5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

О.Самдампүрэв: Өлөн, сойсон хөх чоно шиг бай


“Санаанд чинь багтаж л байвал бүтнэ гэсэн үг” хэмээх алдартай ишлэл байдаг шүү дээ. Өөрийн хүсэл, тэмүүллээ даган жүжигчин гэх мэргэжлийг маш том эрсдэл даван байж сонгосон нэгэн эрхмийг бид энэ удаагийн ярилцлагын буландаа урьж оролцууллаа. Тэр бол "37-р Точка", "1990", "Галзуу дурлал", "Залхуус", "High School" зэрэг кинонуудад гол дүр бүтээсэн туршлагатай жүжигчин, модель О.Самдампүрэв юм. Түүнтэй ярилцахад үнэхээр их урам зориг, эрч хүч авснаа та бүхэнд дуулгахад таатай байна. Ингээд түүнтэй өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу. 


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тун удахгүй “37-р Точка” киноны бүрэн хэмжээний анги олны хүртээл болох гэж байна. Таныг Содномын залуу дүрийг бүтээсэн гэдгээр нь илүү олон хүн мэддэг шүү дээ. Энэ дүрд хэрхэн сонгогдсон талаараа яриач?

- Анх дүрийн сонгон шалгаруулалт явагдаж байх үед нь очиж шалгуулж байсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа залгаад намайг Содномын дүрийн текстийг уншиж үзэхийг даалгасан юм. Ингээд дүрээ авсан даа. "Фантастик" продакшний ах нартай хамтарч, уран бүтээлд нь оролцож үзэхийг маш их хүсдэг байсан болохоор тэр дүрийг аваад магнайгаа хагартал баярласан /инээв/.

YOLOСодномын дүрд тоглосноос хойш кинонд тоглох санал хэр их ирсэн бэ? Ойрын үед ямархуу төрлийн уран бүтээл дээр ажиллаж байна?

- Кино маань өнгөрсөн оны сүүлээр гарч эхлээд одоо л ер нь дуусч байгаа шүү дээ. Тэгэхээр одоохондоо Содномын дүр гарч эхэлснээс хойш дүрийн санал ирээгүй байна. Ойрын хугацаанд гэвэл "Мааз" продакшны “Галзуу дурлал” кинонд гол дүр бүтээсэн. Зураг авалт нь дуусаад нэг их удаагүй байгаа юм.


YOLOХамгийн анхны гэх тодотголтой зүйлс хүний зүрх сэтгэлд үүрд хоногшдог. Таны хамгийн анх авч байсан дүр ямар дүр байсан бэ? Тухайн үеийн сэтгэгдэл, хөгжилтэй үйл явдлуудаасаа бидэнтэй хуваалцаач?

- Хамгийн анх 2015 онд “High School” хэмээх ахлах сургуулийн амьдралыг харуулсан киноны гол дүрийг бүтээсэн. Би тэр үед "Х-Түц" продакшинд бүжигчнээр ажилладаг байсан юм. Манай бүжгийн багш “High School” киноны бүжгийг дэглэхээр болоод кино багийнхан нь гол дүрийн baby face буюу хүүхэд шиг, залуухан царайтай жүжигчин хайж байгаа талаар хэлсэн. Ингээд хамт бүжиглэдэг найзтайгаа шалгаруулалтад нь ороод тэнцсэн. Тэр үед мэргэжлээрээ сурч эхлээгүй байсан болохоор гологдчихгүй юмсан гээд дүрээ сайн гаргахыг их хичээдэг байсан. Анхны дүр болохоор камертай яаж харьцахыг, ямар харагдаж байгаагаа ч мэддэггүй байлаа. Кино маань бүжгийн хэсгүүдтэй учраас бэлтгэл байнга хийгээд их ядардаг байсан. Одоо бодоход дурсамжтай санагддаг шүү.

Зургийг Smile Samda Фэйсбүүк хуудсаас

YOLOБүтээж байсан дүрүүдээс тань хамгийн хэцүү дүр нь ямар дүр байсан бэ?  

