Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч: Khalid


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-07

“Чи бидний хайрын дунд 
Далай байсан ч салгаж дөнгөхгүй
Чиний зүрхэнд л хүрэхийн тулд

Хана босгосон ч даваад л гарна

-“Ocean” Khalid

Пүрэв гараг бүр YOLO.mn сайтын зүгээс хүргэдэг “Artist of the week” буюу “Долоо хоногийн онцлох уран бүтээлч” булангийн энэ удаагийн дугаарт залуу дуучин Khalid-ийг онцолж байна. 

Бидний дунд "Location", "Young Dumb & Broke" зэрэг дуунуудаараа алдаршсан түүний жинхэнэ нэрийг Khalid Donnel Robinson гэдэг бөгөөд 1998 оны хоёрдугаар сарын 11-нд АНУ-ын Жоржиа мужид мэндэлжээ. 

Эцэг эх нь цэргийн хүмүүс байсан тул нүүдэл суудал их хийдэг байсан аж. Олон ч газар руу нүүж, олон ч газраар аялсны эцэст АНУ-ын Техас мужид суурьшин, тэндээ ахлах сургуулиа дүүргэсэн билээ. Тэр үеэс эхлэн дуу хийж, зарим уран бүтээлээ хөгжмийн хамгийн том платформуудын нэг болох Soundcloud дээр байршуулдаг байв. 

Khalid өөрийн Soundcloud-даа "Saved", "Stuck on You" тэргүүтэй дуунуудаа байршуулж байсан бол түүний алдарт нэрийн гараа болсон дуу нь яах аргагүй “Location” байлаа. 

Түүний уран бүтээлүүдэд маш олон төрлийн мэдрэмжүүд их бага хэмжээгээр зэрэгцэн оршдог нь түүний дуу бүрийг онцгой болгодог байх. Аз жаргал, уйтгар гуниг, хайр дурлал, хагацал гээд хүмүүс бидний мэдэрдэг бүхий л мэдрэмжүүдийг төрүүлэхээс гадна залуу уран бүтээлчийн хувьд орчин цагийн "дэвшилтэт" технологийн талаар ч дуун дээрээ тусгаж өгдөг. Тухайлбал “Location” дээр ухаалаг утасны тусламжтайгаар өөрийн байгаа газраа хуваалцах талаар дуулдаг. Энэ мэтээр орчин үеийн залуусын нийтлэг хэрэглээ болсон зүйлсийг уран бүтээлдээ оруулснаар сонсогчдодоо илүү ойр дотно мэдрэмж төрүүлдэг болов уу. 

Тэрээр Khalid гэх нэрнээсээ болж DJ Khaled болон дуучин Khaled нартай андуурагдах тохиолдол их гардаг гэнэ. Тэгвэл тэрээр анхнаасаа л энэхүү эргэлзээг үүсгэхгүй гэсэн мэт "Location" дууныхаа клипний эхэнд "Kuh-Leed гэж дуудна" хэмээн бичсэн байдаг билээ. Мөн дэлхийн хамгийн залуу тэрбумтан Kylie Jenner өөрийн Snapchat хуудсаараа "Location" дууг хуваалцаж байсан нь уг дууг олон хүнд хүрэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэг. 

“Надад хаана байгаагаа хэлээч
Харилцаандаа л анхаарцгаая
Учир нь надад чамаас өөр юу ч хэрэггүй”

- “Location” Khalid

Ийнхүү "Location" дуу багагүй олон хүнд хүрсний дараа 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр "American Teen" хэмээх өөрийн анхны цомгоо цацсан. Уг цомогт бид бүгдийн сайн мэдэх “Young Dumb & Broke” дуу багтсан юм. 

Ахлах сургуулийн сурагч байх үеийн амьдралыг дүрсэлсэн энэхүү уран бүтээлийг сонссон зарим хүмүүст хөнгөн гуниг төрөх нь ч бий. Аль хэдийнэ ахлах сургуулиа төгсөж амьдралын далайд хөл тавьсан сонсогчдод ахлах сургуульд сурч байхад амьдрал ямар энгийн байсныг санагдуулж, өнгөрөөд одсон цаг хугацаа нүднийх нь өмнүүр гүйх шиг мэдрэмж төрүүлдэг учраас тэр биз.  

Түүний оролцсон хамгийн анхны телевизийн нэвтрүүлэг бол комедиан Jimmy Fallon-ийн хөтлөн явуулдаг “The Tonight Show Starring Jimmy Fallon” байсан. Khalid уг нэвтрүүлэгт оролцохдоо мөн л "Location" дуугаа сонордуулж байжээ. Үүнээс гадна уг цомгийн хамгийн сүүлийн дуу болох "Angels" нь ABC телевизийн алдарт "Grey's Anatomy" цувралд ашиглагдаж байсан удаатай. 

Тэрээр дуу хөгжмийн ертөнцөд харьцангуй залуу уран бүтээлчид тооцогдох ч маш олон авьяаслаг дуучидтай хамтран ажиллаад амжсан. Үүний нэгэн жишээ бол Fifth Harmony хамтлагийн гишүүн Normani-тай хамтарсан “Love Lies” дуу юм. Энэ нь “Love, Simon” (2018) киноны дуу билээ. 

