BASE болон PRIMER-ийг хэрхэн зөв сонгох вэ?


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-05-14

Зөвхөн гоёлын ч гэлтгүй өдөр тутмын нүүр будалтад зайлшгүй шаардлагатай зүйлс бол Base болон Primer юм. Ихэнх хүмүүс эдгээрийг нүүр будалтын суурь болж, будгийг удаан хугацаанд тогтоцтой байлгахад тусалдаг гэдгийг нь мэдэх ч хэрхэн зохицуулан хэрэглэх талаар мэдлэг хомс байдаг болов уу. Ингээд уншигч охид бүсгүйчүүддээ зориулан Base болон Primer-ийн гол ялгаа, хэрэглээ зэргийг тайлбарлая. 

BASE ГЭЖ ЮУ ВЭ?

Base нь арьсны өнгийг жигд харагдуулах, будгийг нүүрэн дээр удаан хугацааны турш тогтоох үүрэгтэй, будалтын өмнө хэрэглэдэг бүтээгдэхүүн юм. Энэ нь хэд хэдэн төрлийн өнгөтэй байх ба өнгө бүрийг өөр өөр тохиолдолд хэрэглэнэ. Хүний нүүр бүхэлдээ нэгэн ижил өнгөтэй байдаггүй тул нэг өнгийн Base-ийг нүүрэндээ бүхэлд нь түрхэх тохиромжгүй. Ингээд ямар тохиолдолд ямар өнгийн Base хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье. 

Ногоон: Арьсны улайлтыг дарна.

Цэнхэр, нил ягаан: Арьсны гундаж шарласан бор хэсгийг дарна. 

Ягаан: Харласан хэсэг, нүдний ойролцоох цэнхэр судаснуудыг болон хэт цайралттай хэсэгт тохиромжтой.

Шар: Гундсан, бага зэрэг өнгөө алдсан хэсэгт түрхэнэ.

Улбар шар, улаан: Хөхөрч харласан хэсэгт тохиромжтой. Ялангуяа нүдний доор үүссэн хар туяаг сайн дарж өгдөг.

PRIMER ГЭЖ ЮУ ВЭ?

Primer нь мөн л арьсны өнгийг жигд харагдуулж, будгийг удаан хугацаанд тогтоох үүрэгтэй, будалтын өмнө хэрэглэдэг бүтээгдэхүүн юм. Ихэвчлэн тосон, гелэн бүтэцтэй байдаг. Энэхүү бүтээгдэхүүнийг нүүрний бүхий л хэсэгт жигд түрхэж болдог гэдгээрээ онцлог ба арьсыг толигор, нүхжилтгүй харагдуулахад тусалдаг билээ.

Primer хэр үр дүнтэйг дараах бичлэгээс үзээрэй. 

BASE БОЛОН PRIMER-ИЙН ГОЛ ЯЛГАА

  • Base-ийг хуурай арьсанд тохиромжтой гэж үздэг бол Primer-ийг холимог, тослог арьсанд тохиромжтой гэж үздэг. 
  • Primer арьсны нүхжилт болон жижиг үрчлээсийг маш сайн дарж чаддаг. Арьсны жижиг нүхжилтүүдэд ч хүрч, сайтар шингэж чаддаг учир энэ талаараа Base-ээс илүү гэж хэлж болно. 
  • Primer тослогийг барьж, тэнцвэржүүлдэг.
  • Харин арьс арчилгааны мэргэжилтнүүд Base-ийг өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг. 

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Зарим охид бүсгүйчүүд маань эдгээр бүтээгдэхүүнүүд арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй гэж эндүүрэн хуурай арьсан дээрээ шууд түрхэх алдаа гаргадаг. Энэ нь буруу юм. Base, Primer хоёрыг хэрэглэхээсээ өмнө ЗААВАЛ чийгшүүлэгч тос түрхэж хэвших хэрэгтэй. 
  • Эдгээр бүтээгдэхүүнүүд будгийг жигд харагдуулахаас гадна арьсыг будгийн хорноос хамгаалах хамгаалалт болж өгдөг. Нүүр будагчид, арьс арчилгааны мэргэжилтнүүд бүгд л нүүрээ будахаас өмнө эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг. 
  • Мөн өөрийн арьсанд тохирсон өнгөтэй, үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг сонгохгүй бол эдгээр нь таны нүүрний өнгөнд нөлөөлж, гайхалтай будалтыг тань нураах эрсдэлтэй. 
Primer түрхэхээс ӨМНӨХ болон ДАРААХ зураг

Эх сурвалж: Fashionista, Mariefranceasia

#Base #Primer #Нүүр будалт