- “37-р Точка” киноны Содномын дүрийг гаргахын тулд их зүйл шаардсан. Геологич хүний дүр учраас яг л геологич шиг мэдлэгтэй, зан характертай, мэргэжлийн яриатай байх хэрэгтэй. Мөн үйл явдал 1970-80-аад онд өрнөж байгаа учраас тэр үеийн хүмүүс шиг ярианы өнгө аястай, намбатай байх шаардлага гарсан. Энэ дүрээр маш их зүйл сурч, туршлага хуримтлуулсан гэж хувьдаа боддог.

YOLOИрээдүйд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

- Жүжигчин хүн бүр өөрийгөө олон талаас нь харуулахыг зорьдог. Би эсрэг талын дүрд тоглохыг хүсдэг. Нэг тийм сайко /psycho/ буюу галзуу дүр ч юм уу, эсвэл хорон санаатны дүрд. Бас адал явдалт кинонд тоглож үзэхийг хүсдэг шүү.


YOLOМэдээж ихэнх хүмүүс ажиллаж буй салбараа хөгжүүлэхийг хүсдэг шүү дээ. Таны хувьд Монголын кино урлагийг ямар түвшинд байна гэж хардаг вэ? Цаашид өөрийнхөө хувь нэмрийг хэрхэн оруулах талаараа хуваалцаач

- Миний хувьд багаасаа л кинонд дурлаж өссөн. Монголын кино урлаг яг эд хөгжлийнхөө үед явж байна гэж би боддог. Одоо л хүмүүс монгол киног ойлгож үзэж, кино хийж буй уран бүтээлчдийг урмаар тэтгэж, хүндэлдэг болсон. Би дөнгөж л кино урлагт хөл тавьж байна. Хэрвээ хувь нэмрээ оруулах боломж гарвал чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, хүмүүст хүргэхийг хичээх болно. Зөвхөн монгол гэлтгүй гадны улс орнууд ч манай киног мэддэг болоосой гэж боддог. 

YOLOЯрилцлагаа таны бага нас хэрхэн өнгөрсөн талаар үргэлжлүүлье. Багадаа ер нь ямархуу хүүхэд байсан бэ?

- Хүүхэд байхдаа дотогшоогоо, бүрэгдүү хүүхэд байсан. Одоо байгаа шигээ тийм ч хөдөлгөөнтэй, нийтэч байгаагүй. Сургууль, гэр хоёрын хооронд л явдаг хүүхэд байлаа. Ном унших ёстой бол номоо л уншдаг. Ахлах ангид ороод юм юм оролдож үзсэн дээ. Сагс тоглож, дугуй унаж сурсан. Нэг ёсондоо өөрийгөө задалж эхэлсэн юм уу даа. Өөрийнхөө дуртай юмыг мэддэг, би яавал стрессээ тайлах вэ гэдгээ мэддэг болсон.

Зургийг Smile Samda Фэйсбүүк хуудсаас

YOLOАав, өвөө хоёр нь цэргийн хүн гэж сонссон. Таны хувьд цэргийн хүн болох бодол байсан уу? Гэр бүлийн зүгээс цэргийн хүн болоорой гэж зөвлөж байсан уу? Ер нь яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

- Цэргийн хүн болох бодол огт байгаагүй гэж хэлж болно. Манай аав цэргийн эмч, ээж ч бас эмч мэргэжилтэй. Намайг эмч болгохыг хүсдэг байсан юм шиг санагддаг. Ахлах ангид орох жилдээ англи хэлний ангид орох гэсэн боловч химийн ангид оруулчихсан. Төгсөөд яг ямар мэргэжилтэй болохоо сайн шийдээгүй байж байгаад ШУТИС-ийн архитектурын ангид орсон. Зураг зурах сонирхолтой, багаасаа зурдаг, сууж сурсан номын хүүхэд байсантай холбож шийдвэрээ гаргасан байх. Сурч байх хугацаандаа дуртай зүйл рүүгээ тэмүүлээд "Х-Түц" продакшинд бүжигчнээр ажиллаж хэрэглээнийхээ мөнгийг олдог байсан. Тэгээд л зүрх сэтгэлээ дагаад жүжигчнээр сурахаар шийдсэн дээ.

