TOPIK: Шалгалтын өдөр АНХААРАХ зүйлс


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-05-19

YOLO.mn сайтын хамт олны зүгээс солонгос хэл суралцаж буй болон уг хэлний түвшин тогтоох шалгалтыг өгөхөөр бэлдэж буй уншигчдадаа зориулан цуврал нийтлэл бэлтгэн хүргэдэг билээ. Өмнөх нийтлэлээрээ та бүхэнд шалгалтад бэлдэх материал, эх сурвалжуудын тухай мэдээлэл хүргэсэн бол энэ удаад шалгалтын өмнө болон шалгалтын үеэр анхаарах зүйлс, жишиг шалгалтын талаарх зөвлөмжийг хүргэж байна.

ШАЛГАЛТ ӨГӨХӨӨС ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС:

1. ӨӨРТ ТОХИРСОН АРГА БАРИЛТАЙ БАЙХ

Аливаа нэгэн арга хүн бүрд үр өгөөжөө өгнө гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн аливаад хандах хандлага, юмыг хүлээж авах хурд, мэдлэг зэргээс хамааран хүн бүрд өөр өөр сурах арга барил тохирдог. Тиймээс өөрийн гэсэн арга барилтай болох хэрэгтэй. Үүнийг шалгалтын үеэр олж авах боломжгүй. Харин шалгалтад орохоос өмнө хэд хэдэн TOPIK-ийн материал дээр ажиллаж, өөрөө өөрийгөө таньж мэдсэний дараа өөрт тохирсон арга барилыг олж авах боломжтой.

2. ШАЛГАЛТАД БЭЛДЭХ “ТӨЛБӨРТЭЙ” ЗӨВЛӨМЖ ЗЭРЭГТ МӨНГӨ ҮРЭХ ХЭРЭГГҮЙ

TOPIK өгөхөөр шийдсэн бол “бие даан суралцах” нь амжилтын тань түлхүүр байх болно. Гэвч TOPIK-ийн шалгалтад хэрхэн бэлдэх тухай ном авч мөнгөө үрэх хэрэггүй. Танд хэрэгтэй зүйл бол дүрмийн мэдлэг, төрөл бүрийн эх сурвалжуудаас цуглуулсан шалгалтын материалууд.

Мөн англи болон солонгос хэл дээрх “үнэ төлбөргүй” зөвлөмжүүд маш их олдоцтой байдаг шүү. Хүмүүс өөрсдийн шалгалтад бэлдсэн, шалгалт өгсөн туршлагаа хуваалцаж, бие биендээ хэрэгтэй зөвлөгөөг “үнэгүй” өгдөг. Тиймээс заавал “төлбөр” төлж зөвлөгөө авах хэрэггүй.

3. ШАЛГАЛТАД ОРОХДОО БИЧИГ БАРИМТАА МАРТУУЗАЙ

Шалгалт өгөхөөр ирсэн хүмүүс төрөл бүрийн өнгийн харандаа, бал, шугамтай ирчихсэн байдаг. Мөн дүрмийн ном, толь бичиг гэх мэт өөртөө стресс өгөх зүйлсийг авчирдаг. Эдгээр нь таныг улам сандаргаж бухимдуулах бөгөөд зүгээр л бичиг баримтаа аваад ороход хангалттай.

Шалгалт эхлэхээс өмнө бусадтай танилцаж, ярилцах байдлаар сандарлаа дарвал зохино. Шалгалт эхлэхэд танд шалгалтын материал, хариултын хуудас болон үзэг өгөх учраас санаа зовох хэрэггүй. Харин эсээ бичих үед өөрийн гэсэн үзэгтэй байхад илүүдэхгүй. Хэрэв буруу хариулт дугуйлчихсан бол хянагчид хандаад арилгуулах боломжтой байдаг.

ШАЛГАЛТЫГ ҮЕЭР АНХААРАХ ЗҮЙЛС:

1. ХООСОН ХАРИУЛТ ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ

Ямар ч асуултын хариултыг хоосон орхих хэрэггүй. Үнэхээр хариултаа мэдэхгүй байгаа бол таамгаараа ч хамаагүй сонгох хэрэгтэй. 

Мөн олон хариулттай асуулт байдаг. Үүнийг ойлгохгүй, хийж чадахгүй байсан ч таамгаар хийхэд нэг нь ч болтугай зөв байх магадлал өндөр. Өмнөх зөвлөмжүүд дээр асуултаа ойлгохгүй байсан ч заавал хариулт сонгохыг зөвлөж байсан тул цаг бага байсан ч өөрт хамгийн ойр байгаа хариултыг сонгоорой.

2. ХАРИУЛТАА БӨГЛӨХ ЦАГ ГАРГААРАЙ

Зарим хүмүүс нэг дасгалаа ажиллачихаад л хариуг нь хариултын хуудсан дээрээ бөглөж, дараагийн дасгалаа ажиллачихаад дахиад л хариуг нь бөглөх маягаар ажилладаг. Энэ бол асар их цаг авдаг арга барил. Үүний оронд бүх ажлаа хийж дуусгаад хамгийн сүүлчийн мөчид хариултаа хуулж бичих нь зөв. Эсвэл 8-10 асуултад хариулчихаад хариултын хуудас дээрээ хариуг нь бөглөж болох юм.

Мөн хариултын хуудсыг буруу бөглөхөөс болгоомжлоорой. Нэг л хариултыг зөрүүлбэл түүнээс хойших хариултууд нь буруу болох магадлалтай. Тиймээс анхааралтай байгаарай.

