Би хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ? №3


Хөл хорионы үеэр зав чөлөө их гарсан ч утсаа "маажихаас" өөр юу ч хийхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм биш биз? Миний хувьд ч мөн адил юу хийх, яавал цагаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлж болох талаараа хэсэг хугацаанд тунгаасан юм. Эцэст нь өөрийгөө хувь хүн талаас нь хөгжүүлж, бүхий л зүйлд суралцах ёстой гэсэн ойлголтыг олж авсан. 

Хичээлдээ явдаг байх үед даалгавар, бие даалт, шалгалт, уралдаан тэмцээн гэсээр хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж чаддаггүй байсан юм билээ. Хэдийгээр энэ талаар боддог байсан ч хэрэгжүүлэх завгүй, эсвэл цагаа зөв төлөвлөж чаддаггүй байсан бололтой. Тиймээс хөл хорио тогтоосныг ашиглан цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөж байгаагаа бичлээ.

Магадгүй уншигч та бүхэн ч мөн юу хийхээ мэдэхгүй байгаа бол дараах зүйлсээс санаа аваарай. Бидэнд дахиад 1 сарын хугацаа байгаа учир цагийг аль болох үр бүтээлтэй, хөгжилтэй байдлаар өнгөрөөцгөөе!

ЗУРАГ ДАРАХ ШИНЭ ХОББИТОЙ БОЛСОН

Би өмнө зурагчид, зураг авах сонирхолтой хүмүүсийг зургийн аппаратаа барьж байгаад ганцхан товчлуур дараад л болчихдог мэтээр ойлгодог байсан. Гэтэл энэ нь маш их сэтгэл болон мэдрэмж шаарддаг зүйл гэдгийг мэдээгүй явжээ. 

Миний хувьд хааяа хааяахан гар утсаараа гоё сайхан харагдсан зүйлсийн зургийг авдаг байсан ч үүний цаана нуугдах утга агуулгыг анзаарч байсан тохиолдол ховор. Харин түрүү жил практикт тулгуурласан гэрэл зургийн талаар хичээл үзсэнээс хойш зураг авах талаар бодож сонирхож явсан ч хэрэгжүүлж чадаагүй байлаа. 

Тиймээс олдсон дээр нь гэдэг шиг энэ хөл хорионы үеэр удаан бодож явсан зураг дарах шинэ хоббитой болж, гэртээ байгаа эд зүйлс, цонхоор харагдсан сонирхолтой агшин, гэр бүлийнхнийхээ зургийг камерын дуранд буулгадаг болсон доо.

Хамаг бүхэн бороо мэт арилж,
Харин гэрэл зураг шороо мэт үлдьюү.... /Д.Цоодол/

ХООЛ, НАРИЙН БООВ ХИЙЖ СУРСАН

Ихэвчлэн хичээлээ тараад гэртээ ирэх гэсээр байтал орой болчихдог байсан учраас миний хувьд хоол хийх нь ховор. Тиймдээ ч өөрийгөө хоол хийх дургүй л гэж боддог байсан. Гэтэл би чинь ирээдүйд хэн нэгэн хүний эхнэр, хүүхдүүдийнхээ ээж нь болох хүн шүү дээ. Тэр үед хоол хийж чадахгүй бол ичмээр биз дээ? 

Тиймээс мөн л энэ чөлөөт цагийг ашиглан Youtube-ээс хоол хийдэг бичлэг үзээд талх, нарийн боов, төрөл бүрийн хоол хийж сурахаар шийдсэн. 

Цагаан сараар авсан ул боовоо дуусгах гэж нэлээн хэдэн удаа кекс хийсэн шүү. cheeky

Мөн талх, алимтай пирог, зраз, пицца зэрэг хийе гэж боддог байсан ч хийх боломж олддоггүй байсан хоолнуудаа хийж сурсан. Эдгээрээс хамгийн амттай, хийхэд ч хялбар байсан нь алимтай пирог байлаа. Хэрхэн хийх зааврыг нь ЭНД дарж аваарай.

ДАСГАЛ ХИЙЖ, ЗӨВ ХООЛЛОЖ ЭХЭЛСЭН

Ихэнх охидын адилаар би ч бас жингээ хасах талаар байнга боддог байсан ч хэрэгжүүлэх нөхцөл нь бүрддэггүй байсан гэж хэлж болно. Сургууль дээрээ шарсан хуурсан хоол байнга идэж, өдрийн төгсгөлд хэтэрхий их ядарсандаа дасгал ч хийж амждаггүй байлаа. Тиймээс "олон" жилийн хугацаанд хэвшүүлсэн буруу дадлаа эрүүл дадлаар солих нь хамгийн хэцүү байв. 

Одоог хүртэл бүрэн хэрэгжүүлж чадаагүй байгаа ч аль болох дасгал хийж, зөв хооллохыг хичээх болсон. Өдөрт 30-60 минут дасгал хийх, 2 литр ус уух, чихэрлэг зүйлсээ багасгах, орой 18 цагаас хойш юм идэхгүй байх гэх мэт эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх гэж хичээж л явна. Миний хувьд доорх дасгалыг өдөрт 20 минутаар хийх нь илүү үр дүнтэй санагдсан шүү. 

