Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч: Lauv


“Орчин цагийн ганцаардал 
Бид хэзээ ч ганцаараа байдаггүй ч
Үргэлж сэтгэл гутарсан хэвээр
Найзууддаа үхтлээ хайртай ч
Хэзээ ч залгаж, зурвас илгээдэггүй”

“Modern Loneliness” - Lauv

Долоо хоног бүрийн пүрэв гарагт YOLO.mn сайтаас хөтлөн гаргадаг “Artist of the Week” булан энэ удаад АНУ-ын дуучин, дуу зохиогч Lauv-ийг онцлоход бэлэн болоод байна.

Дунд сургуульд байх үеэсээ л дуу зохиож эхэлсэн, сонсоод л тайвширч орхим уянгалаг хоолойтой түүний жинхэнэ нэрийг Ari Straprans Leff гэдэг. Ari нь Еврей хэлнээ арслан гэх утгатай тул тэрээр тайзны нэрээ Lauv буюу Латви хэлнээ арслан (Lauva) гэх утгатай нэрээр сонгожээ.

11 настайгаасаа л гитар, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсгүүдийг тоглож эхэлсэн Lauv дуу зохиохдоо гаргууд нэгэн. Тэрээр 2014 оныг хүртэл гол төлөв бусад уран бүтээлчдэд л зориулж дуу бичдэг байв. Харин 2014 онд дуу зохиогч Micheal Matosic-той хамтран бичсэн “The Other” дуу нь түүний хоолойд гайхалтай зохицож байсан учраас дуулахаар болжээ. 

Lauv салалтаасаа улбаалан “The Other” дуугаа бичсэн бол 2017 онд цацагдсан түүний анхны хит дуу болох “I Like Me Better” нь Нью-Йорк хотод нүүж ирээд удаагүй байхдаа эхлүүлсэн үерхлээсээ санаа аван бичсэн дуу аж. 

“Би чамтай байхад илүү дуртай
Анх учраад л мэдсэн, удаан хугацаанд үлдэнэ гэдгээ
Учир нь би чамтай байхдаа илүү дуртай”

“I Like Me Better” - Lauv

Ийнхүү түүний уран бүтээлүүд олонд танигдаж эхэлсэн бөгөөд 2017 онд тэрээр Их Британийн алдарт уран бүтээлч Ed Sheeran-ийн Ази тивд зохиогдсон “The Divide” аялан тоглолтод оролцож байсан юм.

Харин өөрийн хамгийн анхны аялан тоглолтоо 2018 онд эхлүүлсэн бөгөөд үүнийгээ “I Met You When I Was 18” хэмээн нэрлэжээ. Энэ аялан тоглолтын хамгийн содон хэсэг нь Lauv-ийн “Миний Гунигт Бодлууд” нэртэй хайрцганд шүтэн бишрэгчид нь өөрийн ямар ч хамаагүй бодлыг бичээд хийх боломжтой явдал байв. Lauv тэдгээр бодлуудаас нь үндэслэн “Superhero” нэртэй дуу хүртэл бичиж байжээ. 

"Би супер баатартай уулзаж байсан ч
Түүнийг алдаж орхисон
Одоо харин эргүүлж авахыг хүсэж байна
Тэр надад хэний ч хийж чадахгүй зүйлсийг хийж өгсөн
Харин одоо түүнийг нь санаж байна"

“Superhero” - Lauv

Ийнхүү тоглолтынхоо дундуур буюу 2018 оны тавдугаар сард “I Met You When I Was 18” гэх 17 дуунаас бүтсэн дууны цуглуулгаа цацсан юм. Тэрээр үүнийгээ "Нью-Йорк хотод нүүж ирээд хамгийн анх удаа дурласан тухай минь өгүүлэх дууны цуглуулга" хэмээн дүрсэлсэн.

“Paris In The Rain” гэх уран бүтээл нь ч мөн энэхүү цуглуулгад багтдаг. Уг дуу нь "Дурлалт нэгэнтэйгээ л байхад өөр ямар ч тансаг, үнэтэй зүйлс хэрэггүй. Учир нь хаа ч байсан түүнтэй хамт байхад яг л Парис хотын хаа нэгтээ хамтдаа бороонд зогсож буй мэт санагдана" гэх утгатай. Эдгээр дуунууд дурлаж үзээгүй хүнд ч дурлачихсан мэт мэдрэмж төрүүлэм тийм л нандин байх аж.

"Бидэнд тансаг хотхон эсвэл
Нэрийг нь ч дуудаж чадахгүй дарснууд хэрэггүй
Учир нь хаа ч байсан, хонгор минь
Яг л Парист борооноор байгаа мэт санагдана"

“Paris In The Rain” - Lauv

Харин 2019 онд тэрээр дуучин Troye Sivan-тай хамтран “I’m So Tired” дуугаа цацсан нь олон шүтэн бишрэгчдийнх нь хүсэл мөрөөдлийг биелүүлсэн явдал байсан юм. Тэд хоорондоо ихээхэн төстэй ч зарим талаараа тэс өөр уран бүтээл туурвидаг хүмүүс. Тиймдээ ч тэднийг хамтад нь сонсож дэмждэг шүтэн бишрэгчид их байдаг билээ. 

