Кпопын эргэн тойронд: BLACKPINK хамтлаг шинэ уран бүтээл гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-05-04

Кпоп хөгжимд дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон шинэ, сонирхолтой мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BLACKPINK ХАМТЛАГИЙН ШИНЭ ЦОМОГ

БНСУ-ын хамгийн нэртэй охидын хамтлагийн нэг болох BLACKPINK хамтлаг өөрсдийн цоо шинэхэн цомгийн дуунуудаа бичиж дуусгасан бөгөөд клипний зураг авалтын ажилдаа орсон талаар STARNEWS агентлагаас мэдээллээ. Харин YG энтертайнментаас энэхүү нийтлэлд зориулж мэдэгдэл хийхдээ: 

- "BLACKPINK хамтлаг энэ зургаадугаар сард шинэ уран бүтээлүүдээ цацахаар төлөвлөөд байна. Мөн хугацаагаа илүү тодорхой болгосны дараа шүтэн бишрэгчдэдээ албан ёсоор мэдэгдэх болно. Баярлалаа" хэмээжээ. 

EXO ХАМТЛАГИЙН ГИШҮҮН CHEN ААВ БОЛЖЭЭ

EXO хамтлагийн гишүүн Chen дөрөвдүгээр сарын 29-ний өдөр охинтой болжээ. Тэрээр энэ оны эхээр хуримаа хийнэ гэдгээ олон нийтэд мэдэгдэж байсан билээ. 

SM энтертайнментийн зүгээс “Chen өнөөдөр охинтой болсон” хэмээн албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

MINZY: ЭЦСЭЭ ХҮРТЭЛ НАМАЙГ ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА

Дуучин Minzy дөрөвдүгээр сарын 29-нд өөрийн “MINZY TV” хэмээх Youtube сувгаараа шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилсэн байна.

Тэрээр хөл хорионы үеэр гэртээ Netflix үзэж, хоол хийж байгаа гэжээ.

- “Би дуучин болсноосоо хойш олон зүйл туулсан. Та бүхэнтэй дахин уулзах эсэхээ ч мэдэхгүй байлаа. Гэхдээ одоо бол үнэхээр аз жаргалтай байна. Эцсээ хүртэл намайг дэмжсэнд баярлалаа

Үнэнийг хэлэхэд надад маш их хэцүү байсан. Үүнийгээ дууны үгэндээ ч оруулъя гэж бодож байгаа. Удахгүй өөрийн зохиосон шинэ дуугаа гаргах болно. Надад хэцүү байсан хэдий ч та нарын тухай бодохоор урам зориг ордог байсан. Шинэ дуу маань бидэнд урам зориг өгөх байх гэж бодож байна. Би илүү олон уран бүтээл хийх болно. Та нар миний уран бүтээлийг аз жаргалтайгаар сонсоно гэж найдъя хэмээжээ.

ИХ БРИТАНИЙН АНХНЫ КПОП ОХИДЫН ХАМТЛАГ

Кпоп урсгал дэлхий дахинд түгж буй энэ үед зөвхөн БНСУ-аас гарч ирсэн хамтлагийг л кпопд хамруулан авч үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч улс орноос кпоп урсгалаар уран бүтээлээ туурвих хамтлагууд гарч ирэх боломжтой бөгөөд түүний нэг жишээ нь KAACHI хэмээх Их Британийн охидын хамтлаг юм.

KAACHI хамтлаг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ба энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд анхны уран бүтээлээ олон нийтэд толилуулжээ. Хамтлаг 4 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг гишүүн нь солонгос хүн юм байна.

ROWOON ОЛОН АНГИТ КИНОНЫ САНАЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр FNC энтертайнментаас:

- “Rowoon ‘Sunbae, Don’t Put on that Lipstick’ хэмээх олон ангит кинонд тоглох санал хүлээн авсан бөгөөд дүртэйгээ танилцаж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Харин JTBC телевизийн зүгээс "Sunbae, Don’t Put on that Lipstick" олон ангит киног энэ оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

WONDER GIRLS ХАМТЛАГИЙН ГИШҮҮН LIM ХУРИМАА ХИЙНЭ

Тавдугаар сарын 1-ний өдөр rrr энтертайнментаас Wonder Girls хамтлагийн гишүүн Lim тун удахгүй хуримаа хийх гэж буй талаар мэдэгдэл хийлээ. 

- “Сайн байцгаана уу, rrr энтертайнментаас мэндчилж байна. Бид та бүхэнд Woo Hye Lim-ийн гэрлэлтийн тухай мэдэгдэл хийж байна. Долоон жилийн турш бие биендээ итгэж, хайр дурлалаа хамгаалж чадсан Woo Hye Lim болон Shin Min Chul нар хуримаа хийхээр шийджээ. Тэд долдугаар сард хуримаа хийхээр төлөвлөсөн бөгөөд бидний зүгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг ойлгоосой гэж хүсье. 

Хүн бүрийн хувьд хэцүү цаг үе хэдий ч Hye Lim-ийг дэмждэг шүтэн бишрэгчдэд энэ мэдээг дуулгах ёстой гэж үзсэн тул хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Амьдралынхаа шинэ хуудсыг нээж буй тэдэнд чин сэтгэлээсээ баяр хүргэхийг хүсье.
Баярлалаа”

HANBIN МОНГОЛ ШҮТЭН БИШРЭГЧДЭДЭЭ МАСК ХАНДИВЛАЖЭЭ

iKON хамтлагийн ахлагч асан Kim Hanbin дэлхий даяар өөрийг нь дэмждэг шүтэн бишрэгчдэдээ 100,000 маск хандивласан бөгөөд үүнд Монгол улсын шүтэн бишрэгчид ч багтсан байна. 

Тэрээр Солонгос дахь фэн клубээрээ дамжуулан шүтэн бишрэгчдэдээ дараах зурвасыг үлдээжээ:

- “Миний шүтэн бишрэгчдийн хамгийн том бэлэг нь маск байсан. Би хүлээж авсан маскаа зүүж, царайгаа халхалдаг байв. Харин одоо бол ойлгосон. Шүтэн бишрэгчид маань намайг хамгаалахыг хүссэн байж. Гэхдээ миний өгөх энэ маск намайг дэмждэг, хайрладаг, урам зориг өгдөг хүмүүсийг хамгаалаасай гэж хүсэж байна”

Түүний хандивласан маскийг тараах ажлыг Солонгос дахь фэн клуб нь хариуцаж хийсэн бөгөөд нийт 14 оронд хандивласнаас Монгол улсад 500 ширхэг маск иржээ. Уг маскийг хүлээж авч, тараах ажлыг Hanbin-ийн Монгол дахь шүтэн бишрэгчдийн Фэйсбүүк хуудсыг хөтлөн явуулдаг хүмүүс хариуцаж ажилласан байна. 

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #Blackpink #EXO #Wonder Girls