүүрт ороод Venus унтлагын хувцсыг өөрсдөдөө авч болно. Би төлбөр хийсэн баримтаа үзүүлэх ёстой юу? Эсвэл энэ унтлагын хувцсыг авахаасаа өмнө хэн өмссөн байна вэ? гээд хайх ёстой байсан уу? Би тэр хоёрыг болздоггүй гэдгийг хэлмээр байна. Харин тэр /эхний/ зураг бол алдартнууд цуглачихсан байхад л даруулсан зураг шүү дээ” гэжээ. 

JIYEON БОЛОН SONG JAE RIM НАР БОЛЗДОГ ГЭСЭН ЦУУРХАЛД ӨРТЛӨӨ

T-ara хамтлагийн гишүүн Jiyeon болон жүжигчин Song Jae Rim нар болзож байгаа хэмээн Allkpop сайтаас мэдээлжээ.

Тавдугаар сарын 17-нд Чүнжү хотын ойролцоох шатахуун түгээгүүрийн газраас Jiyeon болон Song Jae Rim нар шатахуун авч байхыг харсан нэгэн иргэн:

- “Өнгөрсөн амралтын өдөр тэд хамтдаа шатахуун авч байсан. Jiyeon яаж шахахаа мэдэхгүй байх шиг байсан, харин Song Jae Rim машинаасаа бууж ирээд тусалсан. Тэр хоёр маш дотно харагдсан болохоор болзож байна гэж бодсон” хэмээн мэдээлэл өгсөн байна. 

Харин Jiyeon болон Song Jae Rim нарын харьяалагддаг агентлагаас “Бид энэ талаар шалгах болно” гэсэн хариулт өгчээ. 

BLACKPINK ХАМТЛАГИЙН ЦОМОГ ЕСДҮГЭЭР САРД ХУДАЛДААНД ГАРНА

YG энтертайнментийн зүгээс BLACKPINK хамтлагийн шинэхэн цомгийн тухай мэдэгдэл хийлээ.

Есдүгээр сард худалдаанд гарах гэж буй BLACKPINK хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог нь 10 гаруй дуунаас бүрдэх бөгөөд зургадугаар сард эхний дууг нь цацахаар болжээ. Ийнхүү долоо эсвэл наймдугаар сард дараагийн дууг нь цацах бөгөөд есдүгээр сард бүрэн хэмжээний цомог нь албан ёсоор цацагдана гэжээ.

RAIN БОЛОН ZICO НАР “I-LAND” НЭВТРҮҮЛГИЙН ПРОДЮСЕРЭЭР АЖИЛЛАНА

Дараагийн үеийн шилдэг Кпоп уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой “I-Land” нэвтрүүлгийг Big Hit болон CJ ENM энтертайнмент хамтран зохион байгуулахаар болжээ. Ийнхүү реппэр Zico болон дуучин Rain нар продюсерээр нь ажиллах аж. 

Дуучин Rain бол олон жилийн туршлагатай, давтагдашгүй үзүүлбэр үзүүлдэг, Кпоп урсгалын анхдагчдын нэг юм. Тэрээр өмнө нь хэд хэдэн нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа оролцогчидтойгоо зөвлөлдөж, туршлагаасаа харамгүй хуваалцаж байсан учраас “I-Land” нэвтрүүлэгт ч чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж үзжээ. Харин реппэр Zico бол сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч, шинэлэг, дахин давтагдашгүй нэгэн байж чаддаг учраас Кпопын дараагийн үеийн уран бүтээлчдийг чиглүүлэхээр сонгогджээ. 

Тус нэвтрүүлэг нь зургадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Mnet сувгаар цацагдах юм байна.

BANG YE DAM БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

YG энтертайнментийн зүгээс энэ жил маш олон уран бүтээлчдийнхээ цомгийг гаргахаа мэдэгдээд байгаа юм. Тэдний нэг нь TREASURE хамтлаг бөгөөд тус энтертайнментийн зүгээс хамтлагийн шинэхэн цомгийн тухай мэдээлэл хийжээ.

