ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-04-15

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хүмүүс намайг шалиг гэж хэлэх вий гэхээс айж байна 

Сайн байна уу? Би 10-р ангид сурдаг. 9-р ангид ордог намар сургуулийнхаа дээд ангийн хөвгүүн А-д татагдаж 1 жил нууцхан хайрласан. Үнэндээ нууцхан ч биш л дээ. Тэр намайг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан. Тэр битгий хэл бараг ангийнхан нь ч хүртэл мэддэг байсан. Тэр өмнө жилийн хавар өөр охинтой үерхэхдээ надад "чамайг надад сайн гэдгийг мэдэх ч намайг уучлаарай" гэж хэлсэн. Надад маш хэцүү байсан ч би аз жаргал хүссэн. Гэтэл тэр хоёр удалгүй салсан.

Харин 10-р ангид ордог намар намайг үерхье гэж гуйхад нь би баярлаад үерхчихсэн. Олон зүйл нуршихийг хүссэнгүй. Бид арваннэгдүгээр сарын сүүлээр саллаа. Тэгээд би бас өөр нэгэн хөвгүүнтэй 1 сард үерхээд салсан юм. Гэтэл А тэрийг аль хэдийнээ мэдчихээд "би чамайг хүлээнэ, дахиж гомдоохгүй" гэсэн. Би А-тай дахиж дотносохыг хүсэж байгаа. Түүнийг нууцхан хардаг хэвээрээ. Магадгүй үерхчихвэл хүмүүс намайг экстэйгээ нийлсэн, шалиг энээ тэрээ гэж бодно гэхээс айж байна. Би аймагтаа дажгүй мундаг сурагчид ордог болохоор маш айж байна. Гэтэл би А-г маш их санаад нийлчихмээр л. Яах вэ? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Эцсийн шийдвэрийг чи л гаргана. 

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Хайр сэтгэл, үерхэлд тодорхой ингэ гэсэн зөвлөмж байдаггүй. Эцсийн шийдвэрийг чи л гаргана. Бусад хүмүүс яагаад чамайг муугаар хэлнэ гэж бодох болсон бэ? Өөрийн чинь хосын харилцаанд бусад хүмүүс хамааралтай гэж үү? А-тай буцаад үерхэх эсэх нь өөрийн чинь сонголт. Хэрэв үерхэж эхлэхээр болбол цаашид хэрхэн эрүүл харилцаатай үерхэл бий болгох вэ, хэрхэн бие биедээ өөрсдийн бодлыг зөвөөр ойлгуулж, бие биенээ гомдоохгүй байх талаар анхаарах нь зүйтэй болов уу? Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ээж маань миний Фэйсбүүкийг шалгадаг

Сайн байна уу? Би 17 настай, тѳгсѳх ангийн сурагч. Ээж минь намайг анх Фэйсбүүк нээхэд л нууц кодыг минь авч шалгадаг байсан. Одоо хүртэл тэгдэг. Миний найз банди, найзууд хүртэл мэддэг. Миний хувийн зүйлд нэвтэрч шалгах нь надад муухай санагдуулж, намайг тавгүйтүүлдэг. Гэхдээ хэлэх гэж оролдох бүрд тэр намайг дандаа "чамайг насанд хүртэл чинь би чамайг хянах эрх үүрэгтэй" гэж загнадаг. Гэхдээ яг үнэндээ би эрхээ эдэлж чадахгүй байгаа шүү дээ. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ нь чамд ямар мэдрэмж төрүүлдгийг хэлээрэй

Сайн байна уу? Бидэнд хандсанд баярлалаа. Өсвөр насны хүүхдийнхээ хувийн аккаунт руу нэвтрэх нь зөв үү гэдэг тал дээр эцэг эхчүүд, судлаачид өөр өөр байр суурьтай байдаг ч ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн орон зай руу нэвтэрдэггүй бөгөөд бараг л бүх судлаач нар хүүхдийнхээ хувийн аккаунтыг шалгахыг дэмждэггүй. Учир нь энэ үйлдлээрээ эцэг эхчүүд хүүхдэдээ итгэхгүй байгаагаа харуулж байдаг. Үүнээс болоод хүүхдийн өөртөө итгэх итгэл буурах, түгшимтгий болох эрсдэл үүсдэг гэсэн судалгаа бий.

