GOODBOYS ХАМТЛАГ: Нөхөрлөл итгэлцэл дээр тогтдог


Үжин | YOLO.MN
2016-08-19

Хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангаас гараагаа эхэлсэн дөрвөн хүүгийн бүрдэл “GoodBoys” хамтлаг байгуулагдаад 10 жил болжээ. Тэд ойгоо угтаад наймдугаар сарын 21-нд буюу энэ Ням гарагт тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүн: ахлагч Д.Очсүрэн (18 нас), гишүүн Б.Тэлмэн (18 нас), Б.Пүрэвнайдан (19 нас), О.Жаргал-Эрдэнэ (17 нас)

Тэдэнтэй уран бүтээл болон хүсэл сонирхлынх нь талаар YOLO.mn хэсэг зуур хөөрөлдсөнийг хүргэж байна.

YOLO: Юутай ч тоглолтоо хийх гэж байгаад чинь баяр хүргэе. Анх хамтлаг байгуулагдаж байсан түүхээсээ хуваалцаач?
2006 онд Хүүхдий ордны дуулаачийн дугуйланд Ганчимэг багшаар удирдуулан бид хамтдаа явдаг байсан. Хамтлагийн бүрэлдэхүүний хувьд ч арай ондоо буюу өмнө нь Мөнхсайхан гишүүн маань байсан. Одоо тэр Японд сурч байгаа. Мөнхбаатар маань бидэнтэй одоо хүртэл холбоотой байж, сайхан харилцаатай байдаг. Бид ДиЭкс продакшнтай хамтарч 2009 оноос уран бүтээлээ албан ёсоор туурвих болсон.

Энэ хугацаанд хэд хэдэн дуу бүтээж, “Хайр ирлээ” хэмээх анхны цомгоо гаргаж хүүхдүүдийн хүрээлэлд нэлээн танил болсон. Тэгээд 2012 онд анхны бие даасан тайлан тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш хэсэг завсарлаад хоёр жилийн өмнөөс амьд хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвих болсон.

YOLO: Тэгэхээр 2006 онд та бүхэн хэдэн настай байсан бэ?
Бид  их л жаахан байсан. Зарим нь цэцэрлэгт, нөгөөдүүл нь нэгдүгээр ангид байсан.

YOLO: Тухайн үед “Хайр ирлээ”, “Үл таних мэдрэмж” гэх мэт дуунууд их “хөөрхөн” санагдаж билээ. Учир нь тийм жаахан хөвгүүд хайр ярьж дуулж байгаа нь бас их шинэлэг байсан болов уу. Эдгээр дуу бүтэхэд саналыг анх та хэд өөрсдөө гаргасан уу?
Ер нь бол тийм. Учир нь “Хайр ирлээ” цомгоо гаргахдаа Байдраг, Балхжав, Ганг ах нартай нэг өдөр уулзаж ярилцсан. Бид дөрвөөс санал асууж хүүхдүүдийн сонирхлыг татдаг зүйлс, асуудал юу байна гэхчлэнгээр асууж ярилцаад тэдгээр дуунууд бүтсэн дээ.

YOLO: Нээрээ л өсвөр насны амьдралд хайр дурлал, шохоорхлын асуудал нэлээд байр суурь эзэлдэг байх тийм үү?
Тийн ш дээ, гэхдээ энэ нь томчуудын хувьд инээдтэй мэт санагддаг боловч өсвөр насны хүүхдүүдэд бол их чухал зүйл байдаг. Үүнийг өсвөр насыг дайраад гарсан хүн болгон мэдэх байлгүй дээ хэхэ. laugh

YOLO: Хамтлагаараа байхад хөгжилтэй зүйлс тохиолдож байв уу?
Зөндөө л тохиолдсон доо. Тэдгээрээс хамгийн хөгжилтэй нь бид хэд 2010 онд Хүүхдийн баяраар төв талбай дээр болсон тоглолтонд дуулчихаад буутал хэсэг охидууд олноороо шуурч ирээд манай хамтлагийн хамгийн жижиг Жаргалыг бид хэдээс таслаад аваад явчихсан. Жаргал маань тэр хүмүүсийн дундаас гарч ирж чадахгүй уйлаад crying,  манай менежер очиж салгаж авч байсан нэг тийм хөгжилтэй дурсамж бий.

YOLO: Танай хамтлагийн “хамгийн хамгийн”-ыг дурдвал?
Очсүрэн: Би хамгийн унтамхай нь байх. Манай Тэлмэн хамгийн заргач буюу асуудлыг шийдвэрлэдэг нь. Хамгийн өхөөрдөм, хүмүүсийн хайрыг татдаг нь Жаргал, Найдка маань хамгийн ухаалаг нь гээд л бидний “хамгийн хамгийн” тодотгол дуусахгүй байх аа.

