"Цахимаар хичээл үзэхэд өөрөө ухаж ойлгох, судалгаа хийх нь ҮР ДҮНТЭЙ БАЙНА"


Б.Нямдарь | YOLO.MN
2020-03-20
  • Цаг зав гаргаад, сатааралгүйгээр, чармайлттай суралцаж чадвал онлайн сургалтаас авах үр дүн олон байна. 
  • Оюутны өөрийн идэвх чармайлтаас илүү хичээлээ бэлтгэн хүргэж байгаа багшийн ур чадвар чухал мэт санагдсан. 
  • Зарим ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа шууд асуух биш эхлээд өөрөө хайж судалгаа хийх нь илүү үр дүнтэй санагдаж байна. 
  • Интернет, датагүй учраас  хичээлээ хийх боломж хомс байна. Манай ангийн 50 гаруй хувь нь хөдөө орон нутгийнх ба яг л ийм нөхцөл байдалд хичээлээ хийж, зарим нь бүр хоцорчихсон гэсэн
  • Би өдрийн цагаар дүү нараа харах, гэр орны ажлаа амжуулаад шөнө хичээлээ хийх боломж гардаг. Ийм үед илүү хямд байдаг болохоор "шөнийн дата"-г ашиглаж цахим хичээлээ хийдэг

Коронавирусийн эрсдэлийн улмаас цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ноос эхлэн түр зогсоогоод байгаа билээ.

Энэ үеэр оюутнууд өөрийн харьяалагдах их сургуулиас өгч буй нэгдсэн системээр буюу цахимаар хичээлээ үзэж байгаа юм. Танхимын сургалт 90 гаруй хувийг эзэлдэг манай улсын хувьд энэ нь оюутан, багш нарт аль алинд нь нэг төрлийн шинэ сорилт, туршлага болж байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ цахим хичээлийн систем рүү шилжсэн ч манай улсын хувьд энэ нь шинэлэг зүйл хэвээр байгаа юм. 

Сургууль бүрийн цахим хичээлээ хүргэх арга нь харилцан адилгүй байгаа аж. Тиймээс зарим сургуулийн зайн сургалтдаа ашиглаж буй арга барил, оюутнуудынх нь сэтгэгдлийг сонирхлоо.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МУИС нь өөрийн СиСи мэдээллийн системээр зайн сургалтыг зохион байгуулж байна. Оюутан хичээлийн лекц, семинарын материалыг СиСи мэдээллийн системээр дамжуулан авахаас гадна ирц, идэвхийн үнэлгээг ч тус системд хандсан хандалт болон багшийн өгсөн даалгаврын гүйцэтгэлээр тооцдог. 

ОЮУТАН Б...

Мэргэжлийн хөтөлбөрүүдээс хамаарч цахим сургалтын үр дүн янз бүр гарч байх шиг байна. Ихэвчлэн бие даан унших материал зэргээр ойлголт авч болох учраас Нийгмийн шинжлэх ухааны салбаруудын хичээлийг суралцахад ойлгомжтой байна. Харин байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл чиглэлийн хичээлүүд харьцангуй хүнд санагдаж байна гэж энэ чиглэлээр сурдаг оюутан найзууд маань хэлж байсан. Гэхдээ цаг зав гаргаад, сатааралгүйгээр, чармайлттай суралцаж чадвал онлайн сургалтаас авч чадах үр дүн олон байна. 

ОЮУТАН Н...

