А. Энхбаатар: Нүүрээ будсан л бол дутуу будаж болохгүй


Б.Намуун | YOLO.MN
2020-03-23

Өнөөгийн нийгэмд нүүр будалт гэдэг зүйл аль хэдийнэ урлаг болон хөгжжээ. Энэхүү урлагт олон олон охид бүсгүйчүүд хүчин зүтгэхийн зэрэгцээ залуус маань ч хүч түрэн ажиллах боллоо. Ийнхүү Монголын цөөн хэдэн эрэгтэй Make-up artist-уудын төлөөлөл болсон А.Энхбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр зөвхөн охид бүсгүйчүүд ч гэлтгүй залууст ч мөн зөвлөгөө өглөө. 


YOLOСайн байна уу? Ярилцлагаа хэрхэн make-up artist буюу мэргэжлийн нүүр будагч болох болсон талаар тань эхлүүлье гэж бодлоо. Эрэгтэй make-up artist-ууд ховор байдаг шүү дээ. Энэхүү мэргэжлээр ажиллаад хэр удаж байна вэ? 

- Хүний нүүрэнд багс хүргээд 8 жил болсон байна. Харин энэ мэргэжлээр ажиллахын зэрэгцээ багшлаад 3 жил болжээ. Багаасаа л хүний дүр төрхтэй харьцдаг хүүхэд байсан. Эрэгтэй нүүр будагчид ховор байдаг ч миний мэдэхээр лав 5 хүн бий. 

YOLOҮндсэн мэргэжил нь дизайнер уу? Фэйсбүүк дээрх зургаас нь тэгж таамагласан. Хэрэв тийм бол одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

- Тийм ээ. Миний үндсэн мэргэжил бол дизайнер. Энэ хавар Сити их сургуулийг дизайнер мэргэжлээр төгсөх юм. Гэхдээ нүүр будалтаа бүр өмнө нь бие даан сурч байсан. 

YOLOСүүлд өөрийн тань хийсэн оддыг дуурайсан нүүр хувиргалтууд олныг алмайруулж, тэдний дунд "Фотошоп байна" гэж хэлэх хүмүүс ч байсан. Ингэж эндүүрмээр адилхан болоход зөвхөн будаг л ашигласан уу? Эсвэл ямар нэгэн маск ашигласан уу? 

- Баярлалаа. Харин тийм. Хэд хэдэн хүнээс "Энэ чи биш байна. Өөр хүний нүүрийг будчихаад өөрийгөө гэж байна" гэх мэт сэтгэгдлүүд ирсэн. Үнэндээ би будгийн хүчээр л энэ хувиргалтуудыг хийсэн. Өөр ямар нэгэн хэрэгсэл ашиглаагүй. Ингэж дан будгаар дүр гаргах нь мэдээж хэцүү л дээ. Харааны баримжаа, харьцааны ойлголт гээд их чадвар хэрэгтэй. Харин ганц сул тал нь зөвхөн нэг өнцгөөс л тухайн дүрийг харах боломжтой байдаг явдал юм. Өөрөөр хэлбэл эдгээр хувиргалтуудыг хажуу талаас нь харвал нүүрнийх нь танаж жижигрүүлэн будсан хэсгүүд л харагддаг гэсэн үг. 


YOLOАнх хэрхэн нүүр будаж сурч байсан бэ?

- Би ЕБС-ийн сурагч байхаасаа л ангийнхаа охидын хөмсгийг будах, сүүдэр тавих, нүдний будалтыг нь хийж өгөх зэрэг ажлуудад нь тусалдаг байсан. Бичлэг үзэж байгаад будах маягаар л хүний нүүр будах дөртэй болсон доо. Мөн дизайнер мэргэжилтэй маань нягт холбоотой учир “Diva Professional Makeup Studio”-д техникжиж гоо сайхны нүүр будагчаар мэргэшсэн. 

