Майкл Жордан Air Jordan I-тай талбайд гарах болгондоо 5,000 ам.доллараар торгуулдаг байжээ


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-04-30

Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч Майкл Жорданы тухай "The Last Dance" баримтат киноны эхний 2 анги энэ сарын 20-ны өдөр үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. 10 ангиас бүрдэх уг цувралаас түүний Chicago Bulls багт өнгөрүүлсэн сүүлчийн улирлын үйл явдлыг өмнө нь харж байгаагүй өнцгөөс харах боломжтой аж. Тэгвэл үүнтэй холбогдуулан "Athlete of the Week" буюу "Энэ долоо хоногийн онцлох тамирчин" цуврал нийтлэлийнхээ эхний дугаарт Майкл Жорданг онцолж байна. 

Майкл Жеффри Жордан нь 1963 оны хоёрдугаар сарын 17-нд АНУ-ын Нью Йорк хотод Жеймс болон Делорис Жордан нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд билээ.

Түүний спортын авьяас бага байхад нь л тодорсон. Өөрөөр хэлбэл ахлах сургуулийнхаа сагсан бөмбөг, бэйсболл, америк хөлбөмбөгийн багуудад тоглодог байжээ. Эцэст нь тэрээр сагсан бөмбөгийн спортыг сонгож Хойд Каролинагийн их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах болсон байна. Жордан тухайн жилдээ бүсийнхээ "Шилдэг шинэ тоглогч" болсон бол баг нь "Оюутны сагсан бөмбөгийн холбоо" (NCAA)-ны аварга болсон. Энэ түүний аугаа карьерын дөнгөж эхлэл нь байв. 

Майкл Жордан 1984 оны "Үндэсний сагсан бөмбөгийн холбоо" (NBA)-ны драфтын 1-р тойргийн 3 дахь сонголтоор Chicago Bulls багт сонсогдсон. Тэрээр анхны улиралдаа 28.2 оноо, 6.5 самбараас бөмбөг авалт, 5.9 оновчтой дамжуулалт дундажлан бүх оддын тоглолтод сонгогдсоноор NBA-ийн ирээдүйн супер од болох тамирчин гэдгээ харуулсан.

NBA-д нийт 15 улирал тоглохдоо 30.1 оноо дундажласан нь NBA-д рекорд болон үлджээ. Жордан 1991-1993 онуудад Chicago Bulls багийнхантайгаа NBA-ийн аварга цолыг хүртсэн бөгөөд эдгээр жилүүдэд финалын "Үнэ цэнэтэй тоглогч" (MVP)-оор шалгарсан билээ. 

1993 онд тэрээр зодог тайлах гэж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Аав Жеймс Жордан нь нас барсан нь түүнийг зодог тайлах болсонд маш том нөлөө үзүүлсэн аж. 

Ингээд 2 жил гаруйн хугацаанд завсардсаны дараа 1995 оны гуравдугаар сарын 18-нд сагсан бөмбөгийн ертөнцдөө эргэн ирэв. Энэ завсарлагын дараа Chicago Bulls баг 1996-1998 онуудад дахин аваргын цом хүртсэн ба Жордан ч аварга болсон жил бүрдээ финалын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор нэрлэгдэж байлаа. 

Үүний дараа тэрээр дахин зодог тайлсан. Харин эргэн ирэхдээ Chicago Bulls биш Washington Wizards багт нэгдсэн байдаг. Жордан уг багт 2 улирлыг өнгөрүүлэхдээ 21.23 оноо дундажласан. Үүгээрээ тэр хэдий хөгширсөн ч супер од гэдгээ батлан харуулсан билээ. Ийнхүү 2002-2003 оны улирлын тоглолтын дараа албан ёсоор буюу гурав дахь удаагаа зодог тайлснаар өнөөдрийг хүртэл NBA-ийн талбайд дахин гараагүй юм. 

Бид Майкл Жорданг сагсан бөмбөгийн агуу карьерээс нь гадна нэрийн sneaker-үүдээр нь мэдэх билээ. Спорт хувцасны алдарт "Nike" компани түүнтэй 5 жилийн хугацаатай 7 сая ам.долларын гэрээ хийсэн ба 1984 онд Жорданий анхны нэрийн sneaker гарсан юм. Энэ бол улаан хар өнгө хосолсон Air Jordan I байлаа.

