ESPN суваг Kobe Bryant-ийн тухай баримтат кино хийгдэх боломжтой гэлээ


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-04-27

Сагсанбөмбөгийн алдарт тоглогч Michael Jordan-ийн "The Last Dance" цуврал баримтат киноны эхний хоёр анги энэ сарын 20-нд үзэгчдийн хүртээл болсон билээ. Michael Jordan-ийн Chicago Bulls багт өнгөрүүлсэн сүүлчийн улирлын үйл явдлыг харуулах энэхүү баримтат киноны эхний хоёр ангийг дэлхий даяар нийт 6.1 сая гаруй хүн үзсэн бөгөөд ESPN сувгийн "Бүх цаг үеийн хамгийн олон үзэлттэй баримтат кино"-гоор тодорсон юм. Тэгвэл ESPN сувгийнхан Kobe Bryant-ийн сагсанбөмбөгийн ертөнцөд өнгөрүүлсэн сүүлчийн улирлын талаар баримтат кино бэлтгэн гаргах боломжтой талаар мэдэгдлээ. 

Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр бол сагсанбөмбөгийн спорт сонирхогчдын хувьд хэмжээлшгүй их гарз тохиосон өдөр байлаа. Энэ өдөр 5 удаагийн NBA-ийн аварга, 18 удаагийн NBA-ийн бүх одод Kobe Bryant идэр залуу 41 насандаа өөрийн 13 настай охин GiGi буюу Gianna Bryant-ийнхаа хамтаар нисдэг тэрэгний ослын улмаас тэнгэрийн оронд заларсан билээ. 

Нисдэг тэрэг АНУ-ын Калифорни мужийн Калабасас орчимд үзэгдэх орчин муу байсны улмаас осолдсон билээ. Тус нисдэг тэрэгт сууж явсан хүмүүс Gigi Bryant-ийн сагсанбөмбөгийн тоглолтод оролцохоор явж байсан билээ. 

Ингээд хоёрдугаар сарын 24-нд Kobe Bryant болон нисдэг тэргэнд сууж явсан 8 хүнийг эцсийн замд нь үдэн гаргасан бөгөөд Лос Анжелес хотод байрлах Staples Center-ийн гадаа 20,000-аад хүн цугласан билээ. Дурсгалын үйл ажиллагаанд Алдарын танхимийн гишүүн Michael Jordan, Los Angeles Lakers багийн одоогийн нүүр царай Lebron James, Shaquille O'Neal, Rick Fox, Pau Gasol нараас гадна урлаг соёлын томчууд, NBA гэх "гэр бүл"-д хамааралтай бүхий л хүмүүс цугласан байлаа. 

"The Last Dance" цуврал баримтат киноны эхний хоёр анги үзэгчдийн хүртээл болсны дараа ESPN сувгаас 2015-2016 оны улиралд тусгай баг гарган Kobe Bryant-ийн сагсанбөмбөгийн ертөнц дэх сүүлчийн улирлыг баримтжуулсан бөгөөд тус материалаар баримтат кино хийх боломжтой талаараа мэдэгдсэн юм. 

Энэ кино хийгдэх эсэх нь Kobe Bryant-ийг нас барахаас өмнө ч яригдаж байсан гэнэ. Хэдийгээр энэ кино хийгдэх эсэх нь 100 хувь баттай биш байгаа ч магадлал нэлээд өндөр байгаа юм. 

Өмнөх жилүүдэд авсан хүнд бэртлүүдийн улмаас алдарт тамирчны маань сүүлийн улирал тийм ч амжилттай байгаагүйг та бүхэн мэднэ. Los Angeles Lakers баг 2015-2016 оны улирлыг 17 хожил, 65 хожигдолтойгоор дуусгаснаар плейоффд орж чадаагүй. Гэсэн хэдий ч Kobe сагсанбөмбөгийн ертөнцөд өнгөрөөсөн 20 жилийн замналынхаа сүүлчийн тоглолтод 60 оноо авч, Utah Jazz багийг эцсийн мөчид хожсон билээ.

Уг тоглолтын үеэр ESPN сувгийн тусгай багийнхан 6 хэсэг болон хуваагдаж Staples Center-ийн онцлох хэсгүүдэд ажилласан байна.

Kobe Bryant бол үргэлж хөдөлмөрлөдөг, эцсийн мөч хүртлээ тэмцдэг агуу тамирчин юм. Түүний тухай дахин нэг баримтат кино гарах ч бай, үгүй ч бай БИД ТҮҮНИЙГ ҮРГЭЛЖ ХАЙРЛАЖ, ХҮНДЛЭХ БОЛНО! 

Эх сурвалж: ESPN

#Kobe Bryant #Баримтат кино #Michael Jordan