Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч: Conan Gray


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-03-28

“Чиний өмнө уйлснаас үхсэн нь дээр
Чамд дурлачихсан гэдгээ хэлснээс
Зүгээр л худал хэлсэн нь дээр
Нүдэнд минь нулимс хурж эхэлнэ
Чамайг өөр нэгэнтэй болсон гэдгээ хэлэх үед...”

"Fight or Flight" - Conan Gray

Энэ долоо хоногийн "Artist of the Week" булангаараа бид анхны бүрэн хэмжээний цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа залуу уран бүтээлч Conan Gray-ийг танилцуулах гэж байна. 

Тэрээр 1998 оны арванхоёрдугаар сарын 5-нд АНУ-ын Калифорни мужид мэндэлсэн ч Лос Анжелес хот дахь Калифорнийн их сургуульд элсэн орох хүртлээ Техас мужид амьдарч байжээ. Хамгийн анх 9 настайдаа Youtube-д бичлэг оруулж эхэлснээс хойш одоогийн байдлаар түүний Youtube сувагт яриа, влог, зураг зураж буй бичлэг болон дууны клип гээд төрөл бүрийн бичлэгүүд цуглажээ. Тэрээр өөрийгөө "интернэтээр хүмүүжсэн" гэж тодорхойлох дуртай. 

Conan Gray 2017 онд өөрийн зохиосон хамгийн анхны дуу болох "Idle Town" дуугаа цацсанаар дуучны карьераа эхлүүлсэн гэж хэлж болно. Жижигхэн хотын амьдралыг өгүүлэх уг дууны үг болон аялгуугаараа өөрийн амьдралыг нэг талаараа тайван бөгөөд жаргалтай боловч үргэлж л ямар нэгэн зүйл дутагдаж байдгийг илэрхийлсэн билээ. 

"Idle Town" нь "Sunset Season" хэмээх түүний анхны EP цомогт /ихэвчлэн 4-6 дуутай, 30 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх цомгийг хэлнэ/ багтсан байдаг. Уг дуунаас гадна "Generation Why", "Crush Culture", "Greek God" болон "LookALike" зэрэг дуунууд уг EP цомогт багтсан байна. Үүнээс онцлоход "Greek God" нь түүнийг дунд сургуульд байхад нь дээрэлхдэг байсан хүүхдүүдэд зориулсан дуу гэж хэлж болно.

Conan-ийн хүүхэд насны дурсамж тийм ч гэгээлэг байгаагүй. Аав нь Ирланд гаралтай залуу, ээж нь Япон гаралтай бүсгүй бөгөөд Conan-ийг 3 настай байхад хоёр тийш болсон гэдэг. Техаст нүүн ирэхээсээ өмнө маш олон удаа нүүдэл суудал хийж байсны дээр "Ази хүн", эмэгтэйлэг хоолойтой, содон сонирхолтой гэдгээсээ болоод өсвөр насны гадуурхалтад ихээхэн өртөж байсан гэдэг. 

“Би чамайг юу хүсч байгааг маш сайн мэдэж байна
Зүгээр л жаахан өөртөө итгэх итгэл
Чамайг ч бас шархалж байсныг мэдэх ч
Тэглээ гээд одоо бидний шархлах ээлж гэсэн үг биш”

Тус цомогт багтсан өөр нэгэн дуу болох "LookAlike" нь гунигт хайрын түүхийг өгүүлнэ. 

“Гэвч чи түүний нүд рүү эгцлэхдээ
Миний талаар боддог уу
Түүний инээмсэглэлийг харахад
Би чиний бодолд харвадаг уу
Үнэндээ чи түүний оронд
Намайг хардаг гэдгийг би мэдэж байна
Тэр яг л тэр үеийн над шиг харагддаг учраас”

Conan ийм зүрх өвтгөм үгс бүхий уран бүтээл гаргадаг ч одоог хүртэл хүнтэй болзож үзээгүй. Гэсэн ч дурлахдаа хамгийн гүнзгийгээр дурлаж, мэдрэхдээ хамгийн хүчтэйгээр мэдэрдэг нь түүний дуу бүрээс харагдана. Зөвхөн өөрийн зохиосон дуу төдийгүй бусад уран бүтээлчдийн дууг cover хийн дуулахдаа ч тэрээр ёстой л сүнсийг нь "амилуулж" чаддаг нэгэн. 

Мөн тэрээр өөрийн бэлгийн чиг хандлагаа яг ийм, эсвэл тийм гэж тодорхойлохоос татгалздаг бөгөөд дурласан нэгнийхээ талаар ярих бүрдээ "they" буюу хүйс тодотгоогүй төлөөний үгийг ашигладаг. 

Тэрээр өөрийн анхны дебют цомгийнхоо дуунуудыг 2019 оны гуравдугаар сараас эхлэн нэг нэгээр нь цацаж эхэлсэн. Тус цомогт нь “Checkmate”, “Comfort Crowd” болон “Maniac” зэрэг дуунууд багтжээ. 

