"The Twilight" цувралын цоо шинэхэн ном тун удахгүй...


"The Twilight" цувралын хамгийн сүүлчийн дэвтэр "Breaking Dawn" 2008 онд хэвлэгдэн гарснаас хойш 12 жилийн дараа зохиолч Stephenie Meyer уг цувралын удаах дэвтэр болох “Midnight Sun”-ийг энэ зун олны хүртээл болгох гэж буйг албан ёсоор мэдэгдлээ. 

Анх 2005 онд хэвлэгдэн гарч, 2008 онд дэлгэцийн бүтээл болсон "Twilight" зохиол олон олон залуусын өсвөр насны дурсамжтай салшгүй холбогдсон билээ. Хүйтэн, бүрхэг цаг агаарт дургүй хэр нь жилийн ихэнх үед бороо ордог Forks хэмээх хотод нүүн ирсэн Bella Swan болон зуун дамжсан цус сорогчдын гэр бүлийн гишүүн Edward Cullen нарын хайр дурлалын түүхийг өгүүлэх энэхүү цуврал одоо ч зарим үзэгчдийн зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг.

Хамгийн сонирхолтой нь тун удахгүй уншигчдын гар дээр ирэх гэж буй "Midnight Sun" ном нь зохиолын гол дүрийн бүсгүй Bella Swan-ийн талаас бус түүний дурлалт залуу Edward Cullen-ийн талаас бичигдэх аж. Ингэснээр бид зохиолд өрнөсөн бүхий л үйл явдлын туршид Edward-ийн юу мэдэрч, юу бодож байсныг мэдэх боломжтой болоод ч зогсохгүй Bella-тай учрахаас өмнөх үеийнх нь түүхтэй танилцах боломжтой болох юм. 

Мөн энэ мэдээлэл "Midnight Sun" номын тухай гарч буй анхны мэдээлэл биш. 2008 онд “Breaking Dawn” ном хэвлэгдсэний дараахан "Midnight Sun" зохиолын гар бичмэл хувилбар нь интернэтэд хулгайгаар дэлгэгдэж байсан удаатай. Тухайн үед зохиолч Stephenie Meyer энэ үйл явдал түүний эрхэд аймшигтайгаар халдсан явдал болсон талаар мэдэгдэл хийж байсан билээ. Улмаар “Midnight Sun” номынхоо маш бага хэсгийг вэбсайт дээрээ нийтлэн, тухайн үеийн нөхцөл байдалд номоо бичиж дуусгах боломжгүй тухайгаа тайлбарлаж байсан. 

Харин тэрээр дөнгөж өчигдөрхөн “Good Morning America” нэвтрүүлгийн үеэр шинэхэн номынхоо тухай ийн ярьжээ. Тэрээр хэлэхдээ: 

- "Эцэст нь“Midnight Sun” номоо наймдугаар сарын 4-нд олны хүртээл болгох гэж байгаагаа дуулгахад үнэхээр таатай байна. Энэ үед хэн хүнгүй л хэцүүхэн үеийг туулж байгаа учраас номоо гаргах нь зөв эсэхэд нэлээд эргэлзэж байлаа. Гэсэн хэдий ч та бүхэн маань маш, бүр маш удаан энэ мөчийг хүлээсэн учраас цааш хүлээлгэх нь тийм ч зөв санагдсангүй"

Тэрээр ярилцлагын үеэр уг түүхийг үргэлжлүүлэн бичих тусам Edward ч мөн өөрийн гэсэн түүхтэй байх эрхтэй гэдгийг ойлгосон талаараа хуваалцлаа. Мөн зохиолоо бүхэлд нь вэбсайт дээрээ байршуулах бодолтой байсан ч хоёр шалтгааны улмаас ном болгон хэвлүүлэхээр болсон байна. Тэрээр: 

- "Хамгийн гол нь Edward-ийн зүгээс бичигдсэн зохиол Bella-гийн зүгээс бичигдсэн зохиолтой харьцуулахад хамаагүй урт. Edward бол бүхнийг гүнзгийрүүлэн боддог нэгэн шүү дээ" 

Ийнхүү шинэхэн мэдээ зарлагдахтай зэрэгцэн олон нийт ч үүнд нь эерэг болон сөрөг хариу үйлдлүүд үзүүлсээр байна. "The Twilight" цуврал гарсан цагаасаа хойш олон сая хүмүүсийн анхаарлыг татсан шигээ олон мянган хүмүүсийн шүүмжлэлд ч өртөж байсан удаатай. Хамгийн түгээмэл нь өсвөр насны охидыг сэтгэл санааны дарамттай, "эрүүл бус" үерхлийн харилцаанд орохыг уриалсан гэх шүүмжлэл юм. Мөн нэг талаасаа гол дүрийн залуу 17 настай мэт харагддаг ч үнэн хэрэгтээ 104 настай, өсвөр насны охинд дурласан, жихүүцмээр нэгэн хэмээн шүүмжилдэг хүмүүс ч бий. 

Юутай ч энэ ном хэвлэгдэн гарснаар бидэнд бүхий л үйл явдлыг зохиолын хоёр гол дүрийн нүдээр харах, Edward-ийн бодол хийгээд мэдрэмжийн ертөнцөөр аялах, аюултай гэдгийг нь мэдсээр байж хайрлахаа больж чадаагүй түүний сэтгэлийг улам гүнзгий уудлах боломж олдож байгаа нь сайшаалтай. 

Эх сурвалж: CNN, New York Times, The Guardian

#Twilight #Midnight Sun