#ЭЕШ800: Нийгмийн ухааны шалгалтын 800 оноот Б. Дариймийн туршлага


О.Дорж | YOLO.MN
2020-04-03

Yolo.mn сайтын хамт олон төгсөх ангийн сурагчдадаа зориулан #ЭЕШ800 цуврал ярилцлагынхаа гурав дахь дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа хамгийн олон сурагчид бүртгүүлдэг Нийгмийн ухааны ЭЕШ-д 800 оноо авсан Б. Дариймтай түүний шалгалтандаа бэлдсэн арга болон туршлагынх нь тухай ярилцлаа. /Жич: Хүн бүр өөр өөрийн онцлогтой байдгийн адилаар хүн хүний сурах арга барил ч мөн ялгаатай байдгийг анхаараарай! smiley/


YOLOБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та ямар хичээлүүдээр ЭЕШ өгч, одоогоор аль их сургуульд суралцаж байна вэ? 

- Би монгол хэл, англи хэл, нийгмийн ухаан гэсэн гурван хичээлээр ЭЕШ өгсөн. Харин одоо Монгол улсын их сургуулийн Нийгмийн ухааны салбар сургуульд суралцаж байна. 

YOLOТаныг нийгмийн ухааны ЭЕШ-д 800 оноо авахад юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна вэ?

- Миний бодлоор энэ хичээл дээр 800 оноо авахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол өөртөө цаг гаргасан явдал. Өөртөө хангалттай цаг гаргахын тулд би нэлээн том шийдвэр гаргаж байсан юм /инээв/. Гэртээ байхаар гэр орны ажил гээд аар саархан зүйлс хийсээр өөртөө хангалттай цаг зав гаргаж чадахгүй байсан болохоор төгсөх ангидаа эцэг эхтэйгээ ярилцаад сургуулийнхаа дотуур байранд амьдрах болсон. Гэрийнхэн маань ч энэ саналыг маань дэмжсэн. Хүмүүс дотуур байранд амьдардаг залуусыг бэлэн юм идэж уусаар байгаад юу ч хийж чаддаггүй, залхуу болчихдог гээд янз бүрээр л хэлдэг. Гэвч надад лав тийм зүйл ажиглагдаагүй. Дотуур байрны найзууд, дүү нар маань харин ч бие биендээ тусалдаг, мэдэхгүй чадахгүй зүйл дээр нэг нэгнээ дэмждэг. Харин өрөө өрөөндөө орохдоо хийх ёстой зүйлсээ хийгээд л суучихдаг байсан. Ер нь манай үеийнхэн их биеэ даасан, мундаг болж байгаа нь илт харагддаг.


YOLOӨдрийн цагийн хуваариа хэрхэн зохицуулж байсан бэ?

- Би төгсөх ангид ороод л хариуцлагатай байх ёстой юм байна гэдгээ ухамсарласан. Дотуур байр маань сургуулийн байртай их ойрхон учраас өглөө 07:00 цагт буюу хичээл орохоос 1 цагийн өмнө ангидаа очоод нийгмийн ухааны хичээлийн сэдвүүдээ уншдаг байсан. Хичээлээ тараад 14:00 цагт дотуур байрандаа ирж цайгаа уучихаад 15:00 хүртэл 1 цаг унтаж амардаг. Амралт ч бас чухал шүү. Хэрвээ өдөр 1 цаг унтахгүй бол ажлын бүтээмж маань буураад нозоорчихдог байсан юм. Ингэж амарч аваад сургууль дээрээ очоод үргэлжлүүлэн бэлддэг. Нийгмийн ухааны багш маань биднийг их дэмждэг байсан болохоор 5,6 цаг өрөөндөө бэлдүүлдэг байсан. Тэгээд буцаад л дотуур байрандаа очоод оройн 23:00 хүртэл бусад хичээлүүдийнхээ даалгаврыг хийж байгаад унтдаг. Хаврын улиралд их ядардаг учраас өглөө 05:30 гэж босоод 1 цаг сургуулийнхаа биеийн тамирын талбайд гүйж, дасгал хийж дархлаагаа дэмждэг байсан даа. Харин хөл хорио тогтоосон үед нөхцөл байдалдаа тохирсон цагийн хуваариа өөрөө зохиогоорой гэж зөвлөмөөр байна. 


YOLO: Шалгалтанд үр дүнтэй бэлдэх арга барилуудаасаа манай сайтын уншигчидтай хуваалцаач.