"Maniac" дуу нь Conan-ийн хэлснээр хүмүүс өөрт нь дургүйлхэж, өөрсдийн "тоглоом" мэтээр ярьдаг ч үнэндээ тэднээс холдож чаддаггүй, дэргэд нь байхыг хүсдэг, солиот гэмээр нэгний талаар өгүүлдэг. Дууны клипэнд “The End Of the F**king World” цувралын Alyssa-гийн дүрд тоглосон жүжигчин Jessica Barden тоглосноороо онцлог. 

"Kid Krow" цомог нь ердөө хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 20-нд албан ёсоор олны хүртээл болсон. Нийтдээ 12 дуунаас бүрдэх уг цомог нь түүний сонсогчдынх нь хувьд аль хэдийнэ дахин дахин сонсдог дуунууд нь болжээ. Тус цомгийн хамгийн гунигтай дуунуудын нэг болох "Heather" гэх уран бүтээл нь хайртай нэгнээ өөр эмэгтэйд дурлахыг харж буй талаар өгүүлнэ. 

"Гэвч би яаж түүнийг үзэн ядаж чадах юм бэ
Тэр бол сахиусан тэнгэр
Гэвч заримдаа би түүнийг үхээсэй гэж хүсдэг
"
 гэх мөртүүд нь хайрлаж явдаг хүнийхээ дурлалт бүсгүйн талаарх бодлыг өгүүлдэг. Үнэндээ түүний дурласан хүн муу хүн биш, мөн түүнийг үзэн ядах ямар ч шалтаг байхгүй хэдий ч түүний талаар муу зүйл бодохгүй байж чадахгүй. 

“Тэр чамайг гайхшруулж орхиж
Харин би энд үхэж байна
Чи яагаад намайг үнснэ гэж
Би түүний талд нь ч хүрэхгүй”

Conan нэгэн ярилцлагадаа хувийн амьдралд нь онц сонин юу ч тохиолдохгүй байгаа учраас амьдралд нь гарсан жижигхэн ч болов үйл явдлуудын талаар ахин дахин бодож, түүнийгээ дуу болгон бичдэг талаараа ярьж байв. Шинэ цомогтоо зориулан 200 гаруй дуу бичсэн ч хамгийн чанартай, сайн гэсэн 12 уран бүтээлээ сонгожээ. Уг ярилцлагадаа нэг хүний талаар хэтэрхий их дуу бичдэг талаараа ч дурдсан юм. Тэр хүндээ зориулж сүүлийн 5 жилийн туршид дуу зохиож байгаа бөгөөд зөвхөн "Kid Krow" хэмээх цомогт л гэхэд тэр хүнийх нь талаар 5 дуу багтсаны нэг нь “Wish You Were Sober” дуу байсан юм. 

Харин цомгийн хамгийн сүүлчийн дуу болох "The Story" нь өөрийнх нь болоод найз нөхдийнх нь амьдралын түүхүүдийг өгүүлдэг. 

“Тэр кино үргэлж л толгойд минь тоглогдоно
Хүн бүр, хосууд бүр, найзууд бүхэн минь
Тэд эцэст нь жаргалтай төгсгөлөө авсан байгаасай хэмээн найдна”

Цомогт маш олон "замбараагүй" гэмээр түүхүүд багтсан учир "The Story" дуугаараа эдгээр түүхүүдийг багцлан, цомгийнхоо хамгийн сүүлийн уран бүтээлээр сонгосон гэнэ. Мөн өөрийнх нь анхны бүрэн хэмжээний цомог учраас "Энэ бол төгсгөл нь биш" гэх мессэжийг өгөхөөр зорьсон аж.

Хөгшин ч бай, залуу ч бай бид бүгдэд дэлхийн төгсгөл ирчихсэн мэт, үүнээс хойш газар үгүй мэт санагддаг үе тохиодог шүү дээ. Тэгвэл Conan уг дуугаараа юу ч тохиолдсон бай амьдрал үргэлжилж, маргааш болох болно гэдгийг илэрхийлэхийг хүсжээ. 

“Хорвоо ертөнц үргэлж
Энэ хэвээрээ байх вий гэж байж байна
Хөгжилтэй, үзэсгэлэнтэй эсвэл сайхан ч биш
Гэхдээ бидэнд магадгүй өөр мэдрэгдэх байх
Зүгээр л хүлээж байгаарай
Энэ төгсгөл нь биш”

Ингээд та бүхэнд Conan Gray-ийн онцлох уран бүтээлүүдийг санал болгоод энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Та бүхэнд илүү их мэдэхийг хүсдэг уран бүтээлч байвал бидэнтэй хуваалцаарай~!

THE CUT THAT ALWAYS BLEEDS

GENERATION WHY

GROW

CHECKMATE

AFFLUENZA

COMFORT CROWD

CRUSH CULTURE

SWEATER WEATHER Cover (Original by the Neighborhoud)

VIDEO GAMES COVER (Original by Lana Del Rey)

SOMEBODY ELSE (Original by the 1975)

#Artist of the Week #Connan Gray