“Тэгэхээр надад хэлээч, хайр чинь хаана буйг
Өдрийг үрж, шөнийг өнгөрөө
Мандах нарны доор
Хайр чинь хаана буйг харуулаач”

- “Love Lies” Khalid ft Normani

Харин түүний хамгийн алдартай хамтралуудын /collab/ нэг бол "Lovely" дуу юм. Тэрээр уг уран бүтээлээ 5 удаагийн "Grammy" шагналт Billie Eilish-тай хамтран дуулсан билээ. Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй хамгийн том асуудлуудын нэг болох сэтгэцийн эрүүл мэндийн талаарх асуудлыг хөндсөн энэхүү дуу цацагдсан цагаасаа хойш өдийг хүртэл маш олон хүний дуртай дуу хэвээр байна. Үүний нэгэн тод жишээ бол энэ жилийн "The Voice of Mongolia" шоунд уг дууг эгшиглүүлсэн явдал. 

“Нэг л өдөр эндээс гарахыг хүсэж байна
Бүхэл шөнөжин эсвэл зуун жилийг зарцуулах байсан ч хамаагүй
Нуугдах газар хэрэгтэй байвч олж чадахгүй нь
Амьдарч буй мэт мэдрэхийг хүсэж байна”

- “Lovely” Billie Eilish ft. Khalid

Гэвч "Lovely" дуу нь түүний сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сэдвийг хөндсөн анхны уран бүтээл биш. Өөрөөр хэлбэл тэрээр 2018 онд реппэр Logic-ийн "1-800-273-8255" дуун дээр хамтарч байсан. Хачирхалтай нь энэ дугаар бол уг дууг дуулсан дуучдын хэн нэгнийх нь дугаар эсвэл зүгээр л санаанаасаа зохиосон дугаарын аль ч биш. 1-800-273-8255 дугаар бол "Suicide Hotline" буюу сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай тулгаран яах учраа олохгүй байгаа үед, бүр цаашдаа амьдрах итгэлээ алдсан үедээ залган тусламж хүсэх шугамын дугаар юм. Дууны үг, нэр, клип гээд бүхий л зүйл нь ихээхэн утга учир агуулах энэхүү уран бүтээлийг та бүхэн аль хэдийнэ сонсоод амжсан байх.

Бас нэгэн алдартай хамтрал бол дуучин Shawn Mendes-тэй хамтран дуулсан "Youth" хэмээх дуу юм. Маш олон хүмүүсийн амьдралд хэзээ ч мартахааргүй хар толбо болон үлдсэн сургууль дээрх буудалцаан, түүнээс болж гэрэлт хорвоог орхисон бяцхан сурагчдад хүндэтгэл үзүүлэн бичсэн уг дуугаа 2018 оны "Billboard Music Awards" шагнал гардуулах ёслол дээр дуулж байсан билээ. 

“Өвдөлт, гэвч би үүнийг үзэн ядалт болгон хувиргахгүй
Үгүй ээ, би үүнийг намайг өөрчилж орхихыг нь зөвшөөрөхгүй
Чи миний залуу насыг авч одож дийлэхгүй
Сүнс минь хэзээ ч бутран унахгүй”

- “Youth ”Shawn Mendes ft Khalid

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард цацсан "Talk" дуу нь Khalid-ийн өмнөх уран бүтээлүүдийн адилаар олны магтаал сайшаалыг хүртсэн нь түүний хөгжмийн чадвар жил ирэх тусам сайжирсаар байгаагийн баталгаа болсон. Мөн “Saturday Night Live” (SNL) нэвтрүүлэгт анх удаа оролцохдоо уг уран бүтээлээ толилуулсан нь уран бүтээлч хүний хувьд маш том амжилт болсон билээ. Ингээд ч зогсохгүй уг дуугаараа энэ оны "Grammy" хөгжмийн шагнал гардуулах ёслолд “Шилдэг Уран Бүтээл” төрөлд нэр дэвшсэн юм.

Khalid 2018 онд "Suncity" хэмээх EP цомог, 2019 онд "Free Spirit" хэмээх цомгуудаа тус тус гаргасан. Түүний дуунуудыг сонсоход "залуу хүн" гэдгээ юу юунаас илүү мэдэрч чаддаг тул жилийн яг энэ дулаахан өдрүүдэд сонсоход хамгийн тохиромжтой билээ. 

Ингээд уламжлал ёсоор нийтлэлийнхээ төгсгөлд Khalid-ийн зарим уран бүтээлүүдээс санал болгож байна. Дараа долоо хоногт өөр нэгэн уран бүтээлчийн түүхээр эргэн уулзацгаая!

TALK

BETTER

SATURDAY NIGHTS

BAD LUCK

DON’T PRETEND ft. SAFE

HUNDRED

ELEVEN

OUTTA MY HEAD

Эх сурвалж: Wikipedia, Famous People, People Pill

#Artist of the Week #Khalid