“Chilling Adventures of Sabrina” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-21

“Бидний мэдэхгүй баримтууд” цуврал нийтлэлийн өмнөх дугаараар “Hospital Playlist” киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараараа ер бусын адал явдлаар дүүрэн “Chilling Adventures of Sabrina” цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.6/10
Эхний анги цацагдсан огноо: 2018 оны аравдугаар сарын 26
Нийт бүлгийн тоо: Нийт 4 бүлэгтэй бөгөөд одоогийн байдлаар эхний 3 бүлгийн 28 анги цацагдсан байна
Үйл явдал: Хагас хүн, хагас шулам гэх онцгой хувь заяатай Sabrina охин өөрийг нь болон гэр бүлийг нь заналхийлж буй хорон муу хүчнүүдтэй хэрхэн тэмцэж буйг энэхүү цувралаас үзээрэй. Бидний багадаа үзэж байсан "Sabrina: The Animated Series" (1999) болон “Sabrina the Teenage Witch” (1996) зэрэг цувралуудаас тэс өөр үйл явдлыг харуулах болно. 

НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ЭХЛЭЛ

“Chilling Adventures of Sabrina” цувралын эхний ангийн кинотеатрын гадаах хэсгийн зураг авалтыг энгийн нэгэн кинотеатрын урд хийсэн юм биш шүү. Өөрөөр хэлбэл аймшгийн төрлийн зохиол бүтээл туурвидгаараа дэлхийд алдартай Stephen King-ийн "It" (1990) кинонд гардаг Paramount кинотеатрын Канад улс дахь салбарын урд энэхүү зураг авалтыг хийсэн байна. 

ЖИНХЭНЭ ШИВШЛЭГ

Цувралд ашиглагддаг шившлэгүүдийн ихэнх нь бодит амьдрал дээрх шуламнуудын хэлдэг шившлэг аж. Цувралын Prudence Blackwood-ийн дүрд тоглосон жүжигчин Tati Gabrielle нэгэн ярилцлагад хэлэхдээ:

- "Бидний кинон дээр хэлдэг шившлэгүүд бол жинхэнэ шившлэг. Би дүрээ судалж байхдаа кинонд ашиглагдах шившлэгүүдийг судалж үзэхэд үнэхээр л шуламнуудын бодит амьдрал дээр хэрэглэдэг шившлэг байсан. Тийм болохоор кинонд тоглож байхдаа шившлэгээ өөртөө илүү итгэлтэйгээр хэлдэг болсон" хэмээжээ. 

ЖИНХЭНЭ ШУЛАМ

Цувралыг илүү үнэмшилтэй болгохын тулд кино багийнхан жинхэнэ паган шулам Lisa Soper-ийг киноны дүр төрх, өнгө загварыг гаргадаг үндсэн дизайнераар ажиллуулжээ. Өөрөөр хэлбэл тэрээр киноны хийсвэр, ид шидийн гэмээр хэсгүүдийг илүү үнэмшилтэй болгоход тусалсан гэсэн үг юм. 

МУУРНЫ ХАРШИЛ

Цувралын гол дүр Sabrina охиныг Salem хэмээх нэртэй хар муургүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Тэгвэл кино багийнхан Salem муурын дүрийг энэхүү цувралаас хасах гэж байсан гэдгийг та мэдэх үү? Учир нь Sabrina-гийн дүрд тоглосон жүжигчин Kiernan Shipka нь муурны харшилтай тул муурны оронд нохой тоглуулах гэж байсан байна. Азаар Salem-ийн дүрийг муур хэвээр нь авч үлддэг ч та энэхүү цувралаас Sabrina Salem хоёрыг хамтад нь тийм ч олон удаа харахгүй л болов уу. 

КОМИК ЗОХИОЛООС СЭДЭВЛЭГДСЭН

Ихэнх хүмүүс энэхүү цувралыг 1990-ээд оны үед хит болж байсан “Sabrina the Teenage Witch” (1996) цувралын шинэчилсэн хувилбар гэж боддог. Гэвч яг үнэндээ АНУ-ын “Archie Comics” хэмээх хэвлэлийн компаниас гаргасан ижил нэрт комикоос сэдэвлэгдэн бүтээгдсэн юм.

"RIVERDALE" ЦУВРАЛ

“Chilling Adventures of Sabrina” цувралын үйл явдал "Riverdale" цувралтай ижил цуг хугацаанд өрнөдөг аж. Энэхүү цувралууд нь хоёул “Archie Comics” компанийн комик зохиолуудаас сэдэвлэгдэн бүтээгдсэн. Мөн жүжигчин Kiernan Shipka нь "Riverdale" цувралын гол дүр болох Betty Cooper-ийн дүрд тоглох гэж байсан аж. 

NETFLIX КОМПАНИ ШҮҮХЭД ДУУДАГДАВ

Уг цувралын нэгэн хэсэгт ямаан толгойт хөшөөг харуулдаг. Тэгвэл "The Satanic Temple" хэмээх шашингүй үзэлтнүүдийн бүлгэм Warner Bros болон Netflix компаниудыг зохиогчийн эрх зөрчсөн, нэр хүндэд халдсан зэрэг үндэслэлүүдээр шүүхэд өгсөн байна. Тэд ямаан толгойт Бафометийн хөшөөг буруу үлгэр дуурайл болгон харуулж буйд ундууцсан аж. 

SALEM МУУР

Муур их залхуу амьтан шүү дээ. Тиймдээ ч уг цувралын туршид Salem муурын дүрд нийт 5 хар муур тоглосон байна. Жүжигчин Kiernan Shipka нэгэн ярилцлагад дурдахдаа: 

- "Бидэнд 5 өөр Salem бий. Тэднээс миний хамгийн хайртай нь бусдаасаа хамгийн том биетэй Shaq" хэмээжээ. 

Мөн “Sabrina the Teenage Witch” (1996) цувралд гардаг Salem муурын хоолойн өнгө, царайны хувирал зэрэг нь интернэт орчинд ихээхэн "нэр хүндтэй". Магадгүй та нарын ихэнх нь энэхүү цувралаас ярьдаг Salem-ийг хүлээж байсан байх. Гэвч энэ удаад ярьдаг муурын дүрийг оруулах нь киноны аймшгийн, хүйтэн өнгө аясыг алдагдуулна гэж үзсэн тул Salem-ийг "байгаагаар" нь л гаргасан байна. 

Эх сурвалж: The Things, Insider

#Бидний мэдэхгүй баримтууд #Chilling Adventures of Sabrina #Netflix