“Black Mirror” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-05-06

Бид өмнөх удаагийн дугаараараа сэтгэл догдлом хайрын түүхийг өгүүлэх "Love Alarm" цувралын талаарх сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад олон сонирхолтой, сэтгэл түгшээм түүхүүдийг өгүүлэх "Black Mirror" цувралын талаарх баримтуудыг хүргэж байна. 

Киноны үнэлгээ /IMDb/: 8.8/10
Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 83%
Эхний анги цацагдсан огноо: 2011 оны арванхоёрдугаар сарын 4
Нийт бүлгийн тоо: 5

Үйл явдал: Анги бүрд өөр өөр түүхийг өгүүлэх ч ерөнхийдөө орчин үеийн нийгэм болон техник технологийн хэт хурдацтай хөгжлийн хүсээгүй үр дагавруудыг маш сонирхолтой, бодитой байдлаар харуулдаг. Кино шүүмжлэгчдийн зүгээс ч уг цувралд маш өндөр үнэлгээг өгдөг тул та нэгэн хэвийн үйл явдалтай кино үзэхээс залхсан бол энэхүү цувралыг заавал үзээрэй гэж зөвлөе.

"THE TWILIGHT ZONE" ЦУВРАЛААС САНАА АВСАН

Зохиолч Charlie Brooker "Black Mirror" цувралын зохиолыг бичихдээ 1959 онд гарч байсан “The Twilight Zone” хэмээх аймшигт түүхүүдийн талаар өгүүлдэг франчайзаас санаа авсан гэдэг.

CHARLIE CHAPLIN-ИЙН АЧ ОХИН ДҮР БҮТЭЭСЭН

Бид бүгдийн сайн мэдэх инээдмийн жүжигчин Charlie Chaplin-ийн ач охин жүжигчин Oona Chaplin энэхүү цувралын 3-р бүлгийн "White Christmas" ангид тоглосон. Та бүхэн түүнийг "Game of Thrones" цувралын Talisa Stark-ийн дүрд тоглосныг санаж байгаа байх. 

БИДНИЙ МЭДЭХ АЛДАРТАЙ ЖҮЖИГЧИД

Дээр дурдсанчлан цувралын ангиудын үйл явдал хоорондоо уялдаагүй учир бараг анги бүрд өөр өөр жүжигчид тоглодог. Бидний сайн таних алдартай жүжигчид ч мөн энэхүү цувралд дүр бүтээсэн байдаг. Үүнээс жишээ дурдвал: 

  • Дуучин Miley Cyrus - 5-р бүлгийн 3-р анги

  • Жүжигчин Daniel Kaluuya - 1-р бүлгийн 2-р анги

  • Жүжигчин Alex Lawther - 3-р бүлгийн 3-р анги

  • Жүжигчин Domhnall Gleeson - 2-р бүлгийн 1-р анги

  • Жүжигчин Anthony Mackie - 5-р бүлгийн 1-р анги

  • Жүжигчин Will Poulter - Bandersnatch

ШҮТЭН БИШРЭГЧИД

"Black Mirror" цуврал маш олон залуус таалагдаад ч зогсохгүй кино урлагийн "томчуудад" ч мөн таалагддаг. Тэднээс хамгийн нэр хүндтэй нь аймшгийн зохиолын хаан гэгддэг зохиолч Stephen King билээ. Тэрээр өөрийн Twitter хуудаснаа 2014 онд ""Black Mirror" цуврал үнэхээр таалагдлаа. Аймшигтай, хөгжилтэй, ухаалаг. Яг л "Twilight Zone" шиг юм" хэмээн жиргэсэн байдаг. 

Мөн цувралын 2-р бүлгийн 4-р анги буюу "White Christmas" ангид тоглосон жүжигчин Jom Hamm уг цувралд дүр бүтээхээсээ ч өмнө маш том шүтэн бишрэгч нь байсан аж. 

NETFLIX-ИЙН АНХНЫ ИНТЕРАКТИВ КИНО

2018 оны арванхоёрдугаарын 28-нд зөвхөн "Black Mirror" цуврал ч гэлтгүй Netflix анхны интерактив киногоо өлгийдөн авсан нь "Black Mirror: Bandersnatch" байлаа. Бид өмнө нь зүгээр л киногоо үзээд, дараа нь ямар үйл явдал болох бол хэмээн хүлээж, үсрээд л хэд хэдэн таамаглал дэвшүүлдэг байсан шүү дээ. Тэгвэл интерактив киног үзсэнээр та тухайн жүжигчин ямар үйлдэл хийхийг шийдэж, сонголтыг өөрөө хийх боломжтой юм. 

ЗАРИМ АНГИУД ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖТОЙ

Цувралын анги яг л бүрэн хэмжээний кино шиг урт түүхийг өгүүлдэг шүү дээ. Тэгвэл зарим ангиудын үргэлжлэл гарах боломжтой бөгөөд ялангуяа “White Bear”, “Be Right Back” зэрэг ангиуд үргэлжлэх магадлал хамгийн өндөр байгаа аж.

ЦУВРАЛЫН ҮЙЛ ЯВДАЛ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР

Та бүхэн "Be Right Back" анги дээр нэгэн бүсгүй найз залуугаа алдсаныхаа дараа хайртынхаа андройд хувилбарыг бүтээдэг үйл явдлыг санаж байна уу? Тэгвэл энэ явдал бодит байдал дээр биеллээ олжээ. 

Eugenia Kuyda гэх бүсгүй найзыгаа нас барсны дараа маш ихээр санасан тул түүний дижитал хувилбарыг бүтээсэн аж. Үүнээс гадна нас барсан хүмүүсийн дуу хоолойг сонсож, тэдэнтэй утсаар ярьж буй мэт мэдрэмж өгөх олон олон технологиуд зохион бүтээгдсээр байна. 

БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ КИНО

Цувралын 1-р бүлгийн 3-р анги болох "The Entire History of You" ангийн зохиолоор бүрэн хэмжээний кино хийх боломжтой гэнэ. Тухайлбал бидний сэтгэл зүрхэнд Iron Man-ийн дүрээр хоногшсон жүжигчин Robert Downey Jr. уг ангийн зохиолоор бүрэн хэмжээний кино хийхээр 2013 онд худалдан авсан ч кино хэзээ хийгдэх талаар ямар нэгэн сураг ажиг одоо хүртэл гараагүй байна. 

ИНЭЭДМИЙН ЦУВРАЛ БАЙХ БАЙСАН

Зохиолч Charlie Brooker "Nathan Barley" хэмээх хөгжөөнт нэвтрүүлгээр карьераа эхлүүлж байсан. Тиймдээ ч цуврал маань анх хошин, инээдмийн төрлийн цуврал байхаар төлөвлөгдөж байжээ. 

Эх сурвалж: Cosmopolitan, Business Insider

#Бидний мэдэхгүй баримтууд #Black Mirror #Netflix