ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу №7


ССҮТөв | YOLO.MN
2020-03-31

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би уурлаж болохгүй юм уу?

Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Би их дотогшоогоо хүн болохоор найзынхаа и-мэйл хаягаас захидал бичиж байна. Би 6-р ангид ороод нэг хүүхэдтэй их сайн найз байсан юм. Гэвч тэр найз маань 7-р ангид ороход намайг тоохоо больсон. Би түүнтэй буцаж дотносох гээд явдаг дугуйланд нь орсон юм. Гэтэл өөр хүүхдүүдтэй нийлээд намайг тоохгүй байсан.

Бас тэр дугуйланд нь манай ангийн 2 хүүхэд хамт явдаг. Нэг нь хуучин ангийн хүүхэд л дээ. Тэгээд би хуучин ангийнхаа хүүхэдтэй их найзалдаг. Өмнөх сайн найз минь юм л бол миний дээр гарах гэж зүтгэж, намайг элдэв бусаар хэлж доош нь хийдэг байсан. Бүр хэрээс хэтэрсэн зүйл ч хийдэг. Найзуудаас минь салгах гэж оролддог. Тэр хүүхэд их худалч, гайхуулах дуртай хүүхэд гэдгийг сая мэдсэн. Одоо би нээх тоохоо больсон ч сэтгэл нэг л болж өгөхгүй ялагдсан, хохирсон мэт санагдаж байна.

Түрүүн хэлсэнчлэн би дотогшоогоо хүн болохоор (бас ер нь муухай аашилдаггүй) жоохон нээлттэй байхаар эсвэл уурлахаар "Чи одоо яачихсан юм. Яагаад уурлаад байгаа юм?" гэж, бас хоорондоо "Өөрчлөгдчихөж, сонин ааштай болчихож" гэж шивнэлддэг. Энэ нь их дарамттай болохоор би ер нь дандаа үгээр нь байдаг. Би өөрийгөө яаж бусдад зөвөөр ойлгуулах вэ? Би уурлаж болохгүй юмуу? гэхэд юун сонин юм яриад байгаа юм гэх мэт маш олон зүйл хэлдэг. Би энэ 2 асуудлыг яаж шийдэх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хайран эрч хүчээ битгий дэмий үр

Сайн уу? Бидэнд хандсан баярлалаа.

- Хүн болгон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх эрхтэй. Чи уурлаж болно. Чам дээр чамайг уурладаггүй гэдэг “шошго” наагаад байна шүү дээ. Өөрт чинь ямар нэг шошго наахыг хүмүүст битгий зөвшөөрөөрэй. Гэхдээ би уурлаж болно гэсэн гээд бүх зүйл дээр уурлаад байж болохгүй. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй байгаа үедээ л уурлаж болно гээд ойлгочих.

- Хүнд өөрийгөө зөвөөр ойлгуулж сурахын тулд эхлээд өөрийгөө ойлгоорой. Чи ямар хүүхэдтэй найзалмаар байна? Чамд найз чинь яаж хандаасай гэж хүсч байна? Чи найздаа яаж тусалмаар байна? Түүндээ тохирсон хүүхэдтэй найзалбал сэтгэлийн зөрчил үүсэхгүй. Өөрийгөө сайн ойлгож байгаа хүн бусдад өөрийгөө илэрхийлэхэд асуудал үүсдэггүй. 

- Чи нэгэнт түүнтэй найзлах хэрэггүй гэдгээ ойлгоод шийдчихсэн бол ахиж түүнийг бодож, хайран эрч хүчээ битгий дэмий үр. Тэгснээс өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд цагийг хөгжилтэй, аз жаргалтай өнгөрөөгөөрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Өөрийгөө өөрчлөх тал дээр асуудалтай байна

Сайн байна уу? би 14 настай, 8-р ангид суралцдаг. Ойрдоо надад өөрийгөө өөрчлөх тал дээр нэлээн хэдэн асуудал тулгараад байгаа юм.