Цахим сургалт зарим хичээлийн ойлгомжгүй байдлыг эс тооцвол ер нь их таалагдаж байна. Жишээ нь, би мэргэжлийн хичээлээсээ гадна ерөнхий суурийн эрүүл мэндийн сэтгэл судлал гэдэг хичээл үзэж байгаа юм. Зарим багш хичээлээ сайтар тайлбарлахгүй бас текстүүд нь гурван слайд дамнаад нэг өгүүлбэр, өгүүлбэр тус бүрт хэтэрхий олон төрлийн өөр өөр утга санаа байх үед ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм. Ер нь энгийн үеийн танхимын сургалтаас илүү их идэвх чармайлтыг оюутнаас шаардаж байгаа нь нэг бодлын давуу тал болж байна. Жишээ нь, өмнө нь багшаасаа шууд асуучихдаг байсан бол одоо даалгавраа хийхдээ өөрөө илүү их хайж, судалгаа хийх шаардлагатай болж байгаа юм. Мөн оюутны өөрийн идэвх чармайлтаас илүү хичээлээ бэлтгэн хүргэж байгаа багшийн ур чадвар чухал мэт санагдсан. 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ШУТИС нь сургалтын UNIMIS системээ илүү өргөтгөн ашиглаж байгаа ба тус сургуулийн зүгээс аль болох оюутнууддаа хүндрэл учруулахгүй ажиллаж байна гэдгийг хэллээ. Тус сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Одын хэлж буйгаар багш нар хичээлээ 100 хувь цахимаар хүргэж байгаа ба оюутан өөрийн кодоор системд нэвтрэхдээ ирцээ бүртгүүлж, идэвхийн оноогоо цуглуулна. Хөл хорио тавигдсан даруйд сорил өгөх боломжтой байхаар хөтөлбөрт зохицуулжээ. Инженерийн чиглэлийн сургууль учраас практик, лабораторийн дадлагын хичээлүүд цахим сургалтаар хоцрогдох магадлалтай учир үүнд илүүтэй анхаарч байна гэлээ. Багш нар хичээлээ хэрхэн хүргэж байгааг ч мөн статистикаар хянаж байгаа аж. 

ОЮУТАН А...

Одоогоор онолын хичээлүүдээ цахимаар үзэж байна. Багшийн явуулсан танилцуулга бүхий хичээлийг хэн хэн үзсэн нь багшид харагддаг, мөн гүүгл форм дээр өгсөн бодлогыг нь оюутан бодоод эргээд хариу явуулах байдлаар цахим хичээлээ хийж байна. Зарим ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа шууд асуух биш эхлээд өөрөө хайж судалгаа хийх нь илүү үр дүнтэй санагдаж байна. 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

ХААИС-ийн оюутнууд student.ulms.mn хаягаар цахим хичээлээ үзэх ба багш нар Google Classroom системийг ашиглаж оюутнууддаа хичээлээ зааж байна. Тус сургуулийн Инженер Технологийн сургуулийн Математик физик, Мэдээллийн технологийн тэнхимээс хоёр жилийн өмнө багш нартаа цахим хичээлийн талаар сургалтыг шат дараалалтайгаар орж байсан нь давуу тал болж одоо үүсээд буй нөхцөл байдалд урьдчилан бэлтгэгдсэн байсан гэдгийг тус тэнхимийн багш Э.Даваадулам хэлсэн юм. Мөн багш хичээлээ цахим орчинд шууд LIVE хийн оюутнуудтайгаа холбогдож хичээлээ заахаас гадна, ирцээ ч бүртгэчихдэг. 

ОЮУТАН Х...

Цахим хичээлийн дүнд өөрөө бие дааж сурах арга барилд илүү их сурч байна. Аливаа юмыг ухаж ойлгох гэж улам хичээх болсон. Ер нь цахим хичээлийг сурахдаа оюутан өөрөө л хичээх юм бол боломж зөндөө бий. Мэдэхгүй зүйлээ багшаасаа шууд асууж чадахгүй л сул талтай байна. 


ДАТА болон ИНТЕРНЕТГҮЙ, КОМПЬЮТЕРГҮЙ оюутнууд цахим хичээл хийхэд хүндрэлтэй байна гэв

Оюутан бүр интернет, компьютертэй биш учраас цахим хичээл нь зарим оюутанд бэрхшээлтэй байгааг хэллээ. 

Оюутан Т... "Би хөл хорионы үеэр хөдөө гэртээ түр ирсэн байна. Датагаар орох боломжгүй учраас долоо хоногтоо 1-2 удаа сумын төв рүү явж интернет кафед суун цахим хичээлүүдээ гар утсандаа суулгаад гэртээ хариад хийдэг. Эсвэл сумын төвөөс нэгж авч датагаа идэвхжүүлж хичээлээ хийдэг. Хичээлээ хийж байх үед дата маань дуусчих тохиолдол олон бий. Тиймээс миний хувьд цаг тухайд нь хичээлээ хийх боломж хомс байна. Зарим хичээлийг нь үзэж амжаагүй байхад багш нар устгачихсан байдаг. Манай ангийн 50 гаруй хувь нь хөдөө орон нутгийнх ба яг л ийм нөхцөл байдалд хичээлээ хийж, зарим нь бүр хоцорчихсон гэсэн" хэмээн тулгараад буй асуудлынхаа талаар хуваалцлаа.
 
