Би хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ? №7


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-04-20

Yolo.mn сайтын сэтгүүлч залуус маань хөл хорио тогтоосон энэ үед гэртээ өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж буй талаар хуваалцаж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэтгүүлч Б. Намуун өөрийн туршлагаас хуваалцлаа. Б. Намуун: 

"Оюутан сурагчдын өвлийн амралт хөл хориогоор үргэлжлэн зуны амралттай золгох гэж буй эдгээр өдрүүдийг юу хийж, хэрхэн өнгөрүүлж байна даа? Гэртээ байж өөртөө цаг зарцуулах боломж олдож байгаа дээрээ сурахыг хүссэн зүйлээ сурч, олон зүйлсийг шинээр туршиж үзэх хэрэгтэй шүү. Yolo.mn сайтын сэтгүүлч Б.Намуун миний бие хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж буйгаа та бүхэнд хуваалцаж байна. Магадгүй та бүхэн дараах зүйлсийг туршаад үзэж болох юм.

ШИНЭ НҮҮР БУДАЛТ ТУРШИВ

Өнгөрсөн жилийн зурагнуудаа харахад би их тод буддаг байжээ. Иймээс өдөр тутамдаа илүү энгийн, даруухан ч өмнөх будалтуудаасаа харьцангуй өөр, чамин будалт хийж сурахаар шийдсэн юм. Мэдээж мэргэжлийн нүүр будагч биш учраас алдаа дутагдал олон бий. Гэхдээ будах тусам улам сайжраад байх шиг санагдаж байгаа шүү.

Инстаграм дээр Makeup Kulture, ALINA, Daily Makeup and Fashion + зэрэг хаягуудыг дагаснаар шинэ содон нүүр будалтууд сурч, туршиж үзэх боломжтой болно. /Инстаграм хаягийн нэрэн дээр дарахад тухайн хаяг руу шууд үсэрнэ. /

ХӨМСӨГ БОЛОН СОРМУУСНЫ ХИМИ ХИЙЛГЭВ

Хичээл орохоор л үсээ засуулъя, хичээл орохоор л гоё болъё гэж бодож байтал хөл хорио сунгагдчихсан. Ингээд ер нь өөрөө өөртөө гоё харагдах гэж л гоёдгоос хойш гэртээ байгаа ч гэсэн гоё болъё гэж шийдэн анх удаа хөмсөг болон сормуусны хими хийлгэж үзлээ.

Сормуусны хими нь сормуусыг ургуулж тэжээл өгдөг бөгөөд 2 сарын хугацаанд дэрвийсэн хэлбэрээ хадгалж тормолзох боломж олгодог. Харин хөмсөгний хими нь 30-45 хоногийн хугацаатай бөгөөд хөмсгөө будаагүй байхад ч яг будсан юм шиг харагддаг. Хэтэрхий шулуун болохоор яаж ч хичээгээд дэрвийлгэж чаддаггүй сормуусаа дэрвэгэр байгаагаар нь харахаар гоё юм билээ. Эрэгтэй хүн ч гэсэн сүүлийн үед хөмсөгний хими их хийлгэх болсон. Тиймээс уншигч та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай туршаад үзэхэд гэмгүй. wink

ОЮУНДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАВ

Төлөвлөгөө ёсоор илүү олон ном унших ёстой байсан ч харамсалтай нь одоогоор зурагт харуулсан номуудыг л уншсан байна. Сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж буй оюутан бүрийн унших ёстой ширээний ном М.Зулькафиль багшийн “Сэтгүүлчийн ур чадвар” болон Л.Болормаа сэтгүүлчийн “Даашинзтай сурвалжлагууд” номыг уншиж мэргэжлийн ур чадвараа ахиулахад туслах олон зүйлсийг мэдэж авсан. Гэвч заримдаа номонд хэчнээн хайртай байв ч нэг л ном уншмааргүй санагдах үе байдаг даа. Миний хувьд яг тийм үед өөрт  хамгийн их урам өгч чадах номыг олж уншвал ном унших хүсэл сэдэл дахин төрж, идэвхтэй уншигч болж хувирдаг.

Б.Дулам философичийн “Амьдралд бэлэн үү охин үр минь”, “Амьдралд бэлэн үү хүү минь” хэмээх хоёр номыг яг л ээж аав хоёрынхоо бичсэн захиаг уншиж буй мэт нулимс дуслуулан уншиж дуусахад ном унших хүсэл минь дахин төрсөн. Магадгүй та ном унших дургүй бол, нэг л болж өгөхгүй байгаа бол зүгээр л өөрт тохирсон таны сонирхлыг татах номыг уншаагүй байна гэсэн үг.

АРЬСАНДАА БЭЛЭГ БЭЛЭГЛЭВ

Нүүрээ хэчнээн гоё сайхан будсан ч арьс муухай бол будаг шингэхгүй, онцгүй харагддаг. Энэ үед хамгийн чухал нь гаднаасаа ч дотроосоо ч арьсаа чийгшүүлэх юм. Иймээс хөл хорио эхэлснээс хойш өдөрт 2-3 литр ус ууж, нүүрэндээ маск тавьж байна.