Нэгт. Манай гэр бүл цөөхүүлээ. Ердөө л ээж аавын хамт амьдардаг. Гэхдээ би гэрийнхэнтэйгээ тийм ч дотно ярилцаж чаддаггүй. Бүх л өдрүүдэд хоорондоо дотно юм шиг өөр зүйлсийн талаар ярилцдаг ч яг бодоод үзэхээр 7, 8 нас өнгөрснөөсөө хойш хоорондоо "Хайртай шүү, сайхан амраарай, өглөөний мэнд" гэсэн үгсийг солилцож байсан удаагүй. Энэ асуудлаа найзууддаа хэлэхээр “Чи дараа нь харамсана шүү, одоо очоод хэлээ, сайхан үгсийг хүнээс харамладаггүй юм” гэх мэтчилэн зөвлөгөө өгдөг л дөө. Гэхдээ энэ бүгдийг мэдэхгүй байгаадаа хэлэхгүй байгаа юм биш, угийн эцэг эх маань ч иймэрхүү үг хэлдэггүй болохоор яриа эхлүүлэх үнэхээр хэцүү байна.

Хоёрдугаарт. Гэрт надтай ойролцоо насны хүүхэд эсвэл хамт цагийг өнгөрөөх хүн байдаггүй. Айлын ганц болохоор хүссэн хүсээгүй зурагт, утас, компьютерын өмнө хамаг цагаа бараад байна. Үүнийг эрүүл мэндэд ч муу, хий дэмий цагаа үрэх зүйл гэдгийг мэдэх ч больж чадахгүй байгаа нь гол асуудал байгаа юм аа. Ялангуяа энэ вирус дэгдсэн карентиний үед гэрээсээ гарахгүй болохоор яалт ч үгүй л утаснаасаа зүүгдчихээд болохгүй байна.

Гуравдугаарт. Хичээл хийх сонирхол үнэхээр алга. Энэ асуудал дээр үнэхээр хэцүү байгаа. Яг үнэндээ сургуульд сурч эхэлснээс хойш муу байтугай дунд ч сурч үзээгүй ч өөрийн хүслээр сонирхоод дуртай сурсан хичээл нэг ч байхгүй. Дугуйлан секцд ч хамрагдаад байдаггүй болохоор өөрийн дуртай зүйлийг олж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол ахлах ангид ороод ч мэргэжил сонгоход саад болох байх.

Дөрөвдүгээрт. Өөртөө итгэх итгэл алга. Би хувьдаа өөрийнхөө хоолойд их дургүй. Ангийн зарим хүүхдүүд хааяа намайг сонин хоолойтой гэж хэлдэг. Яг багш дуудаад л самбарын өмнө хийсэн зүйлсээ унших болоход үнэхээр ичсэндээ болоод олигтой ч дуугарч чаддаггүй. Бас ойрд нүүрээр батга гараад байгаа болохоор бараг өөртөө итгэх итгэл шалдаа буусан гэж хэлж болно. Бүх асуудал дээр минь чадахаараа зөвлөж өгнө үү?

ЗӨВЛӨГӨӨ: Дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй

Сайн уу? Хамгийн түрүүнд захидлыг нь уншихад төрсөн мэдрэмжээ хэлэх нь зүйтэй байх. Учир нь 14 настай гэхэд өөртөө тулгарсан асуудлыг ялган, ангилж тодорхой ойлгомжтой бичиж байгаагаас харахад маш сайн бодож эргэцүүлдэг ба хэн нэгэн зөвлөгөө өгөхөд түүнийг хэрэгжүүлэх тусгаж авах байдал чинь нэлээн сайн мундаг бололтой.

1. Чи яагаад өөрөө гэр бүлдээ эерэг харилцааны үйлдлийг санаачлан эхлүүлж болохгүй гэж? Хэрвээ оройдоо хамт суугаад хооллодог бол хоолны ширээнийхээ ард өөрт төрсөн "Сайхан мэндэлдэг байя" гэсэн санаачлагынхаа талаар ярилцаад хэрэгжүүлж болох юм. Хамт хооллох нь ховор байдаг бол боломжтой амралтын өдөр эсвэл бүх хүмүүс нэг өрөөнд байгаа цаг үеийг хүлээж болно. Тиймээс энэ асуудал дээр гэр бүлийнхэнтэйгээ өөрийнхөө юу бодож байгаагаа хэлээд, шинэ үйлдлийг өөрөөсөө эхлүүлээд үзээрэй. Анхаарах зүйл нь зөв цагт буюу хэн ч уурлаагүй бухимдаагүй үед хэлж ярилцах нь хамгийн чухал шүү. Аав ээж чинь чамаас суралцах болно.

