Энэ долоо хоногийн онцлох жүжигчин: Saoirse Ronan


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-14

Пүрэв гараг бүр YOLO.mn сайтын зүгээс бэлтгэн хүргэдэг “Долоо хоногийн онцлох жүжигчин” булангийн энэ удаагийн дугаарт “Lady Bird”(2017), “Little Women”(2019) болон “The Lovely Bones”(2009) зэрэг уран бүтээлүүдээрээ алдартай жүжигчин Saoirse Ronan-ийг онцолж байна. 

1994 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотноо мэндэлсэн Ирланд-Америк гаралтай залуу жүжигчин бүсгүй маань гурван ч удаа Оскарт нэр дэвшээд амжсан чадварлаг нэгэн. Хэдийгээр эрх чөлөөний оронд мэндэлсэн ч гурван настайдаа эцэг эхийнхээ төрсөн нутаг болох Ирланд руу нүүн тэндээ өсөж торнисон гэдэг. Эцэг Paul Ronan нь “The Devil’s Own” (1997), “Veronica Guerin” (2003) зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн жүжигчин ажээ. Энэ нь ч түүний жүжигчний карьерт нөлөөлсөн байх. 

Өдгөө 26 настай хэдий ч 23 кинонд дүр бүтээгээд амжсан Saoirse-гийн карьерийн эхлэл анагаахын салбарын тухай өгүүлэх “The Clinic” (2003) хэмээх Ирланд цувралаар тавигдаж байсан билээ. Харин түүний анхны бүрэн хэмжээний кино нь алдарт найруулагч Amy Heckerling-ийн “I Could Never Be Your Woman” (2007) хэмээх романтик, комеди төрлийн кино байв. 

Saoirse-гийн 13 настайдаа туслах дүр бүтээсэн “Atonement” (2008) кино түүнд бишгүй амжилтыг авчирсан гэж хэлж болно. Тэрээр энэ кинонд бүтээсэн дүрээрээ Оскар, Алтан бөмбөрцөг, BAFTA зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудад нэр дэвшсэн. Ингэснээр Saiorse "Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчид" жагсаалтын долдугаар байранд бичигдэх болжээ. 

Saiorse-гийн олонд танигдах эхлэл болсон эдгээр үйл явдлууд “The Lovely Bones” (2009) киноны зураг авалтын үеэр болж өнгөрсөн. Ингэснээр найруулагч Peter Jackson-ий кинондоо аль болох олонд танигдаагүй жүжигчинг тоглуулах санаа нь талаар болсон гэдэг. Жүжигчид аливаа киноны дүрд сонгогдохын тулд их олон давааг давдаг ч “The Lovely Bones” киноны гол дүрийн сонгон шалгаруулалтад Saoirse CD дээр бичсэн бичлэгээ кино багийнхан руу илгээгээд л шууд тэнцэж байсан аж. Кино багийнхан түүний жүжиглэлтэд маш сэтгэл хангалуун байсан тул биечлэн уулзалгүйгээр дүрийг нь өгч байсан гэдэг. Энэхүү дүрээрээ тэрээр TIME сэтгүүлээс гаргасан "2009 оны шилдэг эмэгтэй дүр" жагсаалтын гуравдугаар байранд жагссан байдаг. 

Харин түүний тоглосон кино дундаас хамгийн муу үнэлгээтэй киногоор “The Host” (2006) нэрлэгддэг. Тайз дэлгэцийн уран бүтээлүүдэд үнэлгээ өгдөг хамгийн алдартай сайтуудын нэг болох "Rotten Tomatoes" сайтаас 9 хувийн үнэлгээ /Нийт 100 хувиар үнэлэгдэх боломжтойгоос/ авсан энэхүү бүтээлд алдарт “Twilight” цувралын найруулагч Stephenie Meyer ажилласан юм. 

Харин түүний дүр бүтээсэн 23 киноноос хамгийн өндрөөр үнэлэгдсэн бүтээл бол “Lady Bird” (2017). "Rotten Tomatoes" сайтаас 99 хувийн үнэлгээ авсан энэхүү уран бүтээл ээж охин хоёрын харилцааны сул болон хүчтэй талуудыг тодхон харуулсан байдаг. 2017 онд олон нийтийн хүртээл болсон уг кино Америкийн кино институт, Америкийн кино шүүмжлэгчдийн үндэсний зөвлөл, TIME сэтгүүлээс нийтэлсэн "2009 оны шилдэг 10 дэлгэцийн уран бүтээл" жагсаалтад багтаж байсан төдийгүй Оскарын шагнал гардуулах ёслолын таван төрөлд нэр дэвшиж байсан билээ.

