TOPIK: Бичих хэсгийг амжилттай гүйцэтгэхийн тулд...


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-03-29

"TOPIK-д бэлдэцгээе" цуврал зөвлөгөөний хоёр дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд уг шалгалтын бичгийн хэсгийг хэрхэн амжилттай гүйцэтгэх аргуудыг танилцуулъя.

Энэ хэсэгт хоёр эсээ бичих даалгавар ирнэ. Гэхдээ тэдгээр хоёр эсээ нь хоорондоо эрс ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

1. "설명문" буюу энгийнээр хэлбэл тайлбарласан эсээ бичнэ. Үгийн тоо нь 200-300 бөгөөд өгөгдсөн хүснэгт, диаграммыг тайлбарлана.

2. "논설문" буюу дэвшүүлсэн асуудлыг үгүйсгэж, эсвэл баталж бичнэ.

Дээрх хоёр төрлийн эсээг бичихдээ өөрийн үзэл бодлоос илүүтэй сэдэвт төвлөрч бичих хэрэгтэй. Болж өгвөл сонин хэвлэлд зориулсан мэтээр маш тодорхой, утга санаа нь уялдаа холбоотой байх хэрэгтэй. Мөн үгийн сан арвин байх тусам өндөр оноо авах магадлал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл нэг үгээ олон давтах хэрэггүй!

Эсээ бичих явцдаа холбоос үгсийг (그리고, 그래서, …) сайтар ашиглах хэрэгтэй. Учир нь та хэд хэдэн санааг дэвшүүлсэн ч тэдгээр санаанууд нь хоорондоо цэгцтэй холбогдоогүй бол замбараагүй сэтгэгдэл төрүүлэх болно. 

TOPIK-ИЙН ЭСЭЭ ЯМАР СЭДЭВТЭЙ БАЙДАГ ВЭ?

Хэдийгээр тухайн улирлын шалгалтын сэдвийг таамаглах аргагүй боловч ихэнх тохиолдолд БНСУ-ын нийгмийн асуудлыг хөндсөн сэдэвтэй байдаг. Жишээлбэл хоёр жилийн өмнө "БНСУ-ын эцэг эхчүүд хүүхдээ сайн сургахын тулд маш олон сургалтад явуулж, хичээлээр шахдаг байв. Энэ асуудал зөв үү, буруу юу?" гэсэн асуудал ихээхэн маргаан дагуулжээ. Энэ мэтчилэн нийгэмд асуудал үүсгэж буй сэдвүүд ирэх нь түгээмэл байдаг аж.

Тиймээс та бүхэн өдөр бүр KBS сувгийн мэдээний хөтөлбөрийн үзэж сонсож байх хэрэгтэй. БНСУ-ын нийгэм, соёл урлагийн асуудлыг сонсож, өөрийн гэсэн төсөөлөл, үзэл бодолтой байх нь буруудахгүй л болов уу? KBS-ийн албан ёсны youtube сувгийг үзэх бол ЭНД дарна уу.

МЭДЭХГҮЙ ДҮРЭМ АШИГЛАХААС БОЛГООМЖИЛ

TOPIK-ийн бичгийн шалгалтаар таны дүрмийн мэдлэг, үгийн сан, цэгцтэй сэтгэж буй байдал зэргийг харгалзан үзнэ. Гэсэн ч зарим хүмүүс олон дүрэм мэддэг юм шиг харагдахын тулд сайн мэдэхгүй дүрмээ ашиглах тохиолдол байдаг. Энэ нь ямагт эрсдэл дагуулна гэдгийг анхаарах хэрэгтэй. Болж өгвөл мэдэхгүй дүрэм ашиглахаас зайлсхий. Учир нь хэчнээн сайн эсээ байсан ч дунд нь дүрмийн алдаа байвал таныг "дүрэм мэддэггүй юм байна" гэж дүгнэх эрсдэлтэй .

ӨГҮҮЛБЭР ЦЭЭЖЛЭЭРЭЙ

TOPIK-д бэлдэж байгаа бол нэг бүтэн цогцолбор, эсвэл чанартай хэд хэдэн өгүүлбэр цээжилсэн байхад илүүдэхгүй. Эсээ бичиж эхлэхээр толгойд ямар нэг санаа орж ирдэггүй. Харин тийм үед өнөөх цээжилсэн цогцолбор болон өгүүлбэрүүдээ ашиглаж, үгийг нь сольж найруулахад маш үр дүнтэй байдаг. Ялангуяа бичих хэсгийн нэгдүгээр даалгаврыг гүйцэтгэхэд тус болдог. Хэд хэдэн удаа цээжилсэн загвараа ашигласны дараа өөрийн гэсэн загвартай болох болно.

ХУРДАН БИЧИЖ СУРААРАЙ

Мэдээж шалгалт л юм чинь өөрийн гэсэн цаг хугацаатай байгаа. Тиймээс аль болох хурдтай гүйцэтгэж сурах хэрэгтэй. Хурдан бичиж сурах хамгийн үр дүнтэй арга нь өдөр бүр солонгосоор өгүүлбэр бичих. Хуулж бичсэн ч болно. Хамгийн гол нь гараа зүгшрүүлэх нь чухал байдаг. Мөн жишиг даалгавар гүйцэтгэхдээ өөрийнхөө хэр хурдан гүйцэтгэж байгааг мэдэж авахад илүүдэхгүй.

Эсээний бүтцийг анхаарах хэрэгтэй. Дараах загварын дагуу бичих нь хамгийн шилдэг арга юм. 

  1. Танилцуулга: Сэдвийн талаар дурдах, дэмжсэн эсвэл үгүйсгэсэн санаагаа бичих, болж өгвөл баримттай байвал сайн.
  2. Гол хэсэг: Дэвшүүлсэн санаагаа батлах эсвэл өгөгдсөн санааг үгүйсгэх зэргээр бичнэ. Ингэхдээ дунджаар гурван үндэслэлтэй бичвэл сайн. 
  3. Дүгнэлт: Бичсэн бүх зүйлээ дүгнэнэ. Ингэхдээ өөрийн байр суурийг илэрхийлж болно. Мэдээж дээрх бүх цогцолборт дүгнэлт чинь дурдагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, цоо шинэ санааг дүгнэлт хэсэгт оруулж болохгүй.

Эсээ бичихдээ анхаарах зүйлс:

  • Гарчиг болон агуулга нь уялдаа , холбоотой байх. 
  • Цогцолбор бүрд гол утга санаагаа тодорхой илэрхийлэх
  • Нэг үгийг олон давтахгүй байх. Хэрэглэх зайлшгүй тохиолдолд ойролцоо утгатай үг ашиглаарай.
  • Нэг санаагаа олон давтахгүй байх. 
  • Үгээ анхааралтай, зөв бичих. Эсээний агуулга хэдий чухал боловч алдаатай бичих нь бүх зүйлийг баллах магадлалтай шүү.

TOPIK-ийн шалгалтын материалуудыг ЭНД даран татаж аваарай.

Танд амжилт хүсье!

Эх сурвалж: TOPIK Guide

#TOPIK-д бэлдэцгээе #Боловсрол