"Хайрын дуунуудаас залхаж байна
Хайрын дуунуудаас, бас хайраас залхаж байна
Зүгээр л гэртээ харимаар байна"

“I’m So Tired” - Lauv ft. Troye Sivan

/ Та дуучин Troye Sivan-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай./

Troye Sivan-тай ажиллах нь түүний хувьд маш гайхалтай байсан төдийгүй тэдний хамтдаа хийсэн дуу нь их олон хүнд хүрсэн. Гэсэн ч Lauv яг энэ дуугаа “Jimmy Kimmel Live!” шоун дээр дуулчихаад “Бурхан минь, үүнийг ахиад хийж чадахгүй нь” гэж бодсон тухайгаа хэлж байсан.

Тэрээр студидээ хөл тавих бүрд маш ихээр түгшдэгээсээ болоод дуу бичихдээ авдаг жаргалтай мэдрэмжүүдээ авахаа больсон байжээ. Тус шоуны дараа Lauv найзуудынхаа зөвлөсний дагуу сэтгэл зүйчтэй уулзсанаар сэтгэл гутрал болон түгших эмгэгтэйгээ тэмцэж эхэлсэн юм. 

“I Like Me Better” дуу нь томоохон жагсаалтуудыг тэргүүлсэн гайхалтай амжилтуудынх нь нэг байсан ч түүнийг “заавал үүнээс илүүг хийх хэрэгтэй, тийм л зүйлд хүрчихвэл би илүү жаргалтай байна” гэх хайрцагт оруулсан аж. 

Харин 2019 оны дөрөвдүгээр сард гаргасан “Drugs and Internet” дуу нь түүнийг дуу бичихэд эргэн дурлуулсан түлхүүр гэж хэлж болно. “I Like Me Better” болон “Drugs and Internet” гэх уран бүтээлүүд нь илэрхийлж буй утга санааны хувьд тэс өөр хэдий ч Lauv-ийн хувьд бүхнийг төгс байлгах гэж хичээхээс илүү урсан гарч буй мэдрэмжээс нь бүтсэн гэдгээрээ ижил гэнэ. 

"Drugs and Internet" дуу нь өөрт төрж буй хоосон мэдрэмжтэйгээ тэмцэж, буцаад аз жаргалтай болж буй түүнийг дүрслэх “How I’m Feeling” цомогт нь багтсан билээ. 

“How I’m Feeling” цомог нь түүний дуу бичих "эрх чөлөөг" дахин олгоод зогсохгүй өөрийнхөө зургаан өөр талыг хүлээн зөвшөөрөхөд нь тусалсан гэдэг. Та тус цомгийн албан ёсны ковер зургаас түүнийг болон түүний өөр өөр хувцастай, өөр өөрийн хэв маягтай зургаан талыг олж харах боломжтой. 

Lauv энэ талаар нэгэн ярилцлагадаа:

- “ Надад өөрийгөө "найдваргүй болсон романтик нэгэн" гэж бодоод, энэ бодолдоо гүн гүнзгий автаж байсан үе бий. Мэдээж энэ романтик нэгэн бол миний нэг хэсэг мөн хэдий ч урлагийн салбарт байхдаа өөрийн бусад "сонин" талуудаа илчилж болохгүй юм шиг санагддаг байсан. Хүн бүр л бүгдийг нэгэн бүхэл мэт байгаасай гэж хүсдэг. Тэгвэл би “How I’m Feeling” цомогтоо яг энэ үзлийн эсрэг үзлийг гаргасан"

Түүний энэхүү цомгоос iTunes чартад хамгийн өндөр байрыг эзэлсэн уран бүтээл нь BTS хамтлагийнхантай хамтарсан “Who” хэмээх дуу байв. Гэвч энэ дуу нь тэдний анх удаа хамтран ажиллаж буй тохиолдол биш аж. Тухайлбал тэд өмнө нь дуучин Ed Sheeran-ийн BTS хамтлагийнхантай хамтран бичсэн “Make It Right” дуун дээр хамтран ажиллаж байсан билээ. Алдаа гаргасан ч түүнийгээ засаж, боломж л олдвол би энэ удаад чамайг илүү чангаар тэврэх болно гэх утга бүхий “Make It Right” дуунаас хамтдаа унтаад сэрсэн ч хүйтэн хөндий санагддаг болчихож гэх утгатай гэх “Who” хэмээх дуу илүү гунигтай. 

“Чи хэн бэ?
Миний дурласан охин чи биш байна, хайрт минь
Ямар нэг зүйл өөрчлөгдчихөж, үүнийг үзэн ядаж байна
Хайрыг хүлээсээр залхаж байна
Чамайг цор ганц тэр нэгэн биш гэдгийг мэдэж байна”

“Who” - Lauv ft. BTS (Jimin, Jungkook)

Ийнхүү та бүхэнд уламжлал ёсоороо дуучин Lauv-ийн дуунуудаас санал болгож байна. Дараа долоо хоногт ахин нэг уран бүтээлчийн уран бүтээлүүдээр эргэн уулзацгаая. 

INVISIBLE THINGS

SAD FOREVER

EASY LOVE

BREATHE

SIMS

F*CK, I’M LONELY

MEAN IT

#Artist of the Week #Lauv