Бас хүүхдийнхээ аккаунтыг шалгадаг аав ээж нар өөрсдөө их айдас, түгшүүртэй хүмүүс байдаг. Ээжийн чинь хувьд чамд муу зүйл битгий тохиолдоосой гэж хүссэндээ, бас өөрийгөө чиний өмнө 100 хувь хариуцлага хүлээх хүн гэж ойлгодог учир сайн ээж байх гэсэндээ уг үйлдлийг хийдэг болов уу? Энэ үйлдэл нь чамд яаж сөргөөр нөлөөлөөд байгааг өөрийнхөө үгээр, эмх цэгцтэй, нухацтай тайлбарлаж ээждээ хэлээрэй. Жишээ нь: чиний мессежийг уншихгүй байсан ч чи буруу зүйл хийхгүй, өөрийгөө удирдаж захирч чадна гэдгээ хэлээрэй. Эсрэгээрээ бүх зүйлийг чиний өмнөөс удирдаад байвал чамд өөрийгөө удирдах боломж олдохгүй байгаа учраас энэ чадвар хөгжихгүй байна гэж хэлээрэй. Бас энэ үйлдэл нь чамд ямар мэдрэмж төрүүлдгийг хэлээрэй. Өөр ямар зүйлс хэлбэл ээжийгээ ятгаж чадах вэ гэж бодоорой. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Хэрхэн стрессгүй байх вэ?

Сайн байна уу? Би одоо 14 настай, 9-р ангийн сурагч охин. Би хааяадаа ганцаараа амьдармаар санагдаж эсвэл чимээгүйхэн газар баймаар санагддаг. Мөн ойрын өдрүүдэд бараг байнга стрессдэж, уур уцаартай, муухай ааштай, тайван байж чадахгүй болж. Гэрийнхнийхээ өөдөөс сөргөлдөж хэрэлдээд, дүүгээ жаахан алдаа гаргахад л загнаад байх юм. Өөрийгөө болохгүй байгааг мэдээд байгаа хэрнээ нэг л мэдэхэд уурлачихсан байгаад энэ байдлаасаа болоод ч стресстээд байна.

Жижиг асуудлуудаас болж ингэмээргүй байвч араас нь ахиад л асуудлууд хөврөөд ... Өөрийгөө юунд ч дуртайгаа мэдэхгүй. Харин солонгос кино үзэж тайтгарал авж үүнээс хүсэл зорилготой болж байгаа ч гэрийнхэн маань намайг Солонгосоор өвчлөөд болиоч гээд ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй байх. Гэрийнхэнтэйгээ ярилцахыг хүсдэг ч ээж намайг олон юм яриад, хий хоосон бүтэхгүй зүйлс бодоод хэрэггүй гэдэг. Би яаж өөрөө өөрийгөө олж стрессгүй байх вэ? Яаж тэд намайг жаахан ч гэсэн ойлгодог болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Стресстэй үед хөлсөө гаргахад тайвширдаг 

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Сүүлийн үед юунаас болоод бухимдаад байгаа юм бол? Ямар нэг зүйл тохиолдсон уу? Юунаас болоод уурлаад байгаагаа ойлгочихвол уур аяндаа багасчихдаг. Сүүлийн үед хичээлдээ явахгүй, ихэнх цагаа гэртээ өнгөрөөгөөд, гэрийнхэн чинь чиний хувийн орон зайд халдаад, түүнээс болоод стрессдээд байж магадгүй юм.

Бас өсвөр насны дааврын өөрчлөлтөөс үүдэх сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг сонсож байсан байх. Хүн бүрд энэ үе тохиолддог ба хүн бүр үүнийг янз бүрээр даван туулдаг. Гол нь өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй. Хүн өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж чаддаг учраас амьтнаас ялгагддаг. Өөрийгөө удирдаж сурсан хүнийг насанд хүрсэн хүн гэдэг. Тиймээс цаанаасаа л уур хүрээд байх юм гээд уурлаад байвал улам л их уурладаг болно.

Харин би яаж өөрийгөө тайвшруулах вэ? Яаж бухимдахгүйгээр өөрийгөө илэрхийлж сурах вэ? гэдэгт төвлөрөөрэй. Жишээ нь өөрийгөө тайвшруулах аргуудад дасгал хийх, гүйх, уурласан үедээ 100 тоолох, гэрээ цэвэрлэх гэх мэт ордог. Ерөнхийдөө стресстэй үед биеэ хөдөлгөж хөлсөө гаргах юм бол тайвширдаг. Чи сүүлийн үед хэт их дэлгэц үзээд биеэ хөдөлгөхгүй байгаа юм биш биз?

