Б. Хулан: Чамайг хүлээн зөвшөөрөх эсэх нь ТЭР ХҮМҮҮСИЙН л асуудал


Трансжендэр байдлыг ойлгох олон улсын өдрийг тохиолдуулан "The LGBT Centre (Mongolia)" ТББ-ын Залуучуудын хөтөлбөрийн менежер, бэлгийн цөөнх хүмүүсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч, "Mongolian Queer Podcast"-ийн хөтлөгч Б. Хулантай ярилцлаа. Yolo.mn сайтын дийлэнх уншигчид нь өсвөр үеийнхэн болон залуус байдаг болохоор тэр бүр хөндөгдөөд байдаггүй сэдэв болох ЛГБТ хүмүүсийн талаарх ойлголтыг өгөхөөр энэхүү ярилцлагыг бэлдлээ. 


YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд хайр гэж юу вэ?

- Миний хувьд уу? Хайр гэдэг их өргөн ойлголт шиг санагддаг. Юм бүхэнд хайр байдаг учраас бүх зүйлийг хайртай холбон ойлгож болно. Хүн болж төрсний хувьд хайр гэдэг зүйлээс өөрсдийгөө салгаж ойлгох боломжгүй тийм л чухал зүйл юм. Заавал янаг сэтгэлийн биш гэр бүл, найз нөхдийн хайр гэж бий. Орчин үед өөрийнхөө утсыг ч хайрлаж, гамнаж хэрэглэдэг болсон. Тиймээс хайр гэдэг зүйл байхгүй бол хүмүүс оршин тогтноход утгагүй. Нэг өгүүлбэрээр хэлэхэд оршиж байгаа бид бүхнийг илэрхийлэх зүйл юм. 

YOLOТа хайрлагдаж үзсэн үү? 

- Тийм. Би бага байхаасаа л гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөрөө хайрлуулж, хүндлэгдэж өссөн. Харин хоёр хүн бие биенээ ойлгохоос эхлээд цааш хамт байх эсэхээ шийдэх гэх мэт бие биедээ татагддаг хайр сэтгэлийн хувьд бол үнэхээр төвөгтэй зүйл. Бид нийгмийн цөөнх учраас зарим талаараа хэцүү байдаг. Жишээлбэл хоёр эмэгтэй бие биедээ хайртай ч хамт байхад нь нийгмээс сөрөг хандлага маш их ирдэг. Гэр бүлийн зүгээс л гэхэд заавал эрэгтэй хүнтэй сууж, хүүхэд гаргах ёстой гэсэн дарамтаас болоод шантарч ухардаг хүмүүс олон бий. Миний хувьд иймэрхүү хайр дурлалтай учирч байсан учир сүүлдээ өөрөө ч дотно харилцаанаас шантарч байна. Тухайн хувь хүн өөрөө зориггүй, амархан шантардагтаа биш, нийгмийн дарамт, карьерын хувьд хэцүү учраас өөрсдийн хайр сэтгэлээ хойш тавьдаг, эсвэл тас нуудаг. 


YOLOТаны хувьд хайр сэтгэлдээ үнэнч үлдэх нь зөв үү,  буруу юу?

- Энэ бол хувь хүний сонголтоос шалтгаална. Зарим хүмүүс хайр бол чухал гэж үзээд гэр бүл, ажлын хамт олондоо өөрийгөө илэрхийлж, эсвэл өөрийгөө нууж байсан ч цаанаа хайртай хүнтэйгээ хамт амьдралаа босгодог. Эсвэл над шиг хайр дурлал чухал байсан ч нийгэмд энэ талаар зөв ойлголт өгөх ёстой гэж үзээд хүний эрхийн төлөө тэмцэж хамгаалдаг хүмүүс ч байдаг. Тиймээс тэр нь зөв, энэ нь буруу гэсэн юм байхгүй. 

YOLOЛГБТ гэж ер нь юу вэ? Ярилцлагыг маань төрөл бүрийн хүмүүс уншиж байгаа учраас үүнийг мэдэхгүй хүмүүс ч байж болох. Тэдэнд хандан тайлбарлаж өгөөч. 

- ЛГБТ гэдэг нь лесби, гей, бисексуал, трансжендэр гэсэн нэр томьёонуудын товчлол. Гэтэл хүмүүс "Энэ бэлгийн цөөнхүүд чинь олшроод, бүр өөрсдийн нэр томьёогоо хүртэл нэмээд байна" гэх зэргээр уурладаг. ЛГБТ гэдэг нь хүний мөн чанартай салшгүй холбоотой бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа гэсэн хоёр ойлголт дээр яригддаг. Бэлгийн чиг баримжаа гэдэг нь чи ямар хүйсийн хүнд татагдаж байна вэ гэдэгтэй холбоотой. Харин хүйсийн баримжаа нь чи өөрөө өөрийгөө ямар хүйстэй гэж мэдэрдэг, тэр нь чиний төрсний гэрчилгээн дээр байгаа хүйстэй нийцэж байгаа эсэхдээ холбоотой юм. Хүмүүс ийм л хоёр энгийн ойлголтыг ойлгодоггүй. Бүх хүмүүст энэ хоёр ойлголт хамаатай шүү дээ. 