YOLOХүмүүс амьдралынхаа хамгийн сайхан үеийг оюутан нас гэлцдэг шүү дээ. Оюутан байхад тань тохиолдож байсан хамгийн хөгжилтэй, дурсамжтай явдлуудаасаа яриач?

- Нэгдүгээр курст байхад “этюд” гээд дуугүй, яриагүй хөдөлгөөнөөр үзүүлдэг бичил тайзны жүжиг багаараа хийх даалгавартай байсан юм. Бид нар юу ч бэлдээгүй байж байгаад тайзан дээр гарахын өмнөхөн л хөшигний ард санаагаа ярилцаад шууд гарсан. Хөдөө найрлаж байгаа хүмүүс дээр нэг нь хоёр охинтойгоо гаднаас ирж байгаа болоод нөгөө нь гадаа хонь гаргаж байгаа байдлыг дүрслэн үзүүлэхээр тохирсон юм. Яг этюд эхлээд нэг нь бууз гаргаад нэг нэгэндээ дамжуулангаа идэж байгаа мэт жүжиглэж байсан чинь манай багийн нэг хүүхэд тавагтай бууз ирж байгааг харалгүй шууд аваад цай болгоод уучихдаг юм даа. Энэ л үнэхээр инээдтэй байсан даа. Одоо ч санаанаас гардаггүй юм.


YOLOСУИС-иас зохион байгуулдаг “3 27” тэмцээнд өндөр амжилт гаргасан оюутнууд ирээдүйд чадварлаг жүжигчин болох хандлагатай байдаг гэлцдэг. Та тус тэмцээнд ямар нэгэн амжилт гаргаж байсан уу?

- Өнгөрсөн жил буюу гуравдугаар курсдээ найзуудаараа нийлж баг бүрдүүлэн оролцсон. Өөрсдөө зохиолоо бичиж, найруулсан “Ишигний эрэлд” гэх бүтээлээрээ “Шилдэг зохиол” шагнал авсан.  

YOLOЗарим мэргэжлийн жүжигчид мэргэжлийн бус хүмүүс кинонд дүр бүтээж байгааг хараад дургүйцдэг. Таны хувьд мэргэжлийн бус хүмүүс кинонд дүр бүтээж байгааг ямар өнцгөөс хүлээн авдаг вэ?

- Тухайн хүнийг найруулагч "дүрдээ тохирно" гэж бодоод сонгож авсан бол найруулагчийн л зөв. Холливүүдэд ч гэсэн мэргэжлийн бус хүмүүс жүжигчин болсон түүхүүд зөндөө байдаг. Тэр хүн авьяастай л бол бусдын эсэргүүцэл, дургүйцэл зэрэг нь ямар ч хамаагүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шүү дээ.


YOLOТа ямар алдартнаас үлгэр жишээ авдаг вэ? Хамгийн их шүтэж биширч явдаг нэг хүн нэрлэ гэвэл тэр нь хэн байх вэ? Яагаад хүндэлж биширч явдаг вэ?

- ОХУ-ын алдарт жүжигчин, “Бригада” киноны гол дүр Сергей Безруков бол миний хүндэлж, биширч явдаг хүн. Яагаад гэвэл жүжигчин гэх мэргэжлээр төгссөн цагаасаа хойш бүтээсэн дүр болгон нь түүнийг олон талаас нь харуулсан байдаг. Түүнийг “Бригада” кинонд тоглосны дараа хүн болгон түүнийг Саша буюу киноных нь дүрээр харж байсан бол тэрээр өөрийгөө эвдэхийн тулд “Хэсгийн төлөөлөгч” кинонд тэс өөр дүрийг бүтээсэн. Одоо театрт ажилладаг бөгөөд түүнээс яагаад театрыг сонгосон талаар асуухад “Театр гэдэг бол жүжигчин хүнийг бүх талаас нь задалдаг газар. Жүжигчин хүний гол хөгжих үйл явц бол театр юм” гэж хэлсэн байдаг. Хэрвээ надад боломж олдвол би ч бас театрт ажиллаж өөрийгөө сорих болно.