Дараагийн бэлэг юу вэ гэвэл анх удаа пудрийн хор тайлах үйлчилгээнд орж үзсэн явдал. Энгэсгийг удаан хугацааны турш хэрэглэснээр уг бүтээгдэхүүний найрлагад ихээр агуулагддаг цайр, тугалга зэрэг бодисууд арьсны гүнд шингэдэг тул өдөр тутмын, энгийн цэвэрлэгээнд гадагшилж чаддаггүй. Тиймээс арьсны гүнд хуримтлагдсан энэхүү хар тугалгыг гаргахын тулд тусгай бодис болон арьсны индүүг ашиглан гадагшлуулахыг пудрийн хор тайлах эмчилгээ гэдэг.

Пудрийн хор тайлуулсны дараа нүүрээ будахад будалт арьсанд гайхалтай сайн шингэж өгдөг. Тиймээс нүүрээ буддаг л бол пудрын хороо тайлуулж байх хэрэгтэй шүү. 

ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАВ

Дэлхий даяар сургуулийн насны хүүхдийн 60-90%, насанд хүрсэн хүмүүсийн бараг 100% шүдний цооролтой байдаг гэсэн судалгаа бий. Биеийн эрүүл мэнд амны хөндийн эрүүл мэндээс эхэлнэ. Иймээс шүдний эмчийн хяналтанд байж шүдээ тогтмол үзүүлж байх, өвчилсөн цаг тухайд нь эмчлүүлж байх нь чухал билээ. Миний хувьд хэд хэдэн шүд өнгөц цооролтой байсан бөгөөд үүнийгээ эмчлүүлж шүд цайруулах үйлчилгээнд орсон.

"ZERO WASTE" ХЭВ МАЯГТ СУРАЛЦАВ

Яг ч бүрэн дүүрэн суралцсан бол биш л дээ. Суралцах гэж хичээж байгаа гэвэл зохистой байх. Ингээд байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаягдлаа багасгах үүднээс нэгдүгээрт нэг удаагийн халбага сэрээ, соруулаас татгалзахаар шийдэн өөрийн гэсэн соруул болон халбага, сэрээ авав.

Хоёрдугаарт хуванцар сав байгальд 180-200 жилийн дараа шингэж алга болдог учраас хуванцар хог хаягдал гаргахгүйн тулд хуванцар савтай шампуниас татгалзаж хатуу шампунь хэрэглэх болов. Хатуу шампунь шингэн шампуниасаа дутахгүй бөгөөд үс зөөлрүүлж гялтгануулдаг юм билээ.

Гуравдугаарт угаалгын нунтгийг хэрэглээнээсээ хасаж савангийн самар хэрэглэж үзэхээр шийдэв. Савангийн самар нь байгалийн гаралтай учраас зөөлөн, хувцасны эдэлгээнд сайн, хурц үнэргүй, энгийн угаалгын нунтгаас хямд. Байгальдаа хайртай байна гэдэг нь дан ганц хогоо хогийн саванд хаях биш хаях хогоо багасгахын нэр юм. 

НОГООНЫ ЗУТАН ХИЙЖ СУРАВ

Хөл хорионы үеэр хэн хүнгүй л жин нэмж байна. Би л гэхэд 3 кг нэмсэн. Жингээ барихад хамгийн чухал зүйл бол дасгал хөдөлгөөн болон эрүүл, зөв хооллолт. Иймээс ногооны зутан хийж сурлаа. Энэ ногооны зутанг дүү нартаа ч өгөх боломжтой амин дэмээр баялаг, өег билээ. 

Улаан лоолийн зутан

Орц: 

  • Улаан лооль /6ш/
  • Сонгино /1ш/
  • Сармис /4 хумс/
  • Ус /500 гр/
  • Сүү /10 гр/
  • Томат паста /1 х.х/
  • Давс /амталгаагаар/

Хийх арга:

Сонгино, сармисаа сайтар хуурсаныхаа дараа 1 хоолны халбага томат паста, хэрчсэн улаан лооль, давс зэргийг хийж хутгана. Хагас минут хэртэй хугацаанд хутгасны дараа 500 гр ус нэмж буцалгаад холигч /миксер/-д хийнэ. Амталж хуурсан улаан лооль дээрээ 10 гр сүү, 3 хоолны халбага зөөхий хийж холино. Ингээд бэлэн болсон зутангаа хэсэг хугацаанд зөөлөн гал дээр буцалгаад л улаан лоолийн зутан маань бэлэн боллоо!

Сүүтэй ногооны зутан

Орц:

  • Төмс 
  • Байцай
  • Лууван
  • Сүү
  • Бууцай
  • Ус /500 гр/
  • Давс /амталгаагаар/

Хийх арга: 

Ногоонуудаа хэрчээд цөцгийн тосонд хуурна. Сайтар хуурсаныхаа дараа ус, давс хийж 15-20 минут буцалгана. Ингээд ногооны шөлөн болон сүүгээ холигч /миксер/-д хийн холино. Ингээд л сүүтэй ногооны зутан маань бэлэн боллоо!

#Хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