Гэвч энэхүү загвар нь NBA-ийн "51 хувийн дүрэм" буюу тамирчдын өмсөж буй sneaker-ийн 51% нь цагаан өнгөөс бүрдэх ёстой гэсэн дүрэмтэй харшилж байв. 21 настай тэрээр талбайд энэхүү sneaker-тэй гарах болгондоо 5,000 ам.доллараар торгуулж байлаа. Жордан тухайн улирлын бүх тоглолтод оролцсон ба оролцох болгондоо энэхүү sneaker-ээ өмссөөр нийт 410,000 ам.доллараар торгуулсан байдаг.

Гэвч энэ нь "Nike" компанийн хувьд алдагдал биш байв. Уг загвар дэлхий даяар хамгийн эрэлттэй sneaker болсон бөгөөд зөвхөн 1991 онд л гэхэд 200 сая ам.долларын ашиг олсон. Харин 2019 он гэхэд "Nike" компанийн "Jordan" брэнд 3.14 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. 

Тэрээр чадварлаг тамирчин гэдгээс гадна маш сайн бизнесмен билээ. 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар түүний нийт хөрөнгө 2.1 тэрбум ам.доллар гэж тогтоогдсон бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн чинээлэг тамирчин гэдгийг харуулж байна. 

Жордан 2010 онд Charlotte Hornets багийг 175 сая ам.доллараар худалдан авснаар NBA-ийн бүхэл бүтэн багийг эзэмшиж буй анхны тамирчин болсон юм. Мөн E-sport-ийн хамгийн амжилттай карьертай багуудын нэг болох "Team Liquid"-ийн үндсэн компани болох "aXiomatic"-т 26 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Ингээд түүний NBA-д гаргаж байсан амжилтуудаас дурдвал:

  • 6 удаагийн NBA-ийн Аварга (1991-1993, 1996-1998)
  • 6 удаагийн NBA-ийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогч (1991-1993, 1996-1998)
  • 5 удаагийн NBA-ийн Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч (1988, 1991, 1992, 1996, 1998)
  • 14 удаагийн NBA-ийн Бүх Одод (1985-1993, 1996-1998, 2002, 2003)
  • 3 удаагийн NBA-ийн Бүх Оддын Үнэ Цэнэтэй Тоглогч (1988, 1996, 1998)
  • 10 удаагийн NBA-ийн Онооны Аварга (1987–1993, 1996–1998)
  • NBA-н Оны Шилдэг Хамгаалан Тоглогч (1988)
  • NBA-н Оны Шилдэг Шинэ Тоглогч (1985)
  • 2 удаагийн NBA-ийн Цагирган дээрээс довтлох тэмцээний аварга (1987, 1988)
  • 3 удаагийн NBA-ийн бөмбөг таслалтын лидер (1988, 1990, 1993)
  • 11 удаа Бүх NBA-ийн 1-р багт (1987–93, 1996–98)
  • 1 удаа Бүх NBA-ийн 2-р багт (1985)
  • 9 удаа Бүх NBA-ийн хамгаалалтын 1-р багт (1988–93, 1996–98) тус тус нэрлэгдсэн.

Мөн түүнчлэн: 

  • Найсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн (2009)
  • FIBA-ийн нэрэмжит алдрын танхимын гишүүн (2015)
  • 2 удаагийн Олимпийн аварга (1984, 1992)
  • NCAA-ийн аварга (1982)
  • 3 удаагийн Associated Press-ийн оны шилдэг тамирчин (1991-1993)
  • Sports Illustrated сэтгүүлийн оны шилдэг спортын хүн (1991)
  • 7 удаагийн Sporting News сэтгүүлийн оны шилдэг тамирчин (1988, 1989, 1991, 1992,1996-1998)
  • NBA-ийн тавин жилийн ойд зориулсан шилдэг 50 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн.

Эцэст нь та бүхэнд Майкл Жорданы шилдэг тоглолтуудаас бүрдсэн бичлэгийг хүргээд энэ удаагийн дугаараа өндөрлөе.

Эх сурвалж: ESPN, Forbes, Business Insider

#Athlete of the Week #Michael Jordan