Алим дархлааны системд эерэг нөлөөтэй


Та толгой дотроо ямар ч хамаагүй жимсний талаар бод. Та нарын ихэнх нь алим жимсийг төсөөлсөн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Алим бол хүн бүрийн мэдэх энгийн нэгэн жимс юм шиг атлаа өөртөө антиоксидант, кали, A, E, B1, B2, B6, С зэрэг хүний биед нэн шаардлагатай бодисуудыг агуулдаг "шидэт" хүнс юм. "An apple a day keeps the doctor away" буюу "Өдөр бүр алим идэх нь эрүүл байхын үндэс гэсэн" зүйр цэцэн үг хүртэл байдаг шүү дээ. Тэгвэл алим идсэнээр бид бүхний биед гарах 5 эерэг өөрчлөлтийг мэдэж авцгаая!

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

2-р хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн бие инсулин ялгаруулдаг боловч хангалттай хэмжээнд зохицуулж чаддаггүй. Харин алимны хальсанд агуулагддаг полифенол нь цусан дахь сахарын агууламжийг бууруулж, хэвийн түвшинд барьдаг байна. Иймд 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс алимыг өдөр бүр хэрэглэдэг. Мөн судалгаагаар өдөрт нэг алим иддэг хүн огт иддэггүй хүнтэй харьцуулахад 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх магадлал 28 хувиар бага байдаг нь тогтоогдсон.

ЭРҮҮЛ ШҮД

Алим нь хүчиллэг жимс тул таны амны хөндийг гэмтээх вий гэж санаа зовох хэрэггүй. Алимд агуулагддаг байгалийн гаралтай сахар нь амны хөндийд оршдог, биед сөрөг нөлөө үзүүлэхүйц хүчлүүдийг саармагжуулдаг. Мөн алим идэхэд шүлс хэвийн үеийнхээс ихээр ялгардаг бөгөөд ингэснээр амны хөндийд буй бактерийн хэмжээг багасгаж, шүдний өвчлөл үүсэхээс сэргийлдэг аж. 

ЖИНГЭЭ ХАСАХАД ТУСАЛНА

Алим нь жингээ барих болон хасах үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой жимс юм. Дундаж хэмжээтэй алим (200 грамм) маш бага буюу ойролцоогоор 98 орчим калор агуулдаг байна. Мөн алиманд агуулагдах эслэг нь таны турах үйл явцыг дэмжээд өгнө л гэсэн үг. 

ДАРХЛААГ ДЭМЖИНЭ

Алим нь мөн дархлааны системд эерэг нөлөө үзүүлдэг. Улаан алим нь кверцетин гэх бодис агуулдаг бөгөөд энэхүү бодис нь биеийн дархлааг сайжруулдаг ажээ. 2015 онд Их Британид хийгдсэн нэгэн судалгаагаар өдөр бүр алим иддэг хүн огт иддэггүй хүнтэй харьцуулахад астма болон амьсгалын замын халдварт өвчин тусах магадлал бага байгааг тогтоосон байдаг. Дээр дурдсанчлан алим нь эслэг ихтэй тул халдварын үед түгээмэл тохиолддог үрэвслийг бууруулдаг байна.

ЦУСАН ДАХЬ ХОЛЕСТРИНИЙГ ТОГТВОРЖУУЛНА

Алимд агуулагдах эслэг болон малийн хүчил нь холестеринийг хэвийн түвшинд барьж, цусны эргэлтийг сайжруулдаг. Холестериний хэмжээ ихэссэнээр зүрх, судасны өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг. Харин та алим идсэнээр энэ бүхнээс сэргийлэгдэх болно.

Эх сурвалж: Health Magazine

#Алим #Эрүүл мэнд #Жимс