Кпопын эргэн тойронд: "Lisa бол энэ цаг үеийн ШИЛДЭГ уран бүтээлч"


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-04-20

YOLO.mn сайтын зүгээс кпоп сонсогч залуустаа зориулан сүүлийн үед кпоп ертөнцөд өрнөж буй шинэлэг мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

SINXITY: LISA БОЛ ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ

"YG" энтертайнментад ажиллаж байсан Sinxity хэмээх уран бүтээлч Инстаграм хуудсаараа дамжуулан NCT хамтлагийн Mark болон Blackpink хамтлагийн Lisa нарын талаар бичжээ. Тэрээр: 

- “Lisa бол энэ цаг үеийн шилдэг уран бүтээлч. Бүхий л продьюсеруудын мөрөөдлийн дуучин гэхэд болно. Авьяас чадвар, бусдыг татах увдис, ёс суртахуун, хүчин чармайлт, гээд бүгдэд нь бараг 100 хувь гэж болохоор шилдэг. Lisa дадлагажигч байхдаа л хэнээс ч шүүмж сонсохооргүй чадварлаг нэгэн байсан. Тайзан дээр ч үүнийгээ харуулдаг. Хар багаасаа гэр бүлээсээ холдож Сөүлд амьдарсан залуухан охины хүчин чармайлт үнэхээр зоригтой бас үзэсгэлэнтэй санагддаг.

Lisa, Mark хоёрын хөдөлгөөн, тэдгээрийг илэрхийлж буй байдал нь үнэхээр ер бусын шүү. Хэдийгээр тэд тайзан дээр ганцаараа гардаггүй ч миний анхаарал өөрийн эрхгүй тэр хоёр дээр л очдог. Өөр өөр тайзан дээр байгаа ч тэр хоёрын аура нь адилхан. Lisa авьяастай төрсөн ч та бүхэн түүнийг маш хүчин чармайлт гаргадаг гэдгийг нь төвөггүйхэн мэдрэх байх. Тэр Инстаграмд хамгийн олон дагагчтай кпоп уран бүтээлч. Гэхдээ Lisa-гийн чадварыг үнэлэхгүй байна гэж олон хүмүүс ярьдаг. Түүнд бие даасан цомог ч байхгүй л дээ. "YG" сугалаанд хожсон ч банканд очиж дансаа шалгаагүй байгаагаас ялгаа алга. Миний хувьд "YG" энтертайнментийг Lisa л ганцаараа 10 триллион вонын үнэд хүргэдэг. Mark ч  мөн адил бусдад хангалттай үнэлэгдэхгүй байгаа хүн. Тэр NCT юнитүүдийн ихэнхэд нь байдаг ч өөрт нь тохирохгүй дүр төрхтэй болчихдог. Mark-ийн үнэ цэнийг 7 дахин өсгөөч "SM"…”

MINZY "MUSIC WORKS" ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ГЭРЭЭГЭЭ ДУУСГАЛАА

Дуучин Minzy 2019 оны сүүлд “Music Works” энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцлахаар шүүхэд хандсан билээ. Тэрээр 2016 онд 2NE1 хамтлагаас гарч буйгаа мэдэгдэж, "YG" энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгосон юм. Ийнхүү сарын дараа “Music Works” энтертайнментийн уран бүтээлч болсон ч энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гэрээгээ цуцалсан гэдгээ мэдэгджээ.

BONA ОЛОН АНГИТ КИНОНЫ САНАЛ ХҮЛЭЭЖ АВЧЭЭ

WJSN хамтлагийн дуучин Bona KBS телевизийн шинэ цувралын гол дүрд тоглох санал хүлээн авсан байна.

Одоогоор киноных нь нэр албан ёсоор батлагдаагүй ч “Lovers of Samkwang Villia” гэх зохиолынх нь нэрээр нэрлэж байгаа аж. Харин үйл явдал нь Samkwang хэмээх хороололд амьдарч буй хүмүүсийн харилцаа, хайр сэтгэл, гэр бүлийн амьдралын талаар өгүүлэх бөгөөд дэлхий ертөнц хэчнээн хэцүү байсан ч хүмүүс хоорондын харилцаа бол хамгийн чухал зүйл гэх мэссежийг хүмүүст өгөхийг зорьж байгаа гэнэ. Bona-гийн агентлагаас түүнийг зохиолтойгоо танилцаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд хэрэв тэр зөвшөөрвөл Lee Hae Deun хэмээх хэрсүү охины дүр бүтээх юм байна.