YOLOЭрэгтэй хүн нүүр будалт хийх нь тийм ч түгээмэл үзэгдэл биш шүү дээ. Таныг нүүр будалт хийж эхлэхэд эргэн тойрныхон нь эсвэл танихгүй хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

- Үнэндээ тийм ч дуртай байгаагүй. Гэр бүлийнхэн маань намайг онгоцны нисгэгч, уул уурхайн инженер, эмч, зураач, барималч бол гэхэд нь зөрөөд дизайнер болсон. Нүүр будлаа гэхэд минь бас л таатайгаар хүлээж аваагүй. Сурагч байхад минь намайг нүүр буддаг гэдгийг мэддэггүй байсан юм. Мэдээж зөвшөөрөхгүй гэж бодоод нуусан хэрэг л дээ. Харин одоо бол их ойлгож дэмждэг.


YOLOАжлын анхны гараагаа хэрхэн эхэлж байсан бэ? Өнөөдрийг хүртэл нэг л газар ажилласаар ирэв үү, аль эсвэл олон олон газар ажиллаж туршлага хуримтлуулав уу?

- 2017 онд "Diva" студид 2 жил гаруй хугацаанд ажилласан. Мөн “Amur"-д ажиллахын зэрэгцээ клип, реклам сурталчилгаанд нүүр будагчаар хэд хэдэн удаа ажиллаж байсан. 

YOLOНүүр будалтынхаа шинэ санааг хэрхэн авдаг вэ? Ажиглаад байхад гоо сайхны нүүр будалт гэхээсээ илүүтэйгээр ажиллагаа шаардсан дүр хувиргалт талын будалтууд хийдэг юм билээ.

- Яг тийм. Би хоёр настайгаасаа л зурах, баримал барих зэрэг гараар юу хийж болох бараг бүгдийг л хийдэг байсан. Өвөө маань үүнд их дуртай байсан юм. Харин шинэ санаагаа ихэнх сонин содон хэлбэр дүрс, шинэлэг бүтээлүүдээс авдаг. Гэхдээ санаа авахдаа эхлээд өөрөө дотроо төсөөлдөг. Ерөнхийдөө ажиллагаа ихтэй, бүтээлч зүйлд дуртай.


YOLOЕр нь нүүр будахдаа нүүрний аль хэсэгт илүү төвлөрдөг вэ? Зарим артистууд хөмсгөнд илүү анхаардаг бол зарим нь урууланд гэх мэт ялгаатай байдаг шүү дээ.

- Миний гол анхаардаг зүйл бол нүүрний хэлбэржүүлэлт, сүүдэр гэж ойлгож болно. Тэгш хэмийн тэнцвэр шаарддаг учир гэрэл сүүдэр тавихдаа бусад зүйлсэд анхаардгаасаа илүү нухацтай ажилладаг.

YOLOНүүр будагч гэдэг зөвхөн өөрийнхөө нүүрийг будах биш олон янзын царайны төрхтэй, ааш аягтай хүмүүстэй ажиллах шаардлагатай болдог. Ажлаа хийж байх үед үйлчлүүлэгчидтэй холбоотой асуудал гардаг уу? Ихэвчлэн ямар асуудал гардаг вэ?

- Одоогийн байдлаар над дээр үйлчлүүлж байсан хүмүүсээс нэг нь ч гомдол гаргаж, сэтгэл дундуур үлдэх тохиолдол гараагүй байна. Гэхдээ нэг тийм төрлийн хүмүүс байдаг. Эхэндээ энэ залуу юу чаддаг юм гэсэн шиг харьцдаг. Харин сүүлд нь үр дүнг нь харчихаад тэр хандлага нь алга болчихдог. 


YOLOНүүрээ будаад өөртөө итгэлтэй яваа хүмүүсийг зарим нэгэн нь шавар бурхан шиг гэцгээдэг. Энэ тал дээр ямар үзэл бодолтой байдаг вэ?

- Тааруулж будах л хэрэгтэй. Хамгийн гол нь нүүрээ будсан бол дутуу будахгүй байх хэрэгтэй. Нүүрэндээ суурь тавьсан бол заавал сүүдэр хэлбэржүүлэлт, уруул нүдээ өнгөлөх хэрэгтэй. Дан ганц цагаан суурьтай явах нь эсрэгээрээ муухай будсан мэт харагдуулах эрсдэлтэй. Мөн нүүрээ будна гэхээр заавал тод эсвэл зузаан будах шаардлагагүй шүү дээ. Өөртөө тохируулж, өгөгдлөө л сэргээж будах нь чухал. 