TREASURE хамтлаг долдугаар сард уран бүтээлээ албан ёсоор цацах ба үүнээс өмнө хамтлагийн гишүүн Bang Ye Dam шинэхэн дуугаа гаргахаар болсон байна. Bang Ye Dam долоон жилийн турш YG энтертайнментэд бэлтгэгдсэн учраас шинэ уран бүтээлээрээ шүтэн бишрэгчдэдээ бэлэг барихаар болжээ. Гэвч уран бүтээлч маань уг дуугаараа ямар нэг хөгжмийн нэвтрүүлэгт оролцохгүй аж.

Харин TREASURE хамтлаг долдугаар сараас энэ жилийг дуустал 3-4 шинэхэн уран бүтээл гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь BIGBANG хамтлагийн анх тайзан дээр гарсан давтамжтай нэн төстэй аж. Мөн TREASURE хамтлаг 2020 оныг дуустал олон нэвтрүүлэгт оролцож, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэжээ.

LAI KUANLIN CUBE ЭНТЕРТАЙНМЕНТИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

Тавдугаар сарын 20-ны өдөр Cube энтертайнментийн зүгээс Lai Kuanlin-ий шүүхэд гаргасан хүсэлтийн талаар мэдэгдэл хийсэн байна. Тэд: 

- “Тавдугаар сарын 19-ний өдөр Сөүл хотын Дээд шүүхээс манай уран бүтээлч Lai Kuanlin-ий давж заалдах шатны шүүх хурлыг цуцаллаа. Бидний зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, түүнтэй асуудлыг ярилцах замаар шийдвэрлэх болно” хэмээжээ.

Lai Kuanlin нь өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Cube энтертайнменттэй хийсэн гэрээгээ цуцлахаар шүүхэд хандсан. Учир нь Cube энтертайнментийн зүгээс түүнийг зохицуулах, удирдах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь гэрээгээ зөрчсөн явдал боллоо гэж үзэж байсан. Гэвч Cube энтертайнментаас бүх зүйл хууль ёсны дагуу болсон гэх тайлбарыг өгч байсан юм.

ДУУЧИН SUNMI ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Кпопын шилдэг эмэгтэй дуучдын нэг болох дуучин Sunmi шинэ уран бүтээл гаргаж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих нь ээ!

Тавдугаар сарын 21-ний өдөр "Дуучин Sunmi зургаа эсвэл долдугаар сард шинэ уран бүтээл гаргана. Харин ирэх долоо хоногт цомгийнхоо зураг авалтыг хийлгэнэ" гэх мэдээлэл цацагдсан байна. 

Ийнхүү MakeUS энтертайнментаас “Sunmi зургадугаар сарын сүүлээр эргэн ирэлт хийхээр төлөвлөж байгаа” хэмээн дээрх мэдээллийг баталгаажуулсан байна.

Дуучин Sunmi хамгийн сүүлд 2019 оны наймдугаар сард “LALALAY” хэмээх уран бүтээлээ гаргаж байсан билээ.

TWICE ХАМТЛАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

Энэ зуныг TWICE хамтлагийн эрч хүчтэй дуугүйгээр хэрхэн төсөөлөх билээ!

Өмнөд Солонгосын шилдэг охидын хамтлагийн нэг болох TWICE хамтлаг зургадугаар сарын 1-ний өдөр “More&More” хэмээх шинэ уран бүтээлээ гаргахаар болжээ. Энэ нь тэдний ес дэх мини-цомог бөгөөд дараах зургаас дууны жагсаалтыг харах боломжтой. 

Цомгийн гол дууг J.Y.Park, BIBI, The Asiansoul нар зохиосон аж. Хамтлагийн гишүүн Nayeon "Make Me Go" дууны үгийг бичсэн бол Jeongyeon, Chaeyoung нар "Sweet Summer Day" дууны үгийг бичжээ. 

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #Big Bang #Jiyeon #Blackpink #Rain #Twice