"Rick and Morty" цуврал ТУН УДАХГҮЙ эргэн ирнэ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-04-04

“Rick and Morty” цувралын үзэгчдийн хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр үргэлж л онцгой хэвээр байх бололтой. Гурван жилийн өмнө буюу 2017 оны яг энэ өдөр "Adult Swim"-ийн хамт олон гэнэтийн бэлэг болгон “Rick And Morty” цувралын 3-р бүлгийн ангиудыг цацаж байсан билээ. Тэгвэл тэд энэ жил үзэгчдэд дахин нэг гэнэтийн бэлэг барин тавдугаар сарын 3-нд цувралын 4-р бүлгийн 2-р хэсгийн ангиуд цацагдах талаар мэдээлэл өглөө. 

Тэд энэхүү баярт мэдээнд зориулан 1 минут 36 секундийн трейлэр цацсан бөгөөд үүнээс үзэхэд тэдний адал явдал урьд өмнөхөөсөө ч сонирхолтойгоор үргэлжлэх бололтой. 4-р бүлэг нь нийт 10 ангиас бүрдэх бөгөөд 1-р хагас буюу эхний 5 анги нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд цацагдсан бол үлдсэн таван анги нь ийнхүү тавдугаар сард цацагдах аж.

“Rick And Morthy” цуврал нь хэдий Америк цуврал боловч түүх хэрхэн өрнөж буй байдал нь “The Doctor Who”, “The Hitchhiker’s Guide To Galaxy” зэрэг Англи цувралуудтай төстэй гэдгээрээ онцлог. "Жаахан" хувиа хичээсэн нэгэн өвөө өөрийн ач хүүгээ төрөл бүрийн адал явдалд уруу татаж байгаагийн зэрэгцээ гэр бүлийн жижиг сажиг үйл явдлууд өрнөх нь энэ цувралыг улам л сонирхолтой болгодог.

Юутай ч хүндхэн шинжлэх ухааны цувралыг энгийн гэр бүлийн асуудлуудаар хачирлан бүтээсэн “Rick And Morty” цуврал бол маргаангүй үзэгчдийн хайртай цувралын нэг билээ.

Уг цуврал нь "Adult Swim" сувгийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг. Тухайлбал 3-р бүлгийн сүүлийн анги л гэхэд "Nielsen’s Live+Same Day"-ээс 3.9 үнэлгээг авснаар түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээ авсан цуврал болсон. Тиймээс ч тэд 2018 онд дахин 70 анги бүтээх гэрээ байгуулсан бөгөөд 4-р бүлэгт үүний зөвхөн 7 анги л багтаж буй юм.

Ийнхүү та бүхэн 4-р бүлгийн 2-р хэсгийн трейлэрийг хүлээн авч үзнэ үү. 

Эх сурвалж: Variety

#Rick and Morty