YOLO: Найз охидтой юу?
Тэлмэн: Очкогоос бусад нь найз охингүй шдээ. cheeky


YOLO: Танай хамтлаг бас BeetleMusic гээд хүүхдийн хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан санагдаж байна?
Тэлмэн: Тийм.  2009 онд Очко бид хоёр хөтөлдөг байсан. BeetleMusic хүүхдэд зориулсан анхны хөгжмийн нэвтрүүлэг юм. Тэгээд бид хоёр томроод “хөгшдөөд” нэвтрүүлгээ хөтлөхөө больсон доо. cheeky

YOLO: Тухайн үед Очко нэлээн мяраалаг жаалхүү байсан. Яаж турсан бэ?
Очсүрэн: Яваандаа өөрөө шуугдчихсан. Томрохын хэрээр хөдөлгөөн ч ихсээд л турчихсан байх. Одоо ч хамтлагийн ажил гээд гадуур дотуур их явж байна. (инээв)

YOLO: Одоо хийх гэж буй GoodBoys Cover Party тоглолтынхоо талаар яриач?
Тоглолт маань амьд хөгжимтэй тоглогдох болно. Бид өөрсдийн дуунуудаас хүргэхээс гадна Биллборд чартыг тэргүүлж буй шилдэг дуунуудыг коверлон дуулах болно. Хамтлаг дуучид Cover Night хэмээн нэрлэдэг ч манай тоглолтын дараа дөрвөн DJ нар хүрэлцэн ирж өөрсдийнхөө шилдэг сэтүүдийг толилуухах учир ирсэн хүмүүс бүжиглэх боломжтой учир  Cover Party хэмээн нэрийдсэн байгаа. Мөн урилгаар хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөнө.

YOLO: Жишээ нь хэний ямар дууг коверлох вэ?
Түүнийг ирээд сонсоорой, энэ удаадаа нууцалъя.

YOLO: Тасалбарын хувьд хэдэн төгрөг вэ?
Тасалбар 10.000₮-ний үнэтэй. Тоглолт болох өдөр үүднээсээ зарагдана.

YOLO: Танай хамтлаг 2015 оны “My Voice” тэмцээнд чамгүй амжилт гаргасан шүү дээ. Тэр талаараа яриач?
Бид амьд хөгжмөөр тоглодог гэдгээ бусдад харуулах гэж нэг ёсондоо энэхүү тэмцээнд орсон. Шилдэг 21 оролцогчийн нэг болж шүүгчдийн нэрэмжит шагналыг гардаж авсан. Энэхүү тэмцээнд оролцсоноороо бид өөрсдийгөө ч сорихоос гадна туршлага хуримтлуулж, мөн амьд хөгжим тоглодог гэдгээ бусдад илүү их таниулсан.

YOLO: GoodBoys хамтлагийг хүмүүс жаахан хөвгүүдээр л төсөөлж байсан. Гэтэл ийм том залуус болчихсоныг хараад хүмүүст их сонин санагдсан байх даа?
Харин олон хүн тэгж хэлсэн. “Ямар том болоо вэ, хуучнаар чинь л төсөөлөөд байлаа” гэхчлэн биднийг бага насаар минь төсөөлж байсан хүмүүсийн хандлага их байсан. Эр өсөж эсгий сунана шүү дээ (бүгд инээлдэв) cheeky

YOLO: Хамтлагийн нэг гишүүн та бүхэнтэй хэрхэн нэгдсэн бэ?
Манай Найдка маань 2015 оны Universe Best Songs наадмын шилдэг 21 оролцогчийн нэг юм. Бид Universe Best Songs наадмын гала тоглолтонд дээр түүний ард нь дуулсан юм. Тэр үеэс хойш л нөхөрлөх болж My Voice тэмцээнд орох гэж байсан  бид ч Найдкад санал тавьснаар тэр манай хамтлагт нэгдсэн дээ. Манай хамтлагт дутагдаад байсан хоолой, жанр, зан ааш гээд бүх зүйл яг зохицсон мэт чанарууд түүнд бий.

YOLO: Нөхөрлөл гэж та бүгдийнхээр юу вэ?
Бие биеийнхээ баяр зовлонгоо байнга хуваалцдаг, хэцүү цагт хэзээд дэргэд байдаг, тусалж дэмждэг хүмүүсийн харилцааг хэлэх байх. Мөн нөхөрлөл итгэлцэл дээр тогтдог.

YOLO: Та бүхний цаашдын зорилго?
Бид их олон зүйлс зорьж байгаа. Тэрэн дундаас хэтийн зорилго бол Азид танигдаж, ая дуугаа өргөхийг хүсдэг. Амьд хөгжмөөрөө дагнасан, энэ урсгалаараа цаашид уран бүтээлээ туурвисан хамтлаг байхыг хүсдэг дээ.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Та бүхний урлагийн их үйлсэд чинь амжилт хүсье. Уншигч хүүхэд залууст хандаж хэлэх үг байна уу?
Баярлалаа. Энэ Ням гарагт Паркын Хар Сувд дээр амьд хөгжимтэй, ковер дуутай, хамтлаг дуучидтай нэгэн оройг гоё өнгөрүүлэхийг хүсвэл GoodBoys Cover Party тоглолтыг зориод ирээрэй. wink

#Celebrity #Teenagers #GoodBoys