Таны биед А витамин дутагдсаны шинж тэмдгүүд


О.Дорж | YOLO.MN
2020-04-21

Витамин буюу амин дэм нь хүний биеийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал үүргийг гүйцэтгэнэ. Витамин тус бүр өөр өөр үүргийг гүйцэтгэх бөгөөд нүдний хараа, арьс, нөхөн төлжихүй зэрэгт А витамин голлох үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл YOLO.mn сайтын хамт олон хүний биед энэ төрлийн амин дэм дутагдах үед ямар шинж тэмдгүүд илрэх талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

АРЬС ХУУРАЙШИХ

А амин дэм нь арьсны эд эсийг нөхөн сэргээх үндсэн элементүүдийн нэг бөгөөд арьсны чийгшлийг барьж, хадгалах үүрэгтэй. Харин А витамин дутагдсан үед илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол арьс хуурайшиж, загатнаж, улайх юм. 

БАТГАШИХ

Дээр дурдсанчлан А амин дэм нь арьсны эд эсийг нөхөн сэргээж, чийгийг хадгалдаг. А витамин дутагдсан тохиолдол арьс хуурайшиж, хуурайшсан арьсаа чийглэхийн тулд арьсны гүнд орших тосны булчирхайнууд өөрөөсөө хэт их тос ялгаруулж, улмаар батгашилт үүсэх таатай орчин үүсдэг. 

ШӨНИЙН ХАРАА МУУДАХ

Биед тань А витамин дутагдаж буйг батлах хамгийн гол шинж тэмдэг нь шөнийн хараа муудах. Үүнийг шинжлэх ухаанд Nyctalopia хэмээн нэрлэх бөгөөд гэрэл багатай орчинд эргэн тойрны зүйлсийг маш муу хардаг эмгэг юм. 

ШАРХ, СОРВИ УДААН ЭДГЭХ

Хүний биеийн эд эрхтнүүдийг барьж байдаг коллаген гэх нэгэн төрлийн уураг нь бидний арьс, булчин, ясанд агуулагддаг. Хүний бие тодорхой хэмжээнд коллагенаа өөрөө ялгаруулдаг тул бидний шарх сорви хурдан эдгэрдэг. А витамин мөн л коллагений "үйлдвэрлэл"-д онцлох үүргийг гүйцэтгэдэг тул А витамин дутагдсанаар бие дээрх шарх эдгэрэх хугацаа удааширдаг байна. 

НҮД ХУУРАЙШИХ

А амин дэм дутагдахад арьс болон нүд ихээр хуурайшдаг. Нүдний тухайд нулимс хэвийн хэмжээнд ялгарч, нүдийг чийгшүүлэх үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд нүд улайдаг. Ийн хуурайшсан нөхцөл байдалтайгаар удаан явбал нүдний хараа муудах аюултай. 

Үхрийн элэг, амтат төмс, лууван, бууцай, брокколи, манго, улаан чинжүү, хатаасан чангаанз, улаан лоолийн шүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд А амин дэмийг ихээр агуулдаг тул өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. 

Эх сурвалж : Bright Side

#А Витамин #Эрүүл мэнд