2. Утаснаас “зүүгдэхээс” өөр хийх зүйл олдохгүй байвал ядаж утсаа ашигтай зүйлд ашиглаарай. Жишээ нь сонирхолтой ном унших, уншсан номынхоо талаар бичих, тэмдэглэл хөтлөх, англи хэлээ сайжруулах гэх мэт өөрт чинь сонирхолтой байж болохуйц үйлдлүүдийн талаар бодоод үзээрэй.

3. Хичээл хийх асуудал нь энэ насныханд нэлээн түгээмэл тулгардаг асуудлын нэг. Тиймээс өдөрт тодорхой цагийн хуваарь гарган хичээл хийх нь энэ нөхцөлд хамгийн зөв үйлдлүүдийн нэг. Тэгэхээр өдөрт тэдээс тэдэн цагийн хооронд энэ хичээлээ хийнэ гэдэг төлөвлөгөө байх хэрэгтэй. Төлөвлөгөөгөө гаргахдаа яг биелүүлнэ, хийнэ гэдэг бодолтой байж төлөвлөгөөнийхөө дагуу хийх хэрэгтэй. 

4. Нүүрэн дээр юм гарах нь өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчдийг өөртөө итгэлгүй болгох шалтгаан. Тиймээс өсвөр насныханд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар өөрийнхөө дотно эмэгтэй хүнтэй ярилцаад үзээрэй (ээж, эгч гэх мэт). Харин дуу хоолойн өнгө нь чиний хувьд дутагдалтай тал мэтээр санагдаж байгаа үед өөрийнхөө сул тал дээр биш сайн буюу эерэг тал дээр төвлөрөх гээд хичээгээрэй. Өөрөөр хэлбэл сул талаа бодоод л байвал тэр нь чиний хувьд улам л том сул тал болох магадлалтай тиймээс чи бусад хүүхдүүдээс илүү юу хийж чаддаг, чамд ялгарах давуу тал сайхан зан чанаруудын талаарх бодлоор өөрийгөө дүүргээрэй. Хэрвээ чи утсаа эерэг зүйлсэд ашиглаад, цагийн хуваарийн дагуу хичээлээ хийгээд байвал өөрөөрөө бахархах мэдрэмж төрж, өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ гэдгийг мөн санаарай.

Захидлын эхний хэсэгт бичсэнчлэн чамайг дээрх зөвлөмжийг биелүүлэх байх гэдэгт итгэж байна. Үйлдэл болон бодлуудаа эерэгжүүлэхэд нь амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Энхлэн


АСУУДАЛ: Би өөрийгөө юу хийх дуртайг мэдэхээ байчихсан

Сайн байна уу? Би 16 настай.11-р ангид сурдаг. Би багадаа дуучин болохыг хүсдэг байлаа. Гэтэл нэг өдөр ээж маань"Миний хүү нээх сайн дуулдаггүй юм чинь дуучин болоод хол явахгүй ээ, болих хэрэгтэй" гэсэн.

Тэрнээс хойш би өөрийнхөө яг юу хийх дуртай, юу хүсэж мөрөөддөгөө сайн мэдэхээ байчихсан. Үеийн хүүхдүүд ийм мэргэжлээр сурна, тийм чиглэлээр явна гэж байхад би өөрийгөө сайн танихгүй явж байна. Удахгүй төгсөх болохоор, бодоод явах цаг бага үлдсэн болохоор надад зөвлөгөө өгч туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай

Сайн байна уу? Бидний гэр бүлийнхэн, ойр дотныхон биднийг ерөнхийдөө ямархуу төлөвтэй, юуг сайн хийдэг гэдгийг анзаарчихсан байдаг. Тиймээс эхний алхам гэр бүл ойр дотныхонтойгоо энэ талаар ярилцах. Магадгүй мэргэжил сонголтын асуудал чиний санааг зовоож байгаа бол гэрийнхэнтэйгээ энэ талаар ярилцаад үзээрэй.

Хүн ямар нэгэн шинэ зүйл, үйлдэл хийхдээ өөрийгөө нээж байдаг. Өөрөөр хэлбэл шинэ үйлдэл хийснийхээ дараа "Өө би чаддаг юм байна, эсвэл энэ надад тохирохгүй бололтой. Өөрөөр хийгээд үзье, бүр болохгүй бол дахин шинэ зүйл туршаад үзье" гэдэг байна. Тэгэхээр чиний хувьд шинэ зүйл үйлдэлд хэр нээлттэй ханддаг вэ? Хамгийн сүүлд юу хийж өөрийгөө сорьж үзсэн бэ гэдгийг бодоод эргэцүүлээрэй. Чамд ахиад 1 жилийн хугацаа байна шүү дээ.