- Хүн бүхний суралцах арга барил өөр ч гэлээ би та нарт ойлгомжтой байлгах үүднээс өөрт үр дүнтэй санагдсан аргуудаасаа дурдъя. Үүнд:

Нэгдүгээрт. Би ямарваа нэгэн зүйлийг ойлгохын тулд бусдын ярьж байгааг сонсож, өөрөө өөртөө тайлбарладаг төрлийн хүн. Ойлгохгүй байгаа сэдвүүдээ багшаараа яриулж, цаашлаад хамт бэлдэж буй найзууддаа ярьж өгдөг байсан. Ганцаараа байхдаа ч өөрөө өөртөө ярьж өгдөг. Сүүлд нь ярьж байсан зүйлс эргээд бодогдоод амархан санадаг юм.  

Хоёрдугаарт. Нийгмийн ухаан талын хичээлүүд уншиж судлах ном сурах бичиг ихтэй учраас анхнаасаа нарийн төлөвлөгөө гаргаарай. Жишээлбэл энэ номыг 7 хоногийн хугацаанд уншиж судална гэвэл дараагийн долоо хоногийн баасан гараг гэхэд судлаад дуусчихсан байх ёстой юм байна гэх мэт. Ингэхдээ ойлгоогүй зүйлээ үлдээж болохгүй шүү. Бидний нэрлэж заншсанаар нийгмийн ухааны Буянгийн ном 500 хуудастай байдаг. Улс төрийн бүлэг нь 100 хуудастай учир өдөрт 10 хуудас уншвал 10 хоногт дуусгах юм байна гэх зэргээр төлөвлөөрэй. 

Гуравдугаарт. Ахлах ангийн сурах бичгүүдээ бусад холбоотой ном, материалуудтайгаа харьцуулж байгаарай. Жишээлбэл анги дэвших тусам хичээлийн агуулга гүнзгийрснээс, эсвэл сурах бичгүүд шинэчлэгдсэнээс болоод зарим ойлголтууд өөр өөр нэршлээр нэрлэгдэх тохиолдол гардаг. Иймэрхүү тохиолдол их учир анхаараад авахад илүүдэхгүй. 

Дөрөвдүгээрт. Сэдэв бүрд гарч ирж буй ойлголтуудаар билет бэлдээрэй. Миний хувьд билетнийхээ нэг тал дээр асуултаа бичээд нөгөө тал дээр нь өөрөө хараад шууд санах хэдэн түлхүүр үг биччихдэг байсан юм. 

Тавдугаарт. Эцэст нь сурсан мэдлэгээ бататгаад он оны ЭЕШ-ын тестүүдээ сайн ажиллаарай. Ингэхдээ хариултуудыг нь автоматаар цээжилж огтхон ч болохгүй. Асуулт нь үл ялиг өөрчлөгдөөд шалгалтан дээр ирэх тохиолдлууд байдаг учраас тухайн бэлдэж буй тестийнхээ бусад хариултуудыг нь ч мөн анхаараад авахад гэмгүй. 


YOLOНийгмийн ухааны хичээл дээр ямар сурах бичгүүдийг ашигласан бэ?

- Нийгмийн ухааны хичээл дээр Буянгийн ном, тестийн ном гээд уншиж судлах ном сурах бичиг маш их. Гэхдээ та бүхэндээ л гэж зөвлөхөд ЭЕШ чамаас олимпиад, тэмцээн уралдаан дээр шаарддаг шиг гүн гүнзгий мэдлэг шаардахгүй. Чиний өнгөрсөн хугацаанд юу үзэж сурсан гэдгийг чинь шалгаж байгаа болохоор өмнө нь үзэж байсан хичээлүүдийнхээ ном сурах бичгээ л түлхүү ашиглаарай. 

YOLO: Шалгалтын өмнөх өдрийг ямархуу байдалтай өнгөрөөсөн бэ?

- Би аз гэдэг зүйлд нэг их итгэдэггүй. Хүн өөртөө болон хэр их бэлтгэл сургуулилт хийсэндээ л итгэж найдах хэрэгтэй гэж үздэг учраас ЭЕШ-ын өмнөх өдөр ч ном дэвтрээ харсаар л байсан. Ингэхгүй бол сүүлд нь харамсах юм шиг санагдсан /инээв/. 