Харин уурлахгүйгээр өөрийгөө илэрхийлж сурахын тулд хэл яриагаа хөгжүүлэх хэрэгтэй. Дотор чинь юу мэдрэгдээд байгааг үгээрээ оновчтой илэрхийлж сурна гэсэн үг. Хэрвээ ээж чинь ойлгохгүй байвал “би өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж байна, энэ бол орчин үед чухал ур чадвар” гэж тайлбарлаарай. Заримдаа ээж аав нар ч хүүхдээсээ сурдаг шүү дээ. Харин хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ, тухтай ярилцах хэрэгтэй бол сэтгэл зүйчтэйгээ ярилцаж болно шүү дээ. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Би хүний нүд рүү харж чаддаггүй

Захидал очих өдрийн мэнд. Би одоо 20 хүрээгүй өсвөр насны охин. Би хүмүүсийн нүд рүү эгцэлж харж чаддаггүй. Гудамжинд явахад харах зүйл олдохгүй их хэцүү байдаг. Газар ширтээд явах нь хаашаа юм, барилгын хана ширтээд явахад нэг эвгүй. Уул нь урагшаагаа харж явмаар байдаг. Даанч урд хүмүүс байгаад байдаг, тэд нар нь заримдаа над руу хардаг болохоор харц өөрийн эрхгүй далдираад байдаг юмаа.

Гудамжинд явах хугацааныхаа 90 хувьд нь хаашаа харах тухайгаа бодож хайж зовж өнгөрөөнө. Хүнтэй хамт ярилцаад явахаар тэгдэггүй. Харин ганцаараа явахад л тэгдэг. Бас өөр хүнтэй ярилцахад би хаашаа харахаа мэддэггүй. Тухайн хүний нүд рүү харж чаддаггүй. Хүнтэй харц тулгарахаас зүрхшээдэг гэх юм болов уу? Их зовлонтой юмаа. Урьд нь бага байхдаа тэгдэггүй байсан юм. Яг яах вэ? Танд надад хэлэх зөвлөмж байна уу?

ЗӨВЛӨГӨӨ: Айдастайгаа нүүр тул

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Чи насан туршдаа бусдын харцнаас зугтаж амьдарч чадахгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө ялан дийлж, айдастайгаа нүүр тулаарай. Эхлээд яагаад хүний нүд рүү харахаас айдгаа ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи өөрөө яаж ч бодоод ойлгож чадахгүй байвал сэтгэл зүйчтэй уулзаарай. Дараа нь бага багаар өөрийгөө дасгах хэрэгтэй.

Айдастайгаа нүүр тулах 8 алхамт арга байдаг. Үүнийг интернетээс хайж уншаарай. Эсвэл бидний орчуулсан "Өөрийгөө болон гэр бүлээ халамжлах" номонд энэ талаар дурдсан байгаа. Гол нь бага багаар даван туулах юм шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Аав ээжийнхээ үгийг дагах уу, эсвэл...

Сайн байна уу? Захиа уншиж буй энэ өдрийн мэндийг хүргэе! Би 15 настай, айлын ганц, жирийн л нэг охин. Аав ээж минь 36 настай. Монголд амьдарч байх хугацаанд гоё байсан мэт санагддаг. Гэхдээ тухайн үедээ тийм их аз жаргалаа төдийлөн анзаардаггүй байсан гэдгээ өдгөө алс холд сурч, эх орон эцэг эхийгээ санахдаа л мэдэрч байна. "Энд сурах боломжтой байна, үүнийг алдалгүй наана сайн сураад тэтгэлэг аваад сайн англи хэлтэй бол" гэж эцэг эх хоёр минь дандаа л хэлдэг. Гэхдээ энэ их боломж байгаа ч үүнийг одоо ашигламааргүй байна. Ирээдүйд өөрийнхөө хөдөлмөрөөр олсон амжилтаа ашиглаж өөрийн хүсэж мөрөөдөж буй тэр сургуульдаа өөрийнхөөрөө сурмаар байна.

