Э. Мягмарсүрэн: Маркетингийн мэргэжил хувьсах чадвар сайтай


Бид мэргэжил сонголтын цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт “DHL” олон улсын буухиа шуудан, хүргэлтийн үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын маркетингийн менежер Э.Мягмарсүрэнг урьж оролцууллаа. Мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа болон цаашид маркетингийн менежер мэргэжлээр суралцахаар зорьж буй уншигч та бүхэн сонирхсон асуултынхаа хариултыг энэхүү ярилцлагаас олно гэдэгт итгэлтэй байна.


YOLOУламжлал ёсоор ярилцлагаа таны хүүхэд насны мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье. Ихэнх хүүхдүүд бага байхдаа ирээдүйд цагдаа болно, эмч болно гэсэн мөрөөдөлтэй байдаг бол таны хувьд ямар мэргэжилтэй болохоор мөрөөддөг байсан бэ? Багадаа ер нь юунд сонирхолтой хүүхэд байсан бэ?

- Би хүүхэд байхдаа аав шигээ хүн болохыг хүсдэг байсан. Тухайн үед жолооч чухал мэргэжлийн тоонд багтдаг байв. Удалгүй дунд ангидаа ороод хэдий аав шигээ болохыг хүсдэг байсан ч мэргэжил гэдэг зүйлийг арай өөрөөр харж эхэлсэн. Хичээлийнхээ хажуугаар урлагийн үзлэгт байнга ордог, дуулж, бүжиглэх сонирхолтой, идэвхтэй хүүхэд байсан ч урлагийн зам мөр хөөхийг тэгж их хүсдэггүй байлаа. Харин ээж маань эмч байсан болохоор намайг ч бас эмч болгохыг зорьдог байсан болов уу гэж боддог. Тийм ч учраас би математик болон химийн хичээлээ илүү сайн хийдэг хүүхэд байсан.

YOLOОдоогийн энэхүү мэргэжлээ өөрийн хүслээр сонгосон уу? Гэр бүлийнхэн болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн үү?

- Арван жилээ төгсөөд Англи улс руу явж суралцах боломж олдсон. Тэнд очоод миний мэргэжлийн чиглэл өөрчлөгдсөн гэж хэлж болно. Учир нь Англид эмчээр сурахад мэдлэг боловсролын хувьд хангалттай их хэмжээний суурь тавигдсан байх, мөн маш их хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Ингээд би хэлний бэлтгэлд суусныхаа дараа Кардифийн их сургуульд өөрийн сонгосон мэргэжлээрээ суралцаж төгссөн. Тэр үед бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байсан юм.


YOLOГэр бүлийнхэн нь энэ мэргэжлийг сонгоход хэрхэн хүлээн авсан бэ?

- Манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Их таатай хүлээж авсан. Ер нь миний хийж байгаа зүйлийг байнга дэмждэг, урам зориг өгдөг шүү.

YOLOХүмүүс гүйлгээ ухаан сайтай, нийтэч зантай, харилцааны ур чадвартай хүн л маркетинг хийж чаддаг гэж боддог. Таны бодлоор энэ мэргэжлээр ажиллахад ямар ур чадварууд эзэмших хэрэгтэй вэ?

- Маркетингийн менежерээр ажиллахад харилцааны чадвартай, нийтэч, байгууллагын үнэ цэнийг мэддэг, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Дан ганц энэ мэргэжил гэлтгүй аль ч салбарт ажиллаж буй мэргэжилтэн ёс зүйтэй, ухамсартай, соёлтой, хүмүүстэй харилцаж чаддаг байх нь тухайн ажилтныг үнэ цэнтэй болгодог гэж боддог.

YOLOТа энэхүү ур чадваруудыг хэрхэн эзэмшсэн бэ? Аль эсвэл угаасаа л байгалиас өгөгдсөн зан чанар тань энэ мэргэжилд тохирч байсан уу?

- Би хүүхэд байхаасаа л найзууд дундаа яриасаг, аливаа юмыг зохион байгуулах дуртай хүүхэд байсан. Гэвч зөвхөн энэ чадварууд ажлын байран дээр хангалтгүй шүү дээ. Миний ажлын гараа Англи улсад эхэлсэн. Тэндэхийн нийгэм, орчин, хүмүүс нь хүртэл монголоос тэс өөр. Тэнд маш олон өөр улсын хүмүүс ажиллаж, амьдардаг. Миний хувьд дөнгөж арван жилээ төгсөөд очсон болохоор биеэ дааж, олон хүмүүстэй харилцаж, янз бүрийн газраас ирсэн хүмүүстэй хамтран ажилласнаар олон зүйл сурч мэдсэн. Одоо миний ажиллаж буй ажлын байран дээр ч өмнө нь ажиллаж байсан газраас сурч мэдсэн зүйлс, хариуцлагууд их нөлөөлдөг.