YOLOСэтгэл санаагаа хэрхэн бэлдсэн бэ?

- Санасныг бодвол тайван байсан шүү. Шалгалтандаа маш их хугацааг зарцуулан бэлдсэн учраас өөртөө итгэлтэй байсан гэх үү дээ. "За давгүй байлгүй дээ. Юу ч болсон харамсахгүй. Чадахаараа л бэлдсэн шүү дээ, Дариймаа" гээд дотроо өөрийгөө дэмжээд сууж байсан. Тиймээс элдэв зүйлс бодолгүйгээр "Зүгээр дээ. Шалгалтандаа ороод чадлынхаа хэрээр хариулаад гараад ирэхэд л болно" гэж бодоорой. Бас шалгалтандаа орохоосоо өмнө хар шоколад идээрэй гэж зөвлөмөөр байна. Ашиг тусыг нь та нар мэдэж байгаа шүү дээ /инээв/. 

YOLOШалгалтандаа ороод тестээ ямар арга барилаар ажилласан бэ?

- Сандарч тэвдэж л болохгүй шүү! Юун түрүүнд асуултаа уншаад маш сайн ойлгох хэрэгтэй. Миний хувьд яг л нэгэн жигд хурдаар ажилласан. 1 асуултан дээр хэт их удахгүй, хэт хурдан ч хариулахгүй. Мөн хариултын хуудсаа бөглөхдөө эхлээд хүрээг нь тойруулж зурсны дараа доторхыг нь будаарай. Ингэхгүй бол хариулт чинь тойргоосоо илүү, эсвэл дутуу гараад шалгадаг машинд нь уншигдахгүй байх эрсдэлтэй. Хариултаа бөглөхдөө асуултынхаа эгнээг нь сайтар анзаарахгүй бол ганцхан удаа л алдаа гаргаад өөр асуултын эгнээнд бөглөчих юм бол үлдсэн бүх хариултууд чинь зөрнө. Тиймээс маш анхааралтай байгаарай, манайхаан. 


YOLOТаны хувьд шалгалтанд бэлдэж байх хооронд болон шалгалтын үеэр тааралдаж байсан хамгийн хүнд тест нь юу байсан бэ?

- Миний хувьд тийм хүнд тест байгаагүй ээ. Гэхдээ миний бодлоор эдийн засгийн болон олон улсын харилцааны тестүүд бага зэрэг хүнд, эргэлзээ ихтэй байдаг.

YOLOЮун дээр хамгийн их алдах боломжтой вэ?

- Дээр хэлсэнчлэн эргэлзээ их төрүүлдэг, хариултууд нь хоорондоо төстэй асуултууд дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Нийгмийн ухааны тестүүд дотор бурууг нь олдог, эсвэл хоёр хариулттай толгой эргүүлэхээр асуултууд их ирдэг учраас сайн анзаараарай. 

YOLOӨдөр тутамд ямар хэвшлийг өөртөө бий болгосон бэ?

- 11-р ангиасаа хойш орой унтахаасаа өмнө маргаашийнхаа цагийн хуваарийг нарийн гаргаж эхэлсэн. Маргааш тэдэн цаг гэхэд яг тэрийгээ хийсэн байна, дуусгасан байна гэх мэтчилэн. Их олон ажлыг эмх цэгцтэйгээр амжуулсан байдаг учраас давуу талтай. Ер нь төлөвлөгөө их чухал шүү.

YOLOХөл хорио тогтоосон энэ үед бие даан бэлдэх ямар ямар аргууд байна вэ?

- Хөл хорио тогтоосон учраас ЭЕШ-д бэлдэж буй залууст цаг зав их байгаа шүү дээ. Тиймээс эцэг эхтэйгээ ярилцаж тохироод, өдөр бүрийг дэмий өнгөрөөлгүйгээр үр бүтээлтэй байгаарай. Хамгийн гол нь ажлын өдөр, амралтын өдөр гэж ялгахгүйгээр хичээлээ тогтсон цагийн дагуу тогтмол хийгээрэй. Харин бусад үед нь өөрийнхөө дуртай зүйлсээ хийж болно шүү дээ. Хугацаа нь тулчихсан байхад хамаг юмаа овооруулж, ачааллаа даахгүй сууснаас өдөр бүр хийх ёстой зүйлээ хийгээд явсан нь дээр. Ингээд та бүхэндээ амжилт хүсье!

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#ЭЕШ800 #Ярилцлага