3. ЦОГЦОЛБОРОО БҮХЛЭЭР НЬ УНШААРАЙ

Заримдаа таны зөв гэж бодсон хариулт буруу болж, уншаагүй хэсгээс чинь зөв хариулт нь гарч ирэх тохиолдол байдаг. Тиймээс цогцолборыг бүхлээр нь уншиж, асуултдаа хариулах нь хамгийн зөв арга.

4. АСУУЛТАА АНХААРАЛТАЙ УНШААРАЙ

Ялангуяа “ Зөв/ буруу хариултыг сонго” (맞는/맞지 않는 것) гэсэн даалгаврыг анхааралтай унших хэрэгтэй. Хүмүүс эсрэгээр нь хийх тохиолдол их байдаг.

5. ЭРЭГТЭЙ (남자) ЭМЭГТЭЙ (여자) ХҮЙСИЙГ АНХААРАЛТАЙ СОНСООРОЙ

Асуулт нь тэр эрэгтэйн хэлсэн үг, эмэгтэйн хэлсэн үг гэх зэргээр хүйс зааж ирэх тохиолдол их байдаг.

6. АУДИОГ СОНСОХДОО АНХААРАЛТАЙ БАЙГААРАЙ

Нэгээс илүү асуулттай аудиог сонсохдоо асуултыг нь давхар уншиж, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Олон асуулттай байх тусам зөв хариулах боломж багасаж байдгийг санаарай.

7. ХАРИЛЦАН ЯРИА СОНСОХДОО ТЭМДЭГЛЭЖ АВААРАЙ

Харилцан яриаг сонсох явцдаа товч тэмдэглэл хөтлөх нь цаг хэмнэнэ. Өөрөөр хэлбэл асуултад хариулахын тулд өмнөх сонссон зүйлсээ санахыг хичээхийн оронд тэмдэглэлээ хараад л бүгдийг саначих боломжтой. Мөн унших шалгалтад ирдэг томоохон эхийг унших явцдаа ч товч тэмдэглэл хөтөлж болно.

8. ЭХЛЭЭД ЭСЭЭНИЙХЭЭ ТОЙМЫГ ГАРГААРАЙ

Бичих шалгалтыг өгөхдөө эхлээд эсээнийхээ тоймыг гаргах нь санаагаа цэгцтэй илэрхийлэхэд тусалдаг. Шалгалт эхэлмэгц 1-2 минутад эсээнийхээ эхлэл, гол, төгсгөлөө бодож төлөвлөөд, дэмжих санаанууд болон дэвшүүлж буй санаагаа тодорхойлоорой. Ингэснээр эсээ бичих явцад юу бичих вэ? гэж бодох шаардлага гарахгүй. Таны эсээ маш тодорхой бөгөөд стандарт байх болно.

TOPIK-ийн эсээ заавал гурван хэсгээс бүрдэх ёстой. Эхлэл хэсгээ 2-3 чанартай өгүүлбэрээр бичсэний дараа гол хэсгээ бичихдээ аль болох дэлгэрэнгүй бичвэл зохино. Харин цаг бага үлдсэн бол эсээгээ яавч дутуу орхиж болохгүй. Заавал дүгнэлтээ бичих хэрэгтэй. Эсээ нь зөв дараалалтай, бүтэц сайтай байх нь өндөр оноо авах боломжийг нэмдэг.

9. ҮГЭЭ ЗӨВ СОНГОХ

Бичих шалгалтыг гүйцэтгэх явцдаа солонгос хэлний хүндэтгэлийн юм уу энгийн хэлбэрийг заавал ашиглах хэрэгтэй. Харин доод найруулгын үг ашиглаж болохгүй.

10. ТЭВЧЭЭРТЭЙ УНШИХ

Унших шалгалтыг гүйцэтгэхийн тулд солонгос хэлний мэдлэгээс илүүтэй анхаарлаа төвлөрүүлж сурах нь чухал. Энэ хэсэгт ойролцоогоор 50 асуулт ирдэг. Энэ бол тийм ч бага тоо биш шүү дээ. Бараг дасгалынхаа талд нь ороод л таны анхаарал суларч эхэлнэ. Энэ нь алдаа гаргах шалтгаан болдог бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд анхаарлаа л сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Эх нь урт, нуршуу санагдсан ч тэвчээртэй уншиж, асуултаа ойлгож хариулах нь хамгийн чухал. Анхаарлаа сайн төвлөрүүлж чадвал ихэнх асуултаа амжилттай гүйцэтгэж чадна.

ЖИШИГ ШАЛГАЛТ ХИЙХ

Та өмнө нь mock test-ийн талаар сонсож байсан нь гарцаагүй. Энэ нь тухайн хэлний шалгалттай (TOPIK, IETLS, TOEFL гэх мэт) нэн төстэй загвар бүхий шалгалтыг хэлдэг. TOPIK-ийн шалгалтаас өндөр оноо авахын тулд жишиг шалгалтыг маш олон удаа хийж үзэх хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө түвшинг тодорхойлохоос гадна шалгалт өгөх арга барилд суралцана гэсэн үг.

TOPIK-ийн жишиг шалгалт нь өнгөрсөн удаад ирсэн шалгалтын материалууд байдаг учраас IELTS, TOEFL-ийг бодвол давуу талтай. Та бүхэн ЭНД дарж жишиг шалгалт хийх сайт руу хандана уу.

Танд амжилт хүсье!

Эх сурвалж: TopikGuide

#TOPIK-д бэлдэцгээе #Боловсрол