Өнгөрсөн онд түүний шүтэн бишрэгчдийг галзууруулах шахсан нэгэн баярт мэдээ гарсан нь найруулагч Greta Gerwig болон Saoirse Ronan дахин нэг уран бүтээл дээр хамтарч ажиллах тухай мэдээлэл байв. Найруулагч Greta Gerwig “Little Women” (2019) хэмээх алдартай зохиолыг дэлгэцнээ амилуулахаар шийдсэн бөгөөд киноныхоо гол дүр болох Jo March охины дүрийг Saoirse Ronan-д хуваарилсан билээ.

"Little Women" кинонд Saoirse-гээс гадна мөн л амжилттай яваа залуу жүжигчдийн нэг Timothee Chalamet дүр бүтээсэн. Тэд өмнө нь “Lady Bird” кинонд ч мөн хамтран ажиллаж байсан туршлагатай. Тэр бүү хэл үзэгчдийн дунд "Timothee, Saoirse хоёрыг кинонд тоглуулахаа битгий зогсоогоорой" гэсэн яриа гарсан. Энэ нь ч талаар болоогүй бөгөөд залуу жүжигчид маань өвөрмөц өнгө төрх бүхий уран бүтээл туурвидаг найруулагч Wes Anderson-ий шинэхэн бүтээл "The French Dispatch" кинонд мөн хамтран ажиллах гэж байгаа гэнэ. 

Мөн сонирхуулан хэлэхэд Saoirse “Harry Potter” цувралын Luna Lovegood-н дүрийн сонгон шалгаруулалтад орж байсан ч жүжигчин Evanna Lynch-д уг дүрээ алдаж байжээ. Үүнээс гадна тэр Японы томоохон анимейшн студийн нэг болох “Studio Ghibli”-гийн “The Secret World of Arrietty” анимейшний англи хувилбарын гол дүрийн бяцхан Arriety-д дуу оруулж байсан. Найруулагч Peter Jackson түүнийг “The Hobbit” цувралд элфийн дүр бүтээх санал тавьсан ч Saoirse завгүй байсан тул татгалзаж байсан удаатай. 

Saoirse чадварлаг жүжигчин төдийгүй эх орондоо болж буй улс төр, нийгмийн чухал үйл явдлуудад ч дуу хоолойгоо идэвхтэй өргөдөг нэгэн. Тэрээр ижил хүйстнүүдийн гэрлэлт, эмэгтэйчүүд биеэ хэрхэн авч явахаа шийдэх бүрэн эрхтэй байх зэрэг асуудлуудаар хэд хэдэн удаа нээлттэй ярилцлага хийж байсан билээ. 

Дээр дурдсан давуу талуудаас гадна Saoirse-гийн үзэгчдийн хайрыг хамгийн ихээр татдаг зүйл нь түүнийг зан чанар. Фэнүүд нь түүнийг хэрхэн хөгжилтэй байхын зэрэгцээ ухаантай байхаа маш сайн мэддэг гэлцдэг. 

Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд түүний тоглосон 23 киног "Rotten Tomatoes" өгсөн үнэлгээгээр эрэмбэлэн хүргэж байна. Уг үнэлгээ нь Saoirse Ronan-ий жүжиглэлтэд өгсөн үнэлгээ биш, дүр бүтээсэн кинонд нь өгсөн үнэлгээ гэдгийг битгий мартаарай. Дараа долоо хоногт ахин нэг авьяаслаг жүжигчний уран бүтээлүүдээр эргэн уулзацгаая.

23. THE HOST. (2013) - 9%

22. JUSTIN AND THE KNIGHTS VALOUR (2013) - 13%

21. “VIOLET & DAISY” (2011) - 22%

20. “STOCKHOLM, PENNSYLVANIA” (2015) - 27%

19. “LOST RIVER” (2014) - 31%

18. “THE LOVELY BONES” (2009) - 32%

17. “DEATH DEFYING ACTS” (2008) - 42%

16. “CITY OF EMBER” (2008) - 53%

15. “MARY QUEEN OF SCOTS” (2018) - 63%

14. “I COULD NEVER BE YOUR WOMAN” (2007) - 64%

13. “HOW I LIVE NOW” (2013) - 66%

12. “BYZANTIUM” (2013) - 66%

11. “ON CHESIL BEACH” (2018) - 67%

10. “THE SEAGULL” (2018) - 68%

9. “HANNA” (2011) - 71%

8. “THE WAY BACK” (2010) - 74%

7. “MUPPETS MOST WANTED” (2014) - 80%

6. “ATONEMENT” (2007) - 84%

5. “LOVING VINCENT” (2017) - 85%

4. “THE GRAND BUDAPEST HOTEL” (2014) - 91%

3. “LITTLE WOMEN” (2019) - 95%

2. “BROOKLYN” (2015) - 97%

1. “LADY BIRD” (2017) - 99%

Эх сурвалж: Business Insider

#Actress of the Week #Saoirse Ronan