Мэргэжил сонголт нь санааг чинь маш их зовоогоод ямарч хариулт гарч ирэхгүй байгаа үед мэргэжлийн сэтгэл судлаачаар мэргэжил сонголтын оношлогоо хийлгүүлж болно.

Чамайг өөрийнхөө хийх дуртай, хийж чаддаг зүйлийг олно гэдэгт итгэлтэй байна. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Энхлэн


АСУУДАЛ: Толинд харах бүрдээ өөрийгөө үзэн ядаж байна 

Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. 2019 оны зун өөртөө өөрчлөлт хиймээр санагдаад нэг зүйл туршсан юм. Гэтэл тэр нь миний дүр төрхийг муухай харагдуулаад байхаар нь нууж байсан юм. Хэдий одоо буцаад хэвийн дүр төрхөндөө орсон хэдий ч нэг л бусадтай ойртож, чөлөөтэй харьцаж чадахгүй байна.

Би угийн л хэнтэй ч гүйж очоод ярилцчихдаг, өөрийн анги төдийгүй бусад ангиуддаа ч нэр хүндтэй байсан юм. Харин одоо толинд харах бүрдээ өөрийгөө үзэн ядаж, нүүр царай, гадаад төрхнийхөө өө сэвийг олж хардаг болчихлоо. Тэрнээсээ болж олонд нийтэч байхаа болиод цөөн найзтай л боллоо. Одоогийн цөөхөн найзууд минь ядаж байхад их сөрөг бодолтой хүүхдүүд тул би хамт байхаараа жаргалтай биш харин ч улам гунигтай болчих шиг. Яаж өмнөх шигээ болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бага зэрэг өөрчлөлтийг маш том болгож хараад байна. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Юуны өмнө өсвөр нас нь бусад насыг бодоход маш эмзэг, өөртөө төвлөрсөн, найз нөхдөө даган дуурайж, зөвхөн тэдний л үг үйлдлийг чухалчлах онцлогтой нас гэдгийг зориуд хэлмээр байна. Та энэ л тогтворгүй насан дээрээ явж байгаа учраас тэдэнд таалагдахын тулд өөртөө хэт их анхаарал хандуулаад, өөрийн дүр төрхний бага зэргийн өө сэв, өөрчлөлтийг маш том болгож анзаараад байгаа юм.

Хэрвээ та зөвхөн гадаад төрхөндөө анхаарч эхэлбэл найз нөхөд багасах, хичээлдээ муудах, гэрийнхэнтэйгээ маргах, хүнтэй харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж, бусдын сөрөг талыг түрүүнд олж харж эхлэх эрсдэлтэй байдаг. Түүний оронд “Би ямар хүсэл сонирхолтой билээ? Түүндээ тулгуурлаж ямар ямар ур чадвараа хөгжүүлэх вэ? гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх нь гадаад дүр төрхөнд ач холбогдол өгөхөөс илүү утга учиртай болов уу.

Танд амжилт хүсье! Баярлалаа

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Ц. Нямцэцэг


АСУУДАЛ: Ганцаардах мэдрэмжийг ихээр мэдэрдэг

Сайн байна уу? Юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 17 настай, эрэгтэй. Миний хувьд ганцаардах мэдрэмжийг маш ихээр мэдэрдэг. Хэдий намайг хайрлаж хамгаалах гэр бүлийнхэн минь байгаа ч гэсэн энэ мэдрэмжийг авсан хэвээрээ л байна.