Монголд байхад би их өндөр төлбөртэй хувийн сургуульд сурдаг байсан. Аав ээждээ ч өөр бага төлбөртэйд суръя гэж хэлж байсан ч чиний ирээдүйн төлөө гэдэг байсан аав ээжийнхээ сэтгэлийг нь бодоод өөрийнхөө төлөө нэг ч удаа хичээл дээрээ муу авч ээж аавынхаа чихнээс хонх уяулж байгаагүй. Бас монголд байхдаа би их нийтэч, олон талын авьяастай охин байлаа. Гэхдээ одоо энд ирснээсээ хойш энэ улсын хэлээр ярих их хэцүү болохоор өөрийнхөө сайн чаддаг, мэддэг зүйлийг бусдад илэрхийлэх чадвар минь улам доройтсон.

Өсвөр насанд найз гэдэг хүн маш том орон зай эзэлдэг. Миний хувьд ч бас. Энд ч бусдыг жоохон ч гэсэн татах чадвараараа Хятад хүүхдүүдтэй нэлээн дотно найзалж байгаа. Гэхдээ тэд нар монголоор ярьж чадахгүй, хааяа англиар ярихад төвөгтэй санагддаг. Тийм ч учраас би ганцаардаад байгаагаа ойлгосон. Бас дотор минь нэг л хоосон санагдаад байна. Би яг яах ёстой бол? Аав ээжийнхээ үгийг ойшоож буцах, эсвэл ирээдүйнхээ төлөө өөрийгөө золиосолж бас дургүй зүйл рүүгээ тэмүүлэх үү? 

Дараагийн асуудал бол би 2018 онд ангийнхаа нэг найзтайгаа илүү дотно болж үерхсэн ч удаагүй салсан. Бусад хосууд салаад ямар ч холбоогүй байдаг бол тэр бид 2 салсныхаа дараа бүүр ч илүү дотно найзууд болсон. Гэхдээ намайг явсны дараа надтай харьцахаа больсон. Би ч одоо гуйхгүй гэж шийдээд орхисон ч заримдаа зүүдэнд орж ирээд өмнө минь уйлаад байдаг болохоор шууд сэрчихдэг. Тэр хүүхдэд би буруу юм хийсэн тэгээд л найз байхаа больсон. Би түрүүлж уучлалт гуйх хэрэгтэй болов уу? Эсвэл зүгээр л хаячих уу? Надад туслаач. Анхаарал тавьж уншсанд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье!

ЗӨВЛӨГӨӨ:

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Гадаадад ганцаараа сурч, амьдрахад хүнээс сэтгэлийн тэнхээ, тэсвэр, зорилготой байдал гээд олон зүйл шаарддаг. Чи өсвөр насан дээрээ гэр бүл, найзуудаасаа хол, сайн мэдэхгүй хэлээрээ хүмүүстэй харилцаж, амьдарч байгаа учир чамд илүү хэцүү байгааг ойлгож байна. Гэвч хүн хаана ч, хэзээ ч, ямар ч чиглэлээр сурсан өөрт муугаар нөлөөлнө гэж байдаггүй. Явсан нохой яс зууна, суусан цэцнээс явсан тэнэг дээр гээд л олон зүйр үг байдаг. Байгаа орчноосоо давуу талыг нь олж харж, шинэ зүйлүүдэд сурч чадвал чиний сэтгэл санаа дээрдэхэд ч тусална.

Чи Хятадад байгаа бололтой. Бас өөр өндөр хөгжилтэй орон руу ч юм уу явж сурах сонирхолтой бололтой. Гэхдээ чамд Хятадад сурсан туршлага чинь хэзээ ч муугаар нөлөөлөхгүй. Хүсвэл чи ирээдүйд дуртай газар руугаа явж сурч болно шүү дээ. Тиймээс бидний зүгээс одоо байгаа газрынхаа давуу талуудыг олж харж, цагаа идэвхтэй өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна.

Хоёр дахь асуултын хувьд хэрвээ чи буруу зүйл хийснээ мэддэг, бас түүнээс болж шаналдаг бол уучлал гуйх нь зөв шүү дээ. Энэ нь нэг талаасаа өөрийгөө энэ хэцүү мэдрэмжээс чөлөөлж буй хэрэг юм. Тэр заавал чамайг уучилж та хоёр дахин найзлах албагүй. Гол нь чи гэмшиж байгаагаа л илэрхийлээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter