Би хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ? №4


Сэтгүүлч О.Чинбаяр | YOLO.MN
2020-04-07

Yolo.mn сайтын сэтгүүлч залуус маань хөл хорио тогтоосон энэ үед гэртээ өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж буй талаар хуваалцаж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэтгүүлч О.Чинбаяр өөрийн туршлагаас хуваалцлаа. 

Хөл хорио тогтоосон өдрүүдийг уйдах завгүй л өнгөрүүлж байна даа. Гадуур хөл хөдөлгөөн бага байгаа ч аль болох гадаа гарахыг хичээлгүйгээр гэртээ өөрийгөө завгүй байлгах төлөвлөгөөг бодон олж, шинэ шинэ санаанууд гаргаж ирэхийг зорилоо. Оюутан сурагчид маань зурагт үзэж, тоглоом тоглохоос илүүтэйгээр шинэ зүйл сурч мэдэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна.

ШИНЭ ХООЛ ХИЙЖ СУРСАН

Өмнө нь хичээл ном гээд их завгүй байдаг байсан учраас өөртөө болон гэр бүлийнхэндээ нэг их анхаарал халамж тавьж чаддаггүй байлаа. Харин хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хайртай хүмүүстээ өөрийн гараар өмнө нь хийж байгаагүй шинэ хоолнууд хийж өгөх нь маш сонирхолтой санагдсан шүү. 

Шинэ хоол хийж сурахад Tasty, Tastemade, Food Network, Your Food Lab зэрэг Youtube сувгууд их тус болсон шүү. 

ШИНЭ ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН

Шинэ хэл сурахаасаа өмнө өөртөө зорилго тавих хэрэгтэй. Би яагаад энэ хэлийг сурах хэрэгтэй гэж? Энэ хэлийг сурчихвал цаашид юунд ашиглах билээ гэх мэтээр өөрөөсөө асуугаарай. 

Миний хувьд зуны амралтаараа Япон улс руу явах зорилготой байгаа учраас япон хэлийг бие даан сурч эхэлсэн. Дан ганц хэлийг нь бус тухайн улсынхаа соёлынх нь талаар давхар судалбал илүү үр дүнтэй байдаг. 

Япон хэлийг маш энгийн бөгөөд хялбар аргаар заадаг олон үнэгүй аппликейшнүүд бий. Миний хувьд Japanese FEL, Kanji, Duolingo зэрэг аппликейшнүүдийг ашигладаг. Харин эдгээрээс хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой санагдсан нь Duolingo байсан. Энэхүү апликейшн дан ганц япон ч гэлтгүй нийт 30 гаруй хэлийг сурахад тусалдаг. Ямар ч хэлийг сурахад дан ганц аппликейшнд найдалгүйгээр ном, сурах бичгийг ч ашиглах нь зүйтэй гэдгийг та бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. 

ШИНЭ АЖИЛД ОРСОН

Би хөл хорионы үеэр өөрийгөө хөгжүүлэхээс гадна ажил хийж санхүүгийн хэрэгцээгээ хангахыг хичээсэн. Амьтанд их хайртай учраас амьтны дэлгүүрт худалдагчаар ажилд орсон юм. Гэхдээ гадагшаа гарч ажил хийж байгаа ч эрүүл, аюулгүй байдлаа хангаж, олон хүнтэй газраар явахгүйгээр өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах нь зөв билээ. 

#Карентиний үеэр юу хийж байгаа вэ #Хоол #Амьтан #Хэл