Саяхан би хайртай охиноосоо бүр мөсөн холдоод бүүр л хэцүү болж ирсэн. Нэг л амьдрах хүсэл зорилгогүй болчихлоо. Тэмдэглэл хөтөлж үзэхэд хүртэл бичих болгондоо маш их ганцаардаж сэтгэлээр унасан байдаг нь бичсэн үг болсон үйл явдлаас нь шууд л харагддаг. Надад туслаач. Би ийм мэдрэмжтэй байх үнэхээр хүсэхгүй байна. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Захидал илгээсэн танд баярлалаа. 17 нас бол амьдралын чухал сонголтууд хийх шийдвэрлэх үе ирдэг нас. Энэ үе дээрээ ганцаардлыг мэдэрч байгаа нь та бусадтай төдийлөн харилцаа холбоо үүсгэхгүй байгаагаас үүдэлтэй болов уу? Яагаад "болов уу" гэж бичиж байна вэ гэвэл та өдөр тутмын амьдралын хэв маягаа дурдаагүй учраас учир шалтгааныг тань хэлэхэд хүндрэлтэй байна. Тиймээс та дараагийн захидал дээрээ асуудлаа илүү дэлгэрэнгүй бичээрэй.

Таны насан дээр энэ мэдрэмжийг авах нь харилцаанаас хөндий байх, хэн нэгэнд итгэл алдрах, дасгал хөдөлгөөн, спортоор бага хичээллэх тохиолдолд гарч ирдэг сөрөг сэтгэл хөдлөлтэй холбоотой. Таны захиан дээр “Тэмдэглэл хөтөлж үзэхэд хүртэл бичих болгондоо маш их ганцаардаж сэтгэлээр унасан байдаг нь бичсэн үг болсон үйл явдлаас нь шууд л харагддаг” гэдгээс дүгнэхэд та ганцаардлаас гарах арга зам хайж, ямар нэгэн эерэг оролдлого хийж үзэлгүй зүгээр л өөртөө зориулж би ганцаардаад байна гэж дахин дахин сануулсан байна. Үүний оронд “энэхүү ганцаардлаас гарахын тулд би юу хийж чадах вэ? Хэдий хугацааны дараа энэхүү ганцаардал гэдэг сөрөг мэдрэмжийг мэдрэхгүйгээр аз жаргалтай нэгэн болох вэ?" гэх мэт өөрийгөө дайчилсан, хичээл зүтгэл гаргах төлөвлөгөө бичээрэй. Төлөвлөгөөгөө гаргахад нь туслах үүднээс дараах асуултуудыг хүргэж байна.

Та хайртай гэр бүлийнхэнтэйгээ хэр их ярилцдаг вэ? Тэдэнд өөрийн зүгээс сэтгэл зүйн дэмжлэг хэр их үзүүлдэг вэ? Мэргэжлээ сонгосон уу? Өөрийн хөгжилдөө хэр их анхаардаг вэ? Ирээдүйгээ төлөвлөдөг үү? зэрэг асуултуудад дэлгэрэнгүй хариулаад, гарах хариултаас үндэслэн өөрчлөлт хийх төлөвлөгөө гаргаарай. Хэрвээ ингээд ч өөрчлөгдөхгүй бол сэтгэл судлаачтай өөрийн биеэр уулзаж, ярилцаж болно шүү дээ. Олон өсвөр насны хүүхдүүд тогтмол сэтгэл зүйчтэйгээ уулзалт хийгээд. Бодоод үзээрэй. Танд амжилт хүсье! Баярлалаа.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Ц. Нямцэцэг


АСУУДАЛ: Ээж минь намайг өмнөх шигээ хайрлахгүй байгаа юм шиг...

Сайн байна уу? Би одоо 13 нас хүрнэ, эмэгтэй. Надад хэцүү асуудлууд их байна л даа.

Ээж, аав хоёр минь намайг бага байхад салсан. Би ээж, эмээ, өвөөтэйгөө хамт амьдардаг. Намайг цэцэрлэгт байхад аав минь хааяа ирж надтай уулздаг байсан. Сургуульд орсноос хойш надтай дахиж уулзаагүй. Айлын ганц охин болохоор хүн бүрд хайрлуулж, халамжлуулж, хайрыг мэдэрч өссөн. Гэрийн ажил ч барагтаа хийдэггүй, сонирхлоороо хааяа л нэг юм хийнэ. Тэгээд л дандаа тоглож, юм үзэж л өдрийг өнгөрөөдөг байсан.

Ээж, аав хоёр маань гэрлэлтээ салгуулаагүй байсан юм шиг байсан. Ээж маань нэг хүнтэй 9,10 жил уулздаг байсныг би мэддэг байлаа. Ингээд тэд хүүхэдтэй болж, би дүүтэй болохоор болсон. Анх би хөл минь газар хүрэхгүй маш их баярлаж байсан ч төрөх хугацаа нь ойртох тусам "намайг тоохоо боливол яана, би тэдний хувьд хэн ч биш болбол яана" гэсэн айдас төрж эхэлсэн. Ээж минь жирэмсэн болсон цагаас тэд бүгд л намайг "гэрийн ажил хий, тоос арч, шал угаа" гэдэг болсон. Би чадах чинээгээрээ л туслахыг хүсдэг. Гэхдээ намайг санаандгүй нэг алдаа гаргахад л зэмлэдэг болсон.

Би өмнө нь хэзээ ч загнуулж, зэмлүүлж байгаагүй. Олон сайн хийсэн зүйлсийг маань анзаараагүй хэрнээ ганц алдаан дээр суурилан зэмлэсэн. Тэрэнд нь би үнэхээр их гомддог. Заримдаа чимээгүйхэн уйлдаг. Найздаа хэлэх гэхээр нээх тоодоггүй болохоор хэлэхээ ч больсон.

Ингээд л дүү минь төрсөн. Дандаа л намайг дүүгээ хар, даавуу угаа, индүүд гээд л... Ээж ч намайг өмнөх шигээ хайрлахгүй байх шиг санагддаг. Намайг болж л өгвөл өөрсдөөсөө хол байлгах гээд, жийгээд байгаа юм шиг санагдаад байдаг. Ингээд л дахиад чимээгүйхэн уйлсан.

Ээж, аав хоёр маань гэрлэлтээ цуцлуулах гээд шүүх хурал болох болсон. Шүүгчийн туслах надтай уулзаж ээжтэйгээ баймаар байна уу, эсвэл аавтайгаа баймаар байна уу гэж асуусан. Гэхдээ үнэндээ би ээж, аав хоёртойгоо бусад хүүхдийн л адил амьдрахыг хүссэн. Үеэл дүү минь хүртэл надад уурлахаараа аавгүй гэдгийг минь сөхөж ярьдаг. Би адилхан л уйлдаг. Би "аав аа" гэдэг үгийг хэлж байснаа санадаггүй. Магадгүй би хэзээ ч "аав аа" гэж хэн нэгнийг дуудахгүй байх.

Би сошиал орчинд их идэвхтэй байдаг. Найз нөхөдтэйгөө чаталж, Фэйсбүүкийн постууд үздэг. "Mobile Legends" гэх тоглоом тоглодог. Иймэрхүү маягаар би зав гарах болгондоо утсаа оролддог. Тэгээд өвөө, эмээ, ээж гурав үргэлж л намайг утас шагайлаа гэж зэмлэдэг. Бие өвдөөд байна гэхээр "Наад утаснаас чинь болж байгаа юм. Наад утсаа боль" гээд л зэмлэнэ. Би бүр үүнээс болоод өвдөж байгаагаа ч хэлэхээ больсон.

Фэйсбүүкээр үйлчлүүлэхэд надад үнэхээр бэрхшээлтэй байдаг. Миний өмнө нь ашигладаг байсан хаягуудыг ашиглахад надад үнэхээр чөлөөтэй, таатай байдаг байсан. Өсвөр насны хүүхэд л юм чинь найз бандитай байлгүй л яах вэ. Фэйсбүүкээрээ найз бандитайгаа чатлаад л, хос профайл тавиад л... Нэг л өдөр ээж намайг Фэйсбүүкийнхээ нууц кодыг хэл гэж шалгаадаг болсон. Намайг үерхэл нөхөрлөл ярихаар уурлаад байдаг болохоор сал гэж зэмлэх байх гэж айгаад өгөөгүй. Ээж уурлаад миний хуучин фэйсбүүкийг устгаж, шинэ Фэйсбүүк нээсэн. Тэр Фэйсбүүк ээжийн хяналтан дор байдаг. Пост бичиж болохгүй, профайлаас өөр зураг тавьж болохгүй гэсэн. Найзуудтайгаа чөлөөтэй чатлая гэхээр ээж "энэ чинь юу гэсэн үг юм, дахиж ийм юм ярихгүй шүү" гээд бүх юмыг минь шалгаж үздэг. Чатаар найзуудтайгаа чөлөөтэй харилцаж чаддаггүй. Миний бодлоор надад бага ч гэсэн хувийн нууц гэж байх ёстой байх. Ядаж шалгадаг бол чимээгүй шалгаж орхиод, надаас олон юм шалгааж, хувийн зүйлд минь оролцох хэрэггүй гэж бодож байна.

Тэгээд ээж намайг хүнтэй үерхдэг гэдгийг мэдсэн. Огт уурлаагүй. Гэхдээ үерхдэг хүн маань манай ээжийн багшилдаг сургуулийн хүүхэд байсан болохоор ар гэрийг нь сайн мэддэг. Тэгээд "Энэ чинь айлын том хүү. Дүү нартаа анхаарал тавиад чамд нээх анхаарал тавьж чадахгүй. Энэ чинь аягүй ядуу айлын хүүхэд. Чамд хэрэггүй. Чамд тохирохгүй. Өөр гайгүй айлын хүүхэдтэй уулз л даа" гэж хэлдэг. Гэхдээ надад ар гэр нь ямар байх нь хамаагүй. Зүгээр л надад үнэнч байхад л болно шүү дээ. Ээжид ч миний ямар хүнтэй уулзах хамаагүй байх. Тэгээд ээж намайг тэр хүнээсээ сал, 16 нас хүрээд хүнтэй үерх гэсэн. Би салсан ч гэсэн харьцдаг харилцаа минь үерхдэгээс ялгаагүй байдагт ээж дургүйцдэггүй л дээ. Гэхдээ л би 16 нас хүртлээ үерхэхгүй зүгээр л харилцаа төдийтэй байхаар түүнийгээ алдчих вий гэж их айдаг. Би дэндүү эрх чөлөөгүй, захирагдсан байдалд байдаг болов уу?

Сүүлийн үед гэртээ байхаар юм л бол уурлаад, уцаарлаад байдаг болсон. Зүгээр хичээл хийж байгаад л юун дээр ч хамаагүй сараачмаар, юуг ч хамаагүй өшиглөмөөр, юуг ч хамаагүй цохимоор, хэнтэй ч хамаагүй хэрэлдмээр санагдаад байдаг болсон. Чаталж байгаа хүнийхээ үгийн алдаанд анхаарал төвлөрч дургүйцдэг болсон. Юм болгоноос л алдаа хайгаад байх юм.

Хичээл хийх ч дургүй болсон. Даалгавар дэндүү их байна. Хичээл дээр нээх юм заахгүй хэр нь 2,3 хуудас юм бич гэж гэрийн даалгавар өгдөг. Тэрийг нь амжуулж хийх гэж амралтын хоёр өдөр өдөржин, шөнөжин суудаг. Чөлөөт цаг гэж ховорхон. Тэгээд болж л өшвөл хичээл дээр юм хийхгүй, хэн нэгэнтэй элдэв зүйлсийг ярилцаж суумаар санагддаг. Надад зарим хичээл амьдралд ямар ч хэрэггүй мэт санагддаг. Хэн, аль улсыг захирч байсан нь надад ямар ч хамаагүй. Зүгээр л болоод өнгөрсөн юм шиг л санагддаг. Орос хэл сурах ямар ч хэрэггүй. Англи хэл байхад л болно гэж боддог. Миний амьдралд байгаа ихэнх зүйл ямар ч утга учиргүй байна. Юу хүсээд байгаа юм бүү мэд.

Амархан гомдоод, амархан уурлаад байдаг болчихсон. Уурлахаараа маш их стресстдэг. Стресстдэхээрээ "Mobile Legends" тоглож тархиа тайвшруулдаг. Их идэж таашаал авдаг. Идэхээрээ таргалаад, таргалахаараа стресстээд байх юм.

Би их өндөр. 179см. Энгийн нэг 7-р ангийн охин ийм өндөр байна гэдэг бусад хүмүүсийн хувьд байж болохгүй юм шиг л намайг улирчихсан гэж шивнэлддэг. Найзууд маань тоглоом хийдээ хүртэл намайг гозон, анааш, шонгийн мод гэдэг. Би тэдэнтэй хамт инээдэг ч гэртээ очоод чимээгүйхэн уйлдаг. Өндөр байдагтаа өөрийгөө үзэн яддаг. Үргэлж өөрийгөө голдог. Үүнээс болоод би өмнө нь байгаагүйгээрээ эмзэг болж, их гомдомтгой, бэлэн нулимстай болчихсон.

Дандаа л ганцаардлыг мэдрээд байна. Айлын ганц байсан болохоор багаасаа л өөрөө өөртэйгөө ярьж тоглодог байсан. Найзууд минь хүртэл намайг ойшоохгүй болохоор би хүүхэлдэй мэтийн зүйлтэй элдвийг ярилцдаг. Заримдаа толинд хараад "би чамайг үзэн ядаж байна" гэж хэлдэг. Шөнө унтах гэхээр нойр хүрэхгүй, үхэл амьдралыг тухай бодогддог. Үхээд хүн хаашаа явдаг бол? Дахин хүн болж төрдөг үү? Эсвэл диваажинд, нэг бол тамд очдог уу? Диваажинд очоод сайн охин байж чадвал дахиж хүн болох болов уу? Дахиад хүн болбол миний амьдралд байсан хүмүүс надтай дахин таардаг болов уу? гээд л элдвийн юм боддог. Заримдаа бүр кино шиг л өөрийгөө ид шидтэйгээр төсөөлж, намайг муулж, намайг гомдоож байсан бүх хүмүүсийг алж байна гэж боддог. Энэ гажиг бодол жилд 3,4 удаа бодогддог. Надад яг ямар асуудал байгаад байгаа юм бол? Би яавал дээр вэ? Яавал би өмнөх шигээ энгийн охин байж чадах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ганцаардах гэдэг нь муу зүйл биш

Цаг зав гарган өөрийн амьдралын түүхээ бусадтай хуваалцсан танд их баярлалаа.

Өөрийн түүхээ бас асуудлаа бичнэ гэдэг нэг талаараа асуудалдаа цаг гаргаж буй сайн арга гэдгийг хэлмээр байна. Таны захидлыг уншаад юун түрүүнд өөрийн мэдрэмж, бодолдоо их цаг гаргадаг, өөртөө анхаардаг сайн тал байгааг олж харлаа. Заримдаа асуудал заавал шийдэгдэхгүй байсан ч эерэг нөлөө үзүүлэх нь бий гэдгийг бас санаарай. Тэгэхээр дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

1. Та ганцаардлыг мэдэрч, ганцаардаж байгаа талаараа дурдсан байна. Иймд ганцаарддаггүй байсан үедээ юу хийдэг байсан, хэнтэй байдаг байсан, ганцаардахаа больвол танд ямар өөрчлөлт бий болох талаар бодож үзээрэй. Ганцаардал гэдгийг яагаад муу зүйл гэж бодож байгаа вэ? Ганцаардал гэдэг тэр чигтээ муу зүйл биш юм шүү. Заавал ганцаардахаа болиод бусадтай нийлээд байх шаардлага байхгүй. Бусадтай нийлнэ гэдэг нь үнэт зүйл нь нэгдэж, зөрчилддөггүй байхыг хэлнэ. Тиймээс өөрийн чинь үзэл бодол, үнэт зүйлтэй нэгдсэн хэн нэгэн харин таны амьдралд олон гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

2. Гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байгаа гэдгээ ч мөн илэрхийлсэн байна. Тэгэхээр асуудал байгаа гэдэг нь яг юунд байгаа вэ? Танай гэр бүлийнхэн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг, асуудал шийдвэрлэх соёл нь юу вэ? Бие биенээ сонсдоггүй, цаг гаргадаггүй, үнэлдэггүй, тушааж зааварладаг бол тэр асуудлынхаа талаар чамд төрж буй сэтгэгдэл, хэрхэн засаж сайжруулах саналтай байгаагаа илэрхийлээрэй. Хэрэв илэрхийлээд хүлээж авахгүй бол эвлэрэх, хүндээр хүлээж авахгүй байх гэсэн таагүй боловч үр дүнтэй сонголт бий. Гэхдээ үргэлжид ийм байна гэсэн үг биш. Та удахгүй насанд хүрч, бие хүн болон төлөвших болно. Тэр үед өөрийн хүссэн гэр бүл, хүрээлэл, амьдралын бий болгох боломж танд нээгдэнэ. 

3. Таны бичлэгийн хэлбэрээс харахад уран зохиол, өгүүллэг бичих, найруулах авьяас, мэдрэмж танд байна. Та бас их сайн төсөөлөн бодох чадвартай бололтой. Иймд энэ талаа хөгжүүлээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Д. Лхамсүрэн


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter