Монголын баг Азийн АВАРГА боллоо


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-12

Counter-Strike: Global Offensive (CS:GO) тоглоомын энэ онд зохиогдох “ESL One: Rio 2020” мажор тэмцээний Азийн бүсийн эхний сонгон шалгаруулах “ESL One: Road to Rio – Asia” тэмцээн энэ сарын 6-аас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. META брэндийн хамт олон уг тэмцээнийг Монгол улсад шууд дамжуулан хүргэсэн бөгөөд манай улсын TIGER, Mazaalai, D13 зэрэг багууд тэмцээнд маш амжилттай оролцлоо.

“ESL One: Road to Rio – Asia” тэмцээнд Азийн шилдэг 8 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. TIGER багийн хувьд БНХАУ-ын хүчирхэг баг болох ViCi Gaming, Тайланд улсын Lucid Dream, Beyond Esports зэрэг багуудтай “А” хэсэгт орсон бол Mazaalai болон D13 багууд маань “B” хэсэгт TYLOO, Camel Riders багуудтай хүч үзсэн билээ.

Монголын анхны мажор тэмцээнд оролцсон тоглогч erkaSt буюу Эрдэнэцогтоор ахлуулсан TIGER баг хэсгийн эхний тоглолтоо Beyond Esports-той хийж, 2:0-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авсан бол хэсгийн хоёр дахь тоглолтдоо ViCi Gaming багт 2:1-ийн харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Тэмцээний гурав дахь өдөр TIGER баг хэсгээс гарах чухал тоглолтыг Тайланд улсын Lucid Dream-тэй хийж 2:0-ийн харьцаатайгаар хожсоноор хэсгээс хоёрдугаар байраар шалгарч хагас шигшээ тоглолтод оролцох эрхтэй болсон билээ.

Харин “B” хэсэгт манай улсын Mazaalai болон D13 багууд хэсгийн эхний тоглолтуудаа TYLOO, Camel Riders багуудтай тус тус хийсэн ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн.

Тэмцээний хоёр дахь өдөр манай багууд хоорондоо маш чухал тоглолтыг хийсний эцэст D13 баг хожиж, хэсгээс цааш шалгарч, хагас шигшээ тоглолтод оролцох боломжоо хадгалж үлдсэн юм. Хэдийгээр Mazaalai багийнхан маань хэсгээс шалгарах боломжгүй болсон ч хэсгийн гурав дахь тоглолтдоо Camel Riders-ийг хожиж 750 ам.доллар, 1150 RMR оноог өөрийн болгож чадсан билээ.

Тавдугаар сарын 8-ны өдөр D13 баг хэсгийн сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын хамгийн шилдэг баг болох TYLOO-тэй хийсэн. Энэхүү тоглолтод бүгд л TYLOO-г D13 багийг төвөггүй хожно гэж таамаглаж байсан бол D13 багийнхан маань өөрсдийн ур чадвараа бүрэн дүүрэн харуулж 2:0-ийн харьцаатайгаар өрсөлдөгч багаа хожсон билээ.

Ингээд тэд хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч хагас шигшээ тоглолтод өөрсдийн монгол дахь хамгийн гол өрсөлдөгч баг болох TIGER-тай таарсан юм. Хоёрхон сарын өмнө багууд маань “Rio 2020: East Asian Closed Qualifier” тэмцээнд хоорондоо хоёр удаа таарч тоглоход TIGER баг аль алинд нь хожоод байсан юм.

Ийнхүү “Аль баг нь финалд шалгарах вэ?” гэсэн асуулттайгаар манай улсын хоёр баг хагас шигшээ тоглолтод оролцсон. Эхний тоглолтод TIGER баг өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авсан бол, хоёр дахь тоглолтод тэдний дунд гал гарсан гэж хэлж болно.

Хоёр ч удаа нэмэлт цаг сунгасан өрсөлдөөнтэй тоглолтын эцэст TIGER баг дахин нэг удаа D13 багийг хожсоноор финалд шалгарав. Харин D13 багийнхан маань 1,250 ам.доллар болон 1350 RMR оноотойгоор тэмцээнээ өндөрлүүллээ.

Хүссэн хүлээсэн мөч ирж erkaSt, dobu, kabal, ncl, nin9 гэсэн бүрэлдэхүүнтэй TIGER баг БНХАУ-ын хүчирхэг баг TYLOO-тай финалд таарлаа. TYLOO нь хэсгийн шатандаа манай D13 багт хожигдоод байсан юм.

Цувралын эхний тоглолтод TYLOO баг 16:9-ийн харьцаатайгаар TIGER багийг буулган авсан. Харин хоёр дахь тоглолтод манай залуучууд TYLOO багийг 16:7-ийн харьцаатайгаар хожив. Ийнхүү шийдвэрлэх гурав дахь тоглолтод нэмэлт цаг сунгасны эцэст манай залуучууд 19:15-аар хожин “ESL One: Road to Rio – Asia” тэмцээний аваргаар тодорлоо. Аваргууд маань 4000 ам.доллар, 1600 RMR оноотой болсноор Азийн бүсийг RMR оноогоор тэргүүлж эхэлсэн юм.

Ингээд TIGER багийнхандаа өндрөөс өндөр амжилтыг хүсье!

Хэдийгээр энэхүү тэмцээн мажорт оролцох эсэхийг шийдэхгүй боловч хангалттай их хэмжээний нөлөөг үзүүлж чадсан билээ.

Энэ оны арваннэгдүгээр сард Бразил улсын Рио де Жанейро хотод болох “ESL One: Rio 2020” тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээн зун болон намар дахин зохиогдоно. Хэрвээ манай багууд эдгээр тэмцээнд амжилттай оролцвол “ESL One: Rio 2020” мажорт оролцож өөрсдийн гэсэн стикерийг гаргах боломжтой болох билээ. Монголын цахим спорт сонирхогч хүүхэд, залуусын мөрөөдөл биелэхэд тун ойрхон байна.

Эх сурвалж: HLTV, META

#CS #TIGER #E-Sport