УНШИЖ ДУУСГААГҮЙ НОМНУУДАА УНШСАН

Номын тавиур дээр минь уншиж байгаад талаас нь орхисон, бүр салхи ч оруулаагүй хадгалсан номнууд хэд хэд байсан. Хэзээ нэг өдөр уншина даа гэж боддог байсан нь энэ карентиний үеэр биеллээ олсон юм даа.

Миний хамгийн сүүлд уншсан ном бол “Positive Mongolians” төслийн Э.Дөлгөөн эгчийн өөрийн амьдрал, гаргасан контент дээрээ тулгуурлан бичсэн “Хосын Жор” ном. Манай сайтын уншигчдийн дийлэнх нь өсвөр насныхан, залуучууд байдаг учраас хайр дурлалын тал дээр олон асуудлууд тулгардаг байх. Тиймээс энэ ном чамд хайж байсан хариултыг чинь өгөх байх гэж бодож байна.

Мөн өглөө эрт босох нь ямар ашигтайг харуулсан “Өглөөний Гайхамшиг”, баримтат гэрэл зургийг илүү сайн ойлгоход тусалсан “Сэтгэлийн зул”, гайхалтай адал явдлаар аялуулсан “Харри Поттер ба Галт шувууны бүлгэм” зэрэг номнуудыг санал болгож байна.

ТЭТГЭЛЭГ, ТЭМЦЭЭН УРАЛДААНД МАТЕРИАЛАА ЯВУУЛСАН

Миний хувьд сэтгүүлч мэргэжлээр суралцдаг учир “Батдорж сангийн сургалтын төлбөрийн тэтгэлэг”, “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо 2020”, “Залуу сэтгүүлчдэд зориулсан менторшип" хөтөлбөрт өөрийн материалаа явуулсан юм.

Мөн сургуулийн хүрээнд ч олон тэмцээн, уралдаан зарлагдсан байсан. Эдгээр нь мэдээж карентин дууссаны дараа хэрэгжинэ. Тиймээс завтай байгаа дээрээ сургуулиасаа зарласан тэмцээн, карентин дуусахад хамрагдаж болох хөтөлбөр зэрэгт өөрийгөө сориорой. Энэ нь чиний өөртөө хийж байгаа чухал хөрөнгө оруулалт юм.

КИНО МАРАФОН

Би заримдаа үзэхийг хүссэн бүх киногоо жагсааж бичээд өдөржин үздэг учраас марафон гэж нэрлэсэн юм. Тэр дундаа хадмалтай кино үзэх нь гадаад хэлээ сайжруулах нэгэн сонирхолтой арга. Би ихэвчлэн англи хадмалтайг үздэг.

Ихэнхдээ сайн ойлгодоггүй ч хэрэглээний өгүүлбэрүүдийг аяндаа сурчихдаг юм байна лээ. Оны эхэнд гарсан “Crush Landing On You”, “Itaewon Class” зэрэг олон үзэгчдийг татаж чадсан алдартай цувралыг санал болгож байна.

Та “Crush Landing On You” киноны талаар сонирхолтой баримтууд унших бол ЭНД, харин “Itaewon Class” киноны талаар унших бол ЭНД дараарай. 

БУЖОГОО ИЛҮҮ ИДЭВХТЭЙ ХӨТӨЛСӨН

Сүүлийн үед бужо буюу төлөвлөгч дэвтэр хөтөлдөг хүмүүс олон болсон. Өдөр бүр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргах, зорилгоо тодорхойлох, олон нийтийн сүлжээг ашиглах цагаа хянах зэргээр хүн бүр өөрсдийн аргаар бужог хөтөлдөг.

Миний хувьд зөвхөн өдрийн төлөвлөгөө, мэдээний санаануудыг бичдэг байсан бол одоо илүү бүтээлчээр хандах болсон. Дээрх зургаас илүү ойлгомжтой харагдаж байгаа байх.

ӨӨРИЙН ХҮССЭН ЗАГВАРААР ТОР ОЁСОН

Би өмнө нь урагдсан, цоорсон хувцаснуудаа л гараараа оёдог байлаа. Одоо бол тор, цүнх гээд чадах зүйлсээ оёж эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь өөрөө зураад, хүссэн загвараараа цүнх хийж, тэрийгээ үүрээд явна гээд бод доо.

Яг ч цүнх гэж хэлэхэд ичмээр болохоор тор гэсэн нь илүү оновчтой юм байна. Иймэрхүү торнууд нь юм хийхэд амархан, зүүхэд эвтэйхэн байдгаас гадна хийхэд ч хялбархан шүү. Нэмээд цахилгаан, дотор талд халаас, янз бүрийн хатгамал наасан ч болно. 

#Хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ #Зураг #Хоол #Ном #Тэтгэлэг