Netflix-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Disney+


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-30

Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд Netflix, Hulu, HBO Max, Amazon Prime зэрэг стрийминг үйлчилгээнүүд бидэнд хүссэн кино, цувралаа гэртээ суугаад үзэх боломжийг олгож байгаа нь сайшаалтай.

Стрийминг үйлчилгээ гарч ирснээр телевизийн салбар асар их хэмжээгээр өөрчлөгдсөн. Зурагтаар дуртай киногоо үзэж байхад яг гоё хэсэг дээр нь зар сурталчилгаа яваад л, гэр бүлийнхэн хажуунаас өөр суваг үзэх гээд л хэцүү байдаг биз дээ? Тэгвэл стрийминг үйлчилгээ нь эдгээр асуудлуудыг шийдээд ч зогсохгүй хүссэн цагтаа хүссэн кино, нэвтрүүлгээ үзэх боломжийг олгодог тул өдгөө кино урлагийн томоохон компаниуд энэхүү зах зээлд аль хэдийнэ орж иржээ. Тэдний нэг бол Walt Disney компани юм.

  • DISNEY+ ГЭЖ ЮУ ВЭ?

Өнгөрөгч онд кино урлагийн түүхэнд болж өнгөрсөн томоохон үйл явдлуудын нэг нь "Walt Disney" компани "21st Century Fox" компанийг 70 тэрбум ам.доллараар худалдан авсан явдал юм. Үүний дараа "Walt Disney" компани өөрсдийн гэсэн цоо шинэ стрийминг үйлчилгээг гаргах болсноо зарласан нь Disney+ (Disney Plus) юм.

2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийсэн энэхүү үйлчилгээ нь одоогийн байдлаар АНУ, Герман, Франц, Итали, Их Британи зэрэг 16 улсад ашиглагдаж байгаа бөгөөд аль хэдийн 50 сая хэрэглэгчтэй болжээ. Тэдний мэдээлж буйгаар 2021 он гэхэд дахин 9 улсад нээлтээ хийсэн байх төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэхүү үйлчилгээний 1 сарын суурь хураамж нь 6 ам.доллар. Өөрөөр хэлбэл Netflix-тэй харьцуулахад бараг хоёр дахин хямд байгаа тул Netflix их олон хэрэглэгчдээ Disney Plus-д алдах магадлалтай байгаа билээ. 

  • DISNEY PLUS-ИЙГ СОНГОХ ШАЛТГААНУУД

1. MARVEL CINEMATIC UNIVERSE

Одоо цагт Avengers-ийг мэдэхгүй кино сонирхогч гэж үгүй. Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж хэлж болох Marvel Cinematic Universe (MCU) нь өөрсдийн ирээдүйг аль хэдийнэ тодорхойлсон. "The Falcon and The Winter Soldier", "WandaVision", "Loki", "What If", "Hawkeye", "Ms.Marvel", "Moon Knight", "She-Hulk" зэрэг 8 цуврал нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд бүгд Disney Plus-д нээлтээ хийх юм. Эдгээр цувралуудыг хүссэн үедээ үзмээр л байгаа биз дээ? Тэгвэл та Disney Plus-г сонгох хэрэгтэй.

2. NETFLIX КИНО САН

Disney+ нээлтээ хийснээр Netflix-ийн кино сан дахь "Walt Disney" компанийн бүх кинонууд Disney+ руу шилжсэн. Өөрөөр хэлбэл Netflix-ийн кино сангийн үлэмж хэсэг нь алга болсон. Ийм учраас маш олон хэрэглэгчид Netflix-ийн оронд Disney Plus-ийг хэрэглэх төлөвтэй байна.

3. WALT DISNEY КОМПАНИ

"Walt Disney" нь Холливуудын хамгийн том кино үйлдвэрлэгч компани бөгөөд 2019 онд л гэхэд Box Office-ийн нийт ашгийн 38 хувийг бүрдүүлсэн. 

Тэгвэл энэ компанийн бүтээсэн бүхий л кинонууд Disney Plus-д орвол ямар вэ? "Walt Disney" компани энэ онд ойролцоогоор 7000 орчим цуврал, 500 орчим бүрэн хэмжээний киног Disney Plus-т оруулахаар төлөвлөөд байна. Тиймээс кино сонирхогчдын хувьд Disney+ нь диваажин байх ажээ.

Одоогийн поп соёлын бэлэг тэмдэг бол кино урлаг юм. Disney+, Netflix зэрэг стрийминг үйлчилгээнүүд бидэнд хөгжих, дэлхийг танин мэдэх маш том боломжийг олгож байна. Тиймээс бид энэхүү боломжийг ашиглах хэрэгтэй. Монгол улсад одоогоор Disney+ үйлчилгээ нэвтрээгүй байгаа боловч тэр үе удахгүй ирнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.

Эх сурвалж: Screen Rant, MCU Wiki, Games Radar, Disney

#Netflix #Disney+