Оюутан Х... "Би өдрийн цагаар дүү нараа харах, гэр орны ажлаа амжуулаад шөнө хичээлээ хийх боломж гардаг. Ийм үед илүү хямд байдаг болохоор "шөнийн дата"-г ашиглаж цахим хичээлээ хийдэг" гэсэн юм.

“Эрүүл мэнддээ илүү анхаарч, санхүүгийн хувьд хэмнэлттэй байна”

Гэрээсээ буюу зайнаас сурах нь оюутнуудын хувьд цахимаар хичээллэж, бие даан судалгаа хийж сурахаас гадна өөр төрлийн давуу талыг олгож байна гэлээ. Жишээ нь өдөр бүр сургууль руугаа явахад нийтийн тээвэр, өдрийн цайнд багагүй мөнгө зарцуулдаг байсан бол санхүүгийн хувьд хэмнэлттэй байна гэлээ. Мөн дархлаа сул байдгаасаа болж ойр ойрхон ханиад хүрдэг байсан оюутан хөл хорионы үед гэртээ байх хугацаандаа нэг ч өвдөөгүй, хичээлдээ бүрэн анхаарч чадаж байна гэсэн юм.  

"ОЮУТАН ХҮНД ЦАХИМААР ХИЧЭЭЛ ҮЗЭХ НААД ЗАХЫН МЭДЛЭГ БАЙХ ЁСТОЙ"

Их сургуулиудын цахим хичээл, оюутнуудын талаар салбарын сайд дараах тайлбарыг хэлсэн юм. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Оюутнууд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Сургуулиуд хэрэв оюутан тухайн нөхцөлд цахим хичээлээ үзэх боломжгүй байлаа ч дараа нь хэзээд ч ороод хичээл, даалгавраа авчих байдлаар системдээ оруулаад өгчихсөн. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалд тухайн их дээд сургуулийн, багш нарын ч буруу биш. Энэ бол дэлхий нийтэд гараад буй цар тахлын үед Монголын төр засаг ард иргэдээ хамгаалж буй арга хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөөтээгүүр, цахим хичээлээ хийхгүй явах юм бол тэр оюутан эцэстээ өөрөө л хохирно. Тиймээс цахим хичээлдээ хамрагдаад явах наад захын мэдлэг боловсрол оюутан хүнд байх ёстой" гэсэн юм.  

Google, Microsoft онлайн хурлын төлбөртэй үйлчилгээнүүдээ ҮНЭГҮЙ болгожээ

Нөгөөтээгүүр цахим сургалт нь оюутны хичээл зүтгэлээс гадна багшийн ур чадвар, хичээлээ хэрхэн бэлдсэн байдлаас шалтгаалан үр дүнтэй болдог. Тиймээс  багш нар хичээлээ илүү сонирхолтой, оюутнуудад өгөөжтэй байдлаар бэлдэх нь чухал болоод байгаа юм. 

Сонирхуулахад, Google, Microsoft онлайн видео хурлын нэмэлт төлбөртэйгээр ашиглуулдаг байсан үйлчилгээнүүдээ сургууль, байгууллагуудад зориулан түр хугацаанд үнэгүй болгожээ. Мөн сургуулиуд, багш нар дараах төрлийн платформыг ашиглан цахим хичээлээ баяжуулах боломжтой. 

Youtube, Google meet, Zoom app -Live хичээл цаг тохирон хийж, саналаа солилцох, ярилцах боломжтой.
Google suite -ийн Slide, Sheet, Doc -оор оюутнууд гар утсан дээрээ бие даалт, эссэгээ бичиж, онолын тэмдэглэл, дүгнэлтээ илгээхэд үр дүнтэйгээр ашиглагдаж байна.
Подкаст хийдэг үнэгүй олон аппликейшнууд байна. Soundcloud, Anchor app, Soundtrap гэх мэт хичээлийнхээ агуулгыг аудиогоор бичиж хадгалаад онлайн ангидаа хуваалцах боломжтой.  
Google form, Google Classroom Form, Kahoot- хурдан хугацаанд мэдлэг шалгахад үр дүнтэй.
Remind.com мөн онлайн анги үүсгээд ашиглах боломжтой Google classroom-тэй адилаар ашиглах боломжтой.
Flipgrid ашиглан богино хугацааны 1-5 минутын бичлэг хийгээд Classroom дээрээ хуваалцаж сонирхолтой байдлаар хичээлийн танилцуулга, нэрт томъёоны тайлбар зэргээ  бэлтгэн хийх боломжтой.

#Цахим хичээл #Коронавирус