YOLOТа хэзээ анх өөрийгөө күийр гэж мэдэрсэн бэ?

/Күийр- Ихэвчлэн хүйс болон бэлгийн чиг баримжааг хоёрхон туйлт хэмээн үзэхийн эсрэг байдаг хүмүүс./

- Анх 18 настай байхдаа өөрийгөө өөртөө итгэлтэйгээр найзууддаа илэрхийлсэн. Би эмэгтэй хүнд татагддаг гэж хэлэхэд манай найзууд их эерэгээр хүлээж авч байсан. Мэдрэмжийн хувьд цэцэрлэгт байхдаа л өөрийгөө мэддэг байсан юм байна лээ. Гэхдээ тэр үед нийгэмд энэ талаар эерэг, зөв мэдээлэл хомс байсан учраас өөрийгөө яаж илэрхийлэхээ ойлгоогүй. Тэрнээс биш цэцэрлэгт байхдаа л эмэгтэй хүнтэй гэрлэвэл гоё юм байна, эхнэртэй болно доо гэж боддог байсан. 

YOLOГэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан вэ? 

- Гэр бүлийнхний хувьд бага зэрэг асуудалтай байдаг. Намайг яг нийгэмд байгаа ойлголтоор л ойлгож байсан. Хэцүү, хүлээж авахгүй тохиолдлууд байдаг. Тиймээс өөрийгөө аль болох өөр чаддаг зүйлсээрээ харуулахыг хүсдэг. Гэрийнхэндээ тусалж, сайн хүүхэд нь байх гэж хичээдэг дээ.


YOLOЛГБТ буюу күийр хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй, үзэн яддаг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

- Саяхан ЕБС-ийн Эрүүл мэндийн теле хичээлээр "ЛГБТ" гэсэн сэдэв үзэхэд олон нийтийн сүлжээнд сөрөг хандлага илэрсэн. Энэ нь надад үнэхээр инээдтэй санагдсан. 2002 оноос Эрүүл мэндийн хичээлд энэ сэдэв багтсан. Хэрвээ тэр хүмүүс хичээлээ хийдэг байсан бол энэ талаар мэддэг байх ёстой шүү дээ.

2014, 2015 онд Эрүүл мэндийн хичээлийг нийтээр нь зогсоосон ч төсөл нь хэрэгжсэнээр энэ хичээл 2016 оноос буцаад орохоор болсон. Сая ч мөн адил хөл хорионы улмаас телевизээр хичээл орлоо. Гэтэл хүмүүс аль 2002 оноос зааж байсан сэдвийг одоо л мэдэж авч байна.

Бүр 1990 онд энэ ойлголтыг шинжлэх ухаанаар сэтгэцийн өвчин биш гэдгийг баталж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл гаргачихсан байхад одоо л мэдэж авч байгаа хэрэг. Миний хувьд олон нийт сөрөг хандлагатай байгааг хөнгөн хүлээж авсан ч өөрийгөө дөнгөж таньж, мэдэрч эхэлж буй өсвөр үеийнхэн их айдастай байгаа байх. Хүмүүс биднийг үзэн ядаж, үхээсэй гэж боддог юм байна гэж ойлгоод амиа хорлох тухай ч бодож байгаа байх. Хэрвээ ийм бодолтой хүүхдүүд энэхүү ярилцлагыг уншиж байгаа бол битгий тэгээрэй. Чамайг ойлгож, хайрлаж, дэмжих хүмүүс олон байгаа шүү.


YOLOЛГБТ Төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежерийн хувьд уг төвийн тухай бидэнтэй хуваалцаач. 

- ЛГБТ Төв нь 2007 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаад төрийн бус байгууллагын гэрчилгээ авах гэж байсан ч "Нийгэмд буруу ойлголт сурталчлах гэж байна" гэсэн шалтгаанаар бүртгэж аваагүй. Харин Хүний Эрхийн Үндэсний Комисс, Олон улсын нөлөөлөл, Хүний эрхийн нөхцөл байдлын судалгаа зэрэг маш олон арга хэмжээнүүдийн ачаар 2009 оны арванхоёрдугаар сарын 16-нд гэрчилгээгээ авсан. Манай байгууллага 5 үндсэн ажилтантай, Эрх зүй, Эрүүл мэнд, Залуучуудын хөтөлбөр гэсэн 3 хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Мөн залуучуудад зориулан "Mongolian Queer Podcast"-ийг хөтлөн явуулдаг. Энэхүү подкаст нь 5 улирлын турш явагдаж, нийт 49 дугаар гаргаад байна. Подкастад маань ЛГБТ хүмүүс өөрсдийн түүхийг хуваалцахын зэрэгцээ тэдний гэр бүл, хуульч эрхзүйч, биднийг дэмждэг стрэйт (эсрэг хүйсийн хүндээ татагддаг бэлгийн чиг баримжаатай) хүмүүс чөлөөт яриа өрнүүлдэг. 

YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Чөлөөт цаг бага гардаг ч гарсан цагаараа хоол хийж, ном унших дуртай. Хөл хорио тогтоохоос өмнө кроссфитэд явж эхэлсэн. Мөн уран зураач мэргэжилтэй болохоор сайн зураач болохын тулд хичээдэг.

YOLOУран зурагт олон төрөл байдаг. Ямар чиглэлээр зурдаг вэ?

- Одоогоор чиглэлээ сайн тодорхойлоогүй байгаа. Гэхдээ нялж, их будгаар өнгөлөг, хурц өнгөтэй зураг зурдаг.


YOLOЛГБТ хүмүүсийг төрөлхийн, олдмол гэж хоёр хуваана гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн үү? 

- Олдмол гэсэн ойлголт нийгэмд их байдаг. Гэтэл тийм зүйл байдаггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ЛГБТ нь зөвхөн төрөлхийн ойлголт гэдгийг шинжлэх ухаанаар баталсан. Яагаад олдмол гэсэн ойлголт их байдаг вэ гэхээр ЛГБТ хүмүүс нийгмээс айж, өөрсдийгөө нууж амьдарсаар байгаад хожим хүмүүст хэлэхэд тэд "Багадаа зүгээр байсан юм. Олдмол байх" гэж боддог. Гэтэл бид тэр хүний дотроо юу гэж бодож, мэдэрдэг байсныг мэдэхгүй шүү дээ. 

YOLOТа хүмүүсээс сөрөг хандлага авч байсан уу?

- Миний хувьд барагтаа сөрөг хандлага авч байгаагүй. Манай найзууд их зөв ойлголттой байсан болохоор намайг дэмжсэн. Дараа нь их сургуульд ороход ч манай ангийнхан үүнийг асуудал гэж хүлээж аваагүй. Ойлгохгүй хүмүүс асуухад нь тайлбарлаад өгчихдөг. Зарим охид "Чи тэгээд бүх охид руу хандраад байдаг юм уу?" гэхэд нь "Чи бүх хөвгүүд рүү хандардаггүй биз дээ? Тэрэнтэй л ижил шүү дээ" гэх зэргээр тайлбарладаг. Гэтэл миний эргэн тойрны ЛГБТ найзууд нийгмээс олон сөрөг хандлагатай нүүр тулж байгаа талаараа ярьсан юм. Би тэгэхэд нь гайхаж байсан. Залуу үеийнхэн гэж хэлэгдэж байгаа миний үеийнхэн ч хандлагаа өөрчилж чадахгүй, шинжлэх ухаанд итгэхгүй, яагаад хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авахгүй үзэн ядаад байгаа юм бол гэж бодсон. Тиймээс нийгэмд зөв ойлголт өгөхийн тулд ажиллаж, тэмцэж байна даа.


YOLOМанай сайтын уншигчдын ихэнх нь өсвөр насныхан болон залуус байдаг. Тэд өөрсдийгөө дөнгөж л таньж, нээн илрүүлэх шатандаа явж байдаг болохоор ЛГБТ хүмүүсийн талаар сөрөг ойлголтод их өртдөг. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?

- Бид айдастай нийгэмд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ чи айж, бусад хүмүүс чамайг шүүмжиллээ гээд чи тэдний үгээр өөрчлөгдөхгүй. Тийм боломж ч гүй. Чи байгаагаараа л байгаа. Чамайг хамгийн их мэддэг хүн нь чи өөрөө учраас хамгийн эхэнд өөртөө итгэлтэй болох хэрэгтэй. Дараа нь найзууд, гэр бүлийнхэн чинь чамайг хүлээж зөвшөөрөх үгүй нь тэр хүмүүсийн л асуудал. Тиймээс хүчтэй байгаарай! Өөрөө өөрийгөө сайн сонсоорой гэж хэлмээр байна.

YOLOТаны цаашдын зорилго:

- Би орон орноор аялахдаа тухайн хот, дүүргүүдийнх нь галерей, музейнүүдэд их атаархдаг юм. Тиймээс хэтдээ эх орондоо олон зуунаар үлдэх орчин үеийн шийдэлтэй уран бүтээлийн галерей үүсгэн байгуулах зорилготой байна 

YOLOБидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. 


#Ярилцлага #LGBT #Podcast