BLOCK B ХАМТЛАГ 9 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖЭЭ

Кпоп ертөнцөд шинэ өнгө төрх нэмж чадсан шилдэг хамтлагуудын нэг болох Block B хамтлаг 9 жилийн ойн баяраа тэмдэглэжээ. Хамтлагийн гишүүн Taeil хэлэхдээ: 

- ”Миний мэндчилгээ бага зэрэг оройтчихлоо. Өнөөдөр бол Block B хамтлаг урлагт хөл тавьсны 9 жилийн ойн баяр. Өнгөрсөн жилүүдэд бидэнд хайраа илгээж байсан шүтэн бишрэгчдэдээ баярлалаа. Биднийг урт удаан хугацаанд дэмжиж байсан "Seven Seasons" энтертайнментийн арын албаныхан болон Block B хамтлагийн гишүүд маань үнэхээр шаргуу хөдөлмөрлөсөн. Цаашдаа ч илүү сайхан дурсамж бүтээхийн төлөө хичээцгээе!” гэжээ. Харин B-Bomb хэлэхдээ:  

- “Сайн байцгаана уу? Block B хамтлагийн гишүүн B-Bomb байна. Манай хамтлаг байгуулагдаад аль хэдийнэ 9 жил болчихжээ. Энэ жил би хамтлагийнхаа есөн жилийн ойг цэргийн албанаас тэмдэглэж байгаа болохоор их онцгой санагдаж байна. Би цэргийн албаа эрүүл энх хааж дуусгаад удахгүй тайзан дээрээс та бүхэнтэй мэндчилэх болно. 9 жилийн турш биднийг дэмжиж байгаад маш их баярлалаа”

Мөн Block B хамтлагийн ахлагч асан Zico ч шүтэн бишрэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр 2019 оны эхээр хамтлагаасаа гарч хувийн энтертайнментаа байгуулсан юм. Тэрээр хэлэхдээ: 

- "Сайн байцгаана уу? Zico мэндчилж байна. Block B хамтлаг маань байгуулагдаад аль хэдийнэ 9 жил өнгөрчээ. Жил бүрийн ойн өдрөөр их онцгой байдаг ч ганц л зүйл хачирхалтай байх юм. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Хамтлагийн гишүүд маань ч аль хэдийн 30 нас хүрчихсэн, хоёр нь цэргийн алба хааж байна. Гэхдээ тун удахгүй бид хамтлагаараа цуглаж та бүхэнд илүү хөгжилтэй зүйлс харуулна гэж найдаж байна. Хүн бүрд л олон янзын шалтгаанаар ямар нэгэн хэцүү зүйл тохиолддог шүү дээ. Тиймээс удахгүй бүх зүйл сайхан болно гэж итгээрэй. Тэр өдрийг хүртэл эрүүл мэнддээ анхаарах нь хамгийн чухал шүү. Аз жаргалтай сайхан амьдарцгаая. Мөн Block B хамтлагийн шүтэн бишрэгч болсонд үргэлж талархаж явдаг шүү. Peace" 

BTS ХАМТЛАГИЙН ШИНЭ РЕКОРД

Youtube-ийг BTS хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Тодруулбал BTS хамтлагийн шинэ уран бүтээл, шинэ цомог бүр нь Youtube дэх хитүүдийн жагсаалтад ордог гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ удаад ч тэд шилдэг гэдгээ баталж Youtube дэх хамгийн хурдан хугацаанд 750 сая хандалт авсан эрэгтэй кпоп хамтлаг болж чадсан байна. 

Тус хамтлагийн “Boy With Luv” хэмээх уран бүтээл нь Youtube-д 750 сая хандалт авсан бөгөөд уг дуу нь цацагдаад ердөө л 1 жил болж байгаа юм. Өмнөх рекордыг нь мөн л BTS хамтлаг эзэмшиж байсан ба тэдний “DNA” хэмээх дуу нь 1 жил 8 сарын дотор 750 сая хандалт авч байжээ.

ASTRO ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

"Fantagio" энтертайнментаас дөрөвдүгээр сарын 14-ний өдөр: 

- “ASTRO хамтлаг тавдугаар сард шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа. Хамтлагийн гишүүн Moonbin энэ удаад хамтлагийн үйл ажиллагаанд оролцоно” хэмээн мэдэгдсэн байна.

Moonbin өнгөрсөн оноос эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар хамтлагийн үйл ажиллагаанаас завсарлага авсан билээ. 

ДУУЧИН AILEE БОЛОН RAVI НАР ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

VIXX хамтлагийн гишүүн Ravi Инстаграм хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ баяртай мэдээ дуулгажээ. Тэрээр БНСУ-ын хамгийн чадалтай хоолойтой дуучдын нэгт тооцогддог дуучин Ailee-тэй хамтарсан уран бүтээл хийхээр болсон байна. Тэдний шинэ дуу энэ сарын 28-ны өдөр цацагдах аж.

Дуучин Ailee-гийн хувьд өнгөрсөн онд АНУ-ын “Sun and Sky” дуу бичлэгийн студитэй хамтран анхны гадаад хэл дээрх уран бүтээлээ гаргасан билээ.

Эх сурвалж: All Kpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #Big Bang #Blackpink