YOLOИх сургуулиа маркетингийн менежер чиглэлээр суралцаж төгссөн бол ирээдүйд өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ? 

- Энэ мэргэжил бол хувьсах чадвар их сайтай. Бизнес, борлуулалт, маркетинг, санхүү, хүний нөөц гээд олон салбарт хөрвөх чадвартай учраас энэ мэргэжлийг сонгосон.

YOLOАнглид 11 жилийн турш суралцаж, ажиллаж байсан гэсэн шүү дээ. Тэндээ үргэлжлүүлээд ажиллах боломж байсан уу? Яагаад эх орондоо эргэж ирэх болсон бэ?

- Үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломж байсан боловч хүн ам ихтэй, ажлын байрны өрсөлдөөн маш их гэсэн шалтгаанууд эргэн ирэхэд нөлөөлсөн. Тэр олон мэргэжилтнүүд дундаас яг л кинон дээр гардаг шиг ширүүн өрсөлдөөнтэйгөөр шалгарч гарч ирдэг. Би ингэж явахыг хүссэн ч нэгдүгээрт Англид ирээд багагүй хугацааг өнгөрөөсөн байсан. Хоёрдугаарт эх орондоо очоод сурсан мэдсэнээ ашиглах хэрэгтэй гэж бодсон.

YOLOМаркетингийн менежерийг компанийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулдаг ажилтан гэж тодорхойлдог. Таны хувьд компанийнхаа юу юуг хариуцаж ажилладаг вэ?

- Би “DHL” компанийн маркетингийн менежерийн албыг 2017 оноос хойш хашиж байна. Миний хариуцаж буй ажил бол “Brand awareness” буюу брэндийг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, медиа болон вебсайт дээрх контентууд дээр хамтрах гээд олон ажил хариуцдаг. Ер нь аливаа байгууллагын маркетингийн менежер хувьсах чадвартай, байгууллагынхаа бүх зүйлийг сууриас нь эхлээд судалж мэдсэн байх хэрэгтэй. Олон нийт, нийгэмд байгууллагаа хэрхэн таниулах, яаж харуулах зэргийг хариуцаж ажилладаг учраас хариуцлагатай байх нь нэн чухал шүү.


YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад ажлын байр тань өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас хэр өөр байсан бэ? Ажлынхаа анхны өдрийн талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Мэдээж нэг албан байгууллагад шинэ ажилчин болж ороход маш их сандрал, айдас гээд бүх л юм давхацсан мэдрэмж төрдөг. Миний анхны ажлын байр Англид байсан болохоор орсон өдрөөсөө хойш монгол хүний нэр төрийг унагаачихгүй юмсан гэсэн бодолтой байнга хичээж ажилладаг байсан. Харин Монгол дахь анхны ажлын байр “DHL” байсан. Нэр хүндтэй, олон улсын байгууллагад орж байгаа учраас наагуураа инээмсэглэлтэй боловч цаагуураа айдастай орж байснаа нуухгүй ээ /инээв/.

YOLOЭнэхүү мэргэжлээр ажиллахын давуу болон сул талаас дурдаач. Бусад мэргэжлээс юугаараа давуу вэ?

- Давуу талын хувьд нэг хэв маягаар ажилладаггүй. Маш олон төрлийн зүйл хийдэг. Өдөр бүр шинэ хүмүүс, албан байгууллагуудтай уулзана, харилцана гээд л танилын хүрээ нэмэгддэг. Ер нь сонирхолтой ажил учраас маш олон давуу тал бий. Одоогоор миний ажигласнаар сул тал байхгүй юм шиг санагддаг. Хүн дуртай зүйлдээ бүх зүрх сэтгэлээ зориулж байж л түүнээсээ аз жаргал мэдэрдэг шүү дээ. Миний хувьд аливаа байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн сайн үйлс хийх нь зөв гэж боддог. Тийм болохоор өөрийн ажлын давуу талаа ашиглан нийгмийн хүрээнд төсөл хэрэгжүүлж эхэлсэн.


