"Rick and Morty" цувралын зургаадугаар бүлэг гарна


“Rick and Morty” цувралын дөрөвдүгээр бүлгийн хоёрдугаар хэсгийн ангиуд энэ сарын 3-наас цацагдаж эхлээд байгаа билээ. Тавдугаар бүлэг нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа уг цувралын хамт олон хөл хорионы үеийг ашиглаад зургаадугаар бүлгээ ч хийж эхлэхээр шийдсэн байна. 

"Rick and Morty" цувралын зохиолч, ерөнхий продюсер, дуу оруулагч Dan Harmon өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан уг цувралын зургаадугаар бүлгийн хөгжүүлэлтийн ажил эхэлснийг зарлалаа. Тэрээр: 

- "Та бүхэнд дуулгах бас нэгэн гайхалтай мэдээ бол бидний ажиллаж буй зургаадугаар бүлгийн зохиолыг Alex Rubens бичсэнээр баг хамт олонтойгоо эргэн нэгдэж буй явдал юм" хэмээн бичжээ. Кино багийнхан шинэхэн зохиолтойгоо цахимаар ярилцаж, хөгжүүлэлтийн ажлаа ийнхүү эхлүүлсэн байна. 

Үзэгчид гуравдугаар бүлэг цацагдсанаас хойш маш удаан хугацааны дараа шинэхэн бүлэгтэйгээ золгосон. Аз болоход дараагийн бүлэг өмнөх шигээ удаан хүлээгдэхгүй бололтой. Цувралын багийнхан нэгэн ярилцлагын үеэр: 

- "Бүх зүйл төлөвлөгөөнд багтсан байгаа. Бид дараагийн бүлгийг аль болох хурдан гаргахаар ярилцаж байна. Үзэгчид гурваас дөрөвдүгээр бүлгийн хооронд маш удаан хүлээсэн. Бид яг хэр хурдан хугацаанд хийж чадахаа нарийн тодорхойлох боломжгүй байгаа ч та бүхнийгээ удаан хүлээлгэхгүй байхыг хичээнэ" гэжээ. 

"Rick and Morty" нь насанд хүрэгчдэд зориулсан шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн ситком цуврал тул Cartoon Network сувгийн өдрийн хөтөлбөр дуусахад шөнө нь Adult Swim сувгаар гардаг. Мөн энэхүү цувралыг Adult Swim сувгаас гадна стрийминг үйлчилгээний хамгийн том платформ болох Netflix-ээс хүлээн авах боломжтой билээ. 

Эх сурвалж: Hypebeast, Digital Spy

#Rick and Morty