YOLOЖүжиглэхээс өөр хамгийн сайн чаддаг зүйл тань юу вэ? Хэний ч мэдэхгүй нууц авьяас бий юу?

- Бүжиглэх, зурах дуртай. “Авьяаслаг Монголчууд” шоу анх зохион байгуулагдахад хамтлаг бүжгийн төрлөөр оролцож байсан.

YOLOБидний ярилцлагыг уншиж буй охид нэгэн асуултыг асуугаасай гэж хүсэж байгаа байх. Та найз бүсгүй эсвэл эхнэртэй юу?

- Байхгүй.

YOLOТэгвэл хүн бүрд өөрийн гэсэн сонирхдог төрлийн хүн буюу “type” байдаг шүү дээ. Танд ямар “type”-ийн эмэгтэй таалагддаг вэ?

- Өөрийнхөөрөө, хуурамч дүр эсгэдэггүй тийм л эмэгтэй таалагддаг. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад бас өөр байж болно.


YOLO: Тэгвэл өөрийгөө гурван үгээр тодорхойл гэвэл?

- Гал, чоно, өлсгөлөн. Би “Өлөн сойсон хөх чоно шиг бай” гэдэг үгэнд дуртай. Өлөн сойсон хөх чоно гал шиг дүрэлзэж юу ч хийхэд бэлэн байдаг шиг гал мэт асаж, тэмүүлж, аливаа юмыг сурч мэдэхийн төлөө шунаж дайрахыг хүсдэг. Хэдий ядарч байсан ч зорилгоо бодоод өөрийгөө хурцалж, шатаахыг хүсдэг.

YOLOАмьдралдаа баримталдаг зарчим?

- “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх зарчмыг амьдралдаа баримталдаг. Зорьсон зорилгодоо заавал хүрэхийн тулд тасралтгүй хичээдэг байх хэрэгтэй. Хүн чамайг мундаг байна гэж магтсан ч магтаалд бардахгүйгээр цааш үргэлжлүүлэн хөдөлмөрлөдөг байх нь чухал.


YOLOЕр нь хойч үедээ хэрхэн үлгэр дуурайл үзүүлэхийг хүсдэг вэ?

- Хойч үе болон үеийнхээ залууст хандаж хэлэхэд нэг зүйлд битгий туйлшраасай гэж боддог. Хүн бүр сошиал буюу олон нийтийн сүлжээг ашигладаг болсон энэ цаг үед хүүхэд залуус, Gen Z үеийнхэн маань Инстаграмаас олны танил хүнийг харж, даган дуурайж, юу өмссөнийг нь авч өмсөх хандлага ажиглагддаг. Яг л тэр хүн шиг мундаг хүн болохыг хүсдэг. Гэвч тэр хүн юу хийж бүтээсэн, ямар үзэл бодолтой хүн бэ гэдгийг нь ялгаж харж, зөв үлгэр дуурайл авах хэрэгтэй. Тэгж байж л зөв хандлага бий болно.

YOLOЦаашид биелүүлэхээр зорьж буй хамгийн том зорилго тань юу вэ?

- Хамгийн ойрын бөгөөд хамгийн том зорилго бол сургуулиа амжилттай төгсөх. Учир нь би сурч байсан мэргэжлээ орхиод зорин байж энэ сургуулийг сонгосон. Бүхэл бүтэн сургуулиа орхиод жүжигчний мэргэжлийг сонгосон юм. Энэ бол миний хувьд маш эрсдэлтэй алхам. Дүү маань ч бас оюутан. Аав ээж маань сургалтын төлбөр төлөх гэж хөдөлмөрлөж байгаа. Тийм болохоор итгэл дүүрэн энэ мэргэжлийг эзэмшиж төгсөх ёстой гэж боддог.

#Ярилцлага #Жүжигчин #Самданпүрэв