YOLOЯмар төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

- Боловсролын хамтын ажиллагаа ТББ-тай хамтраад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хүүхдүүдийн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл 52, 118-р сургуулийн сурагчдад чиглүүлэх сургалт явуулж кино клуб байгуулж өгсөн. Цаашид сурагчид маань өөрсдөө үүнийгээ авж явах зорилготой юм. Мөн тус сургуулийн 11-р ангийн сурагчдад өөрсдийн мэргэжлийн талаар танилцуулан ажлын байран дээрээ танилцах аялал хийсэн. Ингэснээр мэргэжлээ сонгож амжаагүй хүүхдүүд маань нэг дор олон төрлийн ажлын байрны талаарх ойлголттой болоод буцсан нь тэдний нүдийг нээсэн явдал болсон үзэж байна. Энэхүү ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Гэхдээ одоогийн үүсээд буй нөхцөл байдлаас болоод энэ ажил маань түр хойшилчихсон байгаа. 

YOLOЖүжигчин, дуучин мэргэжилтэй хүмүүс өөрсдийгөө уран бүтээлч гэж тодорхойлдог шиг та өөрийнхөө мэргэжлийг юу гэж тодорхойлох вэ?

- Маркетингийн менежер бол манлайлагч, шинийг санаачлагч гэж тодорхойлно. Ажлын онцлог нь угаасаа ийм. Дэлхийн хаана ч үйлдвэрлэлт, борлуулалт, сурталчилгаа явагдаж байгаа болохоор маркетингийн менежерүүд бараагаа хэрхэн сайн борлуулах талаар үргэлж шинийг санаачилж, бодож боловсруулж байдаг. 

YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ? Илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу?

- Ихэвчлэн ажлын жишиг цагаар ажилладаг. Ажилтай холбоотойгоор зайлшгүй илүү цагаар суух тохиолдол заримдаа тулгардаг.


YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил үү?

- Сүүлийн үед маркетинг электроноор цацагдах болсон. Хэдий техник, технологи хөгжсөн ч маркетинг, борлуулалтыг хүний тархиар удирдаж хийнэ. Тиймээс устахгүй гэж бодож байна. Би нэг удаа Германы хүний нөөц дээр ямар өөрчлөлт явагдаж байгаа талаар судалсан юм. “Дэлхийн хүн ам хуучин шигээ өсөхөө больж байгаа учраас 2050 он гэхэд дийлэнх салбарт хүний нөөц хомсдоно, одооноос арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн судалгааг тайлбарлаж байсан. Тэгэхээр аль ч салбарт хүний нөөц зайлшгүй чухал байх. 

YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол техник технологи өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэг шиг аль улсад маркетингийн менежер чиглэлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- Аль болох том улс, гүрнийг зорих хэрэгтэй. Тэгж байж олон хүнтэй, өрсөлдөөн дундаас өөрийгөө дайчлах, хүсэл тэмүүлэлтэй байхыг суралцана. Олон улсын хүмүүстэй харилцсанаар хүний сэтгэлгээ болон нүд нээгддэг.

YOLOТаны ажилдаа баримталдаг зарчим?

- Нэг өдрийг маш идэвхтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьдог. Англид ажиллаж байхдаа харилцаа, үр бүтээл, хамтын ажиллагааг байнга баримталж ажилладаг газар тодорхой хугацааг өнгөрүүлсэн учраас одоо ч тэр дадал маань ашиг тусаа өгсөөр байдаг.


YOLOЭнэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж зөвлөгөө өгөөч. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Зорилгынхоо төлөө тууштай байх хэрэгтэй. Манай улсын хүүхэд залуус мэргэжлээ сонгох болоход бусдын жишгийг дагах эсвэл ээж аавынхаа хүслээр сонгох гэсэн буруу хандлага ажиглагддаг. Мөн эртнээс өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Оюутан байхдаа цагийн ажил хийж үзэх, үйлчилгээний байгууллагад ажиллах, бусадтай харилцаж сурах, сайн дурын ажил хийх зэрэг олон зүйлээр өөрийгөө сорьж байж өөрийгөө давах чадварт суралцана. Өндөг шиг өөгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тиймээс нэг зүйлийг даван туулж байж, алдаанаасаа суралцан дээшээ шат ахина. Мэргэжлээ сонгох шаардлагатай тулгарсан залуустаа амжилт хүсье!

YOLOЯрилцсанд баярлалаа.

Та маркетингийн менежер мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

#Мэргэжил #Career #Маркетингийн менежер