YOLOУран бүтээлч хүний хувьд гоо сайхан гэдэг зүйлийг хэрхэн тодорхойлох вэ?

- Гоо сайхан бол өөрийгөө хаана хэрхэн авч явахаас л эхэлнэ гэж боддог. Мөн өөрт байгаа бүхнээ хэтрүүлэлгүй өнгөлөг байлгах нь л гоо сайхан байх даа.


YOLOБи хувьдаа моделиудын будалтуудыг хараад "Энэ нь тэр артистынх байна, тэр нь биш байна" гэж таньдаг. Тэгвэл таны будалтын бусдаас ялгарах онцлог нь юу вэ? 

- Өөрийн бүтээлүүдээрээ бусдад танигддаг байх нь чухал л даа. Гэхдээ миний нэг давуу тал бол маш олон тийшээ хөрвөх чадвартай байдал. Би нэг хэв маягтай байхыг хүсдэггүй. Хүн харахад "wow" гээд алмайруулахыг л хүсдэг. 

YOLOСүүлийн үед ямар будалт трэнд болж байна вэ? Бүхий л зүйл байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг шүү дээ.

- Ерөнхийдөө сүүлийн үед натурал, нүдний контургүй нүүр будалт тренд болж байгаа. 


YOLOОхид бүсгүйчүүдийн нүүр будалтын гол алдаа нь юундаа байна вэ?

- Хараад байхад охидын гаргадаг хамгийн том алдаа бол суурь тавилтын дараалал болон нүүрний хэлбэржүүлэлтээ өөрт тохиромжгүй байдлаар тавьдаг явдал.

YOLOӨсвөр насныхан яг ямар будаг хэрэглэж, нүүрээ яаж будахаа мэддэггүй. Энэ төрлийн асуултууд ч их ирдэг. Өсвөр насны охидод нүүр будалтын зөвлөгөө өгөхгүй юу?

- Өсвөр насны охид болж өгвөл хэт их бүтээгдэхүүн ашиглах хэрэггүй. Зөөлөн, нимгэн шинж чанарын foundation буюу бидний хэлж заншсанаар крем хэрэглэх хэрэгтэй. Өө даралт өндөртэй бүтээгдэхүүнүүд эсрэгээрээ арьсыг чинь хордуулж байдаг. Мөн суурь тавилтын хамгийн чухал зүйл бол яалт ч үгүй бейс болон праймераа зөв сонгох. Энэ л арьсыг чинь будгийн нөлөөнөөс хамгаална. Нэмж хэлэхэд эргээд арьс арчилгаа болон цэвэрлэгээгээ сайн хийх хэрэгтэй шүү.


YOLOДан ганц охид гэлтгүй манай сайтын уншигч хөвгүүдэд арьс арчилгааны зөвлөгөө өгөхгүй юу? Залуучууд ер нь өөрийнхөө арьс арчилгаанд төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй шүү дээ.

- Би л нэг эрэгтэй хүн гэсэн шиг бохир арьстай, батгатай, хайнга явж болохгүй. Эрчүүдийн хувьд чийгшүүлэгч тос, нарны тос, бейс болон праймераа түрхээд гарахад болно. Хамгийн гол нь орой нь хөөсөөр сайтар угааж, арьсныхаа онцлогоос хамаарч долоо хоногт 2-3 удаа арьсаа гуужуулах хэрэгтэй.

YOLOӨөрийн тань цаашдын зорилго юу байна вэ? 

- Хамгийн гол зорилго гэвэл дэлхийд гарах л байна даа. Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсынхаа нэрийг гаргахын тулд ур чадвараа улам сайжруулах гэх мэт бусад зорилтуудыг тавьсан.

YOLOЯрилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


#Ярилцлага #Make-up Artist