Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй


Э.Цовоо | YOLO.MN
2020-07-12

Зөвхөн нартай үед л нарны тос түрхэх ёстой гэсэн ойлголт бидний дунд түгээмэл байдаг. Гэвч судлаачдын үзэж буйгаар нарны тосыг цастай, бороотой, үүлэрхэг аль ч үед өдөр тутамдаа хэрэглэх ёстой аж. Учир нь нарны туяа үргэлж л бидний арьсан дээр тусаж байдаг тул арьсаа нарны хурц туяанаас зайлшгүй хамгаалах хэрэгтэй. Тиймээс уншигчдадаа зориулан нарны тосны талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

НАРНЫ ТОСЫГ ЯАГААД ТҮРХЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Нарны тосны гол үүрэг нь арьсыг нарнаас ирэх хэт ягаан туяанаас хамгаалах зорилготой билээ. Хэт ягаан туяа нь арьс түлэгдэх болон арьсны хөгшрөлтөд маш ихээр нөлөөлөхийн зэрэгцээ нөсөө толбо үүсгэдэг. Тэр ч бүү хэл арьсны хорт хавдар тусахад маш том нөлөө үзүүлдэг. Тиймээс арьсаа залуу хэвээр нь хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол нарны тосыг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Судалгаагаар хүн нарны тос түрхэлгүйгээр 5 минутын турш наранд зогсоход л арьс нь гэмтэж эхэлдэг байна. 

Хэрэв та нарны тос яг хамгаалж чаддаг болов уу хэмээн эргэлзэж байвал дараах бичлэгийг үзээрэй. 

Бүсгүй нарны тос түрхсэний дараа тос түрхсэн хэсгүүд хэт ягаан туяаны камераар нарны харлаж харагдаж байгаа биз? Нарны тос нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөө шингээн авдаг учир ийн харагддаг байна. Мөн бидний хэлж заншсанаар нунтаг пудр ч арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж чаддаггүй. Ерөнхийдөө SPF агуулсан бүтээгдэхүүнүүд бүгд хэт ягаан туяаны камерт харлаж харагдаж байна. 

НАРНЫ ТОСОН ДЭЭРХ ТОО ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Нарны тос дээрх SPF хэмээх үг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл хэмээх үгийн товчлол юм. Нарнаас UVA, UVB гэх хоёр төрлийн хорт туяа ялгардаг ба SPF нь эдгээр туяанаас хамгаалж өгдөг билээ.

1. “SPF 15” төрлийн нарны тос нь таны арьсыг хорт туяанаас 93 хувь хамгаалж чадах бөгөөд арьсан дээр түрхсэнээс хойш 150 минутын турш үйлчилгээгээ үзүүлдэг.

2. “SPF 30” төрлийн нарны тос нь таны арьсыг хорт туяанаас 97 хувь хамгаалдаг.

3. “SPF 50 болон SPF 100” тай нарны тос нь таныг хорт туяанаас 99 хувь хамгаалж чаддаг. Гэвч эрдэмтэд SPF 50-аас дээш хувьтай нарны тосыг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Ихэнх хүмүүс SPF-ийн хувь их байх тусмаа арьсыг нарны хорт туяанаас илүү удаан хамгаалж чадна гэж эндүүрснээр арьсаа гэмтээдэг. Нарны тос хэдэн ч хувийн SPF хамгаалалттай байсан 2 цаг тутамд нүүрээ цэвэрлээд дахин түрхэж байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. 

НАРНААС ИРЭХ UVA, UVB ТУЯА ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

UVA болон UVB туяа нь хоёулаа арьсны өнгөн давхаргад нөлөөлж чадах хэт ягаан туяа юм. UVA нарны туяа нь арьсны гүн давхаргад нөлөөлж чаддаг тул хөгшрөлт, үрчлээ, дархлаа зэрэгт нөлөөлдөг. Харин UVB нарны туяа нь арьс түлэгдэх, арьсны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

НАРНЫ ТОСЫГ ХЭРХЭН ЗӨВ ТҮРХЭХ ВЭ?

Нарны тосыг гадагш гарахаасаа 30 минутын өмнө түрхдэг. Мөн ихэнх хүмүүс нарны тосоо түрхэхдээ маш бага хэмжээгээр түрхэж байгаа харагддаг. Энэ нь буруу юм. Бид арьсаа хамгаалах ёстой болохоос биш нарны тосоо гамнах гээгүй шүү дээ. Тиймээс дараах бичлэгийг үзээд нарны тосоо "зөв" түрхэж хэвшээрэй. 

Нарны тос их өтгөн бүтэцтэй тул зарим хүмүүс алган дээрээ түрхэж байгаад нүүрэндээ хэд хэд товшчихдог. Гэвч ингэж түрхэх нь нарны тос арьсны гадаргууд жигд тарах нөхцөлийг бүрдүүлдэггүй. 

Тиймээс бичлэгээр харуулсан шиг нүүрний бүхий л хэсэгт сайтар түрхээрэй. Мөн дух, хамар, нүдний доод зовхи зэрэг нарны тусгал илүүтэйгээр тусдаг газруудад давхарлан түрхэх нь зөв гэнэ. 

НАРНЫ ТОС НЬ АРЬСЫГ D ВИТАМИНЫГ Ч МӨН ХАМГААЛДАГ

Хүний биед зайлшгүй шаардлагатай байдаг витаминуудыг нэг бол D витамин. Хүн D витаминийг нарнаас л хамгийн ихээр авдаг. Гэвч нарны тос түрхсэнээр нарнаас ирэх D витаминийг ч арьсанд нэвтрүүлэхгүйгээр хамгаалж чаддаг. Тиймээс хэрэв та тогтмол нарны тос түрхдэг бол загас, өндөг, үхрийн элэг, сүү, жүржийн шүүс зэрэг D витамин агуулсан бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. 

Эх сурвалж: Healthline, Business Insider, Very Well Health

#Нарны тос #